Уг нь Хятад 2020 он хавьцаа АНУ-ыг эдийн засгаараа гүйцэх байх гэж мэргэжилтнүүд тооцоолж байтал энэ жил гүйцэх шинжтэй болчихлоо. Гэтэл хятадын эрчим хүчний түүхий эдийн хангамж гаднаас хамаарах нь нэмэгдсээр байгаа талаар, тухайлбал газрын тосны импортын хамаарал 58%, байгалийн хийнх 31% хүрээд байгааг дурддаг. Хамааралтай байна гэдэг эмзэг байдлыг илтгэнэ. Гэхдээ энэ хамаарал нийт хэрэглээнд нь авч үзвэл хэр байна вэ? Хятад улс үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ? Ер нь эрчим хүчний аюулгүй байдлаа яаж баталгаажуулж байгаа юм бол? Үүнд бид хамаатай юу?

Юун түрүүнд Хятад улс эрчим хүчний хамгийн том хэрэглэгч гэлээ ч бас хамгийн том үйлдвэрлэгч улс гэдгийг бид санах ёстой. Хэрэглээнийхээ бараг 90%-ийг дотоодоосоо хангаж байна. Бүтцийг нь харвал дийлэнхийг нүүрсээс (66.2%), зарим хэсгийг газрын тос (18.8%), усан (7.8%), байгалийн хийгээс (5.4%), багахан хэсгийг цөмийн (0.6%) болон сэргээгдэх эрчим хүч (1.2%)-нээс гарган авч байна. Эдгээрээс импортоор авдаг нь ердөө газрын тос, байгалийн хийн зарим хэсэг бөгөөд нийт хэрэглээнийх нь 10 эргэм хувь л болно.


    Газрын тосны мангас болж буй Хятад

Хятадын газрын тосны импорт 2013 оны зарим сард АНУ-ыг давчихсан, энэ жилээс бараг дэлхийн хамгийн том газрын тосны импортлогч болохоор байна. Гэхдээ дээр дурдсанчлан Хятадын эрчим хүчний хэрэглээнд газрын тос 20 орчим хувийг л эзэлж, түүний бараг талыг өөрсдөө хангаж, үлдсэнийг нь гаднаас авч байгаа. Гэвч авч байгаа тэр хэмжээ нь гэхэд л дэлхийд тэргүүлэхээр их учир Ойрх Дорнодын газрын тосны хамгийн том худалдан авагч нь АНУ биш Хятад болох нь бараг энэ жилдээ биелэх болоод байна.

Хэдийгээр Хятад улс Япон, Өмнөд Солонгос хоёр шиг газрын тосоор гаднаас бүрэн хамааралтай улс биш ч авч буй хэмжээгээрээ ингэж их жин дардаг учраас газрын тосны эх үүсвэрээ аль болох олон салаалж, нэг эх үүсвэрээс хамааралтай байхгүйг хичээж байна. Үүний тулд дэлхий даяар хамтын ажиллагаа өрнүүлж, дөрвөн том стратегийн бүсийг бий болгоод байгаа нь Саудын Араб төвтэй Ойрх Дорнод, Казахстан төвтэй Төв Ази, Венесуэл төвтэй Өмнөд Америк, Судан төвтэй Хойд Африк аж.

Гэвч газрын тосныхоо 80%-ийг Маллакийн хоолойгоор дамжуулан усаар тээвэрлэж авдаг тул бас л эрсдэлтэй. Тээврийн энэ хамаарлыг саармагжуулахын тулд хятадууд хуурай газраар зүүн хойд, баруун хойд, баруун өмнөд гэсэн гурван чиглэлээр газрын тос, байгалийн хийн хоолой татаж байна.

Ингэж түүхий эдийн эх үүсвэрээ олшруулж, тээврийн шугамаа олон салаа болгохын зэрэгцээ Хятад улс хилийн чанадад олборлох үйл явцад ч мөн идэвхтэй оролцож, газрын тос, байгалийн хий, өнгөт ба хар төмөрлөгийн олборлолтод голдуу хөрөнгө оруулж байгаа. Хятад улс Саудын Арабд гэхэд л газрын тосны үйлдвэр байгуулахаар манай улсын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний гэрээг 2012 онд үзэглэсэн нь хятадын хамгийн том төслийн нэг юм. ОХУ-тай ирэх 25 жилийн турш газрын тос нийлүүлэх гэрээг өнгөрсөн онд зурсан бол саяхан 5 сарын 21-нд Путин, Си нар Шанхайд сүр дуулиантай уулзаж, 30 жилийн турш байгалийн хий нийлүүлэхээр 400 тэрбумын санамж бичиг байгуулчихлаа.

Энэ мэтчилэн Хятад улс эрчим хүчний түүхий эдийн салбарт хөрөнгө их хаядаг учраас хилийн чанадад хамгийн их хөрөнгө байршуулсан хятад компаниудыг Нефть химийн үйлдвэрийн корпораци (Sinopec), Нефть байгалийн хийн корпораци (CNPC), Оффшор нефтийн корпораци (CNOOC) зэрэг газрын тосны компаниуд тэргүүлсээр байна.

Ингээд харахад Хятад улс хилийн чанадад эрчим хүчний түүхий эдийг олборлохоос эхлээд борлуулах, тээвэрлэх хүртэлх үе шат бүрт оролцохыг хичээж байгаа юм. Харин дотооддоо бол газрын тосны стратегийн нөөц бүрдүүлэхээр 2007 оноос 15 жилийн хугацаанд гурван үе шаттай бүрдүүлэхээр төлөвлөсөн ба одоогоор нэг, хоёрдугаар шатны ажлыг дуусгасан, 2020 онд гуравдахь шатаа дуусгахад нийт 90 хоногийн нөөцтэй болох аж. Хятадын судлаачийн тооцоолж буйгаар 2012 онд 50 хоногийн нөөцтэй болчихоод байгаа юм.

Ийнхүү гадаад, дотооддоо арга хэмжээ авсны хүчинд хятадын эрчим хүчний аюулгүй байдал 2020 он хүртэл тулгарах асуудлыг шийдвэрлэх боломжтой, тийм маневртай болсон гэж хятадын шинжээчид дүгнээд байна.

Хамгийн гол санаа зовох зүйл нь асар их хэрэглээгээ тасралтгүй хангахуйц зүй зохистой бүтэц бий болгох нь Хятад улсын урт хугацааны зовиурт зорилт болоод байгаа юм. Тиймээс ч Төрийн зөвлөлийн Хөгжил судлалын төвийн захирал Ли Вэй тайлан илтгэлдээ цаашид газрын тос болон нүүрсний хэрэглээг хазаарлаж, цөмийн болон сэргээгдэх эрчим хүч, байгалийн хийн хэрэглээг нэмэх хэрэгтэй, тэхгүй энэ янзаар үргэлжилбэл агаарын бохирдлоос авахуулаад ачааллаа дийлэхгүй гэж бас дүгнэжээ.


    Монгол, Хятадын эрчим хүч: Далайд дусал нэмэр ч гэхүү

Эрчим хүчний чиглэлээр бид Хятад руу түүхий газрын тос, нүүрс гаргах, мөн багахан хэмжээний цахилгаан авах гэсэн хэлбэрээр ажиллаж байна одоогоор.

Газрын тос: 2013 онд Хятад 282 сая тонн түүхий газрын тос импортлосны 612 мянган тонныг нь Монгол Улс нийлүүлсэн. Энэ бол хятадын түүхий нефть импортын 0.2%. Далайд дусал л юм даа. Үүнийхээ 25 хувийг Монгол 93 бензин болгоод авч байгаа аж. Одоохондоо ингээд гүйцээ. Гэхдээ бензинийг ганц Оросоос авдаг байсныг бодоход дажгүй дэвшил шүү.

Нүүрс: Дээр хэлсэнчлэн Хятад эрчим хүчний хэрэглээнийхээ 60 эргэм хувийг нүүрсээс гарган авдаг ч дотоодоосоо бүрэн хангадаг. Тэгвэл Хятад яах гэж нүүрс импортлодог вэ гэвэл хэрэгцээгээ хангах гэж биш, ашиг олонгоо зарим нэг холио солио хийх гэж. Өөрөө дэлхийд гуравт жагсах их нүүрсний нөөцтэй төдийгүй тэрний 74% нь хойд хэсэгтээ буюу манай урд хилийн цаахна байрладаг. Гэхдээ бас асуудал бий, юу гэхээр хятадын нүүрсний нөөцөд сайн чанарын коксжих нүүрсний нөөц хязгаарлагдмал, мөн олон жил ухсан учраас уурхай гүн болж, олборлох нөхцөл хүндэрсэн, нүүрсний нөөц ихтэй нутгаар нь усны нөөц хомс талдаа гэх мэт асуудалтай учраас нүүрсний бизнес хийж, муу чанарын нүүрсээ гадны сайн чанарын нүүрстэй хольж үнэ хүргэх, түүхий нүүрс худалдаж аваад угааж үнэ хүргэх зэргээр арилжаа хийдэг аж.

2013 онд хятадын нүүрсний хэрэглээ 3.61 тэрбум тонн байхад нүүрс үйлдвэрлэл нь 3.7 тэрбум тонн болж, нийлүүлэлт нь хэрэглээнээсээ давсан байна. Энэ бүгдээс үүдэн нүүрсний үнэ унасан энэ хандлага 2014 онд ч үргэлжлэх төлөвтэй байгаа агаад шалтгааныг нь нүүрсний хадгалсан нөөц 84 сая тонн хүрчихсэн, дээрээс нь 327 сая тонн нүүрс импортоор авчихсан, тэгээд эдгээрээс үүдэн үнэ унасан зэргээр тайлбарлаж байна. Хятад даяар 12000 нүүрсний уурхай байдаг нь манайхаас 10 дахин олон гэсэн үг. Түүн дотроос жилийн үйлдвэрлэл нь 1.2 сая тонноос дээш том уурхай 850, арван сая тонноос давдаг 50 уурхайтай аж.

Нүүрсний импортын тухайд арилжааны нүүрсний чанарын менежментийг чангатгах зэргээр чанаргүй нүүрсний импорт, хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч гэсэн 2014 онд нүүрсний импорт их хэвээр буюу 300 сая тонн орчим байх тооцоо бий. Үүний 30 саяыг нь манайх нийлүүлчих санаа бидэнд бас бий, элдэв шийдвэр гаргаж байж хясуулчихгүй л бол шүү дээ.

Өнгөрсөн онд бид чуу чамай 18 сая тонн нүүрс экспортлосон нь хятадын нүүрсний хэрэглээний ердөө 0.5%, импортынх нь 5.5%-ийг л дөнгөн данган эзэлж байна. Үнэндээ хятад үйлдвэрлэлийн илүүдэлтэйг тооцвол нүүрсний салбарт Монголоос хамаарах хамаарал “0”-тэй тэнцүү шахуу.

Гэтэл манай экспортын 90%-ийг Хятад эзэлдэг, тэр дундаа нүүрс 40-өөс дээш хувийг эзэлдэг гэвэл Монгол Улсын экспорт нэг улсаас хэт хамааралтай төдийгүй, нэг бүтээгдэхүүнээс шууд хамааралтай, ерөөс байж болох хамгийн муу хувилбараар замнаж явна. Дэлхий дээр хамгийн олон оронтой хиллэдэг Хятад улсын хөршүүд дотроос хамгийн өндөр хамааралтай эмзэг хөрш нь Монгол билээ.

Ядаж байхад Хятад улс муу чанарын нүүрсний импортоо багасгаж байгаа, сайн чанарын коксжих нүүрс авлаа ч үнэ нь бага, цаашдаа нүүрсний эзлэх хувь хэмжээг багасгаж байгаа (хэдийгээр нийт хэмжээ нь буурахгүй ч) зэргийг тооцвол ... үүн дээр бид өөрсдийнхөө эмзэг хамааралтай байдлыг тооцож үзвэл, түүхий нүүрсний экспортын ирээдүй нүүрс шиг хар харагдана. Үүнийгээ ч өнөөдөр яс махандаа хүртэл мэдэрсээр л сууна.

Цахилгаан:
Одоохондоо Монголын өмнөд бүсийн зарим уурхай Хятад руу цахилгааны шугам татан тэндээс эрчим хүчээ хангаж байна. Монголын эрчим хүчний хэрэглээ жилд 10 хувиар өсөөд байна гэжугаа. Удахгүй бид юу юугүй 5-р Цахилгаан станц гэх мэтээр Монгол даяар 12 цахилгаан станц шинээр барих юм байх. Мэдээж энэ олон станц дотоодоо хангаад зогсохгүй илүү эрчим хүчээ Хятад руу нийлэх ажээ. Ерөөлөөр болог.


    Тээвэр – Таван шугам

За яахав Монгол баялагтай юм байж, тэрийгээ яаж ийгээд олборлодог юм байж, хэрэглэгчдээ яаж хүргэж өгөх вэ?

Үүнийг шийдвэрлэх 5 шугам буюу төмөр зам, авто зам, газрын тосны хоолой, хийн хоолой, цахилгааны шугам байгуулж, Орос Хятадыг холбоод өгье гэсэн санааг бид жилийн эхнээс хоёр хөрштэйгээ ярилцах боллоо.

Орос Хятадыг хоолойнуудаа манайхаар дайруулаач гэж мөн ч олон жил гуйсан даа. Харин энэ удаад таван шугамын 2 нь болох газрын тос, хийн хоолойг Монголоос эхэлж бариад, улмаар хоёр хөрштэй холбоно гэдгээрээ маш бодитой агаад хөршүүдийн ч анхаарлыг татаж байх шиг байна. Энэ санаа бизнесийнхнээс анх гарсан гэх, прагматик учраас боломжтой байж мэдэх юм.

Яагаад гэхээр энэ жилээс Тамсагийн сав газраас Хятад руу газрын тосны дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлэхээр болсон аж. Бас нүүрсээс метан хийг боловсруулж хүрэн нүүрсний ордуудыг түшиглэн хийн түлш үйлдвэрлээд дамжуулах хоолойгоор эхний ээлжинд Улаанбаатар хотыг ханган, улмаар Хятадын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөөд, өнгөрсөн онд Хятадтай санамж бичиг байгуулсан.

Төмөр замын тухайд Тавантолгой, Сайншанд, Хөөтөөс нарийн царигтай тавих шийдвэр гарч тун магад байна. Авто замын төслүүд бас хэрэгжиж байгаа. Цахилгаан дамжуулах шугам тавих ажил ч бас дээрх олон станцуудаас салаалж л таарна.

Таван шугам хийгээд аж үйлдвэрийн төсөлүүд амжилттай хэрэгжих, хурдан биелэх шаардлагатай байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Бидний хөгжилд саад болдог далайд гарцгүй, дэд бүтэцгүй гэсэн хоёр том хүчин зүйлийн эхнийхийг бид өөрчлөх боломжгүй бол хоёр дахийг бол өөрчилж чадна.

Эцэст нь хэлэхэд Хятадын эрчим хүчний түүхий эдийн хангамжид бид дуслын төдий оролцоотой хэдий ч хамгийн гол зүйл бол хятадын түүхий эдийн эх үүсвэрээ олон салаалах, тээврийн найдвартай байдлаа хангах гэсэн сонирхол, нэгээ талаас бидний мөнгө босгоод улсаа аж үйлдвэржүүлээд, болбол Зүүн хойд Ази руу гарчих гэсэн амбиц хоёр нийцэж байгаа учраас боломж бий, цаг алдаж л боломгүй ...