Таны хүнс, хоолны боловсролд


Мах, шувуу, загас, тэнгис далайн гаралтай хүнс,  төмс, хүнсний ногоо, гурил, будаагаар хийх хоол, ялангуяа  хуурга, жигнэсэн, шарсан  махан хоолыг   төрөл бүрийн сүмстэй  хэрэглэдэг.  Сүмс нь хоолонд сайхан амт, үнэр оруулахаас гадна тэжээлэг чанарыг нь нэмэгдүүлдэг сайн талтай. Сүмс хэрхэн хийх талаар зөвлөгөө өгөхийг олон уншигч, хэрэглэгч хүсэлт болгосон дагуу энэхүү бэсрэг зөвлөмжийг бэлтгэв.  Сүмс нь маш олон нэр төрөл байх бөгөөд энэ удаа эдгээрийг бэлтгэхэд суурь болдог үндсэн сүмсийг гэрийн нөхцөлд  хэрхэн хийх  талаар зөвлөе.

Сүмсэнд зориулсан ясны хүрэн шөл бэлтгэх нь

Яс 500, шар лууван 30, булцуут сонгино 30, яншуй юм уу цоохор майлз 30, давс, амт оруулагч.

  • Үхэр хонь эсвэл гахайн ясыг (нуруу, сэрээний яснаас бусад) угааж жижиглээд хайруул буюу төмөр тэвшинд хийж 160-170 градус халаасан шарах шүүгээнд шар лууван, яншуй, сонгиноор амт оруулан 1-1,5 цаг шарна.  Ясыг хэт түлэхгүйн тулд үе үе эргүүлж байх хэрэгтэй.
  • Шарсан яс, ногоог саванд хийж халуун ус нэмж (1 кг ясанд 2,3-3л ус орохоор бодно) таггүй саванд 2-4 цаг чанана. Чанаж байх үед шөлний нитгэл, хөөсийг хамж авах хэрэгтэй. 
  • Ясыг чанаж дуусахаас 40-50 минутын өмнө тосонд хуурсан шар лууван, яншуй нэмнэ. Яс чанасан шөлөнд махны шүүс нэмж болно.
  • Дараа нь шөлийг шүүнэ. Бэлэн шөл нь улаавтар туяатай, бор хүрэн өнгөтэй болно. Энэ шөлийг сүмс бэлтгэхэд ашиглана.

Сүмсэнд зориулж ногоог хуурах
  • Шар лууван, яншуй цоохор майлз, сармаг, шар манжин, шинэ улаан лооль, булцуут сонгино , томатны нухаш зэргийг сүмсэнд зориулан хуурдаг. Хуурах ногоог гол төлөв дэрс , эсвэл нимгэн хавтгай хэлбэр дүрстэй хэрчдэг.
  • Гүнзгий хайруул буюу зориуллатын саванд цөцгийн тос хайлуулаад ногоог хийж байнга хутган 15-20 минут хуурна. Ногоог хуурч дуусахаас 5-10 минутын өмнө томатны нухаш нэмдэг.

Сүмсэнд зориулан гурил хуурах нь

А: Гурилыг тосгүй хуурах
Дээд, эсвэл нэгдүгээр зэргийн гурилыг хайруул буюу төмөр тэвшинд тэгшхэн тараан (2-мс-ээс зузаангүй ) хийж үе үе хутгаж 150-160 градуст халаасан шарах шүүгээнд  хуурна. Улаан сүүмсэнд зориулсан гурилыг цайвар шаргал өнгөтэй болтол хуурна.

Б: Гурилыг тосонд хуурах

Зузаан ёроолтой саванд цөцгийн буюу хайлуулсан тос, эсвэл холимог тос (марганин)  хийж, 40-45 градус халаагаад гурил нэмж үе үе хутган цайвар шаргал өнгөтэй болтол хуурна. Ингэж хуурсан гурилыг тэр даруйд нь шөлөөр шингэлэх шаардлагатай.

Ингэж хуурсан гурилыг гол төлөв улаан сүүмс бэлтгэхэд хэрэглэнэ.
 
Үндсэн улаан сүмс

500 гр сүмс бэлтгэхэд: гурил 100, тос 60, томатны нухаш 175, шар лууван 100, булцуут  сонгино 100, элсэн чихэр 35, давс, повоор

  • Хуурсан гурилыг бага зэрэг хөргөнө. Үүн дээрээ халуун шөл хийж шингэлээд бөөнгүй болтол нь   хутгаж буцалгана.
  • Дараа нь томатны нухаштай хуурсан ногоо (шар лууван, булцуут сонгино) нэмж үргэлжлүүлэн чанана.
  • Чаналтын төгсгөлд давс, элсэн чихэр, повоороор амт тохируулна.
  • Бэлэн болсон сүмсийг шүүж дахин нэг удаа буцалгана. Үндсэн улаан сүмсийг бусад төрлийн сүмс бэлтгэхэд  хэрэглэнэ.

Үндсэн цагаан сүмс


500 г сүмс бэлтгэхэд: гурил 200, тос 30,  булцуут сонгино 150, холимог тос (маргарин) 150, давс, повоор, лаврын навч
  • Цагаан сүмсэнд хүрэн шөл хэрэглэхгүй, харин ясны шөл хэрэглэнэ.
  • Цайвар шаргал өнгөтэй болтол тосонд хуурсан гурил дээр халуун шөл ( нийт шөлний 1/2-ийг эхлээд хийнэ) нэмж бөөнтүүлэхгүйгээр хутгаж буцалгана. Дараа нь үлдсэн шөлөө хийж сайтар хутган буцалгана. 
  • Хуурсан ногоог энэ шөлөнд хийж 25-30 минут чанана. Нимбэгний хүчил, давсаар амт тохируулж дараа нь шүүж бэлэн болгоно.

Улаан лооль (томат)-ийн сүмс

Хагас аяга томатны нухаш, эсвэл 2-3 ширхэг шинэ улаан лооль, хоолны 1 халбага гурил, 1 ширхэг шар лууван, яншуйн үндэс, 1 ширхэг булцуут сонгино, хоолны 2 халбага цөцгийн тос, давс, элсэн чихэр
  • Шар лууван, яншуй, сонгиныг жижиг хэрчиж тосонд хуурна. Үүн дээрээ гурил цацаж хутгаад томатны нухаш эсвэл хальсалж жижиг хэрчсэн улаан лооль, шөл нэмж зөөлөн галаар 15 минут чанана.
  • Үүн дээрээ давс, элсэн чихэр, цөцгийн тос, нэмж сайтар  хутгана.
  • Ингэж бэлтгэсэн үндсэн сүмсэнд мөөг, өргөст хэмх, саримс, зөөхий, усан үзмийн дарс нэмэх замаар бусад төрлийн сүмс хийнэ.



ОЮУТАН, МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын зохион байгуулалт, хүний нөөц,  менежмент, маркетинг, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи сэдвээр бакалавр, магистрын дипломын  ажил бичиж  буй оюутан, магистрант нарт судалгааны арга зүй, мэргэжлийн  зөвлөгөө өгнө.
Утас 99182318



ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, хоолны  бизнес эрхлэгчид болон тогооч, сонирхогч хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгч, хоолны цэс зохиох, англи, орос хэлнээ  хөрвүүлэх, шинэ жор, технологи, хийх арга ажиллагааг нь зааж сургах, мэргэжлийн ном, гарын авлагаар хангана.

Утас 99867480, 99182318