Аутизмтай хүүхэд: Дэргэд орших тусгаар ертөнц
Гурван монголын нэг нь хүүхэд. Бас нэг нь залуу хүн. Гурван монголын хоёр нь 35 хүртэлх насны залуу, эсвэл хүүхэд. Хүүхэд, залуучууд нь үзэх кино, очих газар, унших ном, тоглох орчин цөөтэй орон. 6 дугаар сарын 1-нд паркад хөлсөө гартал дугаарлаж, хацрыг нь халтарттал, хоолойг нь өвдтөл чихэр амттан идүүлээд тарцгаана.
Орчин үеийн хүүхдэд, ээж аавд нь, улс орнуудад шинэ асуудал зөндөө. Үүний нэг нь “ Анд хүүхдүүд” ТББ-ын санаачлагаар ntv-гийн бэлтгэж буй цуврал, хоёр гурван ярилцлага, өгүүлэл төдийгөөр хөндөгдөж эхэлсэн аутизм, аутизмтай хүүхдийн тухай сэдэв. Харахад ухаан саруул, бие эрүүл, хардаг, сонсдог, гүйдэг, тоглодог, олон хүн учрыг нь хариуг нь огт олохгүй тоог босох суухын хооронд бодчихдог “Эйнштейнүүд” байж чадах авч аав ээж, гэр бүлээсээ, нийгэм, цаг үеэсээ тусгаарлагдсан өөрийнхөө ертөнцөд амьдардаг хүүхдүүд. Интернэтэд холбогдоогүй компьютер гайхалтай нарийн мэдээлэл боловсруулж чаддагтай зүйрлэж болмоор юм. Бие нь яг дэргэд атлаа оюун санаа нь алсын арал дээр орхигдсон бяцхан “Робинзон Крузо” мэт хүүхдүүд сүүлийн үед гадаадад ч, Монголд ч зөндөө төрж байна. Ойрын арван жилд Америкт аутизмтай хүний тоо 4 сая болох төлөвтэй. Монголын хүн амаас нэг саяар их. Яг өнөөдөр 1,5 сая америк хүн аутизмтай. Улаанбаатарын хүн амаас нэг зуун мянгаар их. Америкт аутизм гэснээс дэлхийн од усанд сэлэгч Майкл Фелпс ч “тусгаарлагдсан ертөнц”. Эцэг эх нь сэтгэлээ зовоож бухимдахын оронд эрт оношилж, үнэнийг хүлээн зөвшөөрч, тууштай уйгаггүй тусалж дэмжиж чадвал тэдний дотроос Эйнштейнүүд, Фелпсүүд төрөн гардаг гэсэн үг. Эрүүл саруул боловч ажил хэрэг, хувийн зан үйл, айпад, ухаалаг гар утас, компьютертэйгээ гэрлэсэн тусгаарлагдмал хүмүүс ч олширч байна. Алсын зайнаас гэртээ ажилладаг нэгэн залуу өөрийгөө хүмүүс, нийгмээс тусгаарласан тул ганц ч танил, найзгүй, тийм хүн амьдардагийг нотлох гэрч олддоггүй тухай гардаг Холливудын кино байдаг. Нэг талаас манай дэлхий глобальчлагдан, Арабын элсэн цөлийн нүүдэлчин, Индонезийн арлын ширэнгэ ойн хүн хоёр хоорондоо ОК, эрхий, дунд хуруу гозойлгох зэргээр орчуулгагүй ойлголцож болно. Үндэстэн угсаатан адилсан буй ч хэл угсаа, шашин, соёлоос үл хамааран шинэ үеийнхэн маань хоорондоо харилцдаггүй тусдаа ертөнц болон төрж байна.
Орчин тойрны бодит байдал аутизмтай хүүхдүүдэд хамаагүй, өөрийн сэтгэл дотроо амьдарна. Гар утасны сүлжээ унадаг, нэг холбогдоод буцаад тасардаг шиг мэдээлэл хүлээн авч боловсруулахдаа асуудалтай хэдий ч өчнөөн үйлдэл хийж болдогтой адилхан. Аутзимын тухай анхны тодорхойлолтыг 102 жилийн өмнө бичсэн, хүн төрөлхтөний харьцангуй шинэ сорилт. Эдүгээ 250 төрөлт тутмын нэгд тохиож байна. Хөвгүүдэд охидоос 4 дахин их тохиолддог. Тархины хэвийн үйл ажиллагаа алдагдаж, нийгэм, хүрээлэн буй орчноос тусгаарлагдсан, харилцааны бэрхшээл юм. Аутизм буюу “тусгаарлагдсан оюун сэтгэл”-ийг оношлох, таних, хүлээн зөвшөөрөх хэцүү эд. Үг хэлэх, сонсохоос эхлэн харилцааны чадвар султай. Анхны шинж тэмдэг нь хагас ойтойгоос ажиглагдаж эхлэн, 2-3 насанд бүрэн танигдана. 6 сартайдаа хөхрөх баясах илэрхийлэл сул. Есөн сар хүрээд дуу авиа гаргахгүй, дагаж дууриах, нүүрний хөдөлгөөн, ход ход хийхгүй. Ойндоо хүрэвч ганганан дуугарахгүй. Нэг ой хагастайдаа ганц үг хэлэхгүй. Хоёр настайдаа үг холбохгүй. Аутизмтай хүмүүсийн 40% нь огт ярьдаггүй. Багахан чимээнээс хэт айх, эсвэл чанга дуу шуугиан үүсэхэд огт сонсоогүй мэт байх гэх мэт шинж тэмдэг илт ажиглагдана. Шүдээ эмчлүүлэх, тариулах гэх мэт бусад хүүхдийн мэдэрдэг айдас өвдөлтийг юман чинээ тоохгүй байж ч мэднэ. Ах эгч, аав ээжтэйгээ харилцахгүй, ганцаараа тоглоно. Харилцахад хүндрэлтэй байдаг учраас л тэр шүү дээ. Аутизмын үндсэн гурван шинж тэмдэг бий. Тэр нь харилцааны чадвар сул байх, хязгаарлагдмал сонирхол, нэгэн хэвийн дахин давтсан зан үйл юм. Машинаар тоглохдоо зөвхөн дугуйгаар нь наадах мэтээр аль нэг хэсэгт л төвлөрнө. Хошигнол ойлгохгүй, зөвхөн дадал хэвшил шаардана. Сургуульдаа нэг л замаар явах, хоол идэхийн өмнө үргэлж салат идэх гэх мэт. Өөр замаар, өөр цагт сургууль руугаа явах гэхэд бэрхшээл үүснэ.
Аутизмтай хүүхдэд тусгай хөтөлбөр, арга зүй, эмчилгээг баримтлан тусалж дэмжвэл гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд нь хүргэж болно. Багаар бодоход гуравны нэг нь аутизмын хөнгөн, дунд, хүнд хэлбэрээсээ хамааран бие даан амьдрах чадвар сууж, ажил мэргэжил эзэмшинэ. Арван хувь нь асар урт нэрсийн жагсаалтыг дэс дараалан цээжилчихдэг ч юм уу, уран зураг, хөгжмийн гоц авъяастан байж чадна. Аав ээж, ах эгч, найз нөхөд нь тусалж дэмжиж, тууштай гуйвалтгүйгээр нийгэм өөд хөтөлж чадвал аутизмтай хүүхэд бүрт ирээдүй бий. Угаасаа, тэр чигээрээ ганцаардсан ертөнц биш ойр дотны хүмүүс нь хүрч харилцаж, сэтгэл оюуныг нь тольдон тэмтэрч чадах эсэхээс бүх зүйл хамаарах юм байна. “Анд хүүхдүүд” ТББ-ыг үүсгэн санаачлагчид өрөөл бусдын зовлонг хуваалцаж, хувийн хөрөнгө мөнгөөрөө Солонгост хоёр багш сургаж, Германаас мэргэжилтнүүд урьж, Монголд арга зүй, эмчилгээний хөтөлбөр нэвтрүүлэхээр ажиллаж эхэлсэн. Аутизмтай хүүхэдтэй гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгч гэрэл тусгаж байна. Autism Mongolia гээд хайхаар зөндөө хэрэгтэй мэдээ сэлт цахим өртөөнд гарч ирнэ. Гэр бүл аз жаргалгүй байх, хэн нэгнээ буруутгах, салж сарних ч тохиол зөндөө байдаг гэнэ. Зовлон жаргалаа хуваалцах л гэж, үр хүүхдүүдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх л гэж та бид нэгэн цаг үед, ахин дахин амьдармаар агтны мөртэй Монголдоо төрсөн хүмүүс билээ.