Долдугаар сарын 1-нийг хар дурсамж гэхээсээ эвлэрэл ойлголцлын өдөр байлгая
Өнөөдөр долдугаар сарын нэгэн. Монголчууд хоорондоо ойлголцоогүйгээсээ болж аймшигтай том алдсан өдөр. Тэр өдрийн тэнгэр дор эргээд нэг зогсъё. 2008 оны долдугаар сарын 1-ний энэ өдөр Сүхбаатарын талбайд иргэд олноор цуглаж, улмаар МАН-ын байрны үүдэнд очсон. Цугласан иргэдийн тоо улам нэмэгдсээр ойрын жилүүдэд хүрээгүй их тоонд хүрч төв талбай, МАН-ын байр орчим хөл тавих зайгүй шахам боллоо.
Ингээд монголчуудын хувьд тэр өдөр чухам юу болж байгаа ухааныг олохгүй өнгөрлөө. Маргааш өглөө нь Монголын Үндэсний телевизээр тухайн үеийн АН-ын дарга, өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Таван хүн буудуулан үхэж, хэдэн зуун хүн баригдлаа” гэсэн мэдээллийг анх хийж, түүнийг нь МҮОНТ бүрэн эхээр нь дамжуулж амжсан юм. Монголын ард түмний хувьд ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа энэ хоромд бага ч болтугай мэдэрсэн ч тэгээд хаагдлаа. Дамжуулж дуусахтай нь зэрэгцээд тэр үеийн эрх баригчдын зүгээс хүчний байгууллагынхныг МҮОНТ рүү оруулж, захирлыг нь өрөөнд хашиж, үйл хөдөлгөөн бүрийг нь хянаж эхэлсэн билээ. Бусад бүх мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг зогсоолоо. Ийнхүү Монголын ард түмний нүдийг хааж, амыг нь тагласан тэр өдрүүдэд чухам юу болж байгаа талаар ганцхан “Өдрийн сонин” л зогсоо зайгүй мэдээлж байв. Аймшигт хэрэг явдлууд өрнөж буй газруудад сэтгүүлчид маань бүх хүчээрээ ажиллаж, хамгийн халуун цэг болох Дэнжийн 1000-ын саатуулахад хоригдсон хэдэн зуун залуусыг хэрхэн дэглэж байгааг гэрэл зурагтай хамт мэдээлж, олон нийтэд хүргэж байлаа. Талбайн ойр орчмын саад, нэгдүгээр эмнэлэг орчим, хотын төв орчмуудад хар машинтай хүмүүс зугтаж байгаа залуусыг араас нь хөөн, буудан унагаж байхад зугтаж явсан хүмүүс дотор нь ч манай сэтгүүлчид гүйж явсан юм шүү. Тэр үед твиттер, фэйсбүүк гэж байсангүй, цахим сайтуудын мэдээлэл ч гэж юу байлаа. Ард түмэн чухам юу болоод байгааг мэдэх асар их хүсэл эрмэлзэлтэй тийм өдрүүдэд “Өдрийн сонин” ганцаараа мэдээлэл түгээж байсныг түүх гэрчилнэ. Аймшигт хэрэг явдал болсны маргааш өглөө нь Монгол Улсын Ерөнхий сайд урьд шөнө нь буудуулж үхсэн хүмүүст биш шатсан байшинд мэхийж байсан өдрүүд үргэлжилж байсныг монголчууд мартах ёсгүй.
Ард түмэн яах гэж жагссан юм бэ? Сонгуулийн булхай луйвраас болж жагссан. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад, дэлхийн улс орнуудад болсон, болж буй жагсаал цуглаан, үймээн бужигнаан, улс төрийн тэмцэл, тогтворгүй байдал бүхэн заавал нэг дэглэлттэй, найруулгын дагуу л болдог болжээ. Хаанаас захиалсан, найруулагч нь хэн болох, хэн гол дүрд нь тоглосон, ямар үр дүн хүлээсэн, ямар ашиг хонжоо хайсныг бүү мэд. Ямар ч байсан жагсаал болж, цус урсах нь дэлхийгээр тархаж байна. Зүгээр л болж бүтэж, амар амгалан байсан Египет, Ливи, Ирак, Сири, сүүлд Украинд юу болов. Бүгд л танил, манай долдугаар сарын 1-тэй адил хэрэг явдлууд болж байгаа биз. Манайд долдугаар сарын 1-ний хэрэг явдал цааш даамжирч, үргэлжилсэн бол дээрх улсуудын адил хувь тавилан хүлээх байсан. Таван хүний амь нас 50-д хүрч, бүх зүйл хяналтаас гарч, хяналтгүй болсон нийгэм өшөө хонзогнолын талбар болох байсан. МАН-ын байр руу дайрсан хүмүүс хамгийн түрүүнд дотор нь байсан дэлгүүрийг тоносон. Энэ байдал цааш газар авсан бол юунд хүрэх үү. Жижиг орны хувь заяа эмзэг. Хэдэн том дэлгүүр, хэдэн арилжааны банк халдлагад өртөхөд л Монгол Улсын хувь заяа дээсэн дөрөөн дээр очиж, НҮБ-ын мандат өвөртөлсөн цэрэг манайх руу энхийг сахиулах нэрээр орж ирэх байлаа. Ингэх нь хэнд ашигтай байх вэ. Бодож үзсэн хүн байна уу. Монголын хувь заяагаар тоглох эрх хэнд ч байхгүй.
Тийм болохоор долдугаар сарын 1-нд амиа алдсан таван хүний амь нас, гашуун сургамжийг бид мартах ёсгүй юм. Энэ таван хүн утга учиргүй амиа алдаагүй. Тэдний үрэгдсэн амь бол ард түмэн дотроо үймж, талцаж, гэдсэндээ хөлөө хийлцэж, хүчээр асуудлыг шийдэж болдоггүйг бидний орой руу ортол хэлж өгсөн амь нас юм. Долдугаар сарын 1-ний өдөр нь эрүүл ухаан нийгмийг залж явдаг, зөвшилцөл, ойлголцол, хүлээцтэй байх нь улс үндэстний оршин байхын үндэс гэдгийг сануулсан өдөр. Таван залуугийн амь нас бидэнд энэхүү эмгэнэлт гашуун өдрийг байнга сануулсаар байх болно.
Тэр үед улс орныг удирдан залж, төр төвшин, түмэн олноо амгалан байлгах үүрэг хүлээсэн дарга нараас өнөөдөр ганц нь ч төрийн сэнтийд алга. Суудлаа өгцгөөсөн байна. Яах гэж таван сайхан залуугийн амийг золиослон сандал ширээ, эрх ямбатайгаа зууралдав хэмээн тэд өдөр бүхэн санаж толгойгоо шааж суугаа. Тэртэй тэргүй тодорхой цаг хугацааны дараа буучих сандал ширээг, намыг хамгаалах нь ямар утгагүй юм бэ гэдэг нь эндээс харагдана. Тэгж олон хүний амь хохироон тэмцэлдсэний үр дүн хаана байна гэж тэр үеийн эрх баригчдаас энэ өдөр ард түмэн асуух хэрэгтэй. Таван залуугийн дурсгалд зориулсан хөшөөг байгуулах хэрэгтэй. Түүндээ долдугаар 1-ний өдөр цэцэг өргөж байя. Гэхдээ энэ бүхэн санан дурсаж, цэцэг өргөхдөө бус том утга учрыг агуулах ёстой. Долдугаар сарын 1-нийг хар өдөр гэхээсээ илүүтэй Үндэсний их эв нэгдэл, ойлголцлын өдөр байлгая. Үүнийгээ зарлан тунхаглаж, дагаж мөрдье. Улс төрчдөөсөө эхлээд ус голдоо хүртэл эв эвдэрсэн бүхэн эвээ олж гар барьдаг, их ойлголцлын, их уучлалын өдөр байя. Алдаанаас сургамж авдаг ард түмэн өнө мөнхөд оршин тогтнодгийн тод жишээ бол 2000 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улс, монголчууд юм гэдгийг бас дахин харуулъя.
zochin
Зочин
наяа
Setguulch
Зочин
эри
Зочин
Зочин
Зочин
Халх
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
м онгол
Зочин
Зочин
zochin
Зочин
Иргэн
Энгийн санал бодол
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ХАХАХА