Манай редакци Фэйсбүүк хуудсаараа дамжуулан өөрсдийн нэр дэвшүүлсэн 10 зохиолчийг санал асуулгаар эрэмбэлүүллээ. Олонхын үнэлэлтээр Г.Аюурзана тэргүүлсэн бол дэлгэцийн бүтээлд амилсан Ану хатан нь удахгүй комикс болох гэж буй Б.Шүүдэрцэцэг, олон жил бэстсэллэр хэмээх гуншин зүүж яваа Ц.Оюунгэрэлийн Ногоон нүдэн лам романыг дээрх жагсаалтад багтах хувьгүй гэж үзэгсэд ч чамгүй байна. Харин www.news.mn сайтаар явуулсан санал асуулгын дүн Фэйсбүүкийнхээс чанх эсрэг гэмээр. Тэнд Хишигт туужаа ерөнхий боловсролын бүх дунд сургуулийн номын санд бэлэглэсэн гэж буй Х.Болор-Эрдэнэ магнайлж, Хоосонг идэгч Т.Баянсан сүүл мушгисан дүр зураг харагдав. Харин Г.Аюурзана сайтын дүнгээр аман хүзүүнд орсон байна.   

Уран зохиолын тухай яриа хэдэн жилийн өмнө гол дүр, үйл явдал, үзэл санаа, утга агуулга гэхчилэн хөвөрдөг байсан бол өдгөө “бэстсэллэр” хэмээх ганц үгэнд багтах болжээ. Хамгийн олон зарагдсан гэх утгатай дээрх нэр томъёог 1889 онд The Kansas Times & Star сонин анх хэрэглэснээс 200 жилийн хойно Монголд шидийг олжээ. Тодорхой хугацаанд зарагдсан тоогоор нь утга зохиолыг эрэмбэлэх энэ аргыг дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг. Томоохон хэвлэлүүд ч өөрсдийн бэстсэллэрийн жагсаалт гаргадаг ёс нэгэнт тогтжээ. Манай номын дэлгүүрүүд ч бусдын жишгээр өөр өөрийн бэстсэллэрийг нэрлэдэг уламжлал бий болсон. Ухаан нь, Интерномын бэстсэллэрийн жагсаалтыг Оксфордын англи-монгол толь хэдэн жил тэргүүлж байгааг өөрсдөө ч мартсан байх. Мөн гарсан цагаасаа хойш Ногоон нүдэн лам энэ ангилалаас буугаагүйг санах хүн бий. Зөвхөн зарагдсан тоогоор нь эрэмбэлсэн гэж үзвэл Монголын айл өрх бүхэн Оксфордын тольтой болж, хүн бүр Ногоон нүдэн ламын хувь тавилантай танилцсан байх учиртай.

Аль ном хэчнээн ширхэг зарагдсаныг номын дэлгүүрүүдээс асуугаад бизнесийн нууц гэдэг үгээр амаа таглуулав. “Мөнхийн үсэг” хэвлэлийн үйлдвэрээс хамгийн олон тоогоор хэвлэгдсэн номын нэрсийг лавлахад “Тэр болгоныг мэдэх аргагүй” гэж хариулав. Харин UBS телевизийн Номын ертөнц нэвтрүүлгийн зочин-зохиолч Х.Болор-Эрдэнэ Хишигт туужаа бараг л 10 000 хувь хэвлэсэн гэж байлаа.

Бэстсэллэр хэмээх ойлголт цагийн явцад уран зохиол ба уран зохиолын бус хэмээн салсан бол Харри Поттер хэвлэгдсэнээс хойш, 2001 онд “Хүүхдийн ном” гэх шинэ төрөл зүйлтэй болжээ. Манайд ингэж нарийн ангилах эхний ородлогыг Интерном дэлгүүр хийсэн ч хэд борлогдсоныг тооцох арга зүй нь “нууц” байгаа юм. Гэхдээ олон тоогоор зарагдсан ном бүхэн утга зохиолын шэлээвэр бүтээл биш гэж мэргэжлийн судлаачид үздэг. Манай Фэйсбүүк хуудсаар санал өгөгсөд энэ талаас нь ихэвчлэн хандсан байлаа. Ерөөс үе үеийн уншигчид уйдаагүй уран зохиолын тухай ярианд борлогдсон тоог огтоос авч хэлэлцдэггүй. Эндээс массын буюу арилжааны утга зохиол гэх ойлголт урган гардаг. Манай сайтын асуулгад тэргүүлсэн Х.Болор-Эрдэнэ өөрийгөө массын зохиолч гэж үздэггүй гэж ярьсан бол фэйсбүүкийнхэн түүнийг ихэвчлэн 5-6 дугаарт эрэмбэлжээ.

Бид дугаар бэлтгэх явцдаа утга зохиолын шүүмж бичүүлэх гэж ихэд хичээсэн ч тийм зоригтон олдсонгүй. UBS телевизийн Номын ертөнц-ийн хөтлөгч Б.Сувдтай энэ талаар санал солилцоход “хүмүүс утга зохиолын шүүмж бичихээс эмээдэг” гэж байлаа. Юутай ч интернэтэд утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурийн “Шүүдэрцэцэг ч гэх шиг” шүүмж чамгүй таржээ. Утга зохиолын шүүмж нь муучлахын нэр биш гэдгийг бүгд мэддэг ч Г.Батсуурийн ажлын хариуд Б.Шүүдэрцэцэг хэл амаа бэлүүдээд өнгөрсөн нь бас л интернэтэд бий. Хувийн бодлоо хуваалцахад Г.Батсуурь шүүмжид өртөхөөргүй зүйлийг шүүрэн авснаар өөрөө бурууг хийсэн мэт. Уулаас “борлогдсон тоо” гэдэг үнэлгээтэй зүйлийг өөр хэмжүүрээр “шүүх” гэжээ. Борлуулалт гагцхүү сурталчилгаанаас шалтгаалдаг гэвэл Ану хатан, Шүрэн бугуйвч хоёрыг уншаагүй хүн ядаж л нэрийг нь сонсоод өнгөрсөн байгаа. Гэхдээ Боловсролын тэргүүний ажилтан Аргогийн Англи хэлний сурах бичгийг авах гэж энэ зууны эхээр Их дэлгүүрт дугаарлаж байсан шиг тийм олон хүн номын дэлгүүрт ойрд харагдаагүй. Гэвч удалгүй 25 хэлэнд нэвтэрхий гэх Арго багш онигоо болж, өөрөө бөө болсноор хэрэг явдал шувтарсан билээ. Ийм жишээ ганц өнөөгийнх бус. Наяад онд Д.Дарьсүрэнгийн Онцгой эрх-ийг уншаагүй бол бичиг үсэггүйд тооцогдохдоо тулж байсан ч одоо дурсамж төдийхөн үлджээ. Харин номын хорхойтон бүхэн “таньдаггүй” Д.Лувсанцэрэнг Фэйсбүүкийн санал асуулгад оролцогсод биднээс нэхэж байх ухааны. Одоо эргээд нэг харвал борлуулалт ихтэйгээрээ гайхуулах роман байхад хүний сэтгэлээс гардаггүй өгүүллэг ч төрсөн манай хүүрнэл зохиолын салбар жамаараа яваа бололтой.  

Бид энэ зуунд ид бүтээж туурвиж яваа, зохиол номыг нь олноороо мэдэх 10 “залуу” уран бүтээлчийг сонгосон юм. Тэдгээрийг танилцуулбал:

1. Гун-Аажавын Аюурзана "Амь тавьж буй шувууны далавч”
2. Бидэрийн Баярсайхан "Хүн загасны цөөрөм" түүвэр
3. Төрийн Баянсан "Хоосонг идэгч" түүвэр
4 Пүрэвхүүгийн Батхуяг "Үйлийн үрийн байшин" тууж
5. Халтарын Болор-Эрдэнэ “Зүрхэнд үйлдвэрлэв” түүвэр
6. Баатарсүрэнгийн Шүүдэрцэцэг "Ану хатан"
7. Цэдэвдамбын Оюунгэрэл "Ногоон нүдэн лам"
8. Бямбаагийн Сарантуяа "Сорхугтани хатан"
9.Магваны Эрдэнэбат "Юу ч мартаагүй" өгүүллэг
10. Баастын Золбаяр "Усанд явахад" өгүүллэг

Харин www.news.mn сайтаар явуулсан асуулга өөрийн санал өгөхийг хүссэн зохиолчийн нэрийг дарах зарчимтай байсан бөгөөд дүн нь (2013.08.23-ны байдлаар) доорхоор  гарчээ:

1.    Х.Болор-Эрдэнэ 29%
2.    Г.Аюурзана 21.8%
3.    Ц.Оюунгэрэл 12.9%
4.    Б.Сарантуяа 7.9%
5.    Б.Золбаяр 7.7%
6.    Б.Шүүдэрцэцэг 6.8%
7.    Б.Баярсайхан 5.3%
8.    М.Эрдэнэбат 3%
9.    П.Батхуяг 3%
10.    Т.Баянсан 2.5%

Фэйсбүүкээр санал өгөгсөд өөрсдийнхөөрөө эрэмбэлж бичих боломжоо ашиглан дор бүрнээ жагсаалт гаргасан байлаа. Гэхдээ оролцогч бүрийн саналыг оруулбал нуршуу болох тул голчилсон дүнг нь танилцуулж байна:

1.    Г.Аюурзана Амь тавьж буй шувууны далавч
2.    П.Батхуяг Үйлийн үрийн байшин
3.    Т.Баянсан Хоосонг идэгч
4.    Б.Баярсайхан Хүн загасны цөөрөм
5.    Б.Золбаяр Усанд явахад
6.    Х.Болор-Эрдэнэ Зүрхэнд үйлдвэрлэв
7.    М.Эрдэнэбат Юу ч мартаагүй
8.    Б.Сарантуяа Сорхугтани хатан
9.    Ц.Оюунгэрэл Ногоон нүдэн лам
10.    Б.Шүүдэрцэцэг Ану хатан

Бид хоёр санал асуулгын дүнг дундажлахад жагсаалт дараах байдлаар өөрчлөгдлөө:

1.    Г.Аюурзана
2.    Х.Болор-Эрдэнэ
3.    П.Батхуяг
4.    Ц.Оюунгэрэл
5.    Б.Золбаяр
6.    Т.Баянсан
7.    Б.Баярсайхан
8.    Б.Сарантуяа
9.    Б.Шүүдэрцэцэг
10.    М.Эрдэнэбат

Санал асуулгад оролцогсдын хувийн үнэлэмжийг хүндэтгэхийн ялдамд зохиолчийн бүтээл туурвилтай танилцсан байдал нь харилцан адилгүй байсныг хүлээн зөвшөөрөх нь зүй. Энэ бүгдээс ерөнхийлөн харвал дэлхийн сонгодог зохиолын цуврал орчуулгаараа дамжуулан “масс”-д “илүү танигдсан” Г.Аюурзана зүй ёсоор “сонгодог” тодотголтой болжээ. Мөн өөрийгөө “массын бус зохиолч” гэж тодорхойлсон Х.Болор-Эрдэнэ Хишигт туужаа ерөнхий боловсролын сургууль болон хүүхдийн зуслангуудаар аялуулсны “үрээр” олонд илүү танигдсан бололтой. Харин “алсын бодлоор” бүтээлээ гайхалтай сурталчилсан Ц.Оюунгэрэл улстөрчийн хувьд олны нүдэнд илүүтэй өртсөн байх магадлалтай юм. Гэтэл цэвэр арилжааны утгаар олон түмэнд аль чадлаараа танилцуулсан Ану хатан бүтээлийн зохиогч Б.Шүүдэрцэцэг дунджаас доогуур байрт орсон харагдана. Энд цохлон дурьдсан болоод санаатайгаар орхигдуулсан бүтээлүүдийн талаар миний үг илүүц болох авч одоогоор мэргэжилтний үнэлгээ алга. Хэзээнээсээ утга зохиолын ертөнц одоо цагтаа эрээвэр хураавар явсаар ирсэн бөгөөд үл тал засагч цаг хугацаа л тэднийг шигшээд өгдөг жамтай. 

Үндэстний ТОЙМ сэтгүүл №185