-Хуульчид хараат бусаар ажиллана гэдгээ зарлачихлаа. Харин хариуцлагаа хэрхэн харж байгаа нь иргэдийн хувьд илүү чухал-

Монголын хуульчдын анхдугаар их хурал өнгөрөгч баасан гаригаас эхлэн Төрийн ордонд гурван өдөр хуралдав. Их хурлаар Монголын хуульчдын холбоо /МХХ/ хэмээх нийтийн эрх зүйт хуулийн этгээд буюу хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг байгууллаа. Өмнө нь Хуульч эмэгтэйчүүдийн холбоо гэх мэт ойролцоо нэртэй олон нийтийн байгууллагууд байсан авч тэр нь сайн дурын шинжтэй, ТББ-ын хэмжээнд ажиллаж байсан бол шинээр байгуулагдсан МХХ заавал гишүүнчлэлтэй, төрийн зарим эрх үүргийг өртөө шилжүүлэн авсан хуулийн этгээд гэдгээрээ онцлогтой.

Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуульчдын анхдугаар их хурлын гишүүдэд ирүүлсэн илгээлтдээ “Хуульчдын холбоо бол жирийн нэг төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын нэгдэл, холбоо биш. Энэ бол шүүх эрх мэдлийг хариуцлагатай, харилцан хяналттай, тунгалаг байлгах тогтолцоо юм. Иймд Хуульчдын холбоо илүү их хариуцлагатай, ил тод, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах ёстой. Ингэж чадвал цаашид шинээр байгуулагдах мэргэжлийн бусад холбоодод зөв үлгэрлэж чадна” гэдгийг анхааруулсан.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас хойш төрийн эрх мэдлийг багасгах, аливаа стандарт шаардлагыг батлах, хэрэгжүүлэх үүргийг мэргэжлийн холбоодод нь шилжүүлэх асуудал Засгийн газрын нэг зорилт болон яригдсаар ирсэн ч хууль зүйн салбарт анхлан хэрэгжиж эхэлж байгаа нь энэ. Өмнө “хамтарсан” гэгдэх С.Баярын Засгийн газрын үед зарим нэг салбарт энэ өөрчлөлтийг хийх гэж оролдсон ч амжилт ололгүй зогссон юм. Тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх санаачлан байгаль орчны төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах, төрийн байгууллагын хүчээр хийх боломжгүй зарим ажилд ТББ-уудыг татан оруулах гэж оролдсон эцэстээ “Иргэний зөвлөл” нэрийн дор нэгдсэн төсөл шантаажлагчиддаа цавчуулаад дууссан билээ. Тухайн үед Засгийн газар, парламентын түвшинд хангалттай дэмжлэг, ойлголцол байхгүй, хууль тогтоомжийн хувьд ч дутуу дулимаг байсан, хоёр байгууллагын хоорондын гэрээгээр шийдэх гэж оролдсоноос тэр л биз.

Харин 2012 оны гуравдугаар сард УИХ-аар батлагдаж, энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах, хуульчийн эрх олгох, хуульч мэргэжлийн стандартыг батлах, түүнд хяналт тавих болон хуульч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийг явуулах зэрэг өмнө төрийн байгууллагуудын хэрэгжүүлж ирсэн чиг үүргийг Хуульчдын холбоонд шилжүүлэн өгч байгаа юм. Хуульчийн холбоонд эрх мэдлээ шилжүүлэн өгч байгаа төрийн байгууллагуудын дотор Ерөнхийлөгчийн институт ч мөн багтаж байгаа гэдгийг Ерөнхийлөгчийн илгээлтэд дурдсан байсан. Тодруулбал, шүүх эрх мэдлийн байгууллагын мэргэжлийн болон ёс зүйн дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг байсан жишиг шинэ хуулиар өөрчлөгдөж, Хуульчдын холбооны бүрэн эрхэд ирээд байгаа. Цаашлаад хуулийн байгууллагуудад хийгддэг томилгоо, нэр дэвшүүлэлт ч гэсэн Хуульчдын холбоонд ирэх бололтой.

Хуульчдын холбооны анхдугаар их хурлыг зохион байгуулах ажлыг энэ удаа Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулж, Хуульчдын холбооны болон Хуульдын мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм боловсруулах ажлыг Хууль зүйн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсгүүд хоёр сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Гурван өдөр хуралдсан анхдугаар их хурлаар Монголын хууульчдын холбоог байгуулж, холбооны дүрмийг батлан бүтэц, зохион байгуулалтын асуудлыг шийдсэн ч хуульч мэргэжилтнүүдэд тавигдах мэргэжлийн стандарт буюу мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг баталж чадсангүй. Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар анхдугаар их хурлын завсарлагааны хугацаа буюу үлдсэн 30 хоногийн дотор үргэжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.

Сануулахад хуульчдын анхдугаар их хуралд Монгол Улсын хэмжээнд хуульчийн эрх аван ажиллаж байгаа нийт 4500 гаруй хуульчийн 490 нь төлөөлөгчөөр оролцсон. Ингэхдээ нийт хуульчдын дунд цахим байдлаар сонгууль явуулж хамгийн олон санал авсан эхний 490 хуульчийг их хурлын төлөөлөгчөөр сонгосон юм. Тэдний 98 нь прокурор, 196 нь өмгөөлөгч, шүүгч 98, бусад хуульч 98 байлаа. Харин хуульчийн эрх авсан нийт хуульчийн 2600 орчим нь буюу дийлэнх олонхийг бусад хуульчид эзэлдэг гэсэн тооцоог хурал зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан. Бусад хуульч гэдэгт хуульч-багш нар болон компанийн хуульчид, шүүхийн захиргааны ажилтнууд, прокурорын туслахууд ордог аж.

Төрийн ордонд гурван өдөр үргэлжилсэн их хурлын үеэр төлөөлөгчид Хуульчдын холбоог байгуулж, холбооны дүрмийг батлан ерөнхийлөгчөө сонгож чадсан ч Хуульчийн мэргэжлийн хариуцлагын дүрэм батлах асуудал дээр өөрсдийгөө “нийт хуульчдын эрх ашгийг төлөөлж чадахгүй“ хэмээн үнэлж, их хурлын гадна үлдсэн хуульчдыг ч бас оролцуулахаар хэлэлцүүлгийг хойшлуулсан юм. Дүрмийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхний хэлсэнчлэн “хуульч мэргэжилтнүүдийн гарын авлага болж, сонирхлын зөрчил болон мэргэжлийн алдаанд орохоос хамгаалж, олон нийтийн дунд хуульчдын нэр төрийг өргөж өгсөн” энэ дүрмийн төсөл зарим нэг хуульчдын хувьд “хий дэмий бөөн хариуцлага хүлээсэн, хуульчдын эрх ашгийг огтоос хамгаалаагүй хэрэггүй зүйл” мэтээр хэлэгдсэнийг ч бас гайхах шаардлагагүй. Аливаа шинэ зүйл үргэлж эсэргүүцэлтэй тулгарч байж урагш явдаг нь жам хойно.



Гэсэн ч их хурлын олонхи төлөөлөгдөөс “нэмэх” оноо авсан авсан дүрмийн төсөл дээр өргөтгөсөн ажлын  хэсэг гаргаж, анхдугаар их хурлын завсарлагааны хугацаанд буюу ирэх аравдугаар сарын дотор нийт хуульчид болон олон нийтээр хэлэлцүүлэн шүүлгэхээр болсон юм. Шинээр байгуулагдсан хуульчдын холбооны ерөнхийлэгч энэ хооронд холбооны бүтцэд ажиллах мэргэжлийн хороодыг байгуулж, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс Хуульчдын холбоо бүрэн бүтэн ажиллаж эхлэх ёстой.

Хуралдааны сүүлчийн өдөр их хурлын төлөөлөгчид холбооны гишүүнчлэлийн татварыг хэмжээг хэлэлцэн баталсан. Ажлын хэсгээс анх сарын 20 мянга, жилийн татвар нь 240 мянга байхаар оруулж ирсэнийг төлөөлөгчдийн зүгээс “их байна, буулга”, “бага байна, 25-30 мянга байвал зохино” гэх мэтээр олон янзын санал гаргасан ч олонхийн саналаар гишүүнчлэлийн татварыг сарын 20 мянган төгрөг байхаар баталлаа. Хуулийн дагуу аливаа татвар орлогын 10 хувиас хэтрэхгүй байх ёстой тул ажлын хэсгийхний зүгээс шинээр батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /сарын 198 мянган төгрөг/-тэй уялдуулан 20 мянгаар тогтоосон юм байна. Харин холбооны ерөнхийлөгчийн цалинг нэг сая 88 мянган төгрөг байхаар ажлыг хэсэг санал оруулсныг шүүгчийн цалинтай дүйцүүлэн хоёр сая төгрөгөөр тогтоосон.

Хуульчдын анхдугаар их хурлыг нээж хэлсэн үгэндээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг өөр дээрээ шилжүүлэн авч байгаагаагаараа төсөвт ч бас хэмнэлт үзүүлж, татвар төлөгчдийн нуруун дээрх ачааг үүрэлцэж байна” хэмээн мэдэгдсэн ч их хурлын төлөөлөгчдийн дотор “Холбоог зөвхөн гишүүдийн татвараар санхүүжүүлэх нь шударга бус. Төрийн чиг үүргийг хүлээж авч байгаа юм бол төсвөөс татаас авах ёстой” гэсэн байр суурьтай хүмүүс ч гарсан. Гэвч гишүүнчлэлийн татварыг хэлэлцэх үед төрийн захиргааны төв байгууллаггын төлөөлөл болох Хууль зүйн сайд ажлаар гадагшаа явсан байж таарсан тул энэ асуудал нээлттэй хэвээр үлдлээ. Ирэх сарын 8-ний дотор Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн баталж, Холбооны дор ажиллах мэргэжлийн болон сайн дурын хороодыг байгуулан үйл ажиллагаагаа хэвийн ажиллах нөхцөл бүрдмэгц Хуульчдын холбооны ажилд төрийн байгууллагын оролцоо үгүй болох юм.

Ямар ч байсан Монголын хуульчид төрийн байгууллагууд болон улс төрөөс ангид, хараат бусаар ажиллана гэдгээ нэгэнт тунхаглачихлаа. Харин хариуцлагаа хэрхэн харж байгаа нь тэднийг анхааралтай ажиглаж буй иргэд, олон нийтийн хувьд илүү чухал байж магадгүй.

2013.09.09