Монголын хамгийн олон буюу 1.3 сая хэрэглэгчтэй Мобиком корпорацийн “цэнэглэ, тогло, хож” аяны хүрээнд, Бразил улсад зохиогдох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр зургаан ялагчийн хамт Чингис хаан нисэх онгоцны буудлаас энэ сарын 10-ны өдөр хөдлөв. Аз нь алгандаа багтаж ядсан ялагчдын ойр дотныхон нь ирж, зарим нь: Одоо хүртэл Бразил явах гэж байгаад итгэж чадахгүй нь” гэж хэлж байлаа.

Миний хувьд өмнө нь Өмнөд Африк явж байсан туршлагатай учраас цаг агаар ямар байгаа, юу авах, ямар хувцас өмсөх тал дээр хэд хоногийн өмнө азтангууддаа зөвлөгөө өгсөн юм. Өөрөө BTF компани adidas-аас гадна, reebok оруулж ирснийг сонссон учраас очиж хувцас хэрэглэлээ бэлдэж, BTF компанитай дахин хамтарч ажиллахаар болсон. Өмнө нь 2009 онд “Миний мэдэх хөлбөмбөг” анхны номны маань ивээн тэтгэгчээр adidas брэндийнхэнтэй хамтран ажиллаж байлаа.

Чингис хаан нисэх онгоцны буудлаас Түркийн онгоцоор хөдлөөд, Бишкект түр зогсоод, Истанбул хүрэх эхний маршрут биднийг хүлээж байв. Би уг нь цонхон талд суух дуртай боловч, гурван эгнээ суудлын яг голд нь суух боллоо. Цонхон талд испани, нөгөө талд 2 метр шахуу өндөр нидерланд өвөө сууж хамт аялахаар болов. Испани, нидерланд гэдгийг сонсоод танай хоёр дэлхийн аваргад хэсгийн эхний тоглолт гэж хэлэхэд хоюулаа нээрээ тийм билүү гэж байна. Испани нь сайн дурын ажилтан бөгөөд шувуу хамгаалах, үржүүлэх ажлаар 2 сар болоод буцаж байгаа гэсэн бол нөгөө өвөө маань амралтаараа явж байна гэв. Испани нь volunteer буюу сайн дурын ажилтан гэхэд нидерланд өвөө эхний үсгийг ф-ээр дуудаж фолүнтир гэж хэлсэн нь, хэлний онцлогтой нь холбоотой байх. Хэлж чадах ч гэсэн албаар “ф” үсэг ашиглаж байгаа харагдана лээ. Хөлбөмбөгийн яриа эхлээд удаагүй байхад, ван дэр Ваарт гэмтсэн танай хүч суларсан гэж хэлэхэд, хэн гэнээ гэж асуув. Ахиад хэлтэл ойлгодоггүй. Мэдээж van гэдгийг фан гэдэг учраас ойлгоогүй биз. Эсвэл албаар ф хэлүүлэх гэж үзсэн байж магадгүй  л юм. Ф-ээр хэлтэл толгой дохиж, манайх залуухан багтай тоглоно алаад өгнө л гэж байсан. Гэхдээ Испани, Герман хоёр хүчтэй байгаа гэж нэмж хэлэв. Истанбул руу хийх аялал урт болохоор түр зогсолт хийхийн тулд  Кыргызстаны нийслэл Бишкек рүү дөрвөн цаг нислээ. Түркийн онгоцны газрын зурган дээр Бишкекийг хуучин нэр Фрунзегээр нь бичсэн байхыг хараад гайхаж, оросын нэрээ солисон хотуудыг харахад Екатеринбург (Свердловск), Самара (Куйбышев)-г шинэ нэрээр нь бичсэн байв. Гайхаад янз бүрийн л юм бодогдов. Тухайлбал манайх Израилын нийслэлийг оросуудын ашигладагаар Тель Авив гэдэг ч, албан ёсны нийслэл нь Иерусалим байдаг шиг, шашин, улс төрийн асуудлаас болоод хуучин нэрээр нь нэрлэдэг юм болов уу гэж бодов. Зүгээр нэг санамсаргүй тохиолдол байлаа гэхэд нэрээ солиод 23 жил болж байгаа хотыг, дээр нь тогтмол зогсдог хотын нэрээ яагаад өөрчлөөгүй нь гайхалтай.

Таван богдын хүйтний оргилын хажуугаар гарахад үнэхээр сүрлэг харагдаж байсныг нуух юун. Мөнх цаст 4374 метрийн өндөр манай улсын хамгийн өндөр цэг. Цонхон талд байсан Испанид тайлбарлаж өгөв. Хималай, Каракорум, Тянь Шань, Памирын уулсын хажууд байрладаг, дунд нь Такла Маканы асар том цөл байдаг тухай ярилцав. Тянь Шаны нуруу хажууханд харагдаж, мөнх цаст ноён оргилууд үзэсгэлэнтэй харагдаж байв. Урт үргэлжилсэн ноён оргилуудын цаана байгаа Иссук-Куль нуурын багахан хэсэг мөн харагдаж байлаа. Мөнх цаст оргилуудын дунд байрлах, өвөл хөлддөггүй бүлээн нуур. Хэзээ нэгэн цагт заавал энд ирж үзнэ дээ гэж бодов. Ингэж явсаар Бишкект газардахаар болж буулаа. Мобикомын эхний ялагч Энхсаран эгч орос руу олон удаа явж байсан учраас duty free-гийн үнийг сайн мэдэж байв. Эднийх хямдхан юм байна буцахдаа бүгдээрээ эндээс юм авья гэж бидэнд тун хэрэгтэй мэдээлэл өглөө. Мөнхжаргал эгч урд нь ерөнхийлөгчийн айлчлалаар Дорноговь аймгаа төлөөлөн хоёр жилийн өмнө ирж байснаа хэлж, 150 сом (мөнгөний нэгж нь) үлдсэн энүүгээрээ юм авна гээд бидэнд үндэсний хамбүргэр, сэндвич, квасын төрлийн буудайгаар хийсэн ундаа өвч өгөв. Сэндвичийн төрлийн юм нь жигнэсэн, дотроо махтай гоё амттай байсан бол, ундаа нь манай айраг шиг исгэлэн, дотроо үр нь тунасан “Максим шоро” гэсэн нэртэй. Улаанбаатараас хоцорч гарсан болохоор гучин минут болоод л хөдлөхөөр болов. Бишкекийн онгоцны буудал хуучин социалист орон гэсэндээ манайхтай төстэй, хүмүүсийн царай нь ч адилхан байлаа. Жимс сайтай гэсэндээ, duty free-гийн худалдагчид нь өдрийн хоолныхоо дараа гүзээлзгэнэ идэж байгаа харагдав. Хажууд суусан испанитай жимсний тухай ярьж байхад, өндөр газрын жимс өөр амттай байх гэж хэлж билээ.

Бишкекээс цааш хөдлөв. Олон сонирхолтой газар дээгүүр нисэх болохоор маш их догдолж байлаа. Испани маань онгоцонд явах дургуй, хөөрөх болон буух үед эрхий хуруу, дунд хуруу хоёроо нийлүүлээд нүдээ анина. Буддын гүн ухаан сонирхдог гэж байв. Би ч  буддын гүн ухаан уншиж, судлаж байгаагаа хэлж Ошо, Агнистын гэгээ 11-р цуврал: Өөрөө өөртөө гэрэл бол”-ыг үзүүлэв. Даанч ийм юм ярихад бидний хэл нэвтрэлцэхгүй болсон нь харамсалтай. Уламжлал ёсоор хоёр талаасаа нэрний дуудлага зүй асуув. Баск, Каталон нэр, нидерланд өвөө Каит, Краиф гээд дуудахад хэцүү нэрнүүдийг нэг нэгээр нь хэлж өглөө. Хөлбөмбөгчдийнхөө нэрийг асууж, улс орныхон тухай сонирхолтой мэдээллүүд ч авав. Испани маань Истанбулаас Мадрид нисээд тэндээсээ Валэнсиа руу галт тэрэгээр явна гэж байв. Сонирхуулахад Валэнсиагийн с-ийг английн th шиг хэлдэг юм байна лээ шүү.

Бишкекээс гараад Казахстан, Узбекистаны нутаг Арал тэнгис дээгүүр нислээ. Харамсалтай нь дээрх хоёр улс Зөвлөлтийн харьяанд байхад цөл газрыг усчуулахаар хоёр гол цутгал Амударья, Сырдарья мөрний урсацийг өөрчилснөөр сүүлийн гучин жилийн дотор дэлхийн хоёр дахь том нуураас, ойрхон орших хэд дахин жижиг Балхашаас (Байгал нууртай ойролцоо) бага талбайг эзлэх болсон юм. Харамсалтай нь энэ байдлаараа удахгүй ширгэх байх. Испаниасаа гуйж байгаад цонхон талд сууж шавайгаа ханатал цонхоор харлаа. Нөгөө испанидаа энэ Арал тэнгис гээд хатсан газар заатал итгэж өгөхгүй зургийг нь авав. Дунд нь байдаг том арал нь эх газартай олон жилийн өмнө нэгдсэн байх. Энэ том арлаас нь болж энэ нэрийг өгсөн байж магадгүй. Манай том гол, мөрнүүдийн адил Түрэг гаралтай Арал гэдэг нэрийг өгсөн байх талтай. Дундах том арал, нэр нь, манай Арал гэдэг үгтэй мөргөлдсөн үгүйг хэлж мэдэхгүй юм.

Удалгүй дэлхийн хамгийн том нуур Каспийн тэнгис дээгүүр нисэв. Тал газартай нийлсэн амгалан, ногоон өнгөтэй, үнэхээр үзэсгэлэнтэй харагдав. Хойшоо эзгүй суудалд очин цонхны нөгөө талд хамгийн том цутгал Дон мөрнийг харах гэж үзсэн ч, арай л хол зайтай өнгөрсөн бололтой. Шөнө байсан бол Казахстаны Гурьев (шинэ нэр нь Атырау), Оросын Астрахань хотын гэрлүүд харагдаж магадгүй байсан юм. Гурьев хот мөн л хуучин нэрээрээ онгоцны газрын зураг дээр байв. Каспийн тэнгис гэж хэлэхэд нөгөө испани чинь зураг авч эхэллээ. Хамт явсан Мобикомын ялагчиддаа ч хэлж, баахан зурагнуудтай болсон юм. Дараа нь Кавказийн нурууг бага зэрэг тойрч Сочи хоттой ойрхон өнгөрч, тэртээ мөнх цаст уулс харагдсаар өнгөрөв. Кавказийн нурууг хараад л баймаар, хараад л баймаар. Мэдээж Тянь Шанаас өндөрийн хувьд намхан. Удалгүй хар тэнгис рүү орж ирэв. Ядаж байхад манай цонх далавчны дээр болохоор зарим юмс сайн харагдахгүй байлаа. Тэгээд ч онц гойд юм харагдсангүй. Ингэж явсаар европ, ази тив уулздаг Истанбул хотын Ататүрк онгоцны буудалд буухаар боллоо. Багадаа оросоор Стамбул гэж харж байсан хот, Истанбул гэсэн бичигтэйгээр онгоцны газрын зураг дээр тодорсон юм. Онгоцны газрын зургаар бол Босфорын хоолой доор байрлал, Гантигийн тэнгисийн (Мраморын тэнгис) хажууд, Истанбулын европ талд нь газардсан юм.

Истанбулд 10 гаран цаг болох учраас Түркиш эйрлаинсын үнэгүй буудал руу хөдөллөө. Түркт түр амарсныхаа дараа үндсэн аялал болох Бразилын Сан Пауло руу хөдлөх сунайсан урт аялал биднийг хүлээж байв. Манай улс саяхнаас Түркт визгүй зорчих болсон бол хэдэн Непалууд виз гардаггүй гэчихсэн дөрөв хоног онгоцны буудал дээр хүлээж байлаа. Одоо ахиад хоёр хоног хүлээгээд цаашаа явна гэж байв.

Мобикомын ялагчидтай Сан Пауло руу нисэх Түркийн онгоцонд суулаа. Орон нутгийн цагаар өглөө 10 цагт нисч, Газар дундын тэнгис, Африк тив, Сахарын цөл, Атлантын далайг “гатлан” Улаанбаатараас 11 цагийн бүст оршдог Бразил улсад очих 13 цагийн нислэг хүлээж байв. Энэ дундаа экваторыг (Эквадор улс биш) гатлаж дэлхийн хойд хагасаас, өмнөд хагаст очино.

Голын дөрвөн суудалд суусан болохоор цонхоор харах боломж байсангүй. Би захад сууж, миний хажууд нэг япон эмэгтэй суулаа. Анх өөрийгөө Таивань гэж танилцуулсан бөгөөд нөхөр нь Бразилд хүлээж байгаа, очоод нээлтийн арга хэмжээ үзнэ гэж байв. Тэгснээ өөрийгөө бас япон гэж хэлэв. Гайхаад өвөө, эмээ чинь япон юм уу гэтэл, өөрийгөө цэвэр япон гэдгээ хэлээд, нөхөр нь таивань, таиваньд амьдардаг гэдгээ хэллээ. Японы тухай, японы хөлбөмбөгчдийн тухай ярилцаж, 2010 онд Парагвай-Японы тоглолтыг үзсэнээ ч хэлэв.

Ямарч д байсан Грек, Газар дундын тэнгис дээгүүр явсныг мэдсэн. Урт аялал болохоор замдаа нойр авах хэрэгтэй болж, нэг л мэдсэн Атлантын далайг гаталчихсан, Бразил руу орж ирсэн харагдав. Риогийн хажуугаар нисч Бразилын хамгийн их хүн амтай Сан Пауло хотод газардахаар боллоо. Орон нутгийн цагаар орой 19:00 цаг орчимд бууж, Нью Жуулчин гэсэн бичиг барьсан Бразил гаид биднийг тослоо. Монголоос ирсэн хүмүүс үү, их хол явж ирлээ гээд хүмүүсийн тоог бүртгэснээ машин руу гаа явав. Сан Паулогийн онгоцны буудал том, дэлхийн аваргын уур амьсгал хаа сайгүй орсон байлаа. Буунгуутаа багахан мөнгө солиулах гээд ханшийг нь асуутал бразилын мөнгө реас (rease) өндөр ханштайг нь сонсоод гайхав. 1 ам.доллар, 2.036 реастай тэнцэж байв. Бидэнтэй онгоцонд таарсан хоёр ах: Төврүүгээ илүү үнэтэй солих байх, ойр зуурын мөнгө л солиулсан нь зүгээр дээ, гэж хэлсэн нь яах аргагүй үнэн байлаа. Ингээд автобусандаа сууж, Плаза ин Американ Лофт зочид буудал руу хөдөллөө.
Буудалдаа эрт очсон болохоор хажуудах сүпэрмаркэт орж хүнсний зүйл сонирхохоор болж бүгдээрээ гарцгаав. Хүнсний үнэ манайхтай төстэй, жимс нь олон төрлөөрөө, өнгө өнгөөрөө ялгарч байлаа. Манайхан ялагчид баахан жимс авч, буудалруугаа оров. Яг манай буудлын эсрэг талд спортын дөрвөн заал, нэг байшингийн давхар бүрт байгаа, спорт заал ийм л байх ёстой доо гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлэв. Голдуу хүүхдүүд тэр зааланд хөлбөмбөг тоглож байгаа харагдав.
                                                                                                                              2014.06.11


Тянь Шаны нуруу


Каспийн тэнгис


Онгоцонд хамт явсан Босни Херцеговинагийн хөгжөөн дэмжигчид


Мобикомын ялагчидтай Сан Паулод газардлаа


Манай буудлын урд байрлах дөрвөн давхар спорт заал


Бразилын телевиз


Өглөөний цай


Өглөөний цай


Өглөөний цай


Супермаркетийн жимсний тасаг