Хэний ч албат бус хээрийн гөрөөс шиг дураар амьдрах яруу найрагт л жаргалын дээд болохоос тоост хорвоод хүний заяаг олчихоод төрсөн, үхсэн огнооноос өөр зүйлгүй хоцрох тийм ч хүсмээр эд биш. Зуугийн талыг насалсан ч өнөө хэр “Харьяалалгүй иргэн” гэдэг үнэмлэхтэй хүнд түүнээс нь өөр өмч гэхээр зүйл үнэндээ алга.  


Эртийн нэгэн явдал

Бид гэрийг нь сурагласаар очиход Х.Сандуйжав гуай гаднаа бөртийтөл зогсож харагдав. Мэнд усаа мэдэлцээд гэртээ оруулж, суудал зааж өгчихөөд шалмаг гэгч цааш эргэлээ. Тавагтай чихэр, цай сүү болох нь дээ гэтэл харин жижигхэн хар хавтастай зүйл бариад ирэв. Өвгөний бидэнд яаран үзүүлэх гэсэн зүйл нь Монгол Улсын иргэний үнэмлэх аж. “Би чинь Монгол Улсын иргэн шүү дээ” гэх дууны өнгө бахдлаар дүүрэн. 1958 онд хүргэн ахаа дагаж Өвөр Монголын Жалад хошуунаас БНМАУ-д ирж суурьшсан Х.Сандуйжав өдгөө хий насаараа 82-той, тахиа жилтэй гэнэ. Харин түүний Иргэний үнэмлэх дээр “1939 оны зургадугаар сарын 19” гэдэг огноо байна. Хүргэн нь БНМАУ-ын харьяат болох өргөдөл гаргахдаа түүний төрсөн оныг таамгаар биччихсэн учир ийн зургаан жилийн зөрүү гарчээ. Хууль ёсноос хэдэн жилийн хойно тэтгэвэр тогтоолгосон ч Х.Сандуйжав огт харамсдаггүй гэнэ. 1982 оноос хойш хөөцөлдөж, найман жилийн дараа Монголын харьяат болсон нь мань өвгөний туйлын хүсэл байж.

Зөвлөлт, Хятад хоёр муудалцахаас өмнө бидэнд их сайхан ханддаг байсан хэмээн шүүрс алдах хөгшин чээжиндээ түмэн зовлон тээж яваа мэт. Социализмын жилүүдэд ад шоо харагдаж, нүд үзүүрлэгдэж явсан тухай нь яриулах гэж оролдлоо. Гэвч “Тэр өнгөрсөн цаг үе за юу, миний дүү” гээд халгаасангүй. Ямар ч байсан байнгын оршин суух газраасаа холдох тоолондоо цагдан сэргийлэхэд бүртгүүлэх үүрэгтэй явснаа дурсав. Мөн “Бид нарыг урд зүг рүү явуулдаггүй, хойшоо бол хаа ч хүрсэн болдог байлаа” гэснээр үзэж амссан хавчлага, доромжлолоо дуусгав. Ямартай ч нэгэн үеийн багачууд “Хоёрын хороо”-ны дэргэдүүр өнгөрөхдөө чулуу нүүлгэж дэггүйтдэг байсан гэдгийг Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэг дурссан юм. Чойбалсангийн бүх барилгыг засварлаж, Дорнодын сумдын олон байшинг өөрийн гараар босгосон Х.Сандуйжав бидэнд цагтаа шагнуулсан баахан Баярын бичгээ үзүүлэв. Тэр зуураа “Би хийсэн юмаа гайхуулж байна, идснээрээ сайрхаж байгаа биш” гэх нь цаанаа л бахтай. Түүний ажилч хичээнгүйг батлах тэдгээр зүйлсийн хамгийн эхнийх нь 1963 оных аж. Тэрбээр Чойбалсанд ирээд гэр бүлээрээ хятад иргэд суудаг хэсэгт суурьшжээ.
    
Өнөөгийн нэг түүх

Б.Цэнддоо “Нүүдэлчид нийтлэг нэг дайсантай болохоороо нэгддэг” гэсэн байдаг. Чухам тийм дайсан нь социализмын цагт БНХАУ-хятад хүн байлаа. Нүүдэлчин биднийг нэгтгэсэн үзэл суртал хувь хүний амьдралыг хар дарсан зүүд болгоод зогсохгүй амиас нь хүртэл хагацаажээ. 1911 оноос хойш, ялангуяа И.Сталины үед Зөвлөлтөөс орж ирээд БНМАУ-аас харьяалал хүссэн олон буриадыг түүний даалгавраар буудаад дуусгасныг түүх гэрчилнэ. Үүнээс арай хожим БНХАУ-ыг орхин Монголыг бараадсан олон хүн нэгэн цагт “ах дүү” яваад удалгүй амьд явахын муу муухайг ханатлаа амссан юм. Ийм тавилантай хүмүүс Монгол Улсын хаа сайгүй байдаг аж. Х.Сандуйжавын нагац дүү Лю Винлян Монголд төрж, эндээ өтөлж байгаа ч өнөө хэр харьяалалгүй яваа. Өвгөн түүнийг “Нэрээ л монгол болгочихмоор байгаа юм” гэсэн ч өөртэй нь уулзахад асуудал арай бололтой санагдлаа.

“Намайг Лю Винлян гээд сураглавал Чойбалсангийн хэн ч танихгүй, харин Ц.Улиан гэвэл золбин нохой ч заагаад өгнө” гэж ярих эр бол эрлийз хүн. Хятад улсыг дайснаар зарлаж, урлаг соёл гээд бүх сувгаар хятад хүнийг мангас мэтээр үзүүлж асан тэр цагийн зовлон дунд Ц.Улиан бойжжээ. Гэхдээ тэрбээр үүнд хэзээний дассан бололтой. Хуучин цагт хүчээр БНХАУ-ын харьяат бол гэхэд нь паспортыг нь авалгүй явсаар 23 нас хүрсэн Ц.Улиан будагчин, шаварчин хийсээр зах зээлтэй золгожээ. Түүний дүү ерөнхий боловсролын сургуулиа онц дүнтэй төгссөн ч өөрөө сонгоогүй хувь заяаныхаа золиос болж гадаад байтугай дотоодын ч сургуульгүй хоцорсон байна. Х.Сандуйжаваас “Та нутагтаа эргэж очихыг хүсдэг үү?” гэхэд “Би одоо очоод хамаатан саднаа танихгүй. Ганц сэтгэл өвтгөдөг юм бий. Миний өвөө, эмээ, ээжийн бунхан байхгүй. Бүгдийг нь газартай тэгшлээд хаячихсан. Ядаж нэг шороон овоо үлдсэн бол тэр булшин дээр хэдэн нулимс дусаах байсан” гэж хариулж билээ. Харин “Энд миний аавын булш бий, би цагаа болохоор аавын дэргэд очно биз дээ” гэх нь сэтгэл амарсан хүний үг байлаа.

Цагийн хатууд хятад хэл сураагүй Ц.Улиан хэмээгдэгч Лю Винлян БНХАУ-д очоод ч садан байтугай танил ч үгүй болохоор Монголоос өөр газар ясаа тавих тухай боддоггүй аж. Гэвч Монгол Улсын иргэн болох хүсэлтээ 1996 оноос хойш илэрхийлээд өнөө хэр бүтээгүй байна. Ардчилсан хувьсгалын сургаар анх Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан ч буцаагджээ. Түүний нэрийг Сурагчийн хувийн хэрэг, Хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтууд дээр нь нэг, хоёр үсгээр зөрүүтэй бичсэн байсан тул тэр бүгдийг цэгцлэх шаардлага гарсан аж. “Лю Винлян”-аас эхлээд “Улиан” болж дууссан олон баримтыг цэгцлэхэд хугацаа их орж. Тэрбээр 2004 онд удам залгах хүүтэй болсон ч хүү нь цусны өвчтэй байжээ. Ингээд Өмнөд Солонгос явж эмчлүүлэх болж. Түүнийг виз хүсэхэд Өмнөд Солонгосын консул эхлээд Монголоос виз ав, тэгээд манайд ханд гэсэн байна. “Тэгээд эхнэр маань бүрлээчийг авч яваад Солонгост алдчихаад ирсэн” гээд хоолой нь зангирлаа. Нүдэнд нь гялтганах нулимс өөрөө явсан бол яах ч билээ гэдэг горьдлогоор цийлэгнэнэ.

Эхнэр нь “Бид хоёр гэрлэлтээ батлуулъя гэхээр харьяалал тогтоолгох дайны материал шаарддаг. Тэгээд одоо болтол хуулиар гэр бүл болоогүй. Манай ажлынхан намайг та ямар ч байсан ямар нэг гадаадын л иргэнтэй суусан гэж” тоглоом хийдэг гэлээ. Үүнийг нь Ц.Улиан өлгөж аваад “Бүх хөрөнгө эхнэрийн нэр дээр, энэ хүн намайг хөөгөөд гаргахад би юу ч үгүй хоцорно” гэж наргиан болгов. Эгч дүүсийнх нь гурав нь хэзээний Монгол Улсын харьяат болцгоожээ. Харин түүнтэй адил харьяалалгүй дүү нь хүүхдүүдээ эгчдээ өргүүлж баймааж сая сургууль соёлын бараа харуулсан байна. “Би энэ улсын иргэн биш ч гэлээ хүч хөдөлмөрөө шударгаар зориулсан” гэх түүний дуунд цөхрөл нуугдах мэт. Нэгэнтээ Ц.Улианд сая хоёр зуун мянган төгрөг өгвөл долоо хоногийн дараа Монгол Улсын иргэний үнэмлэхийг гар дээр чинь тавиад өгье гэдэг санал иржээ. Гэвч тэрээр буруу замаар явах хүсэлгүй гэдгээ хэлсэн юм. Ном журмаар нь явахад дээрхээс ч их зардал гардаг боловч “Миний эцэг шударга хүн байсан” гэж байлаа. Баримт бичгүүдээ нэг нэртэй болгоогүйн хариуцлага өөр дээр нь буух ёстойг хүлээн зөвшөөрч байгаа Ц.Улиан 2012 оны нэгдүгээр сард гаргасан хүсэлт нь яагаад буцаж ирснийг ойлгохгүй байгаа аж.

Төөрөлдсөн түүх

Олонтаа оролдсон түүний хүсэлтийн мөрөөр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт очив. Тус байгууллагын Харьяатын хэлтэсийн улсын байцаагч С.Халиун 2011 оноос уг албыг хашиж байгаа аж. Гэхдээ Лю Винляны өргөдөл өөрт нь огт ирээгүй гэлээ. Харин Ц.Улиан 2012 оны нэгдүгээр сарын 30-нд Засаг даргын тамгын газраараа дамжуулан баримт бичгээ явуулсан гэсэн юм. Түүгээр барахгүй хоёр баримт дутуу байна, гүйцээ гэдэг хариу ирснийг нь ёсоор болгосон юм билээ. Энэ зуур ГИХАЭГ-ын ажилтан Ц.Улиан руу утсаар ярьж таны баримтуудыг олохгүй байна гэснээ төдөлгүй олчихлоо гэжээ. Сонгуулийн жил таарсан хойно тус байгууллагын дарга даамал ч солигдсон. Ингээд түүний хүсэлт ямар нэг тайлбаргүй буцаад иржээ. Гадаадын иргэн харьяатын хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар асуудал эцэслэн шийдэгддэг. Харьяат болгохоос татгалзсан тохиолдолд тайлбар хийх ч үүрэггүй. Гэхдээ эргэж буцаад хариу өгөөд байсан хүсэлтийг С.Халиун огт өөрт нь ирээгүй гэж мэтгэсэн нь анхаарал татаж байлаа.

С.Халиуны өгсөн мэдээллээр 2001-20013 онд 150 хүн Монгол Улсын харьяат болжээ. Харин 2013 онд ирсэн 50 хүсэлтийн гучийг нь буцаасан байна. Дээрх 150 хүний дийлэнх нь БНХАУ, удаах нь ОХУ, мөн харьяалалгүй иргэд гэнэ. Үүнийг сонсож суух зуур Лю Винляны яриа санаанд оров. “Энд тэнд явж байхад монголоор ярьж чадахгүй шахам хүн иргэний үнэмлэх гаргаад ирэхээр гайхдаг”. Харин түүний эхнэр н.Оюунчимэг “Гаднаас орж ирж байгаа хүнд өндөр шаардлага тавилгүй яахав, гэтэл энд төрж өссөн хүний асуудал олон дахин буцахаар хэцүү” гэж байлаа. Хорооноос нь байнга иргэншлээ тодорхой болго гэж шаарддаг ч өнөө хэр хэний ч харьяат биш яваа Ц.Улиан хэмээх Лю Винлян өргөдөл хүсэлт нь чухам яагаад төөрөөд явааг гайхаж суулаа. Хуулиараа хүсэлт нь буцсанаас хойш зургаан сарын дараа дахин хөөцөлдөх учиртай ч Лю Винляны “Хятад ч биш, Монгол ч биш болчихсон надад иргэний үнэмлэх хэрэг байна уу даа” гэх нь цөхөрсөн хүний үг шиг санагдсан.