“Ленинтэй би нэг удаа уулзсан юм
Ленин надад тус болсон юм
Харь хол явж үзээгүй намайг
Харин Ленинтэй уулзсан гэхээр гайхдаг...”
гэж  Д.Сэнгээ­гийн алдарт найраглал “Өвгөн партизаны яриа” эхэлдэг.

90 оны партизануудын ялгаа гэвэл “Ленинтэй бус Элбэгдорж, Алтанхуяг, Үүлтэй нэг бус уулзсан. Хороон дарга ч болгож байгаагүй намайг харин Эбэтэй хам­паан явсныг одоогийн залуус гайхдаг...” гэх буюу тэгээд сонгууль өнгөрсний дараа мартдаг тухай л гунигтай дурсамжууд хөвөрнө дөө.

1921 онд эх орон ард түмнийхээ төлөө уртаашаа долоо­хон хүн эсвэл ард ний­тээрээ босоогүй нь тодорхой. Хувьс­галт тэмцэлд анх гардан оролцогсод хэн хэн байсныг хожим цаг төр тайван болсон хойно увуу цувуугаар мэдчих­дэг юм байна билээ. Тусгаар тогтно­лын төлөөх тэмцлийн үр дүн коммунист дэглэмд ашиглаг­даагүй бол бүр ч илүү боди­той үнэлэх байсан биз ээ. Сүүлд харах нь ээ комму­низ­мын төлөө тэмцсэн бай­лаа ч  аль ч улс орнууд тэмцэл ялалтын түүчээнүүдээ хүнд­лээд зогсохгүй үнэлдэг.

 1921 оны үйл хэргийг далан жилийн дараа гүйцээх үйлийн үр бидний үед оног­дож таарсан юм. 1990-ээд оны ардчилсан хувьсга­лыг дайн байлдаангүйгээр хийн­гээ нийгэм, улс төр, эдийн засаг, Үндсэн хууль, тусгаар тогтнолоо бүгдийг нэгмөсөн шийдэн зассан. Хуу­чин тог­толцооноос гар хүрэл­гүй үлдээе дээ гэхээр нийг­мийн салбар хайгаад олддог­гүй байлаа.Нэр усаа нууж хаал­гүй гудманд ил гарч ирснээ­сээ болж элдвээр хэлүүлсэн  МоАХ-ны олон гишүүд хамаг залуу нас, хувийн амьдралаа гаргуунд нь хаяж нийгмийг бүх талаар нь өөрчлөх  суб­бот­ник хий­сээр өнөөдрийг хүргэлээ. Ардчи­лал шударга ёс, эрх чөлөө­ний цэцэг ямар хөрс шороон дээр ингэж ярай­­тал гоё ургаж чадсан юм бол. Өмнөх хувьсгал бусдаас хуулж буруудсан бол энэ удаад биднээс хуулах гэж байна. Сарнай цэцэг саруул тасалгаанд биш өмхий нам­ган дотор ургасан. Түүн лугаа ардчилсан хувьсгалыг баруу­ны өндөр боловсрол эзэмш­сэн элчингийн хэдэн хээнцэр хүүхдүүд хийчихсэн юм биш. Ардчилсан холбоо­ны арзай­сан хэдэн юмнууд нүдний булай царайлан гуд­манд жагсахад ард түмэн сэмээр­хэн хөшигнийхөө завс­раар шагайж хардагсан. “Ху”-гийн­хан цагдаагийнхан, таг­нуул матаачид битүү дагаж шаван ил далд дарамтлаад л. Одооны энэ хөдөлгөөний­хөн шиг уурхайнхаа олз ашгаа хуваалцахгүй бол байгаль орчин сүйтгэсэн гэж тэмцлийн дараагийн шатан­даа орлоо гэсэн рекет хийж явсан биш дээ ямар. Ардчил­лагчдыг буруутгаж байгаа  үг, үйл явдал болгон цаанаа гадна, дотнын дэмжлэг тус­ламж­­тай агаад тэр л их сайн хүн гэгдэж байсан цаг ердөө хоёр жилийн өмнө. “Сайн хүмүүс” Ху намаа ардчилсан нийгэм дотор “шударга”-аар ялуулан төрийн хайр хүртэн хөрөнгө бэл сууцгаасан юм.

Авлига хээл хахууль, луйвар хуйвалдаан Монголд газар авлаа гэх ардчиллын лидерүүдийн үгийг эхнээсээ эцсээ хүртэл дагаж яваа бид­ний хэдэн тэнэгүүд л сонсон санаа зовж аль болох бор зүрхээрээ амь зогоон арван жил, хорин, одоо гуч дахь жилдээ гудмандаа өнөө л лаазаа өшиглөж яваа нь үнэн ш тээ. Монголчуудад аз жар­га­лыг авчирсан тэртээх морин жил одоо гурав дахиа одоо сар гаруйхны дараа тохиох нь байна шүү. Цаг хугацаа юутай хурдан юм бэ. Цагаан морин жилийн  хориод­­хон настай хонгорхон залуус насандаа ахадсан нийгмийн зүтгэлтэн явцгаа­сан. Тиймдээ ч амьдрал тэд­нийг улам хат суулгаж  шинэ нийгмийг одоогийн залуусаас илүү эрүүл саруулаар ойлгож зохицож чадаж байна. Най­маа хийх гэж намд элссэн дараа үеийнхэн эсрэг улс төрийн хүчинтэй далдуураа сүлбэлдэж байхад партиза­нууд үзэлдээ үнэнчээрээ л хоцорсон. Сонгуулийн дараа төр засгийн эрх солигдоход ерэн онд тэмцэж, өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийж, трактортой тэмцэл, үндэсний телевиз радио руу дайрч байсан, хөдөө орон нутагт МоАХ байгуулан адлаг­даж явагсад хамаг хатуу хөтүүг нь туулаад эцэстээ юу ч үгүй хоосон хоцорцгоодог. Ардчиллынхан болохоор тендерт дүрэм журмаараа өрсөлдөөд ялагддаг, төрийн албанд шалгуулаад тэнцдэг­гүй, албан тушаал эрхэлж болдоггүй, гадаадад элчин сайдын жолооч ч олддоггүй. Өмнөөс нь өөр хүмүүс МАН дээр гүйж очицгоон “Би АН-ын гишүүн мөн. Гэхдээ арай ч нөгөө муухай ардчилсан хувьсгалын партизан нь биш шүү” гэж ичдэг шинэ үетэй болоод байгаа.

Одоо АН хавтгайдаа ялаад байна. Ялсан улс төрийн хүчний тогтвортой байдал нь хөрс шороо нь болох олон мянган дэмжигч­дээ ажилтай орлогтой, албан тушаалтай болгохоос хамаар­­­на. Өчнөөн жил дэм­жиж тэмцсэн улс төрийнхөө үр шимийг ардчиллын парти­за­нууд ганц удаа ч бол хүрт­дэг цаг болоогүй юу. Ялалтын бялуу гээчийг амсаж үзээгүй улстөрчид гэвэл дэлхийд ганц­хан эд л болж таарч байна. Тэгээд ч өөрийн бий болгосон төр улсдаа одоо нэг хүчин зүтгээд үзэх  үүргээ биелүү­лэх нас, цаг амьдра­лын туршлага нь одоо эрх биш суугаа байлгүй дээ. Ард иргэдийг шударга бусаар ялгаварлаж байсан цагдаа, шүүх, хүчний байгууллага, тагнуулын газарт өнгөрсөн нийгмийн үеийн кадрууд тэд­ний угшил нэг ч байх ёсгүй. Даргаасаа манаачаа хүртэлх бүх албан хаагчдыг  ардчил­сан чигийг баримталж байсан нөхдөөр сольж чадсан л бай­гаа даа. Бурхан минь. Ардчи­лаг­чид хэзээ ч даран­гуйлагч болох­гүй бусдыг хэлмэгдүү­лэх­гүй, мөрөөрөө яваа ард иргэдийг дээрэл­хэхгүй. Ядаж дотоод яамны ногоон мал­гайт гэх айдсаа­саа салцгаа­маар байна.

Өнөөдөр ардчилсан хувьс­­­­галыг сайшаан түүнийг дэмжиж магтсан хүмүүс Ард­чил­сан нам ялсан болохоор нь ч тэр юм уу улам олширчээ. Үүний сацуу бас ардчиллыг өмчлөхгүй шүү, адилхан л энэ нийгмийг байгуулах гэж хүн бүрийн хүчин зүтгэл орсон гэсэн мессэжийг тарааж бай­на. МАН, МАХН-ын мянга мянган дэмжигчид ардчил­лын төлөө зүтгэсэн гээд төр засгаараа шагнуулан гайхуу­лах бүрт жинхэнэ ардчиллын төлөө зүтгэж явсан партиза­нууд голдоо ортол гомддог юм билээ. Тэгж яривал өмч хөрөн­гө эрх мэдлийг “Ху”-гийнхан эхлээд хуйвалдаад авчихсан. Хүн айгаад ойрто­хоо больсон “ардчилал” гэсэн хаягийг ерэн оны партизануу­дын духан дээр 2000-аад оны үед цагдаа  хүчнийхэн араас хайж ирээд хүчээр наасан. Одоо энэ үг хэнд хэрэг болоод буцаад биднээс булаалдах болов. Тэр үед тийм зоригтой юм бол ард­чил­лыг өмчлөх өөртөө хаяг­лах түүгээр бахархах чинь яасан юм. Хэдэн партизануу­даас бусад нь Энхбаяраас айлгүйгээр “Би ардчилагч” гэж хэлж чадахгүй байсан шүү дээ. Бид ардчиллыг хөрөнгө баялаг шиг өмчлөөгүй, түүний үр шимийг ч өөртөө ашиг­тайгаар хэрэглээгүй, харин биднээс ардчиллыг салгаж хэн ч чадахгүй  гэж МоАХ-ны журмын нөхдүүд эгдүүцдэг.

Түүхийн амьд гэрч, үйл явдал хуучраагүйгээр үл барам ардчиллын хувь заяа үр дүн ч эцсийн дүнгээ тавих болоогүй байгаа. Ер нь бол ардчилал эргэлт буцалтгүй болчихлоо гэж үзэх зуун хувийн баталгаа байхгүй. Баттай хэлж чадах зүйл бол манай оронд дахиад хувьс­галт хөдөлгөөн мөд гарахгүй нь үнэн. Дахиад партизан төрөх боломж байхгүй гэсэн үг. Засаг төр болоод улс төрийн нам хүчин бол хэд л бол хэд, хэзээ л бол хэзээ ч солигдсоор л байх болно.  Ардчилсан хувьсгалын 90-ээд оны партизануудаа Ардчил­сан нам харж үзэж тэднийг бүр болохгүй бол тэдний үр хүүхдийг ажилтай албатай, бизнестэй болгох цаг одоо л юм. Ялсан нам бялуугаа хуваалаа гэнэ үү, төрийн албыг төрлийнх ч гэнэ үү хамаа алга. Хаа ч нам ялбал шангаа хүртдэг, ялагд­вал бас шангаа эдэлдэг жам­тай. Ялагдсан талынхан МоАХ-д бүр ясны дургүй. Аргагүй юм даа. Тэд комму­низмын голыг нь гогдсон гол хүчин нь юм чинь. Одоогийн шинэ нэршилтэй МАН  ард­чил­лын партизануудыг албан тушаалд тавиад эхэлбэл яахыг бас мэдмээр байна.