(Гэнэт цочирдов)

“Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал номын төслийн хүрээнд
бичигдэж буй “Жамбын Батмөнх” номын хэсгээс

... МоАХ-г сайн таньж ав, өөрсдөө чихээрээ сонс, нүдээрээ үз хэмээн МоАХ-ны хүсэлтээр их хурлыг нь радио, телевизээр шууд дамжууллаа гээд МоАХ нь улс эх орныхоо өмнө хариуцлага хүлээх болж байгаагаа нухацтай бод гэсэн анхааруулга Ж.Батмөнх өгчээ.

-  Монголын ардчилсан холбоо, Монголын ардчилсан нам байгуулагдаж байгаатай холбогдуулан МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо, манай Засгийн газар урьдчилсан байдлаар зохих дүгнэлт хийж байна гэсэн нь сүрдүүлэх өнгө аясаар хэлэгдсэн мэт.


Ингээд 7 шад бүхий тодорхойлолт өгөхийг зорьжээ. Товчилбоос 1)  МоАХ үүссэн нь гэнэтийн санамсаргүй үзэгдэл биш тул самгардах явдалгүй хэмээн тайвшруулсан, үл тоосон өнгө аяс харагдаж байна; 2) Эдгээр нам, хөдөлгөөнтэй танилцаж судалж байна, гэхдээ “МАХН-тай сөргөлдөх хүчин болж гарч ирж байна уу”, эсвэл хамтран ажиллах нь уу, МоАХ-ны “их хуралд уншсан улс төрийн илтгэлээс ажиглахад сөргөлдөх хандлага давамгайлах шинж харагдаж байна”, “МАХН энэ бүхнийг анхааралдаа авах болно” гэсэн нь айдас түгшүүр, заналхийллээ хамтад нь илэрхийлсэн мэт; 3) МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Засгийн газрыг огцруулах, АИХ-ыг тараах тухай заасан өргөх бичгийг МоАХ-ны их хурлаас баталсныг дурдаад, тарах огцрох нь эсэх нь МоАХ-д хамаарах асуудал биш хэмээн хариулжээ. Ер нь тарахгүй огцрохгүй хэмээн гөжсөн байр сууриа илэрхийлжээ. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ард түмний сонгож байгуулсан төрийн дээд байгууллагыг тараах ёсгүй, “Энэ бол ихэд эргэцүүлэн бодвол зохих асуудал гэдгийг тэмдэглэж байна” гэсэн сануулга Ж.Батмөнхийн үгэнд дагалджээ;  4) Улс орныг харийн гүрний хараат болгож доройтуулсан хэмээх шүүмжлэлийг шууд няцааж, “Тусгаар тогтносон БНМАУ өнөөдөр хэний ч хараат биш” хэмээн тунхаглажээ. Энэ нь цаагуураа Монгол-Зөвлөлтийн найрамдалд огтхон ч хир халдаахгүй гэсэнтэй агаар нэгэн буй мэт;  5) Олон намын систем, парламентат ёс, Ерөнхийлөгчийн институцийг харин далдуур хүлээн зөвшөөрсөн өнгө аяс байна; мөн  6) МоАХ болон бусад эвсэл холбоодтой МАХН хэлэлцээ хийхэд бэлэн гэсэн санаагаа илэрхийлсэн нь тэр үедээ дэвшил гэж үзмээр;  7) Ардчилал, олон ургальч үзэл нэгэнтээ бодит байдал боллоо хэмээн хүлээн зөвшөөрсөн нь намын гишүүд болон хөдөлмөрчдөд одоо нэгэнтээ өнгөрлөө шүү гэсэн сонордуулга болж буухаар байна.  

-    Ийм нөхцөлд улс төрийн аргаар харилцан ярилцаж санал бодлоо тохиролцох асуудал ч гарч болох байна. Үнэхээр санал нийлэхгүй асуудал ч гарч болох юм. Ийм учраас улс орны эрх ашиг, ард түмний амгалан тайван байдлыг урьдал болгохын тулд аль аль талаасаа туйлын хүлээцтэй, тэвчээртэй хандахыг эрхэмлэх нь чухал байна. Хэрэв тэгэхгүйгээр дэврүүн сэтгэлгээнд хөтлөгдөж, сөргөлдөх байдал үүсвэл улс төрийн тогтвортой байдалд болон хүн ардад хохирол учруулахад хүргэж болзошгүйг бүх нийтээрээ анхаарах нь чухал гэдгийг хэлмээр байна гэв.


Энэ 7 дугаар хэсэгт улс төрийн талаар наймаалцах анхны санаа цухалзсан гэж үзэж болохоор. Тайван амгалан байцгаа, улс төрийн хурц тэмцлийн зам бүү сонго гэсэн уриалга дагалдсан мэт.

Ардчиллын өмнө улс төрийн хүчнүүд ижил хариуцлага хүлээнэ, нэг нь нөгөөдөө, мөн олон түмэнд үзэл бодлоо тулгаж хэрхэвч болохгүй, улс төрийн соёлч маргаан чухал, тэр бол үнэн мөнийн шалгуур, энэ аргыг хэн хэнгүй эзэмш гэсэн уриалга орсон нь улс төрийн халз мэтгэлцээнээс МАХН зайлсхийсэн мэт ойлголт өгөхөөр юм. МАХН-д өөрийн шүүмжлэл байгаагүй, хүлээцтэй тэвчээртэй чанар дутагдаж байсан гэдгээ Ж.Батмөнх хүлээн зөвшөөрсөн мэт мөрүүд залгаж байна. МоАХ-ны салбарууд байгуулагдаж байгаад түгшсэн өнгө аясаар

-    хөдөлмөрийн хамт олны дотор эв нэгдэл сарних, талцах, хөгшин залуугийн буюу бусад ялгаа гаргахгүй байх нь нэн чухал гэдгийг зориуд тэмдэглэмээр байна. Бид бүхэнд үндэсний эв нэгдлээс илүү чухал зүйл байхгүй гэжээ.


Дорнод Европын социалист хань хамсаатнуудад нь тохиолдсон шиг үзэгдэл бүү давтагдаасай гэсэн ерөөл, түгшүүр энэ мөрөөс илт. Жам ёсны тийм үзэгдэл үсэрхийлээд ороод ирнэ гэдгээс тэр үеийн МАХН-ын удирдлага үнэхээр айж байсан мэт аль ч нам, эвслийн “гишүүн байлаа гэсэн эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж хууль ёс, олон нийтийн хэв журмыг хүндэтгэн сахих нь чухал байна” гэв. Үндсэн ажлаа хийгээд оройн цагаар тэмцэл хөдөлгөөндөө хамрагдах ёстой гэсэн зааварчилгаа гэлтэй сонсогдож байна.



Ард түмэнд баахан итгэл үүрүүлэх өнгө аястай үгс бас байна. Ард түмэн 70-аад жилд нэг хүнийг тахин шүтэх, захиран тушаах системийн алдаа завхралаас болж ихээхэн хохирол амссан ч  

-    Аливаа байгууллагыг үзэл бодол, үйл ажиллагаагаар нь голчтой таньж харилцан ойлголцож, ажиллах аргаа бие даан шийдэх чадвартай гэдэгт манай нам итгэл төгс байна гэв.


Намын гишүүдээ олон түмний гүнд оруулж ажиллуулах үүрэг даалгавар ч бас байна. Намаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, ахиц өөрчлөлтийг саатуулахыг зөвшөөрөхгүй гэсэн үгс ч байна. Хамгийн ноцтой гэмээр мөрүүд байна. МоАХ-ны их хурлын индрээс хэлсэн үгийг тун ноцтой хүлээн авчээ.       

-    “Цус урсгавал түүний хариуцлагыг бид биш нам, улсын хүнд сурталт удирдлага хүлээнэ” гэсэн мэдэгдэл МоАХ-ны их хурал дээрээс сонсогдсоныг хөдөлмөрчид санаж байгаа байх. Энд хэн хариуцахыг урьдчилан оноохоос өмнө тийм хэрэг явдал гаргахгүй байх хариуцлагыг аль аль талдаа ухамсарлаж, үйл ажиллагаагаа явуулах нь нэн чухал юм гэжээ.


Үндсэн хуулин дахь МАХН-ын удирдан чиглүүлэх үүргээсээ татгалзах болсноо “шинэ сэтгэлгээ” гэдгээр эвтэйхэн тайлбарлаж, МАХН чингэхдээ “өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг хошуучлан хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагаасаа ухрах буюу татгалзаж байгаа хэрэг огтхон ч биш” гээд, хойшид ч монголын нийгмийн манлай хүч гэдгээ нотлон харуулахыг эрмэлзэнэ, МАХН “өөрөө шинэчлэгдэн улс орноо өөрчлөн байгуулах ажлыг цаашид ч нэр төртэй гүйцэтгэж чадна”, “энэ тухай манай ард түмэн бүрэн итгэлтэйгээр намынхаа бодлого үйл ажиллагааг бүтээлч ажил үйлсээрээ дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн нь МАХН засгийн эрхэнд цаашдаа ч хадаастай байх болно гэснээс өөрцгүй сонсогдохоор. МоАХ-той хэлэлцээ хийнэ, мэтгэлцэнэ, түүндээ МАХН-ыг ялуулахыг ард түмэн минь мэд гэсэн уриалга ч юм уу гэлтэй байв.

Ж.Батмөнхийн энэхүү үгс ардчилсан хүчний хүсэн хүлээсэн зүйлд хариу өгөөгүй нь мэдээж. Тэгснийхээ горыг сарын дотор МАХН амсаж, Ж.Батмөнх хоёр дахь мэдэгдлээ радио, телевизээр хийхдээ өөрөө болон багаараа огцорсон билээ...