УБТЗ-ын дарга Г.Жигжиднямаатай ярилцлаа. Сүүлийн үед түүнтэй холбогдох олон асуудал нийгэмд шуугиан тариад байгаа бөгөөд тэрбээр эдгээр сэдвийн алинаас нь ч тойрохгүй тодорхой хариулсан юм.


-Албан томилолтоос дөнгөж ирж байгаа, албаны хүнтэй ярилцаж байгаа учраас томилолтын үр дүнгийн талаар сонирхож ярилцлагаа эхэлье.  Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын энэ удаагийн хуралдаанаар УБТЗ-ын тухайд тодорхой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна. Одоо нарийвчилсан мэдээллийг танаас сонсъё.

-Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцоод ирлээ. “УБТЗ” ХНН-ийн талаар авах арга хэмжээний асуудал зонхилох сэдэв болдог тэр дагуу болсон.  Тухайлбал, техникийн шинэчлэл хийх, түүнд зориулсан хөрөнгө оруулалтын асуудал болон “УБТЗ” ХНН-ийн өмчийн асуудлаар ярилцлаа. Зайлшгүй техникийн шинэчлэл хийх ёстой гэдэг дээр талууд санал нэгдэж, хөрөнгө оруулалтын тухайд ОХУ-ын талаас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Удахгүй холбогдох процедурын дагуу шийдэгдэх болно. Мөн Дарханы долдугаар байрыг одоогоор УБТЗ-д ажилладаг тус байрны оршин суугчдад хувьчилж өгөх асуудлыг хэлэлцлээ. Мөн Варшавт Олон улсын төмөр замын байгууллагуудын хуралд оролцож энэ онд тээвэрлэх ачааны хэмжээг тохирохоор товлосны дагуу оролцож өнгөрсөн оныхоос 13.4 хувиар өсгөж чадлаа. Өнгөрсөн онд УБТЗ нийт 22.8 сая тонн ачаа тээвэрлэсэн. Үүнээс 15 гаруй сая нь экспортын ачаа байлаа. Энэ онд экспортын ачаа тээвэрлэлтээ 17 сая тонн болгохоор тохирлоо. Ингэснээр энэ онд нийт ачаа тээвэрлэлтийн хэмжээ 25 сая тоннд хүрчих болов уу гэсэн тооцоотой байна. Энэ хэмжээндээ тааруулж технологийн шинэчлэл, тээвэрлэлтийн заавруудыг өгч эхлээд байна. Товчхондоо албан томилолтоос “ганзага дүүрэн ирлээ” гэж хэлж болно.

-Нийт 100 тэрбум рубль олгохоор болжээ. УБТЗ-д зайлшгүй шаардлагатай нь хэд вэ, юунд зарцуулахаар тулгамдаад байгаа талаар тодруулна уу?

-Зарцуулах шаардлагатай хөрөнгө оруулалт шаардсан асуудал гэвэл олон байна. Жишээ нь  УБТЗ-ын өнөөгийн нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадал 25 сая тонн. Энэ түвшинд энэ жил хүрэх учраас тээх нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлаа өсгөхийн тулд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй болоод байна. Замаа засах, хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр, вагон худалдаж авах хэрэгтэй байна. Зарим газарт хоёр дахь зам болон шугамуудыг тавих шаардлага тулгарч байгаа гэхчлэн 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг авбал бидэнд  Зүүнбаян-Ханги мандалын төмөр замыг барих зорилтоо биелүүлж Хятад улс руу шинэ гарц нээх боломжтой болох юм. Гэхдээ зээлийн нөхцөл эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.

-Амжилттай айлчлалын тань араас таагүй асуулт тавимааргүй байгаа ч зүтгүүр, вагон худалдаж авах шаардлагатай гэхээр улам сонирхож байна. Шулуухан хэлэхэд  зүтгүүр, вагон худалдан авсан талаарх элдэв хэрэгт та холбогдоод байгаа шүү дээ. Тухайлбал, Толгойт өртөөнд, Амгалан өртөөнд байгаа зүтгүүрүүдийг яах вэ?  Одоо тэд сул зогсож байгаа юу?

-Амгаланд байгаа зүтгүүрүүд одоо бүгд манай агуулахад хадгалагдаж байгаа. Бүгд ашиглалтаас гарчихсан. Ашиглалтын хугацаа нь дууссан. Ихэвчлэн гадна талын “арьс” нь л үлдсэн. 1980 оноос хойш ашигласан 30 гаруй жилийн “настай” үнэхээр ашиглах аргагүй болчихсон зүтгүүрүүд. Манайхаас гадна “Монголын төмөр зам”/МТЗ/ компанид бий. Тэднийхээс мөн Хятадын гурван зүтгүүрийг нь манайх түрээсэлж Замын-Үүд дээр ажиллуулж байна. Мөн “МТЗ”-ын хоёр “америк” зүтгүүрийг түрээслэн ажиллуулж байгаа.

-Тэдгээр зүтгүүрийн яг ажиллаж байгааг нь сурвалжилж болох уу. Учир нь тэднийг ажиллуулдаггүй, төмрийн хог мэт болчихсон гэх улс төрийн зорилготой болов уу гэмээр мэдээлэл ч олонтаа харагдлаа.

-Оросын тал УБТЗ-ын гол зам дээр хятадын зүтгүүр явуулахгүй гэсэн шийдвэртэй байсан нь үнэн. 2017 оноос энэ шийдвэр цуцлагдаад УБТЗ ХНН нь “МТЗ” компанийн таван хятад зүтгүүрийн гурвыг нь түрээсэлж аваад ажиллуулж байна. Хоёр зүтгүүр нь “МТЗ”-даа, Хандгайд Төмөртэйн өртөөндөө ажиллаж байгаа.

-Аян замаас иртэл чинь “УБТЗ” ХНН-д нэгжлэг хийлээ гэсэн таагүй мэдээ угтлаа. Танай байгууллагаас “нэгжлэг хийгээгүй” гээд байгаа ч ЦЕГ-аас “нэгжлэг хийсэн” гэж мэдээлсэн. Та энэ их айлыг тэргүүлдгийн хувьд ирэнгүүтээ энэ байдалтай танилцсан байх. Танд ямар мэдээлэл байна?

-Томилолтоор явж байхдаа энэ мэдээллийг авч холбогдох хүмүүсээс тодруулж асуухад “Манай УБТЗ-ын удирдах газар дээр ямарваа нэгэн нэгжлэг, баривчилгаа явагдаагүй” гэсэн. Учрыг тодруулахад намайг эзгүйд Прокурорын газраас албан бичиг ирсэн юм билээ. Тэр нь “ТМХС Монгол” компани, “УБТЗ” ХНН-ийн хооронд 2012 онд хийсэн гэрээтэй холбоотой бичиг баримтуудыг өгнө үү” гэсэн утгатай бичиг байсан. УБТЗ-ын Удирдах газарт ямарч нэгжлэг баривчилгаа болоогүй гэдгийг дахин хэлье. Энэ асуудлаар “УБТЗ” ХНН маш тодорхой мэдэгдэл гаргасан. Цагдаагийн байгууллагаас яагаад тийм тайлбар хийснийг тодруулахаар холбогдох албаны хүмүүст үүрэг өгөөд байгаа.

-“ТМХС Монгол” компани хаана байдаг юм бэ. Хайгаад олдохгүй юм. Магадгүй олоогүй учраас ч цагдаагийнхан ганц холбоотой байдаг байгууллага учраас танайх руу орж ирсэн юм биш биз?

-Магадгүй. Би хаана байдгийг нь мэдэхгүй. Ажлаа хүлээж авсныхаа дараахан уг гэрээг цуцалсан. Түүнээс цааш одоог хүртэл энэ байгууллагын талаар огт мэдэхгүй. “Трансмашхолдинг” бол ОХУ-ын хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрүүдийг бүгдийг нь нийлүүлсэн маш том компани. Түүний охин компани “Трансмашсервис” нь тэр үйлдвэрүүдийн хийсэн зүтгүүрүүдэд Оросын нутаг дэвсгэрт засвар үйлчилгээ хийдэг компани. 2012 онд Монголд тэр компанийн салбар “Трансмашхолдинг сервис Монголиа” гэдэг компани байгуулагдаж, УБТЗ-ын тухайн үеийн удирдлагууд ОХУ-аас худалдаж авсан 30 зүтгүүрийнхээ сервис үйлчилгээг хийлгэхээр гэрээ хийсэн юм билээ.

-Хэний гарын үсэгтэй байдаг вэ? Таны үед гэрээ байгуулж, Л.Пүрэвбаатар даргын үед цуцалж та сая томилсныхоо дараа гэрээ үргэлжлэн хэрэгжиж байгаа юм биш үү?

-Н.Сэрээнэндорж даргын гарын үсэгтэй байдаг. Энэ гэрээ хэрэгжиж байгаад 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд хугацаа нь дуусах байсан. Намайг ажлаа хүлээж авсны дараа Оросын тал уг гэрээг сунгах хүсэлт тавьж байсан. Гэхдээ бид тооцоолж үзээд, ашиггүй гэж үзсэн тул “Сунгахгүй” гэсэн хариу өгсөн. 2017 оноос эхлэн холбогдох засвар үйлчилгээгээ “УБТЗ” дотоод нөөц бололцоогоо дайчлан өөрсдөө хийгээд явж байгаа. Өөрөөр хэлбэл 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “УБТЗ” ХНН нь “ТМХС Монгол” компанитай ямар ч холбоогүй, хуулийн ямар нэг харилцаагүй болсон. Тэр тусмаа би тэр үед “УБТЗ”-д ажиллаж байгаагүй болохоор мэдэхгүй байна. “ТМХС Монгол” гэдэг компани хаана байдгийг ч мэдэхгүй.

-Энэ гэрээг байгуулахаас  өмнө “УБТЗ” өөрөө засвар үйлчилгээгээ хийж чадаад байсан. Гэрээ байгуулсны дагуу “ТМХС Монгол” засвар үйлчилгээ хийж байж. Гэрээг цуцалсны дараа ч зүтгүүрүүдээ засч чадаад л байж. Тэгэхээр яах гэж “ТМХС Монгол”-ыг байгуулав. Тэр тусмаа яагаад сул зогссон ч мөнгө төлж байдаг, бас “УБТЗ”-аас зарим хүнийг нь цалинжуулж байв гэдэг асуудал эгдүүцэхээс аргагүй байгаа биз. Та ч гэсэн “УБТЗ-ын хүн”-ий хувьд тэгж бодож байв уу?

-Тэр үед би энд ажиллаж байгаагүй болохоор хэлж мэдэхгүй юм.

-Гэхдээ та ашиглалтын инженер хүний хувьд байр сууриа илэрхийлж болно биз дээ. Бас гэрээг цуцалсан хүний хувьд үндэслэл байсан байж таарна?

-Тухайн үед 2ТЭ-116УМ серийн гол замын зүтгүүр 30 ширхгийг засахад манай ажилтнууд бэлэн биш байсан байх. Тийм учраас тэдний үйлчилгээг худалдаж авсан байх. Цаашид бид өөрсдөө засвар үйлчилгээ үзүүлэх бололцоотой юм байна, хааяа зөвлөгөө аваад ажиллах боломжтой гэж үзээд гэрээг цуцалсан. Өмнө нь орлогч дарга байхад би ашиглалт хариуцдаг байсан болохоор тэдэнтэй уулзаж ярилцах шаардлага байгаагүй. Надад тэр үед шаардлагатай зүтгүүрийн тоо л хэрэгтэй байсан. Хэрхэн засвар үйлчилгээ хийж байгаа талаар мэддэггүй байв. Ажилтнуудын дунд тийм ч ашигтай гэрээ биш гэсэн яриа байсан. Надад ч тийм сэтгэгдэл төрдөг байлаа. Яагаад гэвэл гурван зүтгүүрийн засварчид өөрсдөө хийдэг байсан. Шаардлагатай сэлбэг техникийг “ТМХ” нийлүүлж байсан болов уу.

-“Хоёр загал” зүтгүүрийг үнэгүйдүүлэхэд хүргэсэн тал бий юу?

-“Хоёр загал” зүтгүүрийг манай инженерүүд 2004 онд хийсэн. Энэ нь Оросын зүтгүүрүүдийн “рам” буюу тэргэнцэр, явах анги дээр Америкийн “Женерал электрик” компанийн зүтгүүрийг угсарч хийсэн зүтгүүр юм. Анхнаасаа “ТМХС” үүнтэй ямар ч холбоогүй. Өөрсдийн авсан 30 зүтгүүртээ л үйлчилгээ үзүүлдэг байсан.

-Тэгвэл та Н.А.Гукийг “ТМХС Монгол”-тай ямар холбоотойг мэдэх үү. Яагаад “УБТЗ”-д албаны дарга мөртлөө хувийн компанитай холбоотойг нь?

-Гук Николай Алексеевичийн хувьд “УБТЗ”-д Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан. 2010 оноос. 2018 оны нэгдүгээр сард Ерөнхий хорооны шийдвэрээр Зүтгүүрийн албаны дарга болгож өөрчилсөн. “УБТЗ”-д Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч даргаар Амгалан гэдэг хүн томилогдсон. Тиймээс Гук даргыг би тэр компанид ажиллаж байсан гэж хэлж чадахгүй. Тэгж ажиллаагүй байх. “ТМХС Монгол”-ын ажилтнуудын зарим нь гэрээгээр ажиллаж байсан явдал бий. Шууд цалинжуулсан асуудал байхгүй.

-Та АТГ-т шалгагдаж байгаа нь үнэн үү?

-Тийм ээ.

-Шалгагдах үндэслэл дотор “1000 вагоны хэрэг” гэгч бий байх гэж таамаглаж байна. Яагаад энэ вагоныг зах зээлийн үнээс өндөр авсан бэ гэдэг асуултад ямар тайлбар өгч байгаа вэ. Үүнд хариулж болох уу?

-Хэвлэлээр хариулт өгч болохгүй гэсэн анхааруулга өгөөгүй болохоор Таны асуултад хариулж болох байх гэж бодож байна. Манайд өнөөдрийн байдлаар 2490 вагон бий. Үүний 1400 нь хагас вагон гэж нэрлэдэг нурмаг ачаанд зориулсан. Одоо манай паркт байгаа вагонуудын 50 гаруй хувь нь 30-аас дээш жил болчихсон хуучирсан. 2017 оны хувьд нүүрс, төмрийн хүдрийн экспортын ачааны захиалга маш их хэмжээгээр орж ирсэн.  Захиалгаа биелүүлэхийн тулд Монголд байгаа хагас вагонуудыг түрээсээр авсан. “Болдтөмөр Ерөө гол”-оос 500-аад вагон, “МТЗ”-аас 180 вагон авч ажилласан боловч хүрэлцэхгүй байлаа. Энэ нөхцөлд ОХУ-аас “Вагоны тоог нэмэх боломж байна уу” гэсэн хүсэлт тавьсан. Тэр үед шинэ вагоны үнэ 50-60 мянган ам.доллар байв. 1000 вагонтой болоход 50-60 сая ам.доллар хэрэгтэй. Мэдээж энэ асуудлыг хамгийн хямд өртгөөр шийдэхийн тулд хуучин вагон худалдаж авах л гарц байв. Нэг бүрийн үнэ нь 9000-11000 ам.долларын үнэтэй 1000 вагон байсан тул худалдаж аваад засч, тээвэрт тохирох магадлагаа гаргуулаад ашиглаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тэр 1000 вагоноос 540-өөд нь тээвэрлэлтийн ажил гүйцэтгэж байна. Үлдсэнийг нь авч чадахгүй байна. Мөнгөтэй болсон цагтаа тухай бүрт нь бага багаар мөнгийг нь шилжүүлж худалдаж аваад засч хянуулаад ажиллуулж байгаа. Өөрөөр хэлбэл 400 гаруй вагоныг авч чадаагүй, гэхдээ шаардлагатай байгаа юм. Тэдгээр вагоныг худалдаж аваагүй нөхцөлд захиалгын 30-хан хувийг хангаад 70 хувь нь ачаа ачигдахгүй үлдэж манайд болон улсад тээвэрлэлтийн орлого орохгүй байсан учраас ийм хамтын шийдвэрт хүрсэн юм шүү дээ. Хэдийгээр хуучин гэгдэж байгаа боловч өмнө нь манайд ашиглаж байсан болон ашиглаж байгаа вагонуудаас “залуу” вагонууд.

-Тийм үү. Гаалиас авсан зарим баримтаас харахад 1993 он, түүнээс хойш үйлдвэрлэгдсэн вагонууд байгаа юм билээ?

-Манай вагонууд 1980, 1982 оных ч байгаа шүү дээ. Залуу байлгүй яахав. Гэхдээ эдгээр вагоныг дуустал ашиглахгүй. Байнгын хяналт тавьж байгаа учраас техникийн нөхцлийг хангахаа болиод ирэхээр нь акталж төмрийг нь тушаана гэсэн үг. Худалдаж авсан мөнгөө 3-3.5 сарын хугацаанд буцаагаад олж болох тооцоотой учраас эдгээр вагоныг авч ашиглаж байгаа юм.  

-Яагаад заавал Английн компаниар зуучлуулав. Орос, монгол хоёр хоорондоо наймаа хийхэд английн компаниар зуучлуулах ямар шаардлага байв. Тэр тусмаа яагаад “мөнгө угаадгаараа алдартай” Латвийн ABLV банкаар  гэдгийг бас сонирхмоор байна?

-Худалдсан компани нь Английн компани байсан юм. “Первая грузовая” компани гэрээ хийхдээ хаягаа өөр газрын нэрээр хийсэн. Учрыг асуухад “Манай оффшор юм аа. Бид өөрийн татварын системээр ингэж худалдах нөхцөл тавьж байна” гэсэн.

-Оффшор гэдэг үгээс хүртэл айдаг болчихоод байхад та болгоомжлоогүй гэж үү?

-Манайд л айгаад байгаа болохоос байдаг л юм шүү дээ. Хууль бусаар олсон мөнгөө гадаадад хадгалах нь буруу байх.  Оффшор компанитай гэрээ хийж ажиллах нь хориглогдоогүй болов уу гэж бодож байна.

-Харин АТГ үүнийг юу гэж үзэх бол?

-Энэ талаар би АТГ-т тайлбараа өгсөн. Холбогдох бүх баримт материалаа өгсөн. Одоохондоо дүгнэлт гараагүй байна.

-Та анзаарсан бол худалдаж байгаа Оросын компани, зуучилсан Английн компани гээд энэ хоёр газрын тантай худалдах, худалдан авах гэрээг баталсан хоёр гарын үсэг ижил байгаа юм. Та үүнийг анзаарсан уу?

-Тэр компаниудын цаад эзэд нь хэн бэ гэдэг талаарх бүх материалыг хууль, хяналтынхан шалгаж байгаа. Яагаад гарын үсэг нь адилхан байгааг мэдэхгүй юм. Та нарыг бичээд эхэлсний дараа харахад адилхан ч юм шиг харагдсан. Гэрээ хийхдээ хуулийн албаныхан бүх материалыг судалж байж хийсэн.

-ABLV банкийг судалсан уу. Энэ оны хоёрдугаар сарын 27-нд дампуурлаа зарласан, мэдсэн үү?

-Гэрээ хийсний дараа энэ талаар сонссон. Сая дампуурсныг нь сонсоогүй.

-АТГ дээр өөр ямар хэргээр шалгагдаж байна вэ. Танд тайлбар хийх боломж нээлттэй байгаа гэдэг утгаар хариулж болох хэмжээндээ тайлбарлаж болох уу?

-Нэг хүн байнга шахам миний талаар судалж зөвхөн АТГ-т гэлтгүй хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлт тавьдаг. Нэр бүхий гурван хүнийг авч ажиллуулсан гэдэг гомдол бий. АТГ тухайн үед зөвшөөрлөө өгсөн. Гэвч би халсан. Одоо гурвуулаа хууль бусаар халагдсан  гэх үндэслэлээр шүүхэд хандаж гурвуулаа гурван шатны шүүх дээр “ажилд нь буцааж авах” шийдвэр нь гарчихаад би шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж чадахгүй л сууж байна. Мөн замын чигжигч машин авсан асуудал бий. Намайг Замын даргаар томилогдохоос өмнө хоёр удаа тендер зарлагдаад буцсан байдаг. Шууд худалдан авалт хийх эрх нь нээгдсэн байсан. Яг тэр техникийг 2.2 сая ам.доллараар худалдаж авахыг зөвшөөрч төсөвт тусгасан Ерөнхий хорооны шийдвэр байдаг. Кировын “Тавдугаар сарын нэгэн” үйлдвэр дампуурлаа зарлаад үйлдвэрлэлээ зогсоосон юм билээ. Тухайн үед тэднийхээс гадна гадны 3-4 байгууллага санал тавьснаас хамгийн хямд нь 1.7 сая ам.долларын үнэтэй байсныг манай мэргэжилтнүүд үзсэн. Шинэ техник байна гэж үзээд худалдан авахаар хамтын шийдвэрт хүрсэн. Асуудал юунд байна вэ гэхээр гомдол гаргасан хүн маань 2015 оны үнийн саналыг үзүүлээд “ийм үнэтэй байх техникийг хэт өндөр үнээр авлаа” гээд байгаа юм. Төлөвлөсөн үнэ нь 2.2 ам.доллар байв. Зүйрлэвэл iPhone X утсыг iPhone6-ийн үнээр авах ёстой байсан юм аа гэж одоо яриад байгаа хэрэг. Гэтэл түүний жишиж үзүүлээд байгаа үнэ харамсалтай нь биднийг худалдан авалт хийх үед байгаагүй, олдоогүй. Одоо бол үнэ нь тэгж буурсан. Загвар нь ч гэсэн хуучин шүү дээ. Бид байсан саналуудаас хамгийн хямд нь. Жишээ нь өрсөлдөж байсан Австрийн компанийн техник бараг 3 сая ам.долларын үнэтэй байсан. Бидний авсан ВПРС-3 буюу хамгийн сүүлийн загвар юм.  мөн “1 сая ам.долларынх ч байсан” гээд байгаа нь ВПРС-2-ын үнийн санал юм л даа. Худалдаж авах үед хэрэв хямд үнэтэй боломжийн загварын техникийг санал болгосон бол бид мэдээж хамгийн хямдыг нь л сонгох байсан.

-Дэд сайддаа машин аваад өгчихлөө гэдгийн тухайд?

-Дэд сайд Б.Цогтгэрэл Ерөнхий хорооны монгол талын дарга юм шүү дээ. Түүнд зориулсан төсөв гэж бий. Төсөвт нь унааны зардал гэж байдаг. Улсын төсвөөс нэг дэд сайддаа унуулах машиных нь зардлыг УБТЗ даагаад явж байгааг зөв талаас нь харвал тийм ч гаж зүйл биш байх.

-Сайд асан М.Зоригтоос машин худалдаж авсан билүү?

-Тэгсэн, 2016 оны 12 дугаар сард авсан. Ниссан патрол Y-62 загварын, нэг жил унасан, 25-30 мянган км зам туулсан шинэ машиныг худалдаж авсан. Сайхан эдэлсэн, нэлээд тоноглосон эд байсан. Нэг бүрийг нь 150 сая төгрөгөөр худалдаж аваач гэсэн саналыг сайдын ажлаа өгсөн хойно М.Зоригт хэлсэн. Тэгэхэд “Моннис”-оос үнийн судалгаа авахад ямар ч тоноглолгүй, шинэ нь  198 сая төгрөг гээд байсан юм билээ. Одоо бол 210 гаруй сая төгрөг болсон байна билээ. Тэр машинуудыг үнийг нь буулгасаар нэг бүрийг нь 130 сая төгрөгөөр авсан юм. Машин хэрэгтэй байсан. Авто тээврийн паркийн маань 60 хувь нь ашиглалтаас хасагдсан, засвар авахааргүй, хуучин машин байдаг. Тийм машинаар албан үүрэг гүйцэтгэж яваад ямарваа осол болбол яах вэ. Ингээд хоёрыг ч атугай авъя гэсэн Ерөнхий хорооны шийдвэрээр авсан бөгөөд байгууллагадаа ашигтай наймаа хийсэн л гэж боддог.

-Түлшний онцгой татварын төлөх ёсгүй боловч төлсөөр ирсэн татварыг УИХ дээр шийдвэрлэхээр болсон билүү?

-Энэ чинь бас гомдол болчихоод байгаа. “УБТЗ” ХНН 1949 оны хэлэлцээрийн дагуу онцгой татвараас чөлөөлөгдсөн байдаг. Энэ онцгой татварыг төлөх болсон нь Орос, Монголын харилцаанд ч садаа болдог. УБТЗ сайн дураараа 1998 оноос 2015 оныг дуустал нийт 78.9 тэрбум төгрөгийн онцгой татвар төлсөн байдаг. УБТЗ түлшний онцгой татвараас чөлөөлөгдөхийг хуульд зааж 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр төлөх ёсгүй татвар төлснөө буцаан авч техник технологийн шинэчлэлдээ зарцуулахаар Засгийн газар, УИХ-аар хэлэлцэж байгаа. Гэтэл намайг төлсөнгүй гээд гомдол гаргачихаад байгаа юм билээ. Тайлбараа гаргаж өгсөн.

-Найз Б.Дэлгэрсайханыхаа “Болд төмөр ерөө гол”-д арай л хямд тарифаар үйлчилсэн гэдэг асуудал байдаг.

-УБТЗ тээвэрлэлтийн тариф өөрөө тогтоох эрхгүй. Ерөнхий хороо шийддэг. Манай экспортын гол бүтээгдэхүүн төмрийн хүдэр Хятадын зах зээлд гарахад тээврийн зардал нь борлуулалтынхаа тал хувийг эзлээд байсан. Ийнхүү  өрсөлдөх чадвар нь буураад байгааг харгалзан үзэж экспортын төмрийн хүдрийг тээвэрлэхдээ хөнгөлөлт үзүүлье гэсэн шийдвэр гарч энэ нь зөвхөн Б.Дэлгэрсайханы компани гэдэгт биш нийт төмрийн хүдэр тээвэрлэгч бүх компанид үйлчилсэн. Үүнээс гадна өнгөрсөн жил Ерөнхий хорооноос чингэлэг тээвэрлэх тарифт 15 хувиар хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Эдийн засгийн энэ хөшүүргийн үр дүнд манай нутгаар 2016 онд 169 галт тэрэг явж байсныг бид 2017 онд 557 болгож 3.3 дахин нэмэгдүүлсэн.

-Ийст вийнд тээвэр зуучийн компани таных уу?

-Захирал нь манай ангийн найз. Би тэр компанид хамааралгүй, хувьцаа эзэмшдэггүй. Найзууд учраас л харддаг байх.

-Таныг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж байгаа юу?

-Одоогоор мэдэгдсэн зүйл алга. Таны хэлсэнчлэн “ТМХС Монгол”-ыг олохгүй бол асуух л байх. Миний ойлгосноор нэгэнт манай байгууллагатай хамтарч ажиллахгүй учраас татан буугдсан байх. “ТМХС Монгол”-ын ажилтнууд хоорондоо ямар нэг шалтгаанаар маргаж заримыгаа цагдаагийн байгууллагаар шалгуулах болсон, түүний дагуу манайхаас холбогдох материалыг хүссэн байх гэсэн бодолтой байна.

-Нээлттэй ярилцсан танд баярлалаа. “Зангиагаа засаад очиж” шалгуулаад зөвдөх шиг сайхан зүйл хаа байхав. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.