Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их өөр болж. Хэдэн жилийн өмнө бичиж байсанчлан “Түүнээс нэг л өөр сүрчиг үнэртэх болжээ. Яагаад ч юм бэ, түүний л үгийг сонсохоор сэтгэл сэргэж, ардчилсан улс оронд амьдарч байгаагаараа бахархдаг байлаа. Гэвч тэр өдрүүд намар шиг буцаж урам хугалсан үйл явдлууд үргэлжилсээр. Түүний үг Ц.Элбэгдорж гэдэг хувь хүний биед наалдахаа больж урлагийнхны хэлээр “ам барьсан” мэт хуурай, итгэл үнэмшилгүй болов. Саяхан болтол түүнд загнуулсан ЦЕГ-ын дарга хүртэл сэтгэл нь сэргэх шиг болж мушилзаад гараад ирдэг, ард иргэд нь аавдаа ховлосон хүүхэд мэт бах нь ханаж хоцордог байлаа. Харин өчигдөр Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудаж уулзав.

Цаг үеийн хувьд Х.Баттулга гишүүн “Давхар дээл”-ний асуудлаар Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж, суудлаараа дэнчин тавьж зориглосон. Үүнийхээ төлөө Засгийн газрын зүгээс “давхар цохилт”-уудыг шил дараалан амссаар байсан учраас одоо л тайтгарах боломж гарах нь гэсэн таамаглалтай байсан болов уу. Харин тэдний уулзалтын талаарх ялангуяа Х.Баттулгын урвайсан фото зургийг хараад олон хүн гайхсан байх. “Ерөнхийлөгч өөрийнхөө сүүлчийн үнэнч хамтрагч Х.Баттулгыг загначихлаа гэж үү. Тэдний нөхөрлөл хэдэн жилийн настай билээ” гэх уулга алдалт дуулдав. “Ц.Элбэгдорж хүртэл Х.Баттулгад дургүй байгаа хэрэг үү” ч гэх шиг. Дуртай, дургүйгийн асуудал жич юм. Хамгийн гол нь асуудлын углуурга нь юунд байв.

Тэр төмөр замын өргөн нарийн царигийн асуудал уу. Олон хүн үүнээс залхаж буй ч үүний цаана аюулгүй байдал бий. Эдийн засгийн ямар ч үр ашгаар үл арилжих тэр шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргах ёстой. Түүнийг Ерөнхийлөгч даргалдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Төмөр замын сүлжээг байгуулахдаа үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ” гээд Ерөнхийлөгч цээжээр мэддэг байх. Гэтэл эдийн засгийн ашиг сонирхлыг эрхэмлэчихээд байгааг мэдэрсээр байж ганцаардаж яваа Х.Баттулгыг “Төмөр замаа барихгүй яасан юм бэ, боломж байсан шүү дээ” гэж загнах нь муухай санагдлаа. Х.Баттулга мөнгөтэй байж болно. Төмөр зам хувиараа барих боломж яаж байх юм бэ. УИХ, Засгийн газраас баталсан хөрөнгийг өгөхгүй яаж саатуулсныг, ямар гээчийн хор гүйгээд байгааг Ерөнхийлөгч сайн мэдэж байгаа. Энэ бол төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр яриад гарын үсэг зурчихдаг шиг амар ажил биш гэдгийг ч сайн мэднэ. Харин өнөөдөр эмээлийн бүүрэг шиг ижилдэж явсан нөхрөө энд хүрээд эс мэдэгч царайлах хэрэггүй.

Уг нь өнөөдөр Х.Баттулга гишүүнийг дуудаж уулзахаас илүү чухал ажил Ерөнхийлөгчид олон бий. Наад зах нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс /нарийн ярьвал 33,3 хувь/ илүүгүй байлгах бодлого баримтална. Тэр тусмаа Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хувь хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална гэсэн заалтуудыг хараарай. “Чалко”, “Bank of China”, одоо төмөр зам гээд бодохоор нийт хөрөнгө оруулалтын 2/3-ыг Хятадын төрийн компани оруулах гээд байгааг дээрх заалттай харьцуулаад үзэх, энэ тухайгаа ҮАБЗ-ийн гишүүдтэй ярих цаг болсон юм биш үү.

Ингээд бодохоор УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараа дуудах ёстой байсан болов уу гэж бодох юм. Нийт импортын 90 хувь нь Хятадтай холбогдож байгаагаас харахад Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд дурдсанчлан “цөөн зах зээл, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт, импортын хэт хамааралтай үндэсний эдийн засгийн эмзэг байдал” хэдийнэ үүсчихэж. Энэ асуудал биш үү. Эсвэл  Х.Баттулга, Х.Тэмүүжин хоёрыг эвлэрүүлэхээс илүү чухал асуудал, ялангуяа Төрийн тэргүүний нүд цавчилгүй манаж байх ёстой үндэсний аюулгүй байдал, монгол түмний эв нэгдэл гэдэг маань үүнд л багтаад байх шиг санагдах юм.

Ардчилсан намын гишүүн ярьж байна. Нэрийг нь хэлээд яах вэ, улстөрч ч биш. Гэхдээ Төрийн тэргүүнд бол ойрын хүн. Тэрбээр “Х.Баттулга олон жил Ц.Элбэгдоржийн хэтэвч болж явсан. Одоо Төрийн тэргүүн хүнийг санхүүжүүлээд ч билээ гээд сүүлийн жилүүдэд Цонжин болдог, Их Майдарыг бүтээн байгуулах ажилд хөрөнгө оруулах болсон. Тэр үеэс тэдний харилцаа хөрсөн. Ерөнхийлөгчийн хэтэвч нь “Женко” биш “Ажнай” болсон” гэлээ. Энгийн хөөрөлдсөн яриа ч гэлтэй үнэний ортой байж мэдэх талтай. Түүнийг З.Энхболд, Н.Алтанхуяг хоёрын “эв нэгдэл”-ийг хэрхэн хангасныг мэднэ. Одоо Н.Алтанхуяг баахан хүн загнаж, энд тэнд очиж тууз хайчилсан хүн л гүйгээд байна. Тэгсэн хэрнээ гаднын зочин бүхэнтэй хамтарч ажиллах гарын үсэг зурна. Мөн чанарыг нь ойлгодог юм уу.

Орос, Хятад хоёр даргатай гарын үсэг зурчихаад аль нэгд нь л үнэнч зүтгээд байхыг хараад дэлхийн улс орнууд хэрхэн харж байгаа бол. Ерөнхийлөгч өөрөө ч 2009 оны наймдугаар сарын 25-26-нд ОХУ-ын Ерөнхийлөгч асан Д.Медведевийг төрийн айлчлалаар ирэхэд  Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалаар“1520 мм өргөн цариг бүхий Монголын төмөр замын сүлжээг өргөжүүлэхээр тохиролцлоо”, “Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нар Олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй мөрдөнө” гээд гарын үсгээ зурцгаасан. “Олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй мөрдөнө” гэдэг нь Д.Медведев Ерөнхийлөгчийн суудлаас буухаар өөрчлөгддөггүй. Тэр тусмаа Х.Баттулгаас нүүр буруулахаас бүр өөр асуудал.

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүчтэй байна. Зам тээврийн сайд А.Гансүхийг эзгүйд өргөн барьсан УИХ-ын тогтоолын төсөлдөө нөхөн гарын үсэг зуруулахаар амлалт өгүүлчихэж. Ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг дуудуулж загнуулсан байна. Үнэхээр том байгаа аж. Гэхдээ Ц.Элбэгдорж андын хувиар биш Төрийн тэргүүний өндөр албан тушаалыг хүндэтгэж Х.Баттулга, Х.Тэмүүжин нарын хайнааг хагалж, ээлж дараалан уулзан нэгийн толгойг илж, нөгөөг загнахын оронд арай л том асуудалд анхаарлаа хандуулах болж дээ. Ерөнхийлөгч “хөрдөг” гэж үнэн юм. Ерөнхийлөгчийн албыг хүлээн авсныхаа дараахан буюу 2010 онд УИХ-аас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал цээжлэх нь холгүй уншиж сахин хамгаалах гэж хичээдэг, энэ сэдвээр олонтаа ярьдаг байв. Тэр  хувирсаар л байна. Ирэх гурван жилд хэрхэн өөрчлөгдөх бол. Ямартай ч Төрийн тэргүүн хэнийг ч өрөөндөө дуудаж загнаж чаддаг нь үнэн. Төрийн тэргүүнийг “ажлаа сайн хий” гэж загнах эрх иргэд бидэнд байгаа нь үнэн.