Дэлхийн насыг тогтоох нь
XVIII зууны дундаас гарч ирсэн шинжлэх ухааны баримтуудаас үзвэл дэлхий урьд төсөөлж байснаас хамаагүй хөгшин гэдэг нь илэрхий болжээ. Энэ бүхэнд геологийн ухааны оруулсан хувь нэмэр их боловч дэлхийн насыг тогтоох гол түлхүүр нь эцэстээ физик болж таарсан юм.
Дэлхийн насыг тогтоох нь
НЭПКО хэвлэлийн газрын эрхлэн гаргасан ШИНЖЛЭХ УХААН номын хэсгээс.
XVIII зууны дундаас гарч ирсэн шинжлэх ухааны баримтуудаас үзвэл дэлхий урьд төсөөлж байснаас хамаагүй хөгшин гэдэг нь илэрхий болжээ. Энэ бүхэнд геологийн ухааны оруулсан хувь нэмэр их боловч дэлхийн насыг тогтоох гол түлхүүр нь эцэстээ физик болж таарсан юм.
Дэлхийн насыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлохыг оролдсон анхны хүн бол XVIII зууны үеийн Францын байгаль шинжээч Конт дө Бюффон юм. Тэрбээр дэлхий үүсэхдээ халуун хайлмаг бөмбөлөг байсан тул түүний насыг өнөөг хүртэл хөрсөн хугацаагаар нь тооцож болно гэж үзжээ. Бюффон бээр дэлхийн насыг 75,000 жил гэж тооцоолсон нь уламжлалт үзлээс нэн хэтийдсэн юм. Тэрээр сүм хийдийн улайрсан эсэргүүцлийн улмаас энэ итгэл үнэмшлээсээ татгалзсан боловч дэлхийг хэдхэн мянган жилийн настай гэх үзэл нэгэнт үеэ өнгөрөөж эхлээд байлаа.
Чулуулгийн үе ба чулуужсан үлдвэр
Чулуулгийн үе ба чулуужсан үлдвэрийг (үз: х. 186-87) судалсны дүнд чулуулгийн хуримтлалын харьцангуй дарааллыг тогтоох болжээ. Геологичид тунамал чулуулгийн үеүд ялгаатай хугацаанд хуримтлагдах бөгөөд маш зузаан чулуулгийн үелэл хуримтлагдахад хэдэн сая жил зарцуулагдах учиртайг аажмаар ойлгож эхлэв. 1800 он гэхэд хаана оршихоос нь үл хамааран нэг ижил чулуужсан үлдвэр агуулж буй чулуулгийн бүх үе давхаргын нас ижил байх ёстой гэж үзэх болсон. Хэдий тийм ч геологичид чулуулгийн үе тус бүрийн үнэмлэхүй насны талаар аанай л бүрхэг ойлголттой байлаа.
Дэлхийг маш урт настай гэж үздэг XIX зууны хамгийн нөлөө бүхий эрдэмтдийн нэг нь Чарлз Лаелл (баруун талыг үзнэ үү) байв. Тэрээр 1830 онд хэвлэгдсэн Геологийн үндсүүд номдоо дэлхийг хэдэн зуун сая жилийн настай болохыг үнэмшилтэй тайлбарласан юм. Түүний аажим өөрчлөлтийн тухай сургаал Чарлз Дарвины Хувьслын онолд (үз: х. 200-201) зохих нөлөө үзүүлжээ.
Дэлхийн хөрөх үзэгдэл ба давсан цаг
1862 онд энэ салбарт шинэ хүн орж ирсэн нь олонд хүндлэгдсэн ирланд гаралтай физикч Лорд Кэлвин юм. Тэрээр Бюффоны нэгэн адил дэлхийн насыг хайлмал байдлаасаа хөрч царцах хүртэлх хугацаагаар тооцоолж болно хэмээсэн. Кэлвин физикийн шинэ онолуудад үндэслэн дэлхийн насыг 24-400 сая жилийн хооронд гэж үзээд, дараа нь үүнийгээ 20-40 сая жил хэмээн өөрчилжээ. Түүний дүгнэлт геологич, биологичдыг ихэд цочирдуулсан ба цөөн хэд нь л энэ тооцоог байгаль дээрх ажиглалттай нь нийцэж буйг хүлээн зөвшөөрсөн юм.
1899 онд Ирландын физикч Жон Жоли “давсан цаг” хэмээх дэлхийн насыг тогтоох шинэлэг арга сэджээ. Жил бүр голын усаар дамжин их хэмжээний давс далайд ордог. Иймд далайн давслаг одоогийн түвшиндээ хүрэх хүртэл хэдий хэмжээний хугацаа шаардагдсанаар далайн насыг тогтоож болно гэсэн үндэслэл дэвшүүлжээ. Тэрээр энэ хугацааг 80-150 сая жилийн хооронд байх ёстой гэжээ. Гэсэн ч Жоли давс үүсэх нь байнга үргэлжилдэггүй, геологийн үйл явцын дүнд далайгаас байнга зайлуулагдаж байдгийг харгалзаагүй учир түүний тооцсон нас бас л хэтэрхий бага байлаа.
Цацраг идэвхт чанар
XIX зууны төгсгөл үед физикийн шинжлэх ухаанд гарсан нэгэн томоохон дэвшил дэлхийн насыг бодитоор тогтоох үндэс болжээ. Энэ нь 1896 онд Францын эрдэмтэн Анри Бэккэрэлийн нээсэн цацраг идэвхт чанар (үз: х. 302-303) юм. Юуны өмнө, дэлхийн дотоод дулааны эх үүсвэр нь уран зэрэг цацраг идэвхт элемент болохыг нээжээ. Ийнхүү ийм дулааны эх үүсвэр байхгүй гэсэн Кэлвиний тооцоо няцаагдав.
1900-аад оны эхээр цацраг идэвхжил нь зарим төрлийн чулуулгийн үнэмлэхүй насыг тодорхойлох байгалийн “цаг” (доорхыг үзнэ үү) болж өгдгийг тодорхойлсон нь бүр ч том амжилт байлаа. Америкийн химич Бэртрам Болтвүүд дээрх санаанд үндэслэн янз бүрийн чулуулгийн дээжийн насыг тогтоохыг оролдсон нь 265 сая жилээс 2 тэрбум жилийн өмнөх цаг үеийг хамарч байв.
Шинжлэх ухааны хүрээнийхэн эхэндээ “цацраг идэвхээр нас тогтоох” шинэ аргад эргэлзэнгүй хандсан боловч АНУ-ын Алфрэд Нийр, Английн геологич Артур Холмс нарын изотопын судалгааны ажлын дараа аргагүй хүлээн зөвшөөрчээ. Холмсын 1947 онд зохиосон дэлхийн түүхийн үечлэл орчин үеийн тооцоотой бараг л дүйжээ.
Гэвч дэлхийн насыг тогтоох эрэл ингээд дуусчихаагүй юм. Ер нь дэлхий царцдастаа байгаа аль нэг чулуулаг бүрэлдэхээс өмнө үүссэн байж яагаад болохгүй байх билээ? Ингээд эрдэмтэд Нарны аймаг дотроос дэлхийтэй зэрэг үүссэн солир зэрэг биетийг судлах болжээ. 1955 онд Америкийн геохимич Клэйр Паттэрсон химийн найрлагаараа дэлхийтэй таарах солирын хэлтэрхийн насыг цацраг идэвхийн аргаар тодорхойлж үзэхэд 4.55 тэрбум жил гэсэн хариу гаргасан байна. Энэ бол өдгөө нийтээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн нас юм.
НЭПКО хэвлэлийн газрын эрхлэн гаргасан ШИНЖЛЭХ УХААН номын хэсгээс.
НЭПКО хэвлэлийн газар
НЭПКО хэвлэлийн газар
Томоор үзэх бол зураг дээр дарна уу.
misheel
ariunaa
temka
nomiko
nomiko_0508
nomiko_0508
Зочин
Зочин
Зочин
hm
Зочин
Зочин
180.235.184.148-d
122.201.18.141
Зочин
Зочин
Зочин
122.201.18.21 unuuh ertnii tanil baih shiv
Зочин
MGL
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
FORBIDDEN ARCHEOLOGY
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Unshigch
Bi
.
bi
Unshigch
Зочин
ГАЙХЛАА ШДЭЭ
Заяа