“Хэнхэг” хэмээх үгийг бид далан жил сонсож, далан жил хэлж ирлээ. Энэ үг өнгөрсөн 70 жилд монголчуудын ярианд онцгой хэрэглэгдэх болсон нь ямар шалтгаантайг сонирхъё. Яльгүй юмнаас ноцтой учир ургах нь бий. Би яльгүйгээс ноцтой юм чангаах дуртай. Анзаарагдаагүй нуугдмал бунгууны үзүүрээс чимхэх аятайхан гэх үү дээ. Хэнхэг хэмээх үгний үйлдэх хэв нь хэнхэглэх. Хүн өтлөхийн далайг туулахдаа янз бүрийн доройтолд унадаг. Зарим нь хурц шаналгаатай, зарим нь аядуу гээд хувь заяа юм биз дээ. Элэнц хулинцаас настангууд заяаныхаа үхлийг хавагнах бадганатах хоёр гэж үздэг агаад хэнхэглэж үхэхээс маш их айж сэжиглэдэг байжээ. Зовлонгүй гэнэт үхсэнээс хавагнах бадганатах өвчнөөр, эдлэх ёстой лай ланчгаа эдлээд өнгөрөхийг буянтай хүний номоороо тонилж буй төгсгөл гэдэг монгол үзлээс би айдаг авч биширдэг. Өөрөө мэдэлгүй гэнэт мажийх, үйлдсэн гэм буруу, нүглээ шүүж, гэмшиж чадалгүй дуусдаг тул эртний монгол ухаан тийм үхлийг “хөндлөнгийн үхэл” гэж цэрвэж, насны хугацал болсон буурай нар хавагнах бадганатах өвчнөөр оногдсон лайгаа эдлэж өнгөрвөл хорвоог ухаарч нүглээ гүйцэд наминчилж, ариуссанаар хойт төрлөө амархан олдог хэмээж байв. Тийм хэмжээнд хүрсэн агуу гэгээрэлд бахархмаар авч үнэндээ аймаар. Тэгж шаналж үхэхээс айна гэдэг түүхий байгаагийн шинж биз. Харин хэнхэглэх өвчнөөс хуучны хүмүүс, “муу ёрын өвчин” гэж их сэжиглэнэ. Хэнхэглэх өвчин нь хүний ходоод, идсэн хоолоо шингээж, шимэх чадвараа бүрэн мөсөн алдаад нэг үгээр хэлэхэд ходоод гэдэс хоол ундыг зүгээр л урсгаж өнгөрөөдөг эзэндээ ямар ч үйлчилгээлгүй гуурсан хоолой болдог аж. Ам цангаж, гэдэс өлсөж тарчлавч, уусан идсэн нь эзэндээ ямар ч шим тэжээл өгөхгүй урсаад өнгөрдөг гэх үү дээ. Товчдоо хэнхэг дусна гэдэг идэж уугаад цадаж ханадаггүй үргэлж хоол унд нэхсээр өлсөж үхнэ гэсэн үг. 



Хэнхэглэх өвчний нэр хувьсгалын 70 жилд монголчуудын хүсэл сонирхлоор бус, учирсан лай ланчиг, цөвүүн цагийн эрхшээлээр шал ондоо утгаар маш эрчимтэй тархжээ. Хэнхэглэх гэдэг үгийг өөрийн нь утгаас ангид өөр утгаар амны уншлага болтол хэрэглэснээс үүдэж, дээр өгүүлсэн хэнхэглэх өвчин заадаг утгыг бараг мартжээ. “Хэнхэглэх” гэхэд урьдын хүмүүс настай хүнд учирдаг өвчний тухай ярилаа гэж ойлгодог байсан бол сүүлийн 70 жилд “хэнхэглэх” гэхэд өөдгүй этгээдийн тухай ярилаа гэж ойлгоно. Хэнхэг лам гэвэл ходоод гэдэсний өвчтэй лам байж таарна. Хэнхэг дарга гэвэл аймаар хувьсгалч дарга байж таарна. Энэ үг ингэж шинэчлэгджээ. Хувьсгал хоточ банхрыг буудаад зогссонгүй, монгол үгэнд хүртэл халдсан байна.

Хэнхэг, хэнхэглэх хэмээсэн шинэ утгыг хүн бүр сайн мэдэж буй. “Албаны хэнхэг” гэхээр бүр ч сайн мэднэ. Албаны хэнхэг хүн янз бүр. Ерөнхийдөө албандаа ухаангүй зүтгэдэг хүмүүсийг албаны хэнхэг гэж нэрлэсэн болтой. “Алба” хэмээх амь зуулга, аминых бус албаных. Албадан хийлгэх гэсэн утгаас угшилтай байх. Цаашлаад дарангуйлах, зарцлах утга руу орно. Ямар ч атугай чиний амин хувийн ашиг сонирхолд нийцэхээсээ нийцэхгүй талдаа, чамд түвэг, гай тарина уу гэхээс тус болохгүй, гарал үүсэл нь багаас, сумаас, аймгаас, хотоос, бүр Москвагаас нисэн ирдэг даалгавар байв. Дор дороо мөр мөрөө хөөж амар живэр аж төрж асан монгол хүмүүсийн толгой дээр алба гэдэг айхтар үүрэг ХХ зуунд буужээ. Анх зэвүү хүргэсэн хувьсгалчдын хэнээрхлийг, хожим нь бүтэшгүй социализмыг бүтээх гэж яарч адгасан дарга нарыг ард олон нууцаар “хэнхэг” амьтан гэж үзэн ядах болжээ. Хэнхэглэх нь ходоодны өвчин, хэнээрхэх нь араншингийн өвчин. Хэнээтнүүдийг хэнхэг өвчний нэрээр нэрэлсэн нь хачирхалтай. Ингэж настай хүний айдаг өвчин намын хүний цол гоншин болсон байгаа юм.

Хэнхгүүд албандаа үнэхээр зүтгэдэг, албандаа үнэхээр хайртай нь үнэн үү?  Эсвэл хуурамч жүжиглэл, заль мэх үү? Түс тас хариулах боломжгүй түвэгтэй асуудал агаад жинхэнэ хэнхэг, хуурамч хэнхэг гээд юу ч гэсэн хоёр хуваачихъя. Үнэнч хуурамч хэнхэг нь уг хүнийхээ чанараас болох нь мэдээж. Хүнийнх нь чанараар ялгавал барагдашгүй олон шинжээр задрах болтой. Харин тэр зүтгээд буй алба нь олон янз уу, эсвэл ерөнхийдөө бидэнд нэг л алба үйлчлээд байж уу гэдгийг мөшгөе. Алба гэдгийг юу гэж ойлгох вэ? Хүн бүр ажил албатай. Ажил алба нь янз бүр бөгөөд янз бүрийн мэргэжил шаардах авч оргилдоо очоод ганцхан нам засгийн бодлогоор программчилсан социализм байгуулах хэнээрхэл байв. Малаа сайн маллах, уурын зуухаа сайн галлах, тариагаа сайн тарих бүгд социализм байгуулах-заавал гүйцэтгэх алба. Магадгүй хэнхэг даргадаа долигнох ч социализм байгуулж буй алба байсан байх. Цааш яаж задрахыг харъя. Бидний эцсийн зорилт социализмээс өөр юу байлаа? Коммунизм бол социализмын үргэлжлэл тул задаргаа биш. Ингэхээр бид чинь гагцхүү социализм коммунизм байгуулах гэж л хэнхэглэж явж. Хэнхэг хүмүүст ард түмэн дургүй байсан. Одоо ч дургүй. Хэнхгүүдийг сайн шинжвэл тэд цөм хуурамч новшнууд байдаг. Империализмыг устгах гэж хэнхэглэсэн хүн угтаа очоод коммунизмыг хамгаалсан хэнхэг болж харагдахыг хичээгч. Итгэл олж, амиа хоохойлох гэсэн энэхүү ядарсан заль нь өрөвдмөөр авч, буудуулсан эсэргүүчүүдийн дэргэд гутамшиг.

Хэнхэг хэмээх аймшигт өвчний нэр хувьсгалын жилүүдэд тэс өөр утга заадаг  улс төржсөн үг болсныг хөндлөө. Социализм байгуулах синдромоо бид хаяж буй юм чинь социализм байгуулах гэсэн хэнхгүүд ямар ч гэсэн номхорсон байх учиртай. Харин ардчилал зах зээлийн хэнхгүүд гэж байна уу? Хэнхэг өвчнөөс гадна хэнхэг хүн биднээс салах ирээдүй харагдана уу? Зах зээлийн иргэнийг баяжих ганцхан хүсэл ноёлдог. Хувь хүний баяжих хүслийг зах зээл дэвэргэх ёстой. Баяжих хүсэлд донтож, хувийн бизнестээ алд биеэ умартан зүтгэхийг хүн өөрөө өөртөө хэнхэглэж байна гэж болохгүй. Хэнхэглэх гэсэн шинэ утгатай үг хувийн өмчгүй, нийтийн өмчтэй үед гарсан байж таарав. Худлаа жүжиглэж аль болохоор багахан хөлс гаргаад нийтийн тогооноос ахиухан халбагадахын тулд монгол хүн хоосон хэнхэглэх эрдэмд суралцжээ. Хэнхгүүд нийгмийн өмчнөөс үүсдэг жоомнууд аж. Өөрийнхөө аж амьдралыг өөд нь татах гэж чардайхаас өөр зах зээлд юунд хэнхэглэх юм бэ? Боссынхоо төлөө хэнхэглээд үзье. Эзэн босс гэгч “хулгайч” чинь үнэхээр хэнхэглэхгүй, худал хэнхэглэвэл, чамд хууртаж зальдуулахгүй. Өөрөөр хэлбэл чамд ажлаа халтуурдуулж монжуулаад их мөнгө өгнө гэдэг гонж. Яагаад гэвэл мөнгө нь түүний аминых юм чинь. Тэгвэл үнэнчээр хэнхэглэж зүтгээд их цалин авъя л даа. Үнэнчээр зүтгэж хар хөлсөө шавхвал цаад босс чинь тэртэй тэргүй их цалин өгнө. Тэгэхээр ийм нийгэмд хэнхэглэх ямар ч утгагүй болж байна. Зах зээл хэнхэглэх эрдмийг маань устгаж буй юм биш үү? Тушаал дэвшиж, цалингаа ахиулахын тулд эзэн боссдоо хамт ажилладаг гэмгүй нөхрөө худал матъя л даа. Цаад босс нохой чинь, өөрийнхөө компанид ажилладаг хэдэн ажилтнаа хэн нь хэн бэ гэдгийг андахгүй. За яахав эзэн чинь тэнэг бол нэг удаа амжилт олж болох боловч энэ тоглоом осолтой. Эзэн чинь чиний хуудууг ялгаж салгаад, чи өөрөө ажлаасаа хөөгдөх аюул тун ойрхон. Хувийн компанид хэнхэглэх, урьдын адил ашигаа өгөхгүй бол хувийн компаниасаа хулгай хийх гээд үз. Танай эзэн хулгайд юмаа алдвал өөрөө хохирох тул чамайг дор нь барина. Улсын үйлдвэрээс хулгай хийхэд дарга нь хулгай хийж буй чамайг хурууныхаа салаагаар хараад өнгөрнө. Яагаад гэвэл тэр өөрөө хулгай хийдэг бөгөөд ихэнх тохиолдолд чи түүний хулгай хийж буйг харсан юм уу эсвэл мэдсэн байхгүй юу. Хулгай хийж байгаад газар дээрээ чихдүүлбэл чи даргадаа, “Адилхан хулгайч байж чи юу гэж хэнхэглээд байгаа юм. Чиний юмыг хулгайлаагүй” гэж хэлэхэд цаадахь чинь дуугарч чадахгүй. Гэхдээ төрийн алба гээд худлаа хэнхэглэж байгаад завшиж болох сайхан орчин байж л байна. Төрийн алба хувийн компани биш юм чинь, тэнд хуучнаараа жаалж бүрэн болно гэж мэд.

Социализм коммунизмд сохроор итгээд үнэнчээр зүтгэж асан хэнхгүүд  маний үед олон байсан юм шүү хөөрхийс минь. Яагаад хөөрхийлөөд байна вэ гэвэл коммунизм нь зэрэглээ байсанд би тэднийг өрөвддөг юм. Тэр агуу хөдөлмөрч хүмүүс бол мэхлэгдсэн хөөрхийс байв. Мэхэлсэн товарищ нь хэн бэ гэвэл коммунизм гэгч чулуу хөөлгөсөн Ленин багш. Харгис хуурамч санааг илчилж, хойч үедээ захья гэхээр чи орос ахыг минь мууллаа гээд өширхөх хүн бишгүй гарах юм. Тэднээс коммунист хордлого бүрэн салаагүйн гэрч тэр. Би орос хүнийг муулаагүй, улаантны онолыг, улаан Оросын геополитикийг шүүмжилдэг. Оросын колончлох алсын хорон санааг ухааралгүй, биелүүлэх гэж хэнхэглэж явж, бие, сэтгэл, амиа үрсэн монголчууд хөөрхий еө. Дахин ийм эмгэнэлт түүх бүү давтагдаасай. Бүү хуурт. Сохороор бүү хэнхэглэ.

Өөрийнхөө хувийн ашиг орлогын төлөө тэмцэх нь хоосон коммунизмын төлөө  хэнхэглэж буй заль мэх биш агаад мөн хувиа борлуулах гэж чармайгч хувиа хичээгч гэж адлагдахаа больжээ. Нийгэм ингэж сайхан өөрчлөгдлөө. Өөрийнхөө компанийн төлөө ухаангүй зүтгэх хэнхэглэл биш. Эзнийхээ өгсөн үүрэг даалгаврыг чанартай сайн биелүүлж өндөр цалин авах хэнхэглэл бас биш. Яагаад гэвэл хувийн компаний эзэн худал хэнхэглэгчид илүү мөнгө өгөхгүй. Чи өөрийнхөө төлөө зүтгээд хар аминдаа баян чинээлэг сайхан амьдарвал, энэ чинь чиний эх орондоо өгч буй бэлэг. Иргэн бүр чиний замаар баяжвал, нийлээд баян Монголын баян иргэд болно гээд хүн бүр өөрийнхөө төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө зүтгэ. Унац нь зөвхөн чамд л тусна. Үл бүтэх коммунизм байгуулах гэж хэнхэглэхийг идэж ууж цадахгүй өлбөрч үхдэг хэнхэг өвчнөөр нэрэлсэн нь гайхалтай.  

2012-06-19