Швейцарийн төвийг сахих ба Монгол
Төвийг сахина гэдэг нь Швейцарийн туйлын зорилго бус тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг нь хангах арга зам, төвийг сахих бодлого нь уян хатан байх ёстой.
“Засгийн газрын мэдээ”, 2015.12.01 № 230 (253)
Нэг. Европын улсын хувьд тэдний бодлого нь зөв
УИХ-д өргөн баригдаад буй Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн III бүлгийн 1-р зүйлд “Энэ хууль нь Монгол Улс байнга төвийг сахихтай холбогдсон харилцаанд хамаарах бөгөөд тус улсаас бусад улстай улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бусад салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхтэй холбогдсон харилцаанд хамаарахгүй” хэмээн заасны үнэн мөнийг дэнслэхээр Швейцарийн ГХЯ-ны холбогдох нөхөдтэй зөвлөлдөв. Төвийг сахина гэдэг нь Швейцарийн туйлын зорилго бус тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг нь хангах арга зам, төвийг сахих бодлого нь уян хатан байх ёстой. Манай улс байнга төвийг сахих бодлого сонгосноороо хоёр талын харилцаанд өөрчлөлт орохгүй төдийгүй харин ч эерэг талууд гарч ирнэ гэж тэд зөвлөж байв. “Хүйтэн дайн” дууссанаас хойш тус улс гадаад бодлогоо эрс идэвхжүүлсэн, ялангуяа олон улсын янз бүрийн мөргөлдөөн хямралыг зохицуулахад дипломат ур ухаан, авьяас чадвараа нээн ажиллуулж байгаа. Үүнд зааг, хязгаар, загварчлал байхгүй хэмээн өөрсдөө үздэг. Төвийг сахих зарчмуудаа ч уян хатан болгож байна.
“Швейцарийн нейтралитет” (Швейцарийн төвийг сахих) гэж онцгой, чухал, өвөрмөц бодлого байдаггүй, өөрөөр хэлбэл тус улсын гадаад бодлого, хамтын ажиллагааг хязгаарласан, боймлосон тусгай зүйл байддаггүй тул ямар гадаад бодлого явуулах нь өөрийнх нь үзэмжийн асуудал байдаг аж. Гэхдээ энэ улс нь аль ч цэргийн эвсэл, Европын Холбооны гишүүн биш. Харин Европт болон дэлхийн дахинд гарсан өөрчлөлтүүдийг гадаад бодлогодоо тусгахыг хичээх болсон. Европын Холбооны интеграц хүрээгээ тэлж буй тул төвийг сахих зарим зарчмаа зөөлрүүлж, 2001 онд Швейцарь-Европын Холбооны салбарын гэрээний эхний бүлэг гэрээ, 2004 онд хоёр дахь бүлэг гэрээ байгуулсан, үүгээр энэ улсыг Европын Холбоонд альтернатив байдлаар нэгдчихсэн гэж үздэг. 2005 онд явуулсан нийт үндэсний референдумаар Швейцарийг Шенгенийн гэрээнд оруулсан, гэвч Европын Холбоонд нэгдэх тухай асуудал бол стратегийн зорилт биш, зөвхөн хамтын ажиллагааны нэг боломж гарц юм гэх үзэл тэр улсад давамгайлсаар байна.
Хоёр. Дотооддоо төвийг сахисан туршлага
“Швейцарь”, “Нейтралитет” гэдэг хоёр үг амьдрал дээр яг синоним үгс болжээ. Швейцарийн эрдэмтэн Эдгар Бонжурын хэлснээр швейцарийн нейтралитет гэдэг ойлголт швейцарь улс үндэстэн үүссэн цаг үетэй хамт буй болжээ. XIII-XIV зууны үед феодалын олон гүнлэгүүд өвөр хоорондоо ширүүн тулалдаж, цус их урсаж байх үед «stille zu sitzen» (үгчилбэл номхон хүлцэнгүй, дуугүй сууж бай) гэдэг ийм нэг хэлц үг гарсан нь хожим нейтралитет буюу төвийг сахих гэж хэвшсэн аж. Швейцарь нь төвийг сахина гэдгээ тусгаар тогтнол, эв нэгдэл, Швейцарийн эрх ашгийг хамгаалах, өөрийн улс үндэстний онцлог төрхөө хадгалах гол хэрэгсэл, ялангуяа улс үндэстнээ нэгтгэх, зохион байгуулах нэгтгэгч үзэл суртал, конфедерацын төрийн шинэчлэлд тулгуур үзэл хэмээн үздэг байна.
Тус улс 2324 коммун, тэдгээрийг нэгтгэсэн 26 кантонтой. Тэр 26 муж улс нь нэгдэж нийлээд нэг конфедерац буюу “Холбооны Улс”. Үндсэн хүн ам нь 4 хэлээр ярина: 64.9 хувь нь германаар, 22.6 хувь нь францаар, 8.3 хувь нь италиар, 0.5 хувь нь романш хэлээр, үлдэх 21 хувь нь гадаад хэлтэнгүүд. Бас олон шашинтантай: 38.2 хувь нь роман католик, 26.9 хувь нь протестант, 4.9 хувь нь лал, 7.3 хувь нь бусад шашин, 21.4 хувь нь шашингүйчүүд. Ийм олон аймаг, сум, хэлтэн, шашинтны улсад төвийг сахисан байдлаар л улс төрдөө хандсан байна.
Юуг хэлж байнав гэхлээр төр-засгийн бүтэц нь нэн энгийн, авсаархан, бүх төр, засаг нь нэг байшинд төвлөрсөн, холбооны улсын гүйцэтгэх засаглал нь Холбооны Зөвлөл, хууль тогтоох засаглал нь Холбооны Ассамблей, шүүх засаглал нь Холбооны Дээд Шүүх. Холбооны Зөвлөл буюу Засгийн газар нь 7 гишүүнтэй, 8 дахь гишүүн нь Холбооны канцлер. Тэр нь ЗГХЭГ-ын дарга нь бололтой. Ерөнхийлөгч гэж нэрлэгдээд байгаа хүн нь тэр улсын Төрийн тэргүүн биш гэхчлэн. Ерөнхийлөгч нь төр тэргүүлдэггүй цорын ганц улс л тэр байна.
Гурав. Авсаархан төрийн туршлага Монголд хэрэгтэй баймаарсан
Тус улсын Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогдохгүй, парламентаас нэг жилээр сонгогдоно. Тэрээр аль нэг яамны сайд байхын сацуу Засгийн газраа нэг жилээр тэргүүлнэ. Нэг жилийн настай танхимын тэргүүн. Танхимын дараагийн нэг сайд нь хойтон жил Ерөнхийлөгч болно. Бас нэг сайд нь Дэд ерөнхийлөгчийг ганц жил давхар хашина. Энэ мэт ээлжлээд байна. Одоогийн Ерөнхийлөгч нь Шүүх ба цагдаагийн яамыг 2010 оноос толгойлж буй хатагтай Симонетта Соммаруга. Тэрээр 2014 онд Дэд ерөнхийлөгчөөр хавсран ажилласан. Тэнд Холбооны Засгийн газрын яам нь “яам” гэж нэрлэгдэхгүй, Холбооны Департамент гэнэ, сайдыг нь “сайд” гэж нэрлэдэггүй, Холбооны зөвлөх гэнэ.
Энэ нь сайд дарга гэж онцгой эрх дархтай, нэр хүндтэй эрхмүүд байдаггүй, өөрөөр хэлбэл улс төрдөө төвийг сахиж буй хэлбэр нь болох аж. Парламент нь хоёр танхимтай. Үндэсний Зөвлөлд нь 200 гишүүнийг 8.2 сая ард түмнээсээ пропорциональ санал хураалтаар 4 жилээр сонгоно. Төрийн Зөвлөлийн 46 гишүүнийг засаг захиргааны нэгж-кантонуудаас (муж улс) сонгоно. Хоёр танхим нь нийлээд Нэгдсэн Холбооны Ассамблей гэж нэрлэгддэг, дэлхий нийтийн жишгээр бол парламент нь. Парламент дахь суудлын тоогоор тэр 7 яамны сайд нь тодорно. Гэхдээ их хурлын 246 гишүүнийг улс тэжээж, цалинжуулж, тэднээр хууль тогтоолгож суугаа гэсэн үг биш. Бүгд дор бүрнээ хийдэг үндсэн ажлаа (багш, эмч, хуульч, инженер, банкир, фермер, төрийн албан хаагч, урлаг соёлын гэх мэт) хийгээд явна, чуулгандаа ирж оролцоно. Эндээс ажвал төр-засаг нь ч төвийг сахих нэрэндээ тохирсон мэт. Үнэндээ тэнд албан тушаал сонин биш юм байна. Төр-засгийг хэн ч сонирхохгүй.
Харин швейцарьчуудын байнга хийдэг, залхвал залхмаар нэг айхтар ажил байнаа. Тэнд байн байн ард нийтийн санал хураалт явуулна. Барилга байшин барих, зам тавих, гүүр барих нураахаас эхлээд НҮБ-д элсэх хүртэл бүх асуудлаар ард түмнээр шат шатанд санал хураалгаж байна. Консенсус ба компромисс гэдэг синоним үгс нийгэмд хэвшсэн. Нийтийн тохиролцоо ба буулт хийлт гэж буулгаж болно. Энэ нь ч төвийг сахисных нь бэлгэдэл, үр дүн ажгуу.
Дөрөв. Харьцуулах адил ба адилгүй тал
Монголыг тус улстай харьцуулж, тэдний төвийг сахисан туршлагыг цаашдаа Монголын төвийг сахих бодлогод бүтээлчээр хэрэглэх тухайд эхлээд өнгөрсөн түүх, газар зүйн ба геополитикийн байршил, улсынхаа жин нөлөөг харилцан авч үзэх шаардлагатай.
Түүхэн адил тал: Хоёул далайд гарцгүй, эх газарт түгжигдсэн. Хоёул их гүрнүүдээр хүрээлэгдсэн, хүрээлэгдэж явсан, хоёул жижиг улс. Монголд Орос, Хятад гэж хоёр гүрэн хөрш нь байж ирсэн. Түүхнээ энэ хоёрын эрхшээлд орж, чирэгдэж, зөрчил мөргөлдөөнд нь нэг талд нь цэргийн холбоотон болж, нөгөөхийг нь эсрэг дайнд бэлтгэж байлаа. Швейцарь нь түүхэн нэгэн үед Герман, Франц, Австри-Унгар, Итали гэсэн 4 гүрний хүрээлэлд, ялангуяа Герман, Францын хөлд чирэгдэн, тэдний өвөр хоорондын дайнд татагдаж орох, дагалдан дайнд орох, тэдэнд ялагдах эзлэгдэх, эсвэл нутгаа ашиглуулах эрсдэлтэй олонтаа тулгарч байсан зэрэг шалтгаанаар төвийг сахихаас аргагүй байдалд орсон гэж швейцарьчууд үздэг.
Түүхэн адилгүй тал: Швейцарь нь колонийн гүрэн байгаагүй, эзэнт гүрэн байгаагүй, тийм түүхгүй учраас төвийг сахихад илүү хялбар байсан бололтой. Түүхэндээ ямагт жижиг, ядуу, буурай улс байсан, цэрэг тэжээх зардалгүй байснаас дайн тулааны хөлд нэрвэгдэхгүй гэж, тэсч үлдэхийн тулд л төвийг сахисан, бас дотооддоо эв нэгдлээ бэхжүүлэхийн тулд төвийг сахисан гэж тэд ярьж байна. Тэгвэл Монгол бол дэлхийн түүхнээ эзэнт гүрэн явсан, ХХ зуунд Монгол нь хувьсгал, тэмцэл, хэлмэгдэл, дайн тулаанд оролцсон, нутагтаа дайн хийлгүүлсэн, “Хүйтэн дайн”-ы фронтын дорнод жигүүр явсан, хоёр хөршийн геополитикийн өрсөлдөөнд шатрын хүү болж явсан гэх мэт.
XX зууны түүхэн их үйл явдлын өртөлтийн үе буюу дэлхийн II дайн, “Хүйтэн дайн” (1938-1990 он) Швейцарьт ёстой падгүй мэт өнгөрсөн бол Монгол нь энэ үед л чухам гоцолсон, өөрийгөө ч зөвшөөрүүлсэн, хөгжил дэвшил энэ үед жигдэрсэн. Харин “Хүйтэн дайн” дууссанаас хойш хоёул гадаад бодлогоо нэн идэвхтэйгээр явуулах болсноороо адил тал дахин давтагдана. Швейцарь нь төвийг сахих уламжлалт, тууштай бодлогоо шинэ агуулга хэлбэрээр баяжуулсан бол Монгол нь олон тулгуурт, идэвхтэй, тэнцвэртэй, прагматик бодлогоо ерөнхийдөө төвийг сахих хэлбэрээр шинэ шатанд гаргасан. Түүнийгээ ч хууль тогтоомжоороо баталгаажуулан мөрдөж байна.
Тав. Манай гадаад бодлогод зуучлал нэмэгдэнэ
Швейцарийн гадаад бодлогод «найрсаг нөхцөл» гэх ухагдахуун байна. Тэр нь маргалдагч хоёр этгээдийн дунд гуравдагч этгээд болон оролцох гэсэн утга бүхий. Тус улсын зуучлах үүрэг олонтаа хэрэгжиж, амжилтад хүрч ирсэн. Дотооддоо кантонуудын хооронд зуучилж байснаас гадна хожим түүхнээ олон улсын томхон зуучлалыг 1870-1871 онд франц-германы дайны үед хэрэгжүүлжээ. Бүслэгдсэн Парист Бавар, Бадены гүнт улсын эрх ашгийг швейцарийн нэрт дипломатч Иоханн Конрад Керн анхлан төлөөлж гүйцэтгэснээс Швейцарийн олон улсын зуучлалын түүх эхэлдэг. Зөрчилдөгч хоёр улс дипломат харилцаагаа таслах үед тэдний аль алин нь нейтраль зуучлагчийг хайдаг ба сонголт ямагт Швейцарь дээр бууж байсан түүхтэй. Дайн мөргөлдөөнөө зогсоох утгаар бус өөрийн иргэдийн эрх ашиг ба үндэснийхээ ашиг сонирхлыг Швейцарьт итгэж даатгана гэдэг утгаар 1961 оноос АНУ-ын эрх ашгийг Кубад Швейцарь төлөөлж иржээ. Тэгснээ 1991 оноос Кубын эрх ашгийг АНУ-д мөн төлөөлж байв. Энэчлэн Египетэд Ираныг, Иранд АНУ-ыг, саяхны жишээ Гүржид Оросыг, Орост Гүржийг гэхчлэн төлөөлжээ.
Дэлхийн II дайнд энэ улс татагдан оролцоогүй ч нутаг дээрээ зуучилж олон бага хурал, уулзалт, хэлэлцээг зохион байгуулж байжээ. 1943-1944 онд 35 улсад тус хүргэсэн 219 зуучлалыг гүйцэтгэжээ. Ингэхдээ төвийг сахих имижээ ашигласан юм. “Хүйтэн дайн”-ы үед “Швейцарьт уулзацгаая” гэх хүсэлт эрэлт огцом өссөн. Солонгосын дайн, Вьетнамын дайн, Афганистаны дайныг дуусгасан олон талт яриа хэлэлцээ, Зөвлөлт-Америкийн хооронд стратегийн довтолгооны зэвсэглэл хорогдуулах олон шатны хэлэлцээ, “Хүйтэн дайн”-ыг дуусгах эхлэл тавьсан Горбачев-Рейганы анхны уулзалт бүгд Швейцарьт болж байв.
Тэгвэл “Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль”-ийн төвийг сахих бодлогын үндсэн зарчмууд хэмээх хэсэгт: 8.1. Монгол Улс даян дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ; 8.3. Дайны үед энх тайван тогтоож, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэлэлцээ хийх бололцоог хангах эрхтэй; 8.4. Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн хэмжээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна гээд Швейцарийн зуучлалын туршлагыг Монголд хэрэглэх бодлогыг шууд заагаад өгчихсөн байна. Энэ бол бодлогын заалт, бас зөвтгөх үндэслэл нь.
Нэгэнт л төвийг сахиж байгаа бол төвийг сахисан, энхийг эрхэмлэгч Монголд мөргөлдөгч талууд хандахыг үгүйсгэж болохгүй. Солонгосын хоёр улстай хоёулантай нь найрсаг харилцаатайн хувьд энэ асуудал босч ирж болно. Өмнө нь БНАСАУ ба Японы хооронд зуучилж байсан туршлага бидэнд бас бий.
Зургаа. “Дружественное молчание”
Энэ орос үгийг махчлан буулгавал “Найрсгаар амаа үдүүлэх”, “найрсгаар хэлээ хазах”, эсвэл “найрсгаар гөлийх” гэдгийн алин нь ч болно. Учир нь оросын бөмбөгдөгч онгоцыг турк сөнөөгөөд Орос-Туркийн хооронд нэг үгээр “Хүйтэн дайн” дэгдээд, Оросын тал ОДКБ (Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага) буюу цэрэг-улс төрийн эвслийн холбоотон Казахстан, Белорусс, Армен, Киргиз, Тажикистанаас дэмжлэг авах гээд, гэтэл цаадуул нь “Найрсгаар амаа үдүүлчихээд” байгаа бололтой юм. “Харамсалтай байна”, “Орос өөрөө учраа олог”, “Орос-Туркийн хооронд хүлцэл тэвчил зааж, хэлэлцээний аргаар асуудлаа шийд” гэх ерөнхий үгээр оросын чин хүслийг холбоотнууд нь хариулж байгаа аж. Уг нь ОДКБ байгууллагын дүрмийн дагуу олон улсын терроризмтой тэмцэхэд бүх гишүүд хүч чармайлтаа зохицуулж, нэгтгэнэ гэж заасан боловч Оросоос бусад ОДКБ-ын бусад гишүүд нь Туркийг олон улсын терроризмын хань хамсаатан гэж Орос шиг үзэхгүй, оросын онгоцыг сөнөөснийг түрэмгийллийн хэлбэр хэмээн үзэхгүй гүрийж байна. ОДКБ-ын Парламентын ассамблейг Петербургэд хуралдуулаад ОХУ санасандаа хүрсэнгүй. ОДКБ дахь холбоотнуудынхаа шийдвэргүй хулчгар байдлыг оросууд гайхахын цаагуур гайхжээ.
Энд Орос-Туркийн харилцааны хямрал ба ОДКБ эвслийн тухай оруулж байгаа жишээ бол хэтдээ төвийг сахих Монголд ямар байдлаар тусах вэ гэдэгт эргэцүүлэл хийх, шийдэл хайх гэснийх юм. ОДКБ эвсэлд төвийг сахих статустай улс нэг ч байхгүй атал тэд “Дружественное молчание” гэдгээр төвийг сахих байдлаа илэрхийлсэн байна. Тэд Турктэй тогтоосон харилцаагаа сүйтгэхийг хүсэхгүй байна.
ТУХН, Евразийн эдийн засгийн холбоо, ОДКБ эвсэлд багтдаг Оросоос бусад бүх улсууд нь Орос-Украины хямралын үед төвийг сахисаар байгааг бас анхаарах хэрэгтэй.
Энэ мэт авч үзвэл Монгол Улс хуулиа батлаж төвийг сахисан байдлаа яаравчлан дэлхийд зарлахгүй бол Орос-Туркийн харилцааны хурцдал шиг өөр олон хямрал биднээс байр суурь шаардаж, “чи хэний талд вэ” гэдгээр шалгуур болгож манай улсыг эвгүй байдалд оруулж мэдэх юм. Аль алинтай нь найрсаг харилцаатай, манай улсад алин нь ч хор хохирол учруулаагүй байгаа тохиолдолд тийм улсууд өвөр хоорондоо муудалцах, бүр дайтах хэмжээнд очихыг хувьсан өөрчлөгдөн буй дэлхий дахины үйл явц тулгаад гаргаад ирэхийг бид бодолцох учиртай болов уу. Харин тиймүүдийн хооронд зуучлах, эвээр зохицуулах, огтын харилцаагүй болбол аль нэгийг нь нөгөөд нь төлөөлөх зуучлалын дипломат бодлого Монголд хожоо авчрахаас хохирол болохгүй билээ.
-о0о-