Украины “явдал” vs Монгол-Зөвлөлтийн найрамдал
“Украинд үүссэн нөхцөл байдал”-ыг Монгол-Зөвлөлтийн найрамдалтай холбож байгаад туйлширч байгааг нь энэ удаа авч үзэх санаатай үзэг цаас харшуулж байна. Хүлцээрэй!
- Ильичийн мэндэлсэн өдрөөр ээлжит тэрслүү нийтлэлээ толилуулъя Хүлцээрэй!
Манайхан “нөхцөл байдал” гэх үгэнд их дасчихаж. “Украинд үүссэн нөхцөл байдал” гээд л төр-засгийн дээдчүүлээсээ эхлээд ярих ба ер нь хэцүүхэн гэсэн утга тээгээд ямар ч явдлыг нэрлэчихэж болох аж.
“Украинд үүссэн нөхцөл байдал”-ыг Монгол-Зөвлөлтийн найрамдалтай холбож байгаад туйлширч байгааг нь энэ удаа авч үзэх санаатай үзэг цаас харшуулж байна. Хүлцээрэй!
Монголчуудын түүхийн хуудас яалт ч үгүй Монгол-Зөвлөлтийн найрамдлын алтан үеийг зааж байна. Түүнийг би ойлгохын цаагуур ойлгох ба бүр уухайлан судлан бичигч нь. 1921 оноос тэр түүх эхлэх ба монголчуудын олонхи нь кино, уран зохиол, шүлэг, дуу, өөр хаанаас ч юм бөөн мэдээлэл авч түүнийгээ тархиндаа суулгачихсан гэдэгтэй би эвлэрнэ.
Монголчууд сайн ба муу, сайхан ба муухай, улаан ба хар хэмээн түс тас сэтгэдэг. Тэр нь байгаль цаг уурын эрс тэс нөхцөл, нүүдлийн мал аж ахуйн өв соёлтой нь холбоотой. Нүүдэлчний уран сайхны сэтгэлгээ нь тийм хөрсөн дээрээс урган босч ирдэг. Уран сайхны сэтгэлгээ нь баярлах ба гомдох, хямрах ба сэтгэл сэргэх рүү ямагт түлхдэг. Тэр ньтуйлшрал болж үзэн ядах ба сохроор шүтэх рүү маш хурдан шилждэг.
Нүүдэлч удамтай монголчуудын улс төрийн сэтгэлгээ, тэр дундаа гадаад харилцааны тухай төсөөлөл нь сайн ба муу, сайхан ба муухайн сонголтын аль нэгийг тулгах ба явж явж орос ба хятад, орос ба америкийн хэн нь Монголын жинхэнэ анд нөхөр вэ гэдэг дээр эргэлдүүлнэ. Насан туршдаа ийм сонголтын өмнө монгол хүн явж ирсэн ба явж ч байгаа бололтой юм.
[Монголын жинхэнэ анд нөхөр хэн бэ гэдэг дээр цагийн зүү шууд л Орос, умард хөрш, Алтан Москва дээр яс гозойно. Өөр сонголт байхгүй, байж ч болохгүй. Ийм хатуу байр суурьтай насанд хүрсэн монгол хүн олон байгаа учраас би энэ удаа эерүүлж тайлбарлах гэж буй хэрэг шүү дээ. Миний үгийг авах эсэх нь Таны сонголт]
“Украинд үүссэн нөхцөл байдал” гэгч нь Монгол–Зөвлөлтийн (Монгол–Оросын) найрамдлын түүхийн маш том сорилт болчихсон, яг одоо Монголын жинхэнэ анд нөхөр хэн бэ гэдгийг шийдэхийн төлөө тулаан мэт монголчуудын нэлээд хэсэг нь хөнөглөн буй. Хөнөглөх гэдэг нь найр эхлэхээс өмнө түрүүлээд согтчихдог архинд дуртайчуудын үйлдэл л дээ. Тийм хөнөглөл их яваа учраас хэргээр тийм этгээд үг би сонгож байна.
“Украинд үүссэн нөхцөл байдал” гэгч нь Оросыг Монголоос салгах хорон санаатнуудын (АНУ, НАТО хоёрыг тэд шууд заана!) үйлдэл болчихсон мэт ёстой нэг хөнөглөн, боорлон, өөрсдөө хямран үзэж таарч байх шиг. Тархи мэдрэлээ тэгж их зовоох хэрэггүй л байгаа юм даа.
“Украинд үүссэн нөхцөл байдал” гэгчид Орос цөхрөлөө барж байгаа нь гарцаагүй үнэн юм. Цэрэг зэвсгээ үнэхээр сүйтгүүлж дууслаа. Хүний газар нутагт халдан орж дайн өдөөсөн нь томоос том гэмт хэрэг хэмээн НҮБ-д олонхи нь үзээд 2-3 удаа маш зэвүүн тогтоол батлачихсан байгаа тул энэ бол миний үгс биш, дэлхийн хамтын нийгэмлэгийн дүгнэлт хэмээн хүлээн авууштай.
Тэр НҮБ ч дүүрч, энд монголчуудад төдийлөн хамааралтай биш. Гол нь “Украинд үүссэн нөхцөл байдал” Орост тун халгаатай тусч, бараг одоо сүүлчийн тулаандаа орж байна, хэрэв түүндээ ялалт хангаж чадахгүй бол (ялагдана гэдэг хатуу үгнээс би зайлсхийв) яана? Энэ л Оросын гамшиг юм. Би Оросыг ялаасай, Украиныг ялагдаасай гэж байгаа юм биш. Бас Украиныг ялаасай, Оросыг ялагдаасай гэж байгаа юм биш. Энэ утгагүй дайнаасаа үтэр түргэн Орос орноо татаж аваач гэх гээд байна.
Монголын нэртэй улс төрчийн гэргийтэй би тааралдаж цэц булаалдав. Тэр бүсгүй хэлж байнаа:–Орос ялагдах нь хэнд ашигтай юм. Монголд ашигтай юм уу? Би хариулав:–Хэнд ч ашиггүй, Монголд бүр ч ашиггүй. Тэрээр:–Тэгвэл чи юу яриад байгаа юм. Би:–Үгүй ээ, би Оросыг ялагдуулах гээгүй ээ, Орос өөрөө тэр дайндаа өөрийгөө ялагдуулж байнаа. Үүнд бид буруугүй ээ!
“Украинд үүссэн нөхцөл байдал”-д Орос ялахгүй байх нь үй олон монголчуудад гамшиг сүйрэл болон толгой дээр нь бууж ирэх гээд байгаа юм шиг ийм уур амьсгал монголын олон нийтийн дунд байнаа байна, харагдаж байна. Уур бухимдал, хараал ерөөл (даралтны эм, зүрхний эм, харвалтын эсрэг эм эмчилгээ явж өгнө!) хэрээсээ хэтрээд Монгол орон, Монголын ард түмэн хайрт халамжлагч төрсөн ахаасаа салж “Өмхий Хятад”-ын эзлэлд орж муугаа үзэх тухай муу ёрын зөгнөл монголчуудын тархийг хаврын түймэр адил хуйхлах гэж байгаа бололтойдог?
Ёрын зөгнөлтэй давхцаад социализмын 70 жилд Зөвлөлт улсаас үзүүлсэн тусламжийн түүхийг ёстой нэг тоочиж (санааширч, санагалзаж, гуниж гутарч) өгнө. Тусгаар тогтнолыг маань хайрласан, авран хамгаалсан, харанхуй хоцрогдлоос аварсан, яр тэмбүүнээс салгасан, өөр юу юу гэнэв ээ уянгалуулна. Хязгаар байхгүй.
Зөвлөлтөд суралцаж, эрдэмд гэгээрч, зөвлөлтийн (оросын) хоолыг олон жил идсэн учраас “Украинд үүссэн нөхцөл байдал”-д үхсэн ч Оросын талд гэсэн нийгмийн хэсэг байнаа байна, хүлээн зөвшөөрнө. Тийм хүмүүс Украин дахь дайны мэдээнд хамаг нойроо хугаслан өдөр шөнөгүй гэгэлзэн суугаа ба Оросоос өөр буруутныг шувтан хайх аж. Орос, Украин хоёрыг байлдуулж байгаа цаад дайсны эрэлд хоёр сар явлаа. Буруутнаар АНУ, НАТО-г тодруулчихлаа. Буруутан Орос л биш бол цаад хоёрыг амны зоргоор хараан зүхэх ба бүр цаанаасаа нэг үзэн ядна. Надтай тааралдаж байнаа. Тийм найз нар ч байна. Хурандаа нар ч байна.
Украин ба түүнийг дэмжигч “Баруун”-аас ямар нэгэн өө дутагдал олж хараад учиргүй томруулан сэтгэлээ хөдөлгөх ба алж өгөх хэрэгтэй хэмээн ам мэдэн цуурна. Польшийг үзэн ядагчид олуулаа болчихсонд би бүр гайхаж дуусаад байна. Тэгснээ Оросын цэргийн амжилтын тухай ганц нэг мэдээ олж үзчихээд сэтгэлдээ бяцхан зул асаагаад өрдөөд байх нь тэр. Гал болж дүрэлздэггүй ээ.
НАТО-г тараагаад өгөөч ээ, Украинд зэвсэг нийлүүлэхийг нь зогсоогоод өгөөч ээ гэх уриалга (уйлан дуулах) их явах ба тийм тусламж ирэхгүй бол Орос хүссэнээрээ Украин гэх төрт–улс, украины ард түмнийг гарын шүүс болгоосой гэсэн чин хүслээ ч нуухгүй байх аж. Орос л буруутан биш байгаасай гэсэн монгол сэхээтнүүдийнхээр (сэхээтнээс өөр хүнтэй тааралдсангүй) бол Украин нь газар нутгаа эзлүүлээд, эх орон, хүн ардаа Оросын дагуул (боол) болгоод (Лукашенкогийн Белорусс шиг), заавал ялагдаж салах ёстой ба ялагдахгүй байгаад нь оросын эрх баригчдын адил тэчьядан тарчлах аж. Тэгж яваа найзууддаа би даралтны эм, зүрхний эмээ байнга авч яваарай, эмчид байнга хянуулж байгаарай хэмээн зөвлөж сууна, арга барахдаа. Үхчихвэл хайран шүү дээ.
Орос ялж чадахгүй, харин ч фронт дээр өдөр бүр бүтэлгүйтэж байгаа нь явж явж Монголын тусгаар тогтнол, монголчуудын сайн сайхан амьдралыг бусниана гэж үү? Хэн буруутай вэ? Энэ дайныг өдөөсөн, Киевийг эзлэн авч нацистууд, хар тамхичдыг нь цээрлүүлнэ гэсэн, зэр зэвсэггүй болгоно гэснээрээ тэр хүч л буруутай. Гэтэл Монголын тусгаар тогтнол, монголчуудын сайн сайхан амьдралыг бусниагч хар хүч нь Украин болчихсон юм шиг авирлахыг хараад би ёстой мэл гайхан цэл хөхрөн сууна. Орос өөрийгөө ялагдуулж байгаагаас бус Оросыг санаатайгаар хорлон сүйтгэж байгаа хар хүчийг хайгаад үз дээ.
Монголчууд эсрэг үзэл санаатай нэгнээ дайсан болгохдоо тун амархан. Гялс манас “хятад”, “хужаа”, “эрлийз” болгочихно. Одоо Украиныг өмгөөлөөд Оросыг буруутгаж (өөрөө өөрийгөө ялагдуулсан!) байгаа бүх хүн хятадын тагнуул, хятадын эрлийз, луухаан болж хувирсан. Орос л хамгаалахгүй бол Монголыг хятадууд эзлэн түрэмгийлэх болно гэсэн ойлголт маш түгээмэл ба Монголд үүрлэсэн баахан хятадын тагнуул, эрлийз, луухаанууд яг одоо ялгуусан yлaaн армийг нь Украины фронт дээр ялагдуулж байна!
Учирлах үгс!
- СССР гэдэг сайн сайхан их ах чинь тарж бутраад чилийсэн 30 жилийг үдчихсэн, СССР-ээс зэр зэвсгийг нь өвлөн авснаас өөрөөр өнөөгийн ОХУ-д тэрхүү СССР-тэй ижилсэх юм байхгүй болтлоо төрөл арилжсан. Эргэж бүү мөрөөд!
- Монгол–Зөвлөлтийн алтан үе, Найрамдлын Дархан, Эрдэнэт, Брежнев–Цэдэнбалын ахан дүүсийн хайр чинь өнөөгийн ОХУ-ын их гүрний геополитикийн бүтэлгүй тоглолтоос шал ондоо юм. Харьцуулах нь бүү хэл зүйрлүүлэх адилтгах юм ер байхгүй гэдгийг баттай хэлж чадна. Юуг нь зүйрлүүлэх гээд байна вэ? Путин чинь тэр уярам дөлгөөн Брежнев огтоос биш ээ!
- Аугаа их эх орны дайн, Москвагийн дэргэдэх их тулалдаан, “Сталинград”, “Курск” чинь өнөөгийн Орос–Украины дайн буюу “Украинд үүссэн нөхцөл байдал”-аас чинь шал өмнөө юм, бүр зарчмын хувьд огт ондоо үйл явдал юм. Зүйрлүүлэх юм ер байхгүй!
- 1921 онд Цагаантны хүчийг Монголд бутцохисон тэр Улаан арми, 1939 онд Халхын голд Монголд орж ирж тусгаар тогтнолыг минь хамгаалсан Ажилчин-тариачны улаан арми гэдэг чинь өнөөдөр Украинд “цэргийн тусгай ажиллагаа” үйлдэж буй Оросын армиас шал өөр, зарчмын хувьд огт ондоо юм. Зүйрлүүлэх юм ер байхгүй. Уярам дөлгөөн Улаан арми огтоос биш ээ!
- Щетинкин, Жуков, Плиевийн гавьяаг монголчууд үүрд мартахгүй гээд “Донбассын махчин” хоч зүүж яваа генерал Дворниковын төлөө залбирч болохгүй болчихоод байна. Шал хоёр өөр хүн, хоёр өөр кейс юм. Явж явж Путин чинь генералиссимус Сталины залгамжлал биш шүү дээ!
Украин өөрийн нутаг дэвсгэр дээрээ ялагдахгүй эх орноо хамгаалан эрэлхэг зоригтой тулалдаж байгааг даян дэлхийн бүх хүн ард, тэр ч бүү хэл сохор доголон, хэлгүй дүлий бүх хүн ойлгохоор болжээ. Яалтай билээ!
Орост л буруу өгөхгүй гэчихлээр цаашаанаа мунхрах, муйхарлах, тэнэглэх рүү явж өгнө, хязгааргүй! Гэхдээ эрүүл ухааны хязгаарыг давахгүй байгаасай!
Эцэст нь өчье. Дипломат албанд хамт зүтгэж явсан нэг нөхөр маань уулзаад тэгж хэлдэг юм :–Хоёрдугаар сарын 24-нөөс өмнө Монгол-Оросын хамтын ажиллагааны талаар их зөв юм ярьдаг байснаа чи чинь юу болоод Украины талд гарчихав аа? Би хэллээ: –Монгол-Оросын найрсаг хамтын ажиллагааны төлөө би үхтлээ зогсоноо. Харин Украин руу халдаж ороод дайн өдөөгөөд байгаатай нь эвлэрэхгүй ээ! Хамтын ажиллагаа тусдаа, дайн өдөөсөн асуудал тусдаа, хоёр тусдаа асуудал шүү! Орост тусгай дээд боловсрол эзэмшиж, хоолыг нь идсэн нэг нөхөр би өөрөө байна! Уучлаарай!