“Муур хар, эсвэл цагаан байх нь хамаагүй. Гол нь хулгана барьдаг байх нь чухал” гэж Дэн даргын хэлсэн үгийг манай улстөрчид ишлэх дуртай.

Үлгэрлэвэл, У.Хүрэлсүхийн зургийг ширтээд “Баттулгыг бодвол эхнэртэй, Элбэгдоржийг бодвол нуруутай шүү” гээд санаа алдаад байгаа эмэгтэйчүүдийг харахаар улсын Ерөнхийлөгчид байвал зохих хамгийн чухал буюу зайлшгүй байх ёстой чанар нь уг хүнд огт байхгүй байна аа л гэсэн үг.

Өнгөрөгч баасан гаригт манайд бас нэг том үйл явдал болов оо. Баасан гаригийн өглөө үүрээр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гэгчийг өглөө үүрээр хуулийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчлан саатуулсан юм байна. Түүний гэр болон хамаарал бүхий этгээдүүдэд нэгжлэг хийхэд 7.3 тэрбум төгрөг бэлнээр олджээ. Мөн дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг "үндэслэлгүйгээр олж авсан" гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэв. С.Батдөлийг 48 цагийн хугацаатай саатуулсан боловч хуулийн хугацаа дууссаны дараа “өмгөөлөгч байхгүй” гэдэг шалтгаанаар суллахаас өөр аргагүй болсон гэнэ. (Сүүлийнх нь хошигнол ч байж магадгүй. Өнөөдөр буцаагаад хийчихсэн байна лээ)

Энэ мэдээтэй уралдаад соошлаар “Даваагийн Мөнх-Эрдэнийн оронд С.Батдөлийг цагдан хорьё” гэдэг хөдөлгөөн хүртэл өрнөсөн байна лээ, өнгөрсөн амралтын өдрүүдээр. Жижгээр танхайрсан (салаавч гаргах жижиг танхай биз дээ, одоогийн хуулиар бол зөрчил) нөхрийг сарын хугацаатай цагдан хорьчихоод тэрбумаар нь зөөчихсөн нөхрийг хоёр хонуулаад суллачихна гэдэг шударга бус харагдсан байх л даа.

Энд нэг зүйлийг тодруулахад, баривчлагдсан этгээдийн талаарх мэдээлэл Ерөнхий сайдад өөрт нь байсан тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мөн өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ам алдав. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахиад л “шүгээлч үлээгч” болж таарав. Өмнө нь нүүрсний хулгайн хэрэг дээр намынхаа эсрэг “шүгэл үлээчихсэн” хүн шүү дээ. Нүүрсний хулгайтай дайн зарлах гэсэн чинь намынх нь санхүүжилт бараг ил гараад ирсэн. Эцэст нь тэгээд хулгай гарсан компаниа олон нийтийн хяналтанд оруулахаар шийдэж, менежментийн багт нь нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад явж байгаа. 

Төмөр замын хэрэг дээр ч гэсэн дээ, “Өө, ийм жижигхэн хулгайч гэж юу байсан юм, нэг муу албаны дарга шүү. Жинхэнэ хулгайчийг нь зарлаач ээ, цаад эзнийг нь” хэмээн шаардаж байгаа хүн цөөнгүй. Гэвч хулгайч бол хулгайч. Том, жижгийн ялгаа байхгүй. Тэгээд ч дээсний үзүүрээс нэгэнт атгасан бол цаад үзүүрт нь байгаа үхрийг хөтөлж гаргаж ирэх нь хуулийн байгууллагын үүрэг. Нэг хулгайчийг чихдээд гаргахад арынх нь чирэгдээд л гараад ирдэг биз дээ.

Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнийн хувьд хэн байх нь хамаагүй, хулгана барьж л байвал хаваасаг болж байгаа юм. Тэрнээс наана хөгжлийн хичнээн том хөтөлбөр дэвшүүлээд хий хоосон зүйл, савангийн хөөс болохыг өнгөрсөн цаг хугацаа, төмөр замын хэрэг, нүүрсний хулгай харууллаа шүү дээ. Харин ч энэ далимд сүүлийн зургаан жилийн хугацаанд төрийн алба болон төрийн өмчийн компаниудад нүүрлэсэн хулгай зэлгий зах зухаасаа илчлэгдээд явж байна.

Х.Нямбаатар сайд ч гэсэн хэлсэн байна лээ. Нүүрсний хулгай гэдэг бол мөсөн уулын жижигхэн орой шүү. Үүнээс гадна гааль, нийгмийн даатгал, татвар, тээвэр ложистик, төрийн худалдан авалт, газар олголт гээд бүхий л авлига, албан тушаалтнуудын хэрэгтэй энэ Засгийн газар эргэлзээгүйгээр тэмцэнэ гэж. Үнэн бол сайн л байна. Энэ тохиолдолд бол ёстой нээрээ Х.Нямбаатарын хар, эсвэл цагаан байх нь падлий ч алга. Гол нь “хулганаа л барих” нь чухал.

Ерөнхий сайд пүрэв гаригийн чуулганд үг хэлэхдээ “Төрийн өндөр албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй (хөрөнгөтэй) нөхөд ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө ажлаа сайн дураараа хүлээлгэж өгөхийг3 уриалжээ. Тэдний орон тоон дээр дахиад сонгон шалгаруулалт явна гэсэн үг. Төрийн алба бол төрийн л алба байя, төрлийн алба байхаа больё оо, өргөсөн тангарагтаа үнэнч байя аа гэж байна л даа. 

Гэхдээ тэрний өмнө бас нэг зүйлийг хийх хэрэгтэй байна. Төрийн албаныхаа цалингийн системийг өөрчлөх. Үр дүнгээр нь үнэлэх гэсэн үг л дээ. Ингэж байж төрийн албанд шилдэг, сайн боловсон хүчин орж ирнэ. Ингэж чадахгүй бол хичнээн мэдлэгтэй боловсролтой хүн орж ирлээ ч ахиад л нөгөө хулгайн схем рүү нь орно. Ямар өвс идэж, ус уугаад амьдар гэлтэй биш. Төрийн албанд ч бай, хувийн хэвшилд ч бай хүн гэдэг зүйлд угаасаа “амьдралын чанар” гэдэг зүйл анхан шатны шаардлага болдог. Үүнийг нь шийдэхгүйгээр төрийн албанд хэн ч үнэнчээр зүтгэхгүй. 

Арваад жилийн өмнө манайхны зарим нь жишээ авах дуртай байсан Гүржийн туршлага бий шүү дээ. Хууль, хүчний байгууллагын бүх ажилтнуудаа нэг өдөр ажлаас нь халаад буцааж ажилд авахдаа “Хуулийн шинэ орчинд ажиллаж амьдарна, хулгай зэлгийд орохгүй. Энэ шаардлагыг зөвшөөрч байвал та ажилдаа эргээд орж болно” гэдэг гэрээ хийсэн. Ийм л зарчмаар төрийн албыг бүхэлд нь шинэчлэх шаардлага үүсээд байна. Түүнээс биш хулгай зэлгийд өртөмхий гэдэг утгаар нь зөвхөн “өндөр албан тушаалтнууд” гэж ялгаад хол явахгүй. Доогуур нь хулгай хийж болно гэсэнтэй утга нэг болно. Тиймээс нэгмөсөн системээр нь өөрчлөх шаардлагатай.

inews.mn