Гуравдахь нүд
Грекийн гүн ухаантан Пифагор Египет орноо хүрч, нууц ухааны дацанд орох гэтэл түүнд хориг тавьжээ. Пифагор оюун ухааны хувьд шилдэг нэгэн байлаа.Дацанд гологдсон учраа ойлгохгүй ахин дахин шалсан ч эс зөвшөөрөв.Түүнийг мацаг хийгээд амьсгалын тусгай дадал эзэмшихээс нааш дацанд элсүүлэхгүй гэжээ.
Удахгүй хэвлэгдэх Агнистын гэгээ цувралын 10-р боть, “Нууцын ном” (Тантарын эх сурвалж, Ошо багшийн тайлбар) –аас толилуулж байна.
Грекийн гүн ухаантан Пифагор Египет орноо хүрч, нууц ухааны дацанд орох гэтэл түүнд хориг тавьжээ. Пифагор оюун ухааны хувьд шилдэг нэгэн байлаа.Дацанд гологдсон учраа ойлгохгүй ахин дахин шалсан ч эс зөвшөөрөв.Түүнийг мацаг хийгээд амьсгалын тусгай дадал эзэмшихээс нааш дацанд элсүүлэхгүй гэжээ.“Би энд зөвхөн мэдлэгийн төлөө ирсэн.Сахил суртлын төлөө ирээгүй” гэж Пифагорыг хэлэхэд нь “Бид таныг өөр хүн болохоос нааш мэдлэг уламжлахгүй. Чухамдаа бид мэдлэгийг биш, бодит туршлагыг эрхэмлэдэг.Амьдралын туршлага болоогүй мэдлэг бол жинхэнэ мэдлэг биш.Тийм учир та дөч хоног мацаг барьж, амьсгалаа жолоодож, тодорхой цэгт анхаарлаа тогтоох ёстой” гэжээ.
Пифагорт өөр сонголт байсангүй. Дөч хоногийн мацаг, дияан үйлдсэний эцэст тэрээр дацанд элсэв.“Та нар Пифагорыг биш, өөр хүнийг дацандаа авч байна.Би цоо шинээр төрлөө.Та нарын зөв, миний буруу байжээ.Урьд нь би оюун ухаандаа хүлэгдсэн нэгэн байв.Энэ угаалгын хүчээр миний оршихуйн төв өөрчлөгдөж, оюунаас зүрх рүү буулаа.Юмсыг зөвхөн толгойгоороо цэгнэдэг байсан бол одоо зүрхээрээ мэдэрч байна.Миний хувьд философиос илүү амьдрал чухал, хийсвэр үнэнээс илүү оршихуйн туршлага эрхэм болсон” гэж өгүүлжээ.
Пифагор ямар аргаар хичээллэсэн бэ?Энэ бол Тантарын тавдахь арга.Египетээс хүртсэн боловч уг арга Энэтхэгийнх билээ.Пифагор уг аргыг эзэмшээд Грек рүүгээ буцжээ.Тэрээр өрнө дахины бүх мистик уламжлалын эцэг болсон юм.Энэ арга бол маш гүн увдис.
Хөмсгөн завсар анхаарлаа чиглүүлж, бодлын гэрч болохуй.Оройн хүрд амьсгалын шимээр дүүрч, гэрлийн хур буунам.
Орчин үеийн физиологи хүний хоёр хөмсөгний завсарт биеийн хамгийн нууцлаг хэсэг болсон нэгэн булчирхай буйг тогтоожээ.Боргоцой булчирхай гэж нэрлэсэн тэр хэсгийг Төвдийн уламжлалд гуравдахь нүд, Тантарын ёсонд Шиванэтра буюу Шивагийн мэлмий гэж нэрийддэг.Гуравдахь нүд харалган биш, зүгээр л хаалттай аж.Түүнийг нээх аргыг энд заажээ.
Нүдээ аниад, хоёр хөмсөгний чанх дундах цэг рүү анхаарлаа чиглүүл. Нүдээ аньсан боловч харж байгаа мэтээр.Энэ бол анхаарал сэргэг байх хамгийн энгийн арга.Биеийнхээ аль ч хэсэгт чи үүн шиг хялбархан төвлөрч чадахгүй байх. Боргоцой булчирхай өөрөө чамайг дэмжиж, анхаарлыг чинь соронзон мэт татна. Тантарын хуучин сурвалжид “Анхаарал бол гуравдахь нүдний хоол” гэж онцолжээ.Тэрээр төрлөөс төрөл дамжин өлөн зэлмүүн явж ирсэн.Анхаарч, хооллох юм бол амилж сэргэх нь дамжиггүй. Анхаарлаа жаахан юүлэхэд л соронзон хүч үйлчилдгийг нэгэнтээ мэдвэл тэнд төвлөрөхөд хэцүү биш болно.Гагцхүү зөв цэгээ олох хэрэгтэй.Нүдээ аниад, хоёр нүдээ төв рүү явуулж, уг цэгийг мэдэр.Цэгт ойртох үед гэнэт нүд чинь тогтох болно.Нүдээ хөдөлгөхөд хэцүү байгаа бол чи зөв цэгт хүрчээ гэж ойлго.
Хөмсгөн завсар анхаарлаа чиглүүлж, бодлын гэрч болохуй...
Тэр цэг дээр анхаарал төвлөрөх аваас анх удаа чи сонин үзэгдэл харах вий.Дэлгэцэн дээрх сүүдэр ший мэт бодлын урсгал чиний өмнүүр хөвөрнө.Гуравдахь нүдэнд төвлөрсөн даруйд чи бодлынхоо гэрч болно.Жирийн үед гэрч болж чадалгүй, бодолтойгоо ижилсэж орхидог.Бодол, та хоёрын дунд зай завсар үлддэггүй. Уурын хэлбэлзэл үүсмэгц өөрөө уур болж, хүслийн долгион үүсмэгц өөрөө хүсэл болж хувирдаг.Харин гуравдахь нүдэнд төвлөрснөөр чи бодлоо харж чадна.Тэнгэрт хөвөх үүл буюу замын хөдөлгөөнийг ажих шиг хөндлөнгөөс гэрчилнэ.Уурын үүл нөмрөхийг мэдрэх боловч чи өөрөө уур биш байна. Өөрөө уур болохгүй л бол уур чамд халдаж чадахгүй. Төвдөө оршсон үед тэр бүхэн ирээд л буцах үзэгдэл төдий.
Гуравдахь нүдэндээ төвлөрөх, гэрч болох нь аль ч талаасаа боломжтой.Учрал бүрийн гэрч байхыг хичээ.Биед өвчин зовиур, сэтгэлд шаналал зовлон юу ч тохиолдсон түүнтэй ижилсэх хэрэггүй, хөндлөнгийн ажиглагч бай.Гэрчилж байгаа бол чи гуравдахь нүдэндээ аяндаа оршино.Нөгөө талаасаа мөн адил.Гуравдахь нүдэндээ төвлөрөх юм бол чи гэрч болно.Энэ нь нэг зүйлийн хоёр тал юм.
Гэрч болохоос гадна уг аргаар амьсгалын шимийг ухаарах боломжтой.Хүн хүчилтөрөгч болон бусад хийн хольцоор амьсгалдаг гэж шинжлэх ухаан хэлдэг.Тэгвэл Тантар агаарыг унаа хөсөг болохоос жинхэнэ шим нь биш гэж хэлдэг.Шим нь прана буюу амин эрчим.Чи зөвхөн агаараар биш, пранагаар амьсгалдаг юм.Орчин үеийн шинжлэх ухаан пранатай ижил зүйлийг нээж амжаагүй л байна.Гэхдээ зарим судлаачид нууцлаг зүйлийг анзаарчээ.Тухайлбал, Германы физиологич Вилхэлм Рэйх түүнийг ’оргон энерги’ гэж нэрлэсэн.Амьсгалах үед агаар нь агуулагч төдий бөгөөд нууцлаг агуулагдахуун нь оргон (прана) гэж тэрээр үзжээ.
Агаар материаллаг боловч материаллаг бус, маш нарийн зүйлийг тээдэг аж.Түүний үр нөлөөг мэдэрч болно.Жишээ нь, амин эрчим ихтэй хүний дэргэд суухад чиний дотор ч эрчим оргилж мэдэгдэнэ.Сул дорой хүнтэй байхад өөрөөс чинь эрчим хүч сорогдох шиг болно.Заримдаа олон хүний дунд гэнэт бачимдах мэдрэмж төрдөг шүү дээ.Прана сорогдож байгаа учраас тэр.Өглөөний сэлүүн агаарт, буйдхан моддын дор ганцаар байхдаа амин эрчмээр гэнэт бялхахыг мэдэрнэ.Хүн бүрт тусгай орон зай хэрэгтэй.Ийм орон зай дутах юм бол амин эрчим шамшигдах болно.
Вилхэлм Рэйх олон туршилт хийсэн ч түүнийг солиотой хүн шиг бодох болжээ.Шинжлэх ухаан өөрийн мухар сүсэг, ягшмал үзэлд хүлээстэй хэвээр байна.Агаараас чанад зүйлийг шинжлэх ухаан өнөө хэр мэдэрч чадаагүй бол Энэтхэгт түүнийг эрт цагаас туршиж ирсэн.Агаар нэвтрэхгүй газрын гүнд самадид суудаг хүнийг чи сонссон, эсвэл үзсэн ч байж магад.1880 онд Египетэд нэг хүн газар дор самадид суусан бөгөөд гэрээс ёсоор дөчин жилийн дараа буюу 1920 онд түүнийг гаргаж авчээ.Анх газрын гүнд оршуулахад оролцсон хүмүүс цөм нас барсан тул түүнийг амьд байгаад хэн ч итгэхгүй байжээ.Гэтэл тэрээр маш цонхигор боловч амьд сэрүүн гарч ирээд ахиад арван жил амьдарсан байна.Агаар амьсгалах боломжгүй газрын гүнд амьд үлдсэн нууцыг эмч нар болон бусад хүмүүс асуухад, “Нарийн учрыг мэдэхгүй ч амьдралын эрчим хүч хаа ч байсан урсдаг юм” гэж даяанч хариулжээ.Агаар нэвтрэхгүй ч амин эрчим-прана нэвтэрнэ.Агуулагч үгүйгээр пранаг шууд хүртэх аргаа нэгэнт мэдвэл газрын гүнд хэдэн зуунаар ч самадид орших боломжтой.
Гуравдахь нүдэнд төвлөрснөөр амьсгалын шим болсон пранаг гэв гэнэт мэдэрнэ.“Оройн хүрд амьсгалын шимээр дүүрч...” хэмээн сударт өгүүлжээ.Пранаг мэдрэх үедээ толгой чинь бүхэлдээ түүгээр дүүрч байна гэж төсөөл.Хүчлэх хэрэггүй. Төсөөлөл чинь өөрөө биежих болно.Одоогоор төсөөлөл чинь хүчин мөхөс учир биелдэггүй байх.Гэвч заримдаа санамсаргүй учрал амьдралд тохиодог шүү дээ.Найзтайгаа уулзаж байгаа мэтээр төсөөлж байтал гэнэт хаалгыг чинь тогших мэтчилэн.Тохиолдлын гэх тийм зүйлсийг сайтар анзаарч шинжил.Анхаарал чинь тэр үед гуравдахь нүдний орчимд зөнгөөрөө оршсон байж магад.Тийм тохиолдолд төсөөлөх төдийгөөр ямарваа үзэгдлийг бүтээж болно.
Энэ сударт өгүүлснээр оройн хүрд буюу Сахасрар амин эрчим-пранагаар дүүрлээ гэж төсөөлөхөд тэр даруй дүүрэх вий.Уг гэрлийн шүршүүр дор чи бүрэн цэвэршиж, дотоод ертөнцийн дахин төрөлтийг үзнэ.Гуравдахь нүдэнд төвлөрсөн үед төсөөлөл маш хүчтэй болдог.Тийм учраас энэхүү авшигийг хүртэхийн өмнө маш их ариусгал хэрэгтэй.Тантарын хувьд ариусгал нь ёсзүйн онолд биш, бодит шаардлагад үндэслэдэг.Хэрэв бохир сэтгэлтэйгээр гуравдахь нүдэндээ төвлөрвөл чиний төсөөлөл өөртөө болон бусдад аюул тарих вий.Хэн нэгнийг хөнөөх тухай бодсон бодол чинь хүний аминд хүрч мэднэ.“Тун осолтой газар луу аялах тул мацаг хийгээд амьсгалын дасгалаар бие, сэтгэлээ чандлан ариусгах хэрэгтэй” гэж Пифагорт нууц дацангийн багш нар хэлжээ.Асар их хүч оршдог учраас аюул ч оршдог юмсанж.Чи аллагыг олон удаа төсөөлж байсан бизээ.Аз болоход төсөөлөл чинь биелэх хүчин мөхөс байж.Хэрэв гуравдахь нүд ажиллаж эхлэх юм бол төсөөлөл чинь тэр даруй биелж мэднэ.Бусдыг төдийгүй өөрийгөө ч хөнөөж магадгүй. Амиа хорлох тухай бодол хүнд хэчнээн олон төрдөг билээ?
Ховсонд орсон хүнийг чи харж байсан байх.Ховсчины хэлсэн бүхнийг, тэр дундаа утгагүй буюу боломжгүй зүйлийг ч тэрээр дагадаг.Юу болдог вэ?Энэ тавдахь арга дээр бүх ховс дулдуйддаг.Ховстуулж буй хүнийг тодорхой цэг буюу гэрэл рүү, эсвэл ховсчины нүд рүү ширтүүлдэг.Ийнхүү чиглүүлснээр гурван минутын дотор хүний дотоод анхаарал гуравдахь нүд рүүгээ урсч эхэлдэг.Уг төв рүү бүх эрчим сорогдсоноос болж хүний царайд өөрчлөлт орно.Амин хүч нь суларч, гүнзгий нойрссон юм уу нас барсан юм шиг харагдана.Энэ үед ховсчин юу ч хэлсэн биелнэ гэдгийг мэддэг.“Одоо чи гүн нойронд орж байна” гэхэд тэр даруй орно.“Чи ухамсраа алдаж байна” гэхэд тэр даруй алдана.Хэрэв өвчинд шаналж байсан бол “Одоо өвчнөөсөө саллаа” гэхэд өвчин чинь арилна.Эсвэл бүр шинэ өвчин үүсгэж болно.Хөсрийн чулуу гарт чинь атгуулаад, “Чиний гарт гал байна” гэх юм бол чамд халуун илч мэдрэгдэнэ.Сэтгэл төдий биш, бодитоор гар чинь улайж, арьс чинь түлэгдэж болох.Гал байхгүй, зүгээр л чулуу байтал яаж ийм юм болно вэ?Гуравдахь нүдэндээ төвлөрсөн тул ховсчины ятгалгаар үүссэн төсөөлөл бодижиж байгаа нь тэр.Хэрвээ ховсчин “Одоо чи үхнэ” гэж хэлэх юм бол тэр даруй зүрх чинь зогсч магадгүй.
Гуравдахь нүдэнд төсөөлөл, бодит байдал хоёр нэг болж хувирдаг.Тийм учир Шанкара бүх ертөнцийг Бурханы зүүд гэж хэлсэн.Бурхан гуравдахь нүдэндээ үргэлж оршдог болохоор зүүд бүхэн нь биелдэг аж.Чи ч гэсэн гуравдахь нүдэндээ төвлөрвөл зүүд мөрөөдөл чинь биелнэ.
Шарипутта Будда дээр иржээ.Тэрээр гүн бясалгалд орсон хэн бүхэнд учирдаг олон янзын үзэгдлийг үзжээ.Диваажин хийгээд там, сахиусан тэнгэр хийгээд ад чөтгөрийг харсан тул Будда руу ирж, юу үзсэнээ хэлж гэнэ.Гэтэл Будда “Наадах чинь зүгээр л зүүд” гэж хэлжээ.Шарипутта “Дэндүү бодитой тэр зүйлсийг яаж би зүүд гэж бодох вэ?Үзэгдэлд ургасан цэцэгс энэ ертөнцийн цэцэгсээс ч илүү анхилам байсан.Тэнд учирсан бүхэн одоо таныг харж байгаагаас минь ч илүү бодитой байсан.Аль нь зүүд, аль нь бодит гэдгийг би хэрхэн ялгах вэ?” гэж өчжээ.Будда түүнд “Чи гуравдахь нүдэндээ оршсон тул зүүд, бодит байдал хоёр нэгджээ.Зүүдэлсэн бүхэн чинь бодит байх болно.Түүнчлэн бодит бүхэн чинь зүүд байна” гэжээ.
Бүх ертөнц илбийн үзэгдэл, бурханлаг зүүд гэж Шанкара хэлэхдээ гүн ухааны сэтгэмжээр эш онол яриагүй. Тэр бол гуравдахь нүдэндээ төвлөрсөн хүний дотоод туршлага байсан хэрэг.Гуравдахь нүдэндээ анхаарч, толгойн оройноос пранагийн шим ургах нарны гэрэл шиг ивээж, цэцгийн хур шиг асгарч байгаагаар төсөөл.Төсөөлмөгц оройн хүрднээс гэрлийн хур бууж эхэлнэ.Энэхүү рашаан гэрлийн хуранд чи бүрнээ ариусч, шинээр төрөх болно.
zochin
Т.Нямсүрэн
зочин
Зочин
очироо
enkhtuvshin
tiinme
tiinme
lam
ганбаа
erooloor bolog
Зочин
Please
Уншигч
unshigch
Davaasuren
bayar
Зочин
Yaalaa yaalaa gene vee...
Ganbold
bayrlalaa
...
Зочин
Одко
goyo
Зочин
Maralbayasah
уншигч