Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд амьдардаг нь хорвоогийн жам. Дээр дор, баян ядуу, хөгшин залуу ялгаагүй дэм, дэмэндээ явж амьдралын их далайг гаталцгаадаг нь маргашгүй үнэн. Тулах сайн хань, түших сайн нөхөдтэй нь тэрхүү их далайг зовлон багатай, хөл алдалгүй гатална, тулах хань найдваргүй, түших нөхөд итгэлгүй, тусалж дэмжих хүнгүй бол зовлонгийн далайг зүдрэн түүртэн туулна. Бусдын тусыг ямар нэг байдлаар авалгүй дан өөрийн хүчээр дүүлж цойлж яваа тасархай хүн манай ертөнцөд одоогоор төрөөгүй байна. Хэн нэгний тусламж дэмжлэгт найдах мөч өдөр бүр, алхам тутамд хүн бүхэнд нэгэн адил тохионо. Бусдад туслах сэтгэлтэй байж бусдаас сэтгэлийн тус хүртэнэ. Залуус та нар бусдад туслах чин сэтгэлтэй байцгаа. Туслах сэтгэлгүй хүнд бурхан тэнгэр буян хишгээ дутуу хайрлана. Бурхны дутаасныг нүгэлт хүн яаж ч чардайн чармайгаад гүйцээж эс чадна. Сэтгэл дутуу, гар татуу хүн орчлон хорвоогоос олж авч болох байсан юмаа бүрэн гүйцэд авч чаддаггүй, нэг бол аз дутна, үгүй бол үйлс нь хазайна. Өгөө, аваа тэнцэж байдаг энэ хорвоод өгөх туслах сэтгэлээ хав даран нуучихаад, авах завших хүсэлдээ дийлдчихвэл шуналын хорлолд идэгдэнэ. Шуналын хоронд хордсон хүн авах цөлмөх тухай өдрийн бодол, шөнийн зүүд болон хайран биеэ зовооно. Тэдний өгөх туслах бодол санаа нь харандаагаар бичсэнийг баллуурдсан мэт тархи толгойноос нь арчигдаж, ёс зүйн хувьд доош орон доройтно. Ёс зүй засагдахаасаа эвдрэх нь хялбар. Доройтож эвдэрсэн ёс зүйг засч залруулах нэн бэрх. Ёс зүйн доройтолд орж эвдэрвэл хүний ёсноос гадуур гаж үйлдэл хийж эхлэнэ. Хүний ёсноос гажихгүй байх нь амьдралдаа мөрдөх эрхэм зүйлийн нэг.

Хүмүүст туслах тусч сэтгэлтэй байна гэдэг нь хүнээрээ байгаагийн өнгө төрх. Хүний эрхэм нандин чанарууд дотроос өгье туслая гэсэн өгөөмөр сэтгэл нэн буянтайд тооцогдоно. Бусдад туслахын төлөө төрчихсөн юм шиг өгөөмөр сэтгэлтнүүд-буяны эзэд. Өрөөлд тусалснаар өөрт буян хурж, амны хишиг арвижна. Өгөөмөр сэтгэлээр хүргэсэн тус хүмүүст хэрэг болж, тусыг хүртэгсэд баярлаж байгааг нүдээр харж, чихээр сонсоход сэтгэл сэргэм таатай сайхан. “Өгөөмөр зан төлбөр шаарддаггүй, харин өөрөө өөрийгөө шагнадаг” юм.
 
Тэтгэвэл тэнхэртэл нь, эмнэвэл эдгэртэл нь гэдгийн адил тусалбал тусалсан шиг тусал. Өгч байгаадаа хармын сэтгэлгүй өглөгч, тусалж байгаадаа хариу бодолгүй тусч бай. Хариу бодоогүй тус хамгаас үнэтэй. Гуйлга түйлэггүй, сайн санаж, сайн дураараа тусал. Ээрэн гуйлгаж, шахаж шаардуулан байж өгөхчөөн болсон өглөг авсан хүндээ ээлгүй, өгсөн хүндээ хүндгүй. Найз нөхдөд туслалцаа шаардлагатай цагт нь сайн дураараа санаа тавин өгөөмөр сэтгэлээр тусал. Ойрын хүмүүстэйгээ зорилго нэгтэй байж, зовлонг ойлгон хуваалц. Зорилго нэг бол зовлонг хугаслана. Бусдын зовлонг ухааран ойлгож мэдрэн хуваалцах нь томоос том тус. Гар сунган туслана гэж итгэж найдаж явсан хүн нь гар татаж, хайш хандан, хойш суувал гол гонсойж, гомдлын нулимс гол горхи мэт урсана.

Аливаа өглөг туслалцаа ихийг өгөхөөсөө урьд хэрэгтэй цагт нь  эзнийг нь олж өгвөл илүү үнэ цэнэтэй. Цагийг нь олж тусалсан туулайн чинээ жижиг тус цагийг нь олоогүй заан мэт том тусаас давуу жин дарна. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг хожимдсон тус хэрэгцээ үгүй. Өөрт хэрэггүй болсон зүйлээсээ өрөөл бусдад илүүчилж байгаа хүн өглөгч биш. “Зөвхөн өөрт хэрэгтэй зүйлээсээ өгч байгаа хүн жинхэнэ өглөгч”.

Өрөөлийн төлөө сэтгэл гарган, санаа тавьж, өрөөлийн зовлонг өр зүрхнээсээ хуваалцаж, өрөөлд өөрийн чадахаар тусалснаар хүн өөртөө тусыг олж, хайр талархал хүртэн, хишиг буяныг даллан дуудна. Бусдыг умартан, хар амиа бодвоос олноос холдон хөндийрч, ганцаардлын гашуун зовлонг эдэлж, буяндаа бузар хийж, байсан бүхнээ гөвж сэгсрэн, хаяж гээнэ. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг тусын хариуд тус хэзээ нэгэн цагт ирнэ. Монголчууд алсыг бодвол аминд тустай, өрөөлийг бодвол өөрт тустай, холыг бодвол хожимд тустай гэж ярьдаг нь зүгээр ч нэг үг биш аж.

Бусдыг өөдлөж дэвжихэд нь өргөн дэмнэн тусал. Өрөөлийг өргөгч өөрийгөө өөд татан өргөдөг юм. Хүний эрхэм нандин чанаруудын нэг нь сэтгэл харамгүй байдал яах аргагүй мөн. “Сэтгэл харамгүй байдал нь сайхан алдар гавьяаг төрүүлдэг хамгийн магтууштай буянт үйлс билээ”. Цаг ямагт олонтойгоо бужигнаж, юугаар баян түүгээрээ дайлж, байгаагаа сэтгэл харамгүй хуваалцдаг зан сайтай, өгөөмөр буянтнуудыг өргөн түмнээрээ хүрээлэн хүндэтгэнэ. Хураан хуримтлуулсан мэдлэг туршлага, мэддэг чаддаг бүхнээсээ булт олонтой сэтгэл харамгүй хуваалцан, зөвийг зөвлөн, сайн ёсыг сахиж яваа сайхан сэтгэлт, тусч хүмүүс үнэхээр бахархам.

Харамч хийгээд сувдаг хүнээс тус дэм хүсэн хүлээх нь үүлгүй тэнгэрээс хур бороо хүлээхтэй адил. Өчүүхэн төдий хармын сэтгэл төрвөл өгөх туслах бодлоо орхи. Хармын сэтгэлээр үзүүлсэн тус дэм тус биш ус болно. Чин сэтгэлийн тус гүн хайраас эхтэй. Хайр туслах сэтгэлийг төрүүлнэ. Хайрлаж байж л бусадтай хуваалцана. Сувдаг байна гэдэг нь зөвхөн өөртөө авч хураах хүслийг хэлнэ. Харамч бөгөөд сувдаг зан хүний сэтгэлийг хоосруулан ядууруулж, хар толгойгоо хоохойлогч, зөвхөн авахыг хүсэгч болгон хувиргана. Аагим халуун тогтоол усыг амархан ширгээдгийн адил харамч сувдаг зан өгөөмөр сэтгэлийг ширгээнэ. Харамч сувдаг сэтгэлтэн цаг үргэлж олж авах тухай бодож сууна, хэзээ ч өгөх тухай санадаггүй. Хайр бусдад өгөхийн төлөө зориулагдана, хариуд нь юу ч үл нэхнэ. Хайр ямар нэг нөхцөл болзолгүйгээр бусадтай хуваалцаж, түүнээсээ таашаал хүртэнэ. Жинхэнэ сэтгэлээсээ хайрлаж байж л чин сэтгэлийн тусыг үзүүлнэ. Хүргэсэн тус нь хүмүүст хэрэг болж байна гэдгийг мэдрэн, таашаал авах урамтай. Магадгүй, чин сэтгэлээсээ туслагч нь тусыг хүртэгчээсээ илүү их баярладаг байх. Тэд тус хүргэлээ гэж хэзээ ч боддоггүй. Хийх ёстой зүйлээ сэтгэлийн дуудлагаар хийлээ гэдгээ мэдэрч, дотоод сэтгэлийн баяр баясгаланг эдлээд өнгөрдөг. Хэн нэгэнд тус хүргэсэн бол тэр тухайгаа март. Тусыг хүртэгч нь санаж явах учиртай. Тус болсон тухайгаа эргэж бодохын ч хэрэггүй. Тэр тухай ярих бүр ч шаардлагагүй. Тусын тухай үзүүлэгч нь биш, хүртэгч нь ярьж байх ёс зүйн дүрэмтэй. Аливаа тусыг өрөөлийн гуйлгаар биш, өөрийн санаачлагаар үзүүлбэл үнэ цэнэ, үнэлэмж чанар нь эрс өснө. Хайрын галаар сэтгэлээ дулаацуулж яваа хүний хэнд, ямар тус хэрэгтэйг олж харах, хүрч сонсох мэдрэмж нь илт давуу хөгжсөн байна. Хэн нэгэнд туслалцаа хэрэгтэйг мэдэн тусалж, хүргэсэн тус нь тусыг хүртэгчээ баярлуулж байгааг мэдрэх хэмжээ хязгааргүй таатай. Энэ бол хүн ёсны онцгой шинж, ёс суртахууны өндөр чанар мөн. Хайрын сэтгэлээр олон олон хүнд тус болбол хэчнээн их сэтгэл ханамж, аз жаргалыг таашаан амтлана гээч. Бусдад аз жаргалтай болоход нь тусалж байвал эцсийн дүндээ чи өөртөө л аз жаргалтай болохдоо тусалж байна гэсэн үг. Хэрэв чиний эргэн тойронд хүмүүс аз жаргалгүй байвал чи орь ганцаар яаж аз жаргалтай байж чадах вэ? Аз жаргалтай хүмүүсийн уур амьсгалаар хүрээлүүлсэн, аз жаргал бялхсан орчинд л аз жаргалаар дүүрэн амьдрах болно. Аз жаргалтай байж л түүнийгээ бусадтай хуваалцаж чадна. Бусадтай хуваалцсан аз жаргал үржин өсөж, арвижин дэлгэрнэ. Хайраас энэрэн нигүүлсэхүй сэтгэл урган гарна. Энэрэн нигүүлсэхүй сэтгэлтэй байж л бусдыг өрөвдөж, тэднийг хайрлаж, туслалцаа дэмжлэг шаардлагатай хүмүүст хайр шингэсэн тусаа хүртээнэ. Залуус та нар зовж зүдэрсэн хүмүүсийг элбэрч хайрлах, туслан тэтгэх нинж асрахуй сэтгэлтэй, түмний хайр хүндэтгэлийн нэр төртэй эзэн байхыг хичээгээрэй.

Хүнд туслах тусч сэтгэлтэй байх чухлаас чухал. Тусыг хүлээж авах сэтгэл ханамжийн мэдрэмжтэй байх нь түүнээс дутуугүй чухал. Өөрийн боломж бололцоо шавхагдаагүй цагт хөндлөнгөөс туслалцаа горьдож, хушуу цорвойн, гар сарвайж суух тун эвгүй. Өгөх тусам авч байх ёстой юм шиг улам цааш ахиж, сэтгэл ханамжгүй өлөн нүдний хүйтэн харцаар жиндүүлэн хайраад байх аваас хэн ахин дахин тусалж дэмжихийг бодох билээ дээ. Тус мэддэггүй хүнд туслах тун урамгүй. Гүн хайраас эхтэй чин сэтгэлийн туслалцаа дэмжлэгт үнэнээсээ баярлаж, талархлын халуун дулаан үгийг харамгүй хэлж сураарай.