Пүрэвдоржийн тарни
Хонь хариулж яваад нэг сонины тасархай олоод бөөн баяр болов. Тэр үед сонин олсон хүн баярладаг байж. Ядаж тамхи орооно, бэлэг бооно, гал ноцооно, гарын тос арчина, биедээ хэрэглэнэ. Мэдээж хэрэг, бичиг мэддэг бол уншина. Сонирхолтой нь сургуулийн өмнөх насны хоньчин хүү сүүлийн шалтгаанаар олзондоо баярласан юм даа.
Золигийн “Таван хархүү”-гээс болоод муухан үсэглэдэг болчихсон байсан тул унших бөөн хорхой. Таван хархүү нийлээд надад үсэг заасан юм биш. За даа, заасан ч гэсэн болно. Энэ бол үлгэрийн номын нэр. Уг номд орсон гоё үлгэрүүдийг хүнээр уншуулан чагнадаг байсан.
Гэтэл тэд зав зай муутай юм хэлээд уншиж өгдөггүй, би чаддагаараа эмээдээ зарга мэдүүлэн, хамтдаа бараг л иргэний хөдөлгөөн байгуулж тэмцээд амжилт олсонгүй. Гэтэл эмээ маань хэлж байна “Миний хүү өөрөө бичиг сураад авчих. Хүн гуйхгүй амар” гэдэг байгаа. Би жаахан эргэлзэж, эмээ минь зоригжуулж, эрдмийн аянд мордон, дармал үсэг цээжилж гарлаа. Таван хархүү-гээс цаашаа унших юм олддоггүй. Даалимбаны шошго гээд бугын зурагтай, бичигтэй гоё юм байх. Даанч бичгийг бардаггүй. Арга байхгүй, тэнд оросоор “Хлопчтобумажная фабрика...” гэхчлэн байдаг юм чинь, надаас цаадах нь мөлтлөхгүй.
Өнөө “Таван хархүү”-гээ уншаад ч ойлгосон юмгүй. Нэг үгтэй ноцолдож байтал өмнөх өгүүлбэр байтугаа үг мартагдаад арилна. Харин нэг удаа бүтэн сонин олоод том үсгээр бичсэн юмнуудыг уншаад үзчихсэн гэж байгаа. Утга зохиол урлаг сонины тэр дугаарын гарчгууд “Аюушийн Паламыг таних уу”, “Түгжвэл зохих хаалга”, “Эмээлээ үүрсэн төлөөлөгч” гэхчлэн одоо ч сэтгэлд дурайх бөлгөө.
Харин намрын салхинд хийсч яваад дэрсний толгойд тээглэсэн сонинытасархай урьд өмнө байгаагүй, ер төсөөлөөгүй гайхамшигт ертөнцийг миний өмнө нээж өгөх хувь ерөөлтэй байжээ. Сонины тасархай дээр дүүрэн ачаатай олон машины зураг байх ба түүний дор
Санасан зорьсон хэрэг бүтэх
Алтан шар зам тийшээ байна
Сайхан учрал зэрэг бүрдэх
Аяны жолоо дээшээ байна гэж бичсэн байлаа.
Тэр үгсийг уншмагц нэг л сэтгэл хөөрөөд, дотроос юм огшоод явчих санагдсан юм. Эхэндээ надад эрдэнэс шиг гайхамшигт үгсийн бөөм мэт төсөөлөгдөв. Хүмүүс зүгээр л хоорондоо ярихдаа хэрэглэж, өлссөн, цангасан, эрхэлснээ ойлгуулдаг хэрэгслэл болох үгс гээч юм яаж нийлэхээрээ ийм гоё болдог юм бол гэж бишрэн гайхсан нь тэр байлаа. Үгс яаж, аль углуурга(модон эдлэлээр бол), ямар амаараа(хана дугуйлдгаар бол) нийлээд, юу гээч болчихвоо. Алтан, зам, тийшээ, санасан, байна, хэрэг бүтэх, зорьсон, дээшээ, жолоо, аян, зэрэг, бүрдэх гэчлэнгийн, мөрөөрөө байхдаа хэнч анзаарахгүй юм (үг)-нууд ямар эрэмбэ дарааллаар эвлэлдэн ийм гоё болсон юм бол оо?
Анх удаа бүтэн өгүүлбэр, шүлгийн шадыг бүхлээр нь уншсан маань ч тэр байж. Шүлэг, яруу найргийн шад, бадгийн тухай анхны ойлголтгүй миний сэтгэл зүрх “энд нэг гоё юм байна” гэж шивэгнээд байлаа. Тэнд “учрал”, “аяны жолоо” гэдгээс эхлээд сайн ойлгохгүй хэллэг зөндөө ч бүхлээрээ л нэг тансаг юм. Сэтгэл хөглөгдөн хэд хэд уншсны дараа ой тойнд өөрөө шингэлээ.
Хамгийн анхны цээжилсэн шүлэг, ерөөсөө ном, бас анхны тарни тэр байлаа. Элэнц хуланцийн номон дотроос олдсон үйлс бүтээх, зам засах тарни шившлэг мэт энэ мөрүүд миний сэтгэл зүрхний хүслийг сэрээж, холын даллан дуудсан бөлгөө. Завхан голын ар Цагаан булангийн дэрсэн дунд тэр мөрүүдийг уншчихаад босохдоо би огт өөр ертөнц рүү хөл тавилаа. Сэтгэл зүрхнийхээ дуудлагыг анх сонссон минь тэр байлаа. Өнөө болтол тэр дуудлага, оюун санааны гүнд хангинан, явах зүгийг минь заасаар бөлгөө. Тийм ээ, Алтан шар зам тийшээ байна.
Харин энэхүү гайхамшигт үгсийн бөөмнөрөл бол шүлэг гээч бөгөөд Д.Пүрэвдорж гэдэг хүний зохиол. Нийтийн дууны мастер З.Батсүх ая хийсэн “Алтан шар зам”-ын дахилт гэдгийг бөөр сүүлд мэдсэн.
Бид нүүдэлчдийн удам. Нүүдлийн замд төрөөд, нүүдлийн замд өсч, өндийж өвгөрч, нүүдлийнхээ замаас буцдаг. Аян замд амьдардаг монголчуудын амны дуу нь чухамхүү дээр өгүүлсэн дахилттай “Алтан шар зам” байлаа.
Шашин номоос хагацсан зурвас үеийн монголчуудын аян замын ерөөл, үйлсээ даатгах тарни энэ дуу байлаа. Монгол хүний амнаас салдаггүй энэ дуу түг түмэн хүний амаар, сая живаа удаа дуулагдсаар, улс үндэстний сэтгэл зүрхэнд аравнайлагдсан юм. Монголчууд “Алтан шар зам тийшээ байна, аяны жолоо дээшээ байна” хэмээн дуулсаар хөгжин дэвжиж, өөдлөн өндийж ирсэн билээ.
Д.Пүрэвдорж шинэ үеийн буюу ХХ зууны монголын яруу найргийг голлон бүтээгч төдийгүй. Тэр бол ХХ зууны монголын иргэний уянгын яруу найраг биеэрээ юм. 1920-иод онд Д.Нацагдорж нарын үүсгэсэн хувьсгалт уран зохиол 1960-аад оноос төгөлдөршин шинэ үеийн утга зохиол, түүний төрх төлөв, бичгийн хэлийг бий болгосон.
Энэ нь 1940-өөд оноос эхэлсэн бичиг үсгийн шинэчлэлтэй холбоотой юм. Улс орны нүүр царайг шинэтгэсэн соёлын довтолгооны үрээр хүн ам бичиг үсэгт тайлагдаж шинэ үеийн утга зохиолыг бүтээгч ба хэрэглэгч зэрэгцэн өсч торнижээ.
Ийнхүү орчин үеийн монголын хүүрнэл зохиол, жүжиг, яруу найраг ба түүний зохиогчид бойжин төлөвшсөн. Хүүрнэл зохиол С.Эрдэнэ, С.Дашдооров, Ч.Лодойдамба... Тайз дэлгэцийн урлаг Д.Намдаг, Л.Ванган..., баримтат уран сайхны бүтээл Л.Түдэв гэхчлэнгийн өөр өөрийн эцгүүдтэй билээ.Шинэ цаг үед оросоор дамжуулан өрнийн боловсрол эзэмшсэн авъяастнууд энэ шинэчлэлийг хийхдээ ардын уламжлалт сэтгэлгээ, хэлбэрийг хадгалсаар явжээ.
Ялангуяа яруу найрагт энэ үзэгдэл их тод. Алтайн магтаал , гэрийн ерөөл зэрэг эх орныхоо байгаль, газар орон, баялгийн тухай болон айл гэрийн бэлгэдэлт зүйлсийн тухай ойлголтыг шүлэг аялгуунд шингээн хүн ардын сэтгэл оюунд хадгалуулдаг аргыг Д.Нацагдорж үргэлжлүүлэн “Миний нутаг”-аа бичсэн шиг.
Яг л энэ мөрөөр олон арван бүтээл төрсний дундаас Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол”, П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” онцгойрон үлджээ.
Энэ дундаасаа Д.Пүрэвдоржийн яруу найрагт нэгэн онцгой чанар бий. Тэр гоё хэлдэг хүн биш, яруу хэлдэг хүн биш, онож дүрсэлдэг хүн биш, сайхан хэлдэг хүн бүр биш. Д.Пүрэвдоржийн бүтээлийг уншихад бурханы гараар ч юмуу, байгалийн хуулиар нэгэнт бүтээгдчихсэн байсан зүйлсийг гаргаж ирж харуулаад байгаа юм шиг сэтгэгдэл надад төрдөг. Тэрээр лусын яруу сайхны сангийн ажилтан ч юм уу гэмээр. Анх “Алтан шар зам”-ын ганц бадгийг уншихад л тэгж санагдсан, “Сумын наадам”, “Тусгаар тогтнол”, “Орчлонд бид азтай төржээ” бүгд л тэгж бодогдсон. Ертөнц өөрөө яруу найраг бөгөөд бид энгийн нүдээр түүнийг үздэггүй. Харин яруу найрагч түүнийг авч ирээд үзүүлээд ч байх мэт.
Тийм болохоор цээжлэхэд амархан. Бараг л нэг уншихад л ой ойнд шингээд үлдэнэ. Ерөөсөө тэр шүлэг миний дотор байсныг л яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж гээч нөхөр сануулан сэрээсэн аятай. Заримдаа тэр шүлгийг ерөөсөө би өөрөө бичсэн юм уу, надад угаасаа байсан аятай мэдрэмж төрдөг.
Түүний шүлэг монгол хүн бүрт ойлгомжтой, танил. Учир нь тэр ХХ зууны монголын яруу найраг биеэрээ байлаа.Үнэхээр тийм, монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд буй нүүдэлчний гуниг жаргал нэвт шингэсэн “Сумын наадам”, “Тусгаар тогтнол”, “Алтан шарзам” энэ бүгд угаасаа бидэнтэй хамт үүдэн бүтээгдсэн шиг. Ийм учраас яруу найрагч хоёр хуваагддагюм. Сайн муугаараа биш юмаа. Өөрийн санаагаа шүлэглэн бичиж өгдөг, бурхны санааг бидэнд олж өгдөг гэж.
Түүний туурвисан ердийн ерөөл ч гэсэн бичмэл биш олдмол, зохиомол биш төрмөл. Зүгээр л нэг ерөөлийн шүлэг түүнд бий. Нэр нь ч “Ерөөлийн шүлэг” санагдана.
Халуун сайхан сэтгэл юугаа
Хадаг болгож дэлгэн баръя
Ханийн сайхан та нарт хандаж
Ерөөл болгон өргөн баръя...
Өргөө чимэх бэр нэмье
Өлгий мялаах үр нэмье...
...Тал дүүрэн мал нэмье
Таван тансаг идээ нэмье
Та бүхэнд жаргал нэмье...
Ийм ерөөл угаас хээр талын дунд өөрөө үүдсэн мэт, тэрхүү өөрөө үүдсэн шидэт үгсийг Д.Пүрэвдорж гэгч үзмэрч хараад бидэнд тайлан өгүүлсэн мэт.
ХХ зууны жараад он бол монголын түүхнээ хамгийн оргилуун бадрангуй үе. Их аллага хүчирхийлэл харьцангуй намжиж, хүн ард нь боловсрон соёлжиж, нийтээрээ бичиг үсэг сурч, тусгаар тогтнол бодитой болсон цаг. Улс орон хийгээд хүн бүрийн амьдралд өдөрт л нэг шинэ дэвшилт зүйл нэмэгдэж, тамирчид нь хүртэл анх удаагаа олимпийн медаль авчирсан үе. Монголчууд үндэстний хувьд сэргэн мандаж байгаагаа анзаарч, өөрийгээ мэдэрч, сэтгэл бадарсан өдрүүд. “Хрушевийн дулаарал”-ын үрээр урлагт тавих хяналт ч зөөлөрч, дуу шүлэг бүхнээс улаан туг нэхээд байх нь багассан жилүүд.
Урлан бүтээхүй нь өөрөө оюун бодлын эрх чөлөөний илрэл учраас энэхүү зааг, зурвас чөлөөн дээр ХХ зууны монголын урлаг, утга зохиол сэвхийн өндийсэн билээ.
Сэвхийн өндийж буй тэр үеийн бүтээлүүдэд монгол үндэстний зүрх сэтгэлд үнэнээсээ бадарсан урам зориг, хөөр баяр нэвт шингээстэй.
Цаг үеийнхээ туршид монголчуудын амнаас салаагүй олон дууны шүлгийг Д.Пүрэвдорж бичсэн. Үг аялгуу хоорондоо зохирсон тийм дуу олонгүй. Нууцлаг ертөнцийн тайлагдашгүй орон зайд угаасаа тийм дуу байсан ба юунаас ч болсон нь бүү мэд, ая үг хоёр салаад төөрчихсөн байсан юм шиг. Үгийг нь Д.Пүрэвдорж, харин аяыг нь аль нэг хөгжмийн зохиолч олоод хамжин нийлүүлж, урьдын хэвэнд нь оруулсан мэт.
Түүний шүлгэнд шингэсэн, угаасаа нэгэн хэсэг нь байсан аялгуунууд аяндаа дуурьсан хөгжмийн зохиолчийн сэтгэлд буудаг байсан болов уу гэж бодогдмоор байдаг. Жишээлэхэд, Д.Пүрэвдоржийн шүлэг “Орчлонд би азтай төржээ” дуу бол эрин үеийн урам зориг юм.Үндэстний урам зориг нэвт шингэсэн энэ үеийн дуунууд өнөө ч бидний сэтгэлийн чавхдсыг хөглөсөөр.
ХХ зууны монголын хувьсгалт болоод иргэнлэг утга зохиол 1920-иод онд үүсээд 1990-ээд он дууссан. Чухамхүү наяад оны сүүлээр санаачлагдсан “Болор цом”- наадмын анхны шагналыг хүртсэн “Хүн төрөлхтөнд өргөх үг” найраглал энэ эрин үеийн хаалтын ёслол байлаа. Түүнийг мөн л Д.Пүрэвдорж бичсэн билээ. Тэр өөрийн бүтээсэн, өөрөө төлөөлсөн эрин үеэ бариан дээр нь хүргэж авчрах хувьтай нэгэн байсан ажгуу. Түүнтэй барьцах, жөтөөрхөх ямарч боломж байхгүй. Нэгэнт үлдсэн түүний “цаг үед” хэнч тэрний зиндаанд байгаагүй. Өнөөдөр бичсэн юмаараа ХХ зуунтай уралдах арга бас байхгүй.
Яруу сайхныг мэдэрдэг шигээ цаг үеэ ч сортоотой хардаг найрагч маань өөрөө ухаалаг маневр хийн дурсамж, баримтат уран сайхны бүтээл, хүүрнэл зохиол руу эргэж, олон тооны бүтээл туурвисан бөлгөө.
Одоогоос хориод жилийн өмнө эхэлсэн монголын утга зохиолын шинэ үеийн баатрууд өнөөдөр ид бойжиж туурвиж яваа. Хожмын маргаашийн, дараа үеийн Пүрэвдоржууд өнөө бидний дунд буй. Хэн ч түүнийг онцгойлон анзаарахгүй байгаа. Өөрөө ч тэр. Яг л солонгон дотор байгаа хүн солонгыг хардаггүй шиг.
gaabii
Зочин
Зочин
kkk
nasan
Зочин
зочин
танкист
халзан
Сэгсгэр
Зочин
goyo
goyo
Зочин
DASHKA
Зочин
Зочин
сайхаан...
Code
Uunees iluu yaj tugsguh ve
Зочин
zochin
unshigch
BI
Зочин
нүүдэлчний намар
Зочин
GAL
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
SK
нано
Badma
Зочин
жагаа
Зочин
Зочин
жагаа
Зочин
жагаа
Зочин
Зочин
эргэлт
эргэлт
ЦЭНД Н.
Зочин
Зочин
Ану
bata
Зочин
Aagii
Базараа
мунхаг
Базараа
уншлаа
Зочин
үл итгэгч
Зочин
Зар
үл итгэгч
өврийн хангайн хү
Зочин
уншигч
çî÷èí
жагаа
Зочин
Зочин
zochin
ТИЙМЭЭ
Nox
Jo
zochin