Төрийн банк
Манайд гарч буй хулгай шамшигдуулал, авилга хээл хахуулын дийлэнх хувь нь хээр хэвтэж буй олсноос болдог. Мэдээж нөгөө үзүүрт нь үхэр бий. Харин үхэр нь эзэнгүй. Эзэнгүй юм шиг мөртөө хэн дуртай нь эзэн болж болдог. Ард түмний нэрийн өмнөөс.
Хоригдлоос асуууж:
-Хулгай хийгээ юу?
-Үгүй дээ… Хээр явж байсан чинь зам дээр нэг дээс хэвтэж байсан юм. Тэрийг л авчихсан юм.
-Хээрээс олс олсон гээд л шийтгэсэн хэрэг үү?
-Олсны нөгөө үзүүрт үхэр байсныг нь анзаарсангүй.
Манайд гарч буй хулгай шамшигдуулал, авилга хээл хахуулын дийлэнх хувь нь хээр хэвтэж буй олсноос болдог. Мэдээж нөгөө үзүүрт нь үхэр бий. Харин үхэр нь эзэнгүй. Эзэнгүй юм шиг мөртөө хэн дуртай нь эзэн болж болдог. Ард түмний нэрийн өмнөөс.
Урьд эрт цагт юм болгон эзэнтэй байж. Гэхдээ хулгай байгаагүй гэсэн үг биш л дээ. Нүүдэлчдэд хулгайд алдах хамгийн магадлалтай нь адуу. Ямар хэдэн ямаа хулгайлаад туугаад явалтай нь биш. Холдохгүй шүү дээ. Сайн хулгайч нар домог болон үлдсэн. Торой Банди, Тогос Чүлтэм, Ганган Төгс, манай Тунгалаг Тамирын Цахиур Төмөр… Хүний эд хөрөнгийг өгөөгүй байхад нь сэмээр авч зугтаагчид шүү дээ. Хожим социалист реализм тэднийг ардын баатар болгосон. Үхсэнийх нь баячуудын юмыг авч ард түмэнд тараагч байхав дээ. Манжийн эсрэг тэгэж тэмцэж байж л гэнэ! Ердийн л хулгайч нар. Адуу сүргээр нь хулгайлахаар явдал даахгүй байдас даага энэтэрийг нь замдаа орхино, айлд өгч “баярхана”. Орчин үеийн хармайны хулгайч нар ч ингэж баярхадаг. Зүгээр олдсон юм чинь. Робин Хүүд маягийн домог үндэстэн болгонд бий. Харин хулгайг мандуулж хөшөө хүртэл босгож сайшаасан нь бид л байх.
Адуунаас өөр хулгайлаад байх юмгүй байсан монголчууд үйлдвэржиж иргэншихийн хэрээр хулгайн төрөл олширлоо. Автобусанд хармай ухах, орон гэрийн хулгай гэж явсаар айлын тагтны хулгай гэх мэт нарийн мэргэшил ч бий болов. Энэ дотор хамгийн өгөөжтэй нь төрийн өмч хулгайлах. Яагаад гэвэл араас нь нэхэх эзэнгүй. Үүнтэй зэрэгцээд социалист өмч гэгчийг хамгаалах хөдөлгөөн өрнөсөн. Жамбалдоржийн хар хууль гэгч дөчөөд оны сүүлчээр гарч ирсэн. Улсын өмч хулгайлбал шууд л буудчихдаг. Хөөрхий нэг агент мөнгө дутаагаад цаазлуулсан тохиолдол бий. Дараагийн агент тооллого явуулахад юу ч дутаагүй байж. Тооллого л буруу хийгдэж л дээ. Таслал алдчихсан байсан гэнэлээ. Жараад оны эхээр махны хулгай гэж нэг аймаар гэж нэг том шуугиант хэрэг мандав. Жолооч, нягтлан, худалдагч гэсэн долоон нөхөр нийлж жин дээр ажиллан нийтдээ 25 мянган төгрөг хуссан юм байна. Бүгдийг нь цаазаар авсан. Үлгэр жишээ болгож байгаа хэрэг. Гэвч эзэнгүй юм хулгайлах хэрэг улам ч гаарав. Далаад оны эхээр кондугторууд нийлж байгаад сая төгрөг хуссан нь илэрсэн ч чимээ шуугиан багатай өнгөрсөн. Хүн болгон л хусч байгаа юм чинь. Актасан хөрөнгийг протокол хөтлөн хүн хэрэглэх аргагүй болгон устгадаг боллоо. Зүв зүгээр бүтэн хөрөнгийг эвдлээд, шатаагаад протоколдоно шүү дээ. Төр өөрөө эд хөрөнгөний дайсан болох нь тэр. Төрийн өмчийг хулгайлах шамшигдуулах явдал бүх нийтийн үйлс боллоо. Тэгэхээр нь намын төв хорооноос социалист өмчийг хулгайлж болохгүй тухай лоозон гаргаж бүх хүнээр цээжлүүллээ. Ёстой нэг сайхан шог гараа болсон доо. Эмнэлэгт хүн эргэх гэхээр үүдэн дээр нь жижүүр мөнөөх лоозонг цээжээрээ уншиж чадах эсэхийг шалгаж байж оруулна. Хоньчин, барилгачин хоёр биендээ дурлаад “социалист өмчийг хайрлан хамгаалахын тулд” гэрлэхээр шийдэж байгаа тухай дуу хүртэл бий. Хулгай хийхгүй л гээд байгаа бололтой. Хүн байтугай шувуу ч харагддаггүй хээр газар хадан дээр мөнөөх лоозонг сийлж байгаль бохиртуулж байв. Гээд нөгөө үзүүртээ үхэртэй эзэнгүй олс дээс энд тэндгүй хөглөрч байгаа юм чинь. Эзэнгүй юм дэлсэх нь угаасаа хүний байгалиас өгөгдсөн натур ч юм билүү???
Социалист нийгэмд хүн хувийн өмчтэй байх нь хуулиар хориотой байсан юм. Цаанаас тоо толгойг нь хязгаарлаж өгсөн мал, зуугаадхан айлд харъяалагдах автомашин, гэрийн хэрэгслэл зэргийн “амины” гэж нэрлэх ба хувийн гэгдвэл тэндээсээ орлого олдог зүйлийг хэлэх ба энэ нь шууд гэмт хэрэгт тооцогдоно. 1990 онд иргэдийг хувийн өмчтэй байхыг зөвшөөрснөөр эдийн засгийн хувьсгал боллоо. Улсын хоёр тэрбум долларын хөрөнгийг хувьчилсан юм. Хувьчлал шударга болсон, зальхай дээрэм болсон гээд зөндөө л хэрүүл болсон нь одоо ч үргэлжилж байгаа, гээд юм эзэнтэй болсон нь аугаа эд. Эзэнтэй болоогүй нь банк байлаа. Ерөөсөө банк санхүүгийн системд хувьчлал хийгдээгүй нь том алдаа болсон. Арилжааны бараг хорь орчим банк байсан нь бүгд төрийнх. Зээл хариуцсан хүнд авах зээлийнхээ арван хувийг өгдөг нь норм болжээ. Банкууд зээл өгөх дуртай гэж жигтэйхэн. Ямар ч баталгаагүй. Хичнээн олон банк дампуурсан гэж санана. Түүнийг нь дампууруулалгүй Ард хэмээх нэг том банкинд алдагдалтай нь нийлүүлж үүрүүлнэ. Зээл авсан хэн ч эргэж мөнгөө төлөхгүй. Ингэсээр 1996 он гэхэд тэр чигээр нь хулгайд алдсан мөнгөний хэмжээ 100 сая доллар хүрсэн билээ. Одоо энэ мөнгөний хэмжээ инээдтэй бага санагдаж магадгүй. Гэтэл улсын нийт төсөв 250 сая доллар, улсын нөөц ердөө 50 сая доллар байсан үе шүү дээ. Төрийн мэдлийн бүх банкуудаар дүүрэн өрөөсөн үзүүртээ үхэртэй олс дээс хөглөрч байлаа. Банкны реформоор төрийн эдгээр эзэнгүй олс дээсийг дампууруулахыг нь дампууруулж, хувьчлахыг нь хувьчилж байж замбараанд оруулсан юм. Гагцхүү Хадгаламж банк төрийн мэдэлд үлдсэн ба тун удалгүй ганц нягтлан нь л гэхэд 10 сая доллар хулгайлсан нь илэрч шоронд хоёр жил өнгөрөөгөөд гарсан даа.
Одоо жишээ нь хувийн Худалдаа хөгжлийн банкны зээл хариуцсан ажилтанд очоод “10 сая төгрөгийн зээл баталгаагүй өгчих, шанд нь нэг саяыг нь чамд өгье” гэх юм бол өөрийг чинь өвчтэй хүн л гэх байх. Тэр үед ингэж хэлэх хүнийг цоо эрүүл санал тавигч гэж үздэг байсан юм шүү дээ. Гэтэл одоогоос 7-8 жилийн өмнө арилжааны банк дампуурах юм бол хадгаламж эзэмшигчийн хохирлыг төр даах сайхан хуулийг УИХ баталлаа. Энэ бол бизнес нь явахгүй байгаа банкны хувьд луйвар хийх сайхан боломж нээгээд өгчиж буй хэрэг. Хоёр гурван банк дараалан дампуурав. Төрийн минь хишиг! Дампуурагчдыг төр хуулийн дагуу дааж авлаа. Ийнхүү одоо хотоор нэг гоё рекламаа гялалзуулсан Төрийн банк буй боллоо. Гол уриа нь Найдвартай! Харагдаач! Саяхан нэг залуу Төрийн банкинп ажилд орсноо бахархал болгон ярьлаа. Нэг жил суувал нэг жил сууна. Би тэгэж л анхааруулсан. Хулгайн төрөл зүйл, арга барил, хэмжээ далайц сүүлийн жилүүдэд маш их хөгжсөн. Ялангуяа улс баяжиж мөнгөө багтааж ядсан сүүлийн арван жилд ёстой нэг алж өгсөн дөө. Үүнээс хамгийн цэвэр, барагтай бол баригддаггүй, баригдсан ч “эх орон, ард түмнээ” дуудсаар байгаад цагаадаж болдог луйвар бол төсвөөр дамжуулах хулгай юм. Ард олондоо мөнгө тараах, элдэв зүйлийг хориглох болон зөвшөөрөх, алив үйлдлийг урамшуулах, чөлөөлөх, хөнгөлөх зэрэг хуульчилсан заалтууд санаачлагч болон гүйцэтгэгч нартаа ямао арвин их орлого олж өгдөг гэж санана? Энэ болгон бүгд эх орон ард түмэн сайн сайхны уриан дор болж өнгөрдөг.
Монгол улсын эдийн засаг тогтвортой байхын тулд сард 500 сая доллар гаднаас орж ирж байх ёстой. Нэг үгэндээ ийм хэмжээний борлуулалт гадагш нь хийж байх шаардлагатай. Өнөөгийн төвшин тийм юм. Уул уурхайгаар нэг хэсэгтээ сүрхий баяжиж олсон мөнгөө нийтэд тараан жорлон руу гаргаад дуусчихсан. Одоо нэг талаас уул уурхайн компаниудыг хөөгөөд явуулчихсан, нөгөө талаас түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд унасан. Өөрөөр хэлбэл зарах юмгүй болсон. Төгрөг навс уналаа. Зарах юм байхгүй. Бонд гаргаж хэдэн цаастай болсон, яг өнөөдөртөө тэрүүгээр л амьдарч байна. Гэхдээ энэ бол эргүүлж төлөх ёстой мөнгө. Улсын юмыг бол төлөхгүй гэж гүрийгээд хоёр жил суугаад, дараа нь нуусан газраа ухаад гадаадад гараад явчиж болно л доо. Харин төрийн нэрийн өмнөөс гаднаас авсан мөнгийг төлөхгүй байж болдоггүй юм. Хураагаад авчихдаг байхгүй юу даа. Гадна хадгалуулсан нөөцийн мөнгө, гадагш нь захисан бараа энэтэрээс чинь суутгачихдаг. Ингээд манай ухаалаг төр гадагш нь юу зарах талаар бодож эхэллээ. Эсгий таавчигийг брэнд болгоод дэлхий даяар зарна гэсэн марзан санал Ерөнхий сайдаас гарсан. Өмхий үнэртээд байдаг гэсэн эсэргүүцэлтэй тулгараад болих шиг боллоо.
Монгол улсын гавъяат эдийн засагч (энэ ч цол гэхээсээ хоч байхаа?) эдийн засгийн сайд маань нэгийг сэтгэв. Бондын мөнгөөр даавууны үйлдвэр байгуулах гэнэ. Энэ бол өөртөө хариуцлага хүлээсэн ямар ч хувийн аж ахуйн зориглож шийдэх асуудал биш. Алив үйлдвэрлэгч бизнес хийхийн өмнө юун түрүүн борлуулалтаа боддог. Борлуулж чадахгүй байтугай эргэлзээтэй зүйл рүү эрүүл саруул хүн хөл төвьдаггүй. Өөрөө хариуцлагаа үүрч байгаа бол шүү дээ. Харин улс хариуцаж байгаа бол юу ч хийсэн хамаа юун. Эзэнгүй олс дээс хэвтэж байгаа бол хэн ч авна. Даавуу үйлдвэрлэгчид гараад иржээ. Бүлт бүлт үсрээд л. Гавъяат маань бондоосоо өгөхөөр амалчиж. Зарагдана уу зарагдахгүй байна уу аль алинд нь хамаагүй шүү дээ. Хулгай нарийссаан.
Манай эх орон өөрөө нефть нэрж бензинээ өөрснөө үйлдвэрлэдэг болох гэж байгаа. Сайхан мэдээ. Түүхий нефть богооноор зөөж ирнэ. Энэ нь бэлэн шатахуунаас хоёр дахин эзэлхүүнтэй. Нефть боловсруулах үйлдвэрийг далайн боомтод, эсвэл олзворлож байгаа газар нь (Тээвэрлэлтийн их өртгөөс болоод), эсвэл химийн үйлдвэрийн хажууд (Түүхий нефтийн хагас нь зөвхөн химийн үйлдвэрт боловсрогдоно) байгуулдаг нь дэлхийн нийтийн жишиг боловч баян Монголд тэр ямар хамаатай юм?. Японы компани барих гэнэ. Мөнгийг нь төлбөл сансрын хөөрөх талбай пуужинтай нь байгуулаад өгнө л дөө. Эзэн нь гуйсан юм чинь. Арваад жилийн өмнө нефть боловсруулах үйлдвэр Батсүмбэрт барих гээд том шатсан компани бий. Одоо тэнд хэнд ч хэрэггүй том том ёнкос, хэдэн км үргэлжилсэн өндөр хүчдэлийн шугам эзэнгүй хэвтэж байна. Ажлаа эхэлсний дараа тооцоо хийсэн юм билээ. Асар их алдагдалтай, алдагдлаа хэзээ ч нөхөхгүй гэсэн тооцоо гарч. Бас гангийн үйлдвэр барих гэнэ. Түүхий эд нь ч байгаа л даа, харин хаана аваачиж зарах гэж байгаа юм бол? Гангийн үйлдвэр зөвхөн сүүлчийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Том цувимал гаргачих юм бол өнөөхөөрөө бүтээгдэхүүн хийхийн тулд дахиад бас гангийн үйлдвэр хэрэг болно биз дээ. Монголыг тойроод Хятад, Солонгос, Япон гурав дэлхийн ган хайлуулалтын 50 хувийг гүйцэтгэдэг. ЗХУ ган хайлуулалтаар АНУ-ыг аль далаад онд гүйцсэн.
Энэ болгон төрийн мөнгөөр хийгдэх ба дараа нь үйлдвэрлэгч нь, эзэмшигч нь, мэнэжмэнт нь, борлуулагч нь мөн л төр байх болно. Даргын олон орон тоо гарах нь сайхан л байна. Энэ өндөр төсөвтэй мундаг үйлдвэрлэл олон ч дарга доргыг савандаа багтахгүй болтол таргалуулна даа. Улс орон маань тэр чигтээ Төрийн банк л болж дээ.
2014.2.10