(Гэнэт цочирдов)

“Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал номын төслийн хүрээнд
бичигдэж буй “Жамбын Батмөнх” номын хэсгээс

МоАХ-ны анхдугаар их хурал 1990 оны 2 дугаар сарын 18-нд хуралдаж, их хурлаас Монголын Ардчилсан Нам байгуулсныг зарласан хийгээд 18-ны тэр Ням гариг нь нийслэл Улаанбаатар хот, хөдөө орон нутагт олон түмнийг догдлуулсан, донсолгосон ер бусын уур амьсгалтай өдөр болсны хувьд эрх баригч МАХН хийгээд түүний удирдагчдыг сорьсон юм. МоАХ-ны их хурлын уриа дуудлага, шаардлага МАХН-ын удирдагчдыг, түүний дотор Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийг нуман тулгуурт, эсвэл шооконд оруулсан болохыг гурван өдөр таг чиг байсан явдал нь гэрчлэх мэт.

Монголд үүсээд 2 сар гаранхан болж буй залуучуудын улс төрийн шинэ хөдөлгөөн (MoAX) нийгэмд ийм их үүрэг нөлөө бүхий улс төрийн хүчин болчихно гэсэн төсөөлөл, сэтгэл зүйн бэлтгэл үнэндээ МАХН-д байгаагүй аж. Эрх баригч МАХН нь өөрчлөлт шинэчлэлийг удаашруулсан, хэт болгоомжилсон, ерөөсөө тийм эр зориг, хөтөлбөргүй байсанд  нь цөхрөхдөө ард түмэн итгэл алдарсны нотолгоо нь МоАХ-ны анхдугаар их хурал байсан гэж үзэж болно. Энэ бол яалт ч үгүй нийгмийн захиалгат түүхэн үйл явцын эхэн байлаа.

МоАХ-ны анхдугаар их хурал хуралдсаны дараахи 19-21-ны өдрүүдэд МАХН-ын эрх баригчид таг чиг байснаа 21-ний оройхон хэрд нөхөр Ж.Батмөнх телевиз, радиогоор хандан бүх ард түмэндээ үгээ1 хүргэлээ. Бодитой болж өнгөрсөн үйл явдлыг эрх баригч нам ингэж үзэж байна гэхээр программын чанартай үг аж.

Юуны өмнө нийгэм болохоо байлаа, дээдүүл нь хуучнараа захирч, доодуул нь хуучнаараа захирагдаж суух цаг өнгөрлөө гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрөв.  
 
  • Манай орны дотоод байдлыг нийтэд нь авч үзвэл нэг талаас өөрчлөн байгуулалтын ажил нийгмийн амьдралын бүх салбарыг хамран өрнөж, нөгөө талаар улс төр, эдийн засаг, оюун санааны амьдралд шинэ шинэ асуудал дэвшигдэн гарч улам нарийн түвэгтэй болж байна.
  • Нийгмийн улс төрийн системийн хувьд гэвэл өөрчлөн байгуулалтын ажил удаашралтай явагдаж байгаа тал бий. Ялангуяа намыг өөрийг нь шинэчлэхээс эхлээд төрийн ардчиллыг боловсронгуй болгох, эрх зүйт төрийг бий болгож, ард түмний жинхэнэ засаглалыг бодит амьдралд уг утгаар нь хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.



Хэдийгээр энд “өөрчлөн байгуулалтын ажил удаашралтай явагдаж байгаа тал бий” гэсэн боловч бүтэлтэй юм болсонгүй, МАХН өөрчлөн байгуулалтыг удирдан явуулж чадсангүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. МАХН өөрөө гүн гүнзгий шинэчлэгдэх шаардлагатай, тэгэхгүй бол намагт шигдлээ гэдгээ ч дээр зөвшөөрснөөс өөрцгүй байна. Ард түмний жинхэнэ засаглад БНМАУ-д огт байгаагүй ба ардын эрхт засаг гэдэг маань хоосон чанарын зүйл байсан болж таарлаа.

  • Олон арван жилийн турш манай нийгмийн амьдралд захиран тушаах, хүнд суртлын дэглэм ноёрхож ирсний улмаас үнэн хэрэгтээ ардчилал хязгаарлагдаж, малчин, ажилчин, сэхээтэн хэн ч гэсэн санасан бодсоноо чөлөөтэй хэлэх, асуудлыг шүүн хэлэлцэх, шүүмжлэх, тэгэх тусмаа олон ургальч үзэл бодол дэлгэрэх бололцоогүй байлаа. Намын Төв Хорооны V бүгд хурал (1988) өнгөрсөн үеийн алдаа гажуудал, түүний шалтгаан, авах сургамжийн талаар нэлээд тодорхой ярилцсан билээ. Энэ нь манай олон нийтийн улс төрийн идэвхийг ихээхэн сэргээж санал бодлоо янз бүрийн аргаар илэрхийлэх бололцоо олгосон. Энэ бол өөрчлөн байгуулалтын чухал ололтын нэг гэж үзвэл зохино гэв.

Эндээс эхлэн МАХН өөрийн нүглийн үнэнийг хүлээн зөвшөөрчээ. БНМАУ-д захиран тушаах, хүнд суртлын дэглэм буюу дарангулал ноёрхож байжээ. Ийм харанхуй дарангуйллыг МАХН-ын Төв Хорооны V бүгд хурал л гэтэлгэжээ. Тэр бүгд хурал хуралдаагүй бол түнэр харанхуй үргэлжилсээр байх байжээ. Бараг тэр өөрчлөн байгуулалт гэдэг маань 1988 оны сүүлчээр албан ёсоор эхэлсэн болж таарлаа. ЗСБНХУ-д 1985 оноос эхэлсэн үйл явц манайд дэндүү хоцорч эхэлжээ.

  • Оюун санааны  салбарт олон ургальч үзлийг нэвтрүүлж, хүнийг үзэл санааны нь төлөө мөрдөн мөшгөдөг явдлыг арилгав. Үндэсний зан заншил, түүх соёлыг хүндэтгэх, түүнийг судлах, сэргээх ажил хийгдэж эхэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, урлаг, утга зохиолд хүмүүс олон ургальч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боллоо. Энэ нь ч зүй ёсны хэрэг гэж бодож байна. Үүний зэрэгцээгээр өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлээд манай амьдралд урьд хожид бараг байгаагүй шинэ үзэгдэл, тухайлбал иргэдийн зарим хэсгийн санаачилгаар эвлэл, холбоо байгуулах, хотын гудамж талбайд цуглаан хийх, ухуулах хуудас, бичиг наах зэрэг хэлбэрээр санаа бодлоо илэрхийлэх, нам, төрийн удирдлагад хандаж шаардлага тавих явдал гарч ирэх боллоо. Анхны санаачлагч нь “Монголын ардчилсан холбоо” гэдэг нэртэй гарч ирсэн. Дараа нь бас өөр нэртэй холбоод гарч ирсэн.
  • Нэгдүгээрт, Үндсэн хуулийн дагуу манай олон нийтийн үүсгэл санаачилгаар гарч ирж байгаа, хоёрдугаарт, өөрчлөлт шинэчлэлтэд хувь нэмрээ оруулна гэсэн зорилго анхнаасаа илэрхийлж гарч ирсэн учраас манай төвийн болон орон нутгийн байгууллагууд уг хөдөлгөөнийг санаачлагч нөхдийн хүсэлтийн дагуу зохих бололцоог олгосон гэв.

Оюун санааны хавчлага алга болсны гавьяагаар олон ургальч үзэл хөгжиж, түүний буянаар МоАХ үүссэн гэж үзжээ. Тэгэхдээ улс төрийн шинэ хөдөлгөөнүүд зөвхөн өөрчлөлт шинэчлэлтэд хувь нэмрээ оруулах зорилготой хэмээн загварчлав. Ийм хөдөлгөөн үүссэнээр нийгэмд асуух тодруулах, тэр ч бүү хэл эргэлзэх, сэтгэл түгших явдал газар авлаа гээд, тэр түгшүүрээ МАХН-д хандан илэрхийлж байгаа гэхчлэн ярьжээ. Ер нь л эрх баригч МАХН-д хандан аврал эрж эхэлсэн юм байх … (Үргэлжлэл бий)



1МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн  дарга Ж.Батмөнх монголын ард түмэнд хандаж радио, телевизээр хэлсэн үг, “Үнэн”, 1990.02.22   № 45(17575)