Эдийн засгийн шинжлэх ухааны суурийг Адам Смит тавьсан гэж үздэг.  Давид Рикардогоос энэ судлал өөр чиглэл рүү хөгжин салсан ба явсаар Карл Марксын үед хэт зүүний чиглэлтэй коммунист гэж нэрлэж болохуйц чиглэл рүү нэг салбар нь хөгжжээ. Орост Зөвлөлт засаг тогтож, хожим нь Хятадад Маогийн коммунизм ялснаар хамтралын эдийн засаг гэгч буй болон эдийн засгийн ашигтай байх гэсэн үндсэн зарчмаас хэт хазайн илүүтэй үзэл сурталд тулгуурласан эдийн засгийн онол болон сэтгэлгээ хөгжсөн юм.Хувь хүний эрх ашиг, идэвхи санаачлагыг огтоор үгүйсгэн бараг дан ганц энтузиаизмд тулгуурласан энэ онол нь практикт огт амжилт үзүүлэхгүй явсаар  эцэст нь 1990-ээд оны үед бүрэн сүйрсэн билээ.

Монголд тусгайлсан эдийн засгийн онолын судалгаа энэ талын суртчилгаа сэтгэлгээ шинжлэх ухааны утгаараа огт байхгүй байсаар II дайны дараагаас Зөвлөлтөөр дамжин марксист эдийн засгийн онол нь үзэл суртлын зорилгоор хүчтэй нэвтэрсэн юм. Эдийн засгийн гэсэн утгаараа олон түмэнд түгэж танигдсан цор ганц бүтээл байсан нь 1850-аад онд зохиогдсон “То вангийн сургаал”. Марксист эдийн засгийн онол 1960-аад оноос дээд сургуульд зайлшгүй үзэх хичээл болж, улмаар дунд сургуульд ч уг суртлын суурийг заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулжээ. “Улс төрийн эдийн засгийн ухаан” хэмээх хичээл  бүх шатны сургалт төдийгүй нийтийн боловсролд түрэн орж ирснээр үзэл сурталжсан эдийн засгийн онол нийгмийн гишүүдийн бүх давхрагад хүчтэй нөлөөлсөн догма хэмжээнд хүрсэн юм. Эдийн засгийн ухааны бусад чиглэлийг хөрөнгөтний дайсагнасан суртал хэмээн зарласан тул энэ тухай муулсан гүтгэсэн хараалын хэмжээнд дурьдагдаж байсан болохоос чухам юун тухай хэрхэн учирласан тайлбар огтоос ядахнаа ишлэгдэж байсангүй. Тэгсэн мөртөө коммунист эдийн засгийн үндсэн сурах болох Марксын “Капитал” зохиол бүрэн эхээрээ монгол хэлнээ орчуулагдаагүй, зөвхөн энд тэндээс нь цоохорлон элдэв сурах бичгүүдэд ишлэгдэж байлаа.

1990 оноос Монголын нийгэм зах зээлийн чөлөөт эдийн засгийн горимд шилжсэнээр эдийн засгийн ухааны марксизмаас гадуурхи онол сэтгэлгээний шаардлага хар аяндаа үүсэв. Зэх зээлийн эдийн засгийн талаархи ерөнхий ойлголт өгөхөөр Японы эрдэмтэн Хироно 1990 онд телевизээр дамжуулан цуврал лекц уншсан юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээл рүү шилжсэн ямар ч туршлага дэлхийн түүхэнд үгүй тэр үед Хироно хувьчлалыг маш алгуураар хорин жилд багтааж хийх хэрэгтэй гэж зөвлөж байв. Тун удалгүй Америкийн эдийн засагч Закс зургаан сард багтаан хийх санал тавьжээ. Польшид амжилттай болсон Бальцеровичийн реформын гол зөвлөгч Загс үүүнийг өөрийн туршлага дээр үндэслэж хэлсэн юм. Гэвч чөлөөт зах зээлийн ойлголт маруухантай монголчууд эдгээр зөвлөлгөөг онолын талаас нь ч практик талаас нь ч төдийлөн тусгаж авч чадсангүй. Магадгүй марксизмтай зарим талаар төстэй гэж хэлж болохуйц Кэйнсийн онол эхний даваанд түрүүлж, эдийн засагч сэхээтнүүдийн анхаарлыг татав. МУИС-ийн Эдийн засгийн сургууль юун түрүүн кэйнсизмд шилжин түүнийг ишлэх болж, энд тэндгүй зургийг нь өлгөн ишлэл үгийг нь хадах болов. Сургалтын программ ч кэйнсизмыг түших боллоо. Гэвч Кэйнсийн гол бүтээлүүдийн аль нь ч монгол хэлээр орчуулагдаагүй.

1997 онд Адам Смитийн “Үндэсний баялаг” маш товчилсон хэлбэрээр анх удаа монгол хэлээр орчуулагдлаа. Тун удахгүй Бастиагийн “Хууль” бүрэн эхээрээ орчуулагдав. 1849 онд Маркс, Энгельс нар “Эв хамт намын тунхаг”, Бастиа “Хууль” бүтээлээ зэрэг хэвлүүлснээр үзэл суртал, ертөнцийг харах үзэл, эдийн засаг, философийн коммунист ба социализмын эсрэг гэсэн эрс тэс хоёр номлол зэрэг төрсөн билээ.

“Алтан тариа” компаний эзэн П.Цэнгүүн либерал эдийн засгийн номлолд их автсан хүн. Тэрээр “Монголын либертари сан” хэмээх ТББ байгуулан эдийн засгийн голлох сургаал номлолын сонгодог бүтээлүүдийг эх хэлнээ орчуулан олон түмэнд суртчилах ажил санаачлан санхүүжүүлж эхэлжээ. Хамгийн эхнийх нь 2001 онд Мильтон Фридман “Хувь заяагаа сонгох нь”, Марк Скаузэн “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал”  Амарсанаа, Баабар нарын орчуулагдан хэвлэгдлээ. Номын зохиогч Скаузэнийг Цэнгүүн өөрийн хөрөнгөөр Монголд урьж авчиран гурван мянга гаруй оюутанд лекц уншуулсан юм. Скаузэний бүтээлийн анхны гадаад орчуулга моншгол хэлээр гарсан билээ. Монголын либретари сан энэ богино хугацаанд Людвик фон Мизэс “Либерализм”, Эрнанда дэ Сото “Капиталын нууц”, Фридрик Хаек “Боолчлогдох зам”, Д.Боаз “Либертарианизм”, Норбэрг “Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй” зэрэг олон ном орчуулан олон нийтэд толилуулсны нэлээд нь өдгөө эдийн засгийн ухааны сургалтад өргөн ашиглагдах болов.  Олон хэвлэлийн газар болон хувь хүмүүс эдийн засгийн сургаалийн янз бүрийн чиглэл урсгалын голлох бүтээлүүдийг хэвлэн олон түмэнд суртчилах ажил сүүлийн жилүүдэд ихэд идэвхижижээ. Гэхдээ энэ бүхэн хувийн санаачлагаар хийгдэж буй нь туйлын сайшаалтай. Нэпко хэвлэлийн газар Адам Смитийн “Үндэсний баялаг”, Кэйнсийн “Хөдөлмөр эрхлэлт, хүү зээл, хөрөнгө мөнгөний Ерөнхий онол” зэрэг сонгодог бүтээлийг орчуулж дуусаад удахгүй хэвлэнэ. Мөн Мэнькивийн “Макро эдийн засаг”, “Микро эдийн засаг”, Грэди Клайны “Эдийн засгийн ухааныг зургаар тайлбарлахуй”, Стивэн Браггийн “Санхүү хариуцсан захирлын ширээний ном” зэрэг эдийн засгийн сэтгэлгээний олон ном орчуулж хэвлүүлжээ.

2013.10.28