Бэлгийн морины шүд татдаггүй
“Хятад улс шинэчлэл, бүтээн байгуулалтдаа Монгол Улсыг оруулсан нь Монголын хөгжил дэвшилд нөлөө өгнө... Хятад улсын хөгжлийн машинд Монгол Улс орвол баярлана...” гэж хэлээд БНХАУ-ын дарга Си Жиньпин нутаг буцлаа. Түүний айлчлал сураг чимээнээсээ эхлээд эдийн засгаар агуулгажин, асар их мөнгө “шажигнуулж” байсан.
Си даргын ганзагалаа
Бүхий л айлчлалуудынхаа жишгийн дагуу 300 сая юань өвөртлөн ирсэн Бүх Хятадын дарга өөрийн улсын найман боомтоор далайд гарах боломж өгч, төмөр замын болон дамжин өнгөрөх тээврийн таатай нөхцлүүд, худалдааг ойрын жилүүдэд үлэмж нэмэгдүүлэх боломж олголоо. Нүүрсээ өөрсдөө гүн боловсруул, бид худалдаж авъя гэсэн нь манай аж үйлдвэрийн салбарыг харж үзсэн асар том дэм болов. Монголбанк гурван жилийн өмнө Хятадын ардын банктай байгуулсан валют солилцооны хэлцлийн дүнг 10 тэрбум юань байсныг 15 тэрбум болгон өсгөж шинэчиллээ. Монгол-Хятадын эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ойлголцолд хүрэв. Дорнодын Матадад олборлолт явуулж байгаа Петрочайна компанид газрын тосны шинэ талбай ашиглуулж, энэ салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болов. Энэ бүхний үр ашгийг мөнгөн дүнгээр илэрхийлэх хэцүү.
Чингис бондоор хэрэгжүүлж байгаа төслүүдийн хөрөнгийн дутууг нөхөх зориулалтаар Монгол Улсын Хөгжлийн банк Хятадын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын, нийслэл болон зарим аймагт орон сууц барих зориулалтаар Экзим банкнаас 270 сая ам.долларын зээл тус тус авахаар болж байна. 2011 оны зургадугаар сард байгуулж, УИХ мөн оны долдугаар сард соёрхсон батласан 500 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 45.65 сая ам.долларын "Шинэ зууны боловсрол, 14.9 сая ам.долларын “Цахим эрүүл мэнд”, 12.1 сая ам.долларын “Хөдөө аж ахуйн том оврын трактор худалдан авах” төслүүдийг баталлаа. Монголын “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК-ууд нийлж Хятадын Шэнхуа групптэй 51/49 хувиар хамтран байгуулсан "Гашуунсухайтын төмөр зам” ХХК Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх ерөнхий хэлэлцээрийг байгууллаа. Хэдийгээр 18-хан км боловч энэ замаар бид жилдээ 27 сая орчим тонн нүүрс тээвэрлэнэ.
Даргаа дагаж ирсэн бизнес эрхлэгчид манай хэд хэдэн компанитай түлш, эрчим хүч, аялал жуулчлал, сүү сүүн бүтээгдэхүүн, түүхий эд, харилцаа холбооны салбарт хамтран ажиллахаар болсон нь ч бодит хөрөнгө оруулалт бүхий томоохон ажлуудад тооцогдоно. Тухайлбал, Адуунчулуун болон Нарийнсухайтын нүүрсний уурхайг түшиглэсэн нийт 495 МВт цахилгаан станцуудыг барих төслийн хөрөнгө оруулалт 500-600 сая ам.доллар болох бол “Эрдэнэцогт Энержи” ХХК, Хятадын “China Power Engineering Consulting Group”-тэй хамтран барьж байгуулахаар тохирч буй 600 МВт хүчин чадалтай цахилгаан станцын хөрөнгө оруулалт бүр ч өндөр болно. “Талын Монгол” групп, БНХАУ-ын "Хөлөн буйр" групптэй хамтран хэрэгжүүлэх зүүн бүсийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөлд эхний ээлжинд 100 сая ам.долларын хөрөнгө оруулна гэж байгаа бол айлчлалын үеэр баталгаажсан авто зам барих, хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах, харилцаа холбоо, дэд бүтцийн зэрэг бусад ажлуудад ч ихээхэн хөрөнгө оруулалт шаардана. Үндсэндээ ноён Си Жиньпины айлчлалыг “хөрөнгө оруулалт ихтэй” гэж дүгнэж болохоор. Энэ өнцгөөр нь харах юм бол жил бүр 1000 оюутанд өгөх тэтгэлэг, 100 залуу, 250 сэтгүүлчийг аялуулах зардал, үнэгүй өгөх 25 кино, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” барих 30 сая ам.долларын буцалтгүй тусламжийг ч хөрөнгө оруулалтад тооцон, авч үзсэн ч болохоор.
Өрийн зураглал
Манай улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Гэхдээ 2012 онд 60, 2013 онд 50 хувь байгаад, энэ оноос 40 хувьдаа барихаар журамласан. Хууль баталж байх 2010 онд хөгжлийн зориулалтаар дэлхийн зах зээл дээрээс хөрөнгө босгох шаардлага байна гэж үзээд УИХ-аас Засгийн газарт 5.0 тэрбум ам.долларын зөвшөөрөл олгосноос бид ердөө 1.5 тэрбумыг л авч чадсан. Гэхдээ хугацаа алдсанаас болж Чингис бондын санхүүжилт 2012 оны сүүл, 2013 оны эхээр орж ирж эхлэсэн.
Сангийн яамнаас гаргасан “Өрийн тойм”-д дурдсанаар өнгөрсөн оны эцэст энэ үзүүлэлт 49.9 хувь буюу хуулиар зөвшөөрсөн хэмжээндээ байлаа. Он гарснаас хойш Хөгжлийн банкны босгосон “Самурай” бондын 30 тэрбум иений санхүүжилт орж ирсэн. Дээр нь долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор төгрөгөөр илэрхийлэгдэх өрийн хэмжээ нэмэгдсэн байх магадлал бий. Мэдээж урсгал төлөлт хийсэн байж таарна. Энэ бүхний үр дүнд өрийн хэмжээ ямар болоод байгааг Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б.Нямаагаас лавлахад тэрээр, “энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар тооцож үзэхэд, ДНБ-ий 48 хувь болж буурсан” гэсэн юм. Энэ тооцоог хийх үед ам.долларын ханш 1796 төгрөгтэй тэнцэж байж. Хэдийгээр эдийн засгийн өсөлт буурч, 5.3 хувь болсон гэх дүнг Статистикийн үндэсний хороо мэдээлж байгаа ч ДНБ-ий хэмжээ ерөнхий дүнгээрээ энэ хэмжээгээр нэмэгдэж байгаа. Уул нь төсөв батлах үеийн 20.5 их наяд болно гэсэн төсөөлөл бий. Энэ зорилт хангагдахгүй л болов уу. Гэхдээ л нийт дүнгээрээ өсөн нэмэгдэж байгаа болохоор түүнтэй харьцуулж хэмжсэн өрийн үзүүлэлт буурсан байх боломжтой.
Харин Монголбанк улсын нийт өрийг 2013 оны эцэст 18.9 тэрбум ам.долларт хүрсэн гэж хэлж буй. Үүнийг ДНБ-тэй харьцуулах юм бол хуулиар тогтоосон таазнаас хамаагүй давна. Энэ бол улсын өр буюу Засгийн газрын авсан хөнгөлөлттэй зээлүүд, бонд, үнэт цааснууд, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын авсан зээлд гаргасан баталгаа зэргээс гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэсэн өр, авлагыг бүхэлд нь хамруулж тооцсон дүн юм. Энэ тооцоог статистик зорилгоор буюу эдийн засгийг шинжлэх зорилгоор гаргадаг. Мөнгө, санхүүгийн бүх урсгалыг нэгд нэгэнгүй хянах боломжгүй ч гэлээ бодлогын хувьд ерөнхийд нь харж байх зорилгоор мэргэжлийн байгууллагууд ингэж нийт өрийг тооцож байдаг. Албан ёсны аргачлал биш гэсэн үг.
Өрийн хэмжээг тооцох албан ёсны аргачлал маань Төсвийн тогтвортой байдлын тухай болон холбогдох бусад хуулиудад заасанчлан “улсын өр” буюу “public debt”-ийг тооцох арга. Үүнд хувийн хэвшлийн өрийг оруулдаггүйг Б.Нямаа тодотголоо. Энэ хууль бол эдийн засгийнхаа өсөлтийг хоёр оронтой тооноос буухгүй гэж тооцоолж, уул уурхайн том төслүүдийн бүтээн байгуулалт, үр өгөөжийг өөдрөгөөр харж байсан үеийн хууль гэдгийг тэр онцолж байна. Тэр бүү хэл 2017 оноос эдийн засгийн өсөлт 20 гаруй хувьтай болно, “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт хийгдээд, ажил жигдрээд явна гэсэн төсөөлөлтэй байсан. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөж, эдийн засаг хумигдан, хөрөнгө оруулалтын хэмжээ 70 гаруй хувиар буурч, ам.долларын ханш хэт чангарсан тохиолдолд ямар ч өр зээл нэмж аваагүй байхад хэмжээ хязгаарыг хуулиар тогтоосон түвшинд хүргэж чадахгүй болж байна. Гэтэл бид гадаадаас зээл, санхүүжилт авч ашиглан хөгжлийн бодлогоо дэмжиж, дотоодын хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татан, энэ бүхнийг зохистой харьцаанд байлган, харилцан уялдуулж байж л урагшилна.
Өмнөдийн мөнгөнд өөнтөг үгүй
Улс орнууд өрийн таазаа янз бүрээр тогтоодог. Энэ нь тухайн улсын эдийн засгийн чадавхи, өрсөлдөх чадвар, засаглалын чанар гээд олон зүйлээс хамаарна. Манай улсын хувьд энэ хязгаар ДНБ-ий 70 хувьтай тэнцүү байх боломжтой гэж Сангийн яам үзэж, ийм бодлогоор “Өрийн удирдлагын тухай” хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн бариад байгаа. Дээр нь Засгийн газраас өгдөг өрийн баталгааны үлдэгдлийн нэрлэсэн дүн 20 хувьтай тэнцүү байж болохоор тусгасан. Урьд өмнө огт арилжааны зээл авч байгаагүй, дандаа л буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч амь зогоож ирсэн манай улс уул уурхайн өрсөлдөх чадварынхаа дэмээр зэрэглэл өгсөж, буурай, дорой этгээд байхаа больсон. Гэтэл өр, ширээ хэрхэн зохицуулах, юунд ашиглах, яаж хянах, хэн зарцуулах, ямар түвшин, хязгаарт барих гэх мэт олон асуудал боссон. Цаашдаа ч бид хөгжлийн санхүүжилт босгож л амьдарна. Тэгэхээр энэ хууль зайлшгүй.
Сангийн яамныхан төсөлд юуны өмнө өрийн бүтцийг тодорхойлох санал оруулж. Ингэхдээ Засгийн газрын баталгаа болон төрийн болон орон нутгийн өмчтэй компаний өрийг албан тооцооноос хасахаар тусгаж. Компаниуд хуулийн дагуу өөрийн дүрмийн сан, үндсэн хөрөнгөтэй. Түүгээрээ хариуцлага хүлээх боломжтой. Өөрөөр хэлбэл компаний үүрч байгаа хариуцлага улсын төсөв рүү хальж орж ирэхгүй гэж яам үзжээ. Мөн Засгийн газрын баталгааг тусад нь хязгаар тавьж, өрөөс салангид тооцдог байя гэсэн зохицуулалт оруулжээ. Баталгаа өгөхдөө бас олон шалгуур тавихаар тусгасан байна. Мөн нийт зээлд 100 хувийн баталгаа өгөхгүй, 85 хүртэл хувийн баталгаа өгдөг байя, 10 хувийн эрсдэлээ зээлдэгч өөрөө даадаг болъё гэх мэт. Түүнчлэн зээлд хариуцлага хүлээх талуудаас хураамж авч баталгааны тусгай сан байгуулах тухай заалт бий. Зээлд хариуцлага хүлээх талууд гэдэгт зээлдэгчээс гадна Засгийн газар өөрөө бас орно. Ингэж сангийн хөрөнгийг нэмэгдүүлсээр бүхий л баталгааны эрсдэлийг бүрэн дааж, төсвөөс огтхон ч хамааралгүй байх боломжтой болгоно гэж тооцсон байна.
Өр гэж бидний нэрлээд байгаа санхүүгийн ойлголт чухамдаа өр биш юм гэж Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх тайлбарлаж байна. Монголчуудын уламжлалт ойлголт бол яах аргагүй төлөгдөх боломжгүй болсон төлбөрийг өр гэж нэрлэдэг. Эдийн засагт ашиглагдаад, үр ашгаа өгөөд, хуваарьтай төлбөрөө төлж чадаад явж байгаа санхүүгийн хэрэгслийг тэгж нэрлэж, цэрвэж болгоомжлох нь буруу гэдгийг тэр онцлов. Ялангуяа Өмнөд хөршөөс орж ирэх санхүүжилтэд болгоомтой хандах хандлага нийгэм бий. Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын үзүүлэлтэд БНХАУ жин дарж байгаа ч Засгийн газрын зээлд Азийн хөгжлийн банк, Япон улс болон Дэлхийн банкны дараа дөрөвт орж буй юм.
БНХАУ-ын дарга Си Жиньпины айлчлалын хүрээнд зурагдсан зээл, санхүүжилтийн гэрээ хэлэлцээрүүд манай улсын өр төлбөрийн хэмжээнд огцом өөрчлөлт оруулахгүй. Ихэнх нь 2011 оны ерөнхий хэлэлцээрийн хүрээний ажлууд бөгөөд зарим нь бүр өнгөрсөн онд хэрэгжиж эхлэхээр улсын төсөвт төлөвлөгдсөн боловч хойшилсон төслүүд. Хэдийгээр нэг дор үзэглэж, баталгаажуулж байгаа ч хөрөнгө оруулалт нь үе шаттай, харилцан адилгүй хугацаагаар хийгдэж, бодит санхүүжилтээрээ тухай тухайн оныхоо өр төлбөрт тооцогдоно. Ерөнхийдөө гадаад харилцааны шугамаар хамтын ажиллагаа тохиролцох үйл явц харьцангуй удаан байдаг. Б.Нямаа энэ талаар “Болоогүй л дээ, 2-3 жилийн дараагаас л орж ирэх байх” гэсэн бол ЭЗХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын дарга А.Ариунаа, “Дандаа УИХ-аас зөвшөөрөл нь олгогдсон, Засгийн газраар шийдүүлчихсэн хамтын ажиллагаа ажил хэрэг болж байгаа юм. Тэгэхээр бодлого, тооцоонд орж, өрийн дарамт, хязгаарын хэм хэмжээнд тохируулсан төслүүд гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.
Бэл бэнчин, хэр хэмжээ маань ямар ч байлаа “Бэлгийн морины шүд татдаггүй...” гэсэн үгтэй билээ л, бид.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Өлзий