(үргэлжлэл)

Манай сэхээтнүүд “монголчууд зарчимгүй” гэж хэлэх дуртай. Бид, орчин цагийн сэтгэл зүйн шинжлэх ухааны ололтуудыг мэдэхгүй болоод тэгэж мэдэмхийрдэг бололтой!

Орчин үеийн сэтгэл зүйн шинжлэх ухааны хамгийн чухал нээлт бол хүний байгалийн дотоод “би”-д нийцээгүй нийгмийн гадаад дарамт ихсэхүйд, эргээд мөнөөх хүн маань “хоёр нүүртэй амьтан” буюу зарчимгүй этгээдэд хувиран өөрийгөө хамгаалдаг болохыг тогтоосон явдал. Дотоод “би” нь гадаад “би”-тэйгээ хэтэрхий их зөрчилд орвол тухайн хүн амь эрсдэхээс өгсүүлээд галзуурах мэт сэтгэцийн эмгэгтэй хүртэл болдог аюултай ажээ. 

Дотоод “би”-гээ хамгаалах аргыг Юваль Ной Харари “Портфель идентичностей” (“Зарчимгүйн портфель” гэж орчуулмаар юм уу?) хэмээн нэрлэсэн байх юм. Нийгмийн дарамт ихсэхийн хэрээр хүн улам бүр “хоёр нүүртэй зарчимгүй амьтан” болдгийг, жишээ нь утопи социалист үзэл санааны бүтэлгүйтлээр түүх тодорхой харуулсан юм. 

Коммунистууд, ор шуналгүй нийгэм байгуулахаар шийдсэн юм. Тэгээд тэд хүний шуналыг нүгэлтэй өдөөн тэтгэгч нь хувийн бизнес юм байна гэж үзэж түүнийг устгахаар зориг шулуудсан.

Төрөөс өөр, хувь хүн бизнес эрхлэх эрхгүй нийгмийг социализм хэмээнэ. Ийнхүү, коммунистууд социализм байгуулахаар хувьсгал хийн төрийн эрх мэдлийг булаан аваад хувийн өмчийг кампаанчлан хураах онцгой комиссуудыг газар сайгүй байгуулсан билээ.

Олон сая гэм зэмгүй хүнийг хөнөөн хэлмэгдүүлж, өмч хөрөнгийг нь хүч хэрэглэн хураасан үйл явдлууд, нарийндаа коммунистууд өөрсдөө ямар ичгүүргүй хоёр нүүртэй, шуналтай дээрэмчид болохыг шууд харуулж эхэлсэн.

Шуналтай тэмцэхийг улиглан уриалж байсан удирдагчид нь ч шуналаасаа салж чадаагүй юм шүү дээ! Ленин, Троцкий нарАмерик, Щвейцарийн банкинд олон арван сая долларын хадгаламжтай байсан агаад Сталин тэр хөрөнгөөр нь барьцаалан Троцкийг шоронгоос суллан явуулсан түүхтэй! 

Монголд болсон өмч хураалтын явцад онцгой комиссын комиссарууд иргэдийн эд хөрөнгийг далдуур, маш ихээр тонон дээрэмдсэн. Тэд нуух аргагүй овор ихтэй хөрөнгийг намдаа тушаагаад, бусад бага овортой алт мөнгөн эдлэлийг хувьдаа завшиж явжээ.

Он жилүүд өнгөрөх дутам комиссаруудын ичгүүргүй хоёр нүүртэй шунал нийгмийн бусад хэсгүүдэд түгэн халдварласан.

Комиссарууд ардын аж ахуйтнуудын малыг хураан нийгэмчилж, нэгдэл гээчийг бий болгосон. Нэгдлийн малыг малладаг хөлсний малчдыг бий болгов. Гэтэл тэд нь явсаар, нэгэнт хувийнх нь биштул хариулж буй малынхаа тоо толгойг өгөгдсөн төлөвлөгөөнөөс дээш өсгөх сонирхолгүй болж, улмаар нэгдлийн малыг амины мал руугаа илүүчлэн гулгуулах болов. 

Ажилчин анги ч хоцорсонгүй. Хувьд нь өгөөж багатай улсын үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг зувчуулан, илүү үнэд хүрэх хар зах руу нийлүүлж, ашиг олцгоодог болов.

Дэлгүүрийн худалдагч нар бараагаа арын хаалгаар зардаг болов. Тэр үед дэлгүүрийн худалдагчид нэг “муу орлогч сайд” мэтхэнээс илүү эрэлттэй хүн байсан юмдаг.

Улсын дэлгүүрүүдийн лангуу хоосорсоор эцэст нь картын бараанд шилжсэн. Ард түмэн; хар зах дээрх дамын наймааны бараа, арын хаалгын бараа, картын бараа зэргээр хэрэгцээгээ хангах болсон билээ.

Аргаа барсан коммунист намын удирдагчид “социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалах” тухай тогтоол гарган, шоронгоор айлгах хүртэл сүржигнэсэн ер бусын их хүчээр захиргаадах болсон. Ингээд ч хөдөлмөрчин ангийн нөхдүүдийн, улсын ашиг сонирхлыг хойш тавиад, хувийн амьдралаа сайжруулах гээд байдаг байгалийн хүсэл зоригийг дарж дийлээгүй юм. Захиргаадах тусам хүмүүс улам л хоёр нүүртэй, улам л зарчимгүй болсоор байв.

Монголчуудыг үнэндээ социализм л хулгайч болгосон юм. Ардын хувьсгалаас өмнө Монгол орноор аялан судалгаа шинжилгээний ажил хийж явсан эрдэмтэн Майский; монголчууд хулгай хийж бараг мэддэггүй, орос, хятад иргэд л тэднийг хулгайд уруу татах гээд байдаг мэтээр тэмдэглэн бичсэн буй.

Хөдөлмөрчин ангийнхаа хулгайд нэрвэгдсэн социалист эдийн засаг маань хүн амаа наад захын хэрэгцээтэй бараагаар ч хангаж чадахаа болиод тэсэлгүй дампуурсан билээ.

Зөвлөлтийн алдарт дуучин Высоцкий, Баруун Германы супермаркетаар ороод лангуу дүүрэн төрөл төрлийн хиам хөглөрөөд хэвтэж байгааг хараад цочирдохдоо “манай аугаа Зөвлөлт улсад хиамаа картаар хуваарилж байхад, та нар яаж лангуун дээрээ ийм их олон төрлийн хиамтай байж чадаж байна! Тэргүүн туршлагаасаа хуваалцана уу?!” хэмээсэн гэх онигоо социализмаар нэг тарсан байж билээ.

Хоёр нүүргүй хувийн хэвшил л капитализмын супермаркетуудыг бараагаар бялхааж байдаг ажгуу. Высоцкийтой хуваалцах тэргүүн туршлага ердөө л энэ юм.

Капитализм: “шунал”-ыг хараал бус баялаг бүтээх эрчим хүч; “атаархал”-ыг, алагчлан дорд үзэхгүй шударга ёс, жентелмэн харилцааны манаач болгон хувиргасан шигээ “зарчимгүйн портфель”-ийг, шинэ сэргэг бүхэнд нээлттэй, уян хатан байх чадвар болгон хувиргасан юм. Монголчууд ортдокс шашны дэглэм, хийрхүү коммунист дарангуйллын хар гайгаар нэлээд замбараагүй “зарчимгүйн портфель”-той болоодохсон. Энэ нь Монголд капитализмыг байгуулахад харин ч давуу тал болсон гэлтэй.

Монголчууд шиг нээлттэй, уян хатнаар шинэ нөхцөл байдалд хувиран зохицож, капитализмыг хурдтайгаар нэвтрүүлж эхлээд буй улс энэ бүс нутагт лав байхгүй. Хүн амын өргөн хэрэглэгээий бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг зуун хувь хувийн хэвшил хангаж байна. Өнөөдөр монголчууд хэрэглээний төрлөөрөө дэлхийн түвшинд хүрснийг, ухаалаг утас, интернэт, хайбрид машин зэрэг нэн сүүлийн технологийнөргөн хэрэглэгээнээс нь харчхаж болно. Манай супермаркетууд ямар ч өндөр хөгжилтэй орныхоос дутахааргүй бараатай, амжиргааны түвшинг харгалзсан олон төрөл болсон.

Секс бол хүний муу муухай бүх чанаруудын эхлэл хэмээн үзэж сексгүй нийгэм байгуулах утопи (үл гүйцэлдэх) үзэл санаа шашинтай зэрэгцэж гарсан байдаг. Бодит амьдралд хэрэгжүүлье гэхээр улсынхаа бүх иргэдийг толгой дараалан устгахаас өөр аргагүй тул тийм үзэл санаатай удирдагчид сексийн хорио цээрээтэй бичил нийгэмлэгүүдийг л мэр сэр байгуулж иржээ. Гэхдээ үнэндээ тэр нийгэмлэгүүдэд нь бандидах, эмлэх зэрэг сексийн өөр хэлбэрүүдийг бий болгосон завхралууд л газар авсаар байсан юм. Секс бол хүний оршихуйн үндэс тул яалтай билээ.

Хүний хангалуун амьдрахуйн хүсэл (шунал), дорд үзэгдэхгүй байхуйн хүсэл (атаархал), дотоод “би”-гээ хамгаалахуйн хүсэл (зарчимгүй) зэрэг хүслүүд нь секстэй адилхан хүний эволюцийн явцад бий болж, байгалийн мөн чанарт нь хадагдсан ухамсрын модулиуд юм. Тэдгээр модулиуд нь байрлах тархины хэсгийг нь гэмтээх юм уу, хагалгаа хийж салгаж авахгүй бол тархинд байрласаар байх болно.

Гэтэл ХХ зууны аймшиг гэгдэх коммунизм, фашизм, нацизм гурав хүний байгалийн мөнөөх гурван модулиудыг үгүй хийх утопи (үл гүйцэлдэх) үзэл санааг дэвшүүлэн хэрэгжүүлэх гэж оролдсон юм. Мэдээж тэдгээр нь антисекс шиг утопи үзэл санаад тул асар их хүчирхийлэлд хүргэх нь гарцаагүй байсан. Хүчирхийлэлд ч хүргэсэн! 

Жишээ нь, коммунистууд хүний хангалуун амьдрахуйн хүсэл (шунал)-ийг үгүй хийх зорилгоор 90-100 сая гэм зэмгүй хүний амь насыг хөнөөсөн байдаг. Фашист (нацист)-ууд, хүний дорд үзэгдэхгүйн хүсэл (атаархал), дотоод “би”-гээ хамгаалах хүсэл (зарчимгүй)-г устган дуче, фюрерийн хамжлага албатууд болгохын тулд 20-ЗО сая гэм зэмгүй хүнийг хөнөөсөн байдаг.

Харин капитализм хүний байгалийн мөн чанарт хадагдсан “шунал”, “атаархал”, “зарчимгүй” гэх “гурван муухай”-г нийгмийн хөгжлийн хүч болгон хувиргасан юм.

Үүний тод жишээ нь Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдаж сүйрсэн нацист Герман, фашист Итали, милитарист Японыг, чөлөөт капитализм үнс нурамнаас босгождэлхийн эдийн засгийн гурван их гүрэн болгож амжилтад хүргэсэн. Гитлер, Муссолини нар хэчнээн хийрхэж хүчирхийлээд ч улс орноо ийм амжилтад хүргэж чадахгүй байсаан.

Монгол, социализмын далан жилд яаж ч захиргаадаад хүрч чадахгүй байсан малын тоо толгой, эд барааны хангамжид нялх капитализмын ачаар л хүрсэн. Тийм болохоор цаашаа улам хөгжиж, одоо байгаа ядуурал, хоцрогдлоосоо салъя гэвэл монголчуудын; “шунал” буюу хангалуун амьдрах хүсэл, “атаархал” буюу бусдын дорд орохгүйн хүсэл, “зарчимгүй” буюу аливааг нээлттэй хүлээн авах чадвар “гурван муухай”-г урагшлах эрчим хүч болгох капитализмаа улам бүр төлөвшүүлж боловсронгуй болгох учиртай. Энэ “гурван муухай” бидэнд бусдаас онцгой их байдаг нь үнэн юм бол хөгжлөөр тэргүүлэгч орон болох нь дамжиггүй!

Жич: Уншигчид маань гайхаж буй. Коронагийн тахал энэ цагийн хамгийн анхаарал татсан сэдэв болчхоод байхад намайг юун шунал, атаархал, зарчимгүйн тухай философидоод унав гэж?! Хариулъя.

Коронагийн тахал дэлхийн улс орнуудын эдийн засгийг сүйрүүлж байна. Цаашаа их сунжирвал дэлхийн нэгдүгээр дайны үзүүлсэн шиг хор хөнөөлийг хүн төрөлд хүргэж мэдэхээр байна хэмээн таамаглаж ч байна. Тэгвэл, хааяагүй ядуурч туйлдсан хүмүүс хоолныхоо төлөө алалдаж мэдэхээр аж.

Ийм үед л иррационализм мандаж, эрүүл ухаан, тэвчээр хүлцлээ барсан олон түмэн, үлгэр домог шиг аврал амласан янз бүрийн утопи популизмд автан галзуурцгаадаг.

Бөөн бөөнөөрөө; шинэ коммунизм, шинэ фашизм, шинэ нацизмын үзэл санааг хошууран дагаж, хүний байгалийн мөн чанарыг нухчин дарж номхотгох амбицтай, хийтэй удирдагчийнхаа хүчирхийллийн гар хөл болцгоох ажгуу.

Коронагийн гайгаар ийм цаг ирж болзошгүй тул хүний байгалийн ямар ч муухай араншинг хүчирхийллээр устгаж чаддаггүй учрыг эртлэн ухуулж, харин ч тэдгээр муу чанаруудыг эерэг хүч болгон хувиргах капитализмыг бүр ч хөхиүлэн урагшлах ёстой хэмээн анхааруулах гэсэн юм!