Буруу үйл би юу хийсэн болоод                      
Буян гуйх мэт шударга ёс царайчилна вэ?    
Бузар зүйл би хэзээ бүтээсэн болоод             
Бодол оюундаа гэмших мэт дүнсийчихээ вэ? 

            Ц.Мөнхтулга


Хүсэл тэмүүлэл нь хилсээр хоригдсон залуустай уулзахаар Ц.Мөнхтулгын хамт явахдаа хаалга андууран хүн айлгаж, хүүхэд уйлуулж орхив. Ц.Мөнхтулгад тоосон шинж огтхон ч алга. Будилаан хутгасандаа би гэмшив. “Урьд нь чулуугаар нүүлгэдэг байснаа бодвол одоо арай дээрдсэн” гэдэг түүний үгийг саналаа. Айлын хүн хаалгаа дахин онгойлгож харснаа хар цагаан дуугүй тасхийтэл хаав. Нээрээ “дээрдсэн” бололтой. “Эрчис” клубын гишүүд энэ байтугайг туулсан эгэл бус тавилантай залуус. Монголын тархины сааны холбооны дэргэд байгуулагдсан клубынхэн бурангуй нийгмийн эрхээр гэрийн мухарт “Цовдлогдсон Прометей”-нуудын гав гинжийг таслах эрхэм зорилготой.

    Арга ядсан домог

“Нэгэн ноёны охин саажилттай төржээ. Охиныг төрснөөс хойш тэдний мал, эд хөрөнгө их аривжиж гэнэ. Тэднийх охиноо их хайрладаг хэдий ч бусдаас байнга нуудаг байжээ. Нэгэн удаа том хүү нь хурим хийх болж худ нь ирэх үеэр охиноо илүү гэртээ нуусан юмсанж. Тэгээд найр хурим болж эцэг, эх нь хүүхдээ нэг хоног мартжээ. Маргааш охин нь илүү гэрт хураалгаатай байсан эсгийд дарагдаж үхсэнийг олж. Үүнээс хойш нөгөө ноёны гэр шатаж, хамаг мал нь үгүй болж хоосорчээ”... Тархины саатай охины залуу аав www.biznetwork.mn сайтад үүнийг бичжээ. Хэзээнээс л нийгэмд нүд үзүүрлэгдэж ирсэн өрөөл татанхай үрээ “өмөөрсөн” эцэг, эхийн хайр ийм нэг тайлал олж. Тэгээд ч тайтгарлыг олсонгүй.

Тархины саажилттай охиноо 20 жил тасралтгүй асарсан эх “Бид хоёрыг гудамжаар явахаар хүмүүс байнга л айсан, жигшсэн маягтай хардаг” гэлээ. Охиных нь тэргийг өргөж өгөх гэсэн залуугийн ээж “Муу энергитэй шүү, битгий хүр” гэж хорихтой хүртэл таарчээ. Б.Мишээл “Миний хүсэл бол нийгэмтэйгээ харьцах. Хэрвээ би эрүүл байсан бол бүх л хүмүүс надтай харьцах байсан даа. Гэхдээ би ийм болж төрсөндөө гутардаггүй. Хөл гар минь хичнээн татанхай ч гэсэн би өөрийнхөө оюун ухаанаараа бахархдаг. Энгийн хүүхдүүдийг би ойлгодоггүй. Тэдэнтэй харьцах гэхээр биднээс айгаад зугатаагаад явчихдаг. Би адилхан л хүүхэд шүү дээ” гэж бичжээ. Өнгөрсөн хавар 25 дугаар тусгай сургууль төгссөн Б.Мишээл сэтгэлзүйч болох хүсэлтэй. Өөр шигээ хүүхэд, залууст зориулж радиогийн нэвтрүүлэг бэлтгэх бодолтой. Б.Мишээлийн багш Б.Туяацэцэг түүнийг бусдыгаа зоригжуулах, урам өгөх онцгой авъяастай гэж байлаа. Б.Мишээлийн хүсэл биелж гэмээн нь олон залуус гэрийн мухраас гарч элдэв “домог”-оор халхавч хийлгүй бидний дунд орж ирнэ.

    Гурван үсэглэлийн баяр

Б.Туяацэцэг 2006 онд 10 дугаар цэцэрлэгээс 12 хүүхэд авч 25 дугаар сургуульд анги нээжээ. Урьд нь тэд цэцэрлэгээ “төгсөөд” л гэртээ суухаас өөр газаргүй байж. Цэцэрлэгт арваад жилийг өнгөрөөсөн залуус “Бид нар гурван удаа үсэглэлийн баяр хийсэн” хэмээн хөхрөлдөнө. Б.Туяацэцэг багшийг анх ангиа нээхэд нь хүмүүс эд нар бичиг үсэг сурах уу гэж эргэлзэж байсан ч сурагчид нь бусад хүүхдүүдийг дагуулахгүй болохоо дор нь баталжээ. Харин “компьютер шиг толгойтой” Н.Тэмүүлэнг цаашид жирийн сургуульд сурахыг зөвлөсөн ч авах сургууль олдоогүй гэнэ.

О.Гүнчинхорол охины бичсэн кино зохиол бүхэлдээ өөрт нь, өөр шиг нь залууст байнга тохиолддог ад шоо үзэл, хавчлага доромжлолыг үзүүлжээ. Эцэг, эхчүүд хүүхэдтэй нь нэг ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч байгаад ихэд эгдүүцдэг болох нь түүний зохиолоос тодорхой харагдав. Кэндогоор хичээллээд удаагүй О.Гүнчинхорол бие даан боловсрол эзэмшихээр шийдсэн гэнэ. Харин Б.Гантүвшин багш эмээгээрээ бичиг үсэг заалгажээ. Багадаа компьютер тоглож сураад, аргагүй шаардлагаар оффисын бүх программыг эзэмшсэн Б.Гантүвшин бүхнийг зүүн хөлөөрөө амжуулдаг. Дүү нартаа компьютерийн цагаан толгой заасан тэрбээр өөрийгөө “дээд сургууль төгссөн архичнаас дээр” гэж тодорхойлжээ.

Бие даах асар их хүсэлтэй, бусдын гар харах тунчиг дургүй энэ залуусыг Боловсролын сайд жирийн сургуульд суулгах шийдвэр гаргасан ч одоогоор тэдний цөөн нь л 10 дугаар цэцэрлэг, 25 дугаар сургууль хоёрт хамрагдаж байна. Ямартай ч Б.Туяацэцэг багшийн буянаар зарим нь дахин дахин Үсэглэлийн баяр хийдэг “зовлон”-оос салжээ. Энэ намраас жирийн сургуульд сурах болсон Б.Саруулбуян охин “Тархины саажилт гэхээр нийгэм маань оюун ухааны, сэтгэцийн гажигтай гэж ойлгодог” хэмээн бичсэн байна. Тэрбээр сар бүр тэтгэмжийн мөнгө аваад гэрийн мухар сахиж суух бодолгүй юм билээ.


“Прометей”. (зотон, тосон будаг) 1909 он. Отто Грейнер

   
    Бие даах хүсэл

Б.Мишээл “Түгээмэл хөгжил төв”-ийн залуусын дэмээр Японд цөөн хоногийн сургалтад суусан байна. Тархины саатай хүмүүс хэрхэн бие дааж амьдрах тухай сургалтад хамт явсан ээж нь охиноосоо холдох тун дургүй байсан аж. Харин Б.Мишээл “ээжгүй байх, өөрийнхөөрөө байхын сайхыг мэдэрсэн” гэнэ. Энэтхэгт болсон олон улсын тархины саатай залуучуудын наадамд оролцож амаараа хөгжим тоглосон Ч.Энхсайханы ээж нь охиноо аргагүй шаардлагаар ганцааранг нь гэртээ үлдээхээр болжээ. Гэхдээ ээж, охин хоёр үүндээ нэг их санаа зовохгүй байгаа бөгөөд харин ч биеэ даахад нь хэрэг болно хэмээн үзэж байна. Энэ зун хөл дээрээ явж сурсан Б.Саруулбуян удахгүй өөрийгөө аваад явчихна гэдэгтээ итгэлтэй байлаа.

Дөрвөн мөчөө тэр бүр хүссэнээрээ хөдөлгөж чаддаггүй тул тэд аль нэг эрхтэнээрээ бүгдийг хийгээд сурчихсан байх нь элбэг аж. Энэ жил 25 дугаар сургуулийн зургаадугаар ангид сурах С.Намуунцэцэг 2011 онд “Хүүхдийн эрх бидний нүдээр” гар зургийн уралдаанд амаараа зурсан бүтээлээрээ оролцож шагнал хүртжээ. СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Ц.Мөнхтулга хэдийнэ бие даан амьдарч эхэлсний дээр тогоо шанага нийлүүлэхдээ тун муугүйг нь мэдэх юм. Мөн О.Гүнчинхорол дахин уулзахдаа гарынхаа хоолоор дайлна гэж амалсан. Ер нь О.Гүнчинхорол ганцаараа гадуур явах, тэр дундаа шинэ нээгдсэн кафе шопын кофег амтлах дуртай юм билээ.

Сувиллын 10 дугаар төвийн нийгмийн ажилтан С.Энхбат өнөө хэр холбоотой явдаг шавь нараа “Хэнд ч тээр болохгүй юмсан гэж боддог. Аливаа даалгасан ажлыг үнэн сэтгэлээсээ чин шударгаар хийдэг” давуу талтай хэмээн магтав. Мөн “биеийн бэрхшээлийг нь оюуны хомсдол мэтээр хүлээн авдаг” өнөөгийн нийгэмд хэдэн тэрбумаар тэргэнцэрийн зам заслаа ч энэ залууст хэрэг болох нь юу л бол хэмээн ярилаа. Гэхдээ Б.Мишээл “Бид нар өөрсдийгөө эрүүл сайхан болгоод өгөөч гэж хүсээгүй, зөвхөн энэ нийгэмд байгаа цөөхөн хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсдээ эрүүл мэнд, соёл амралтын сайхан цогц төв бариад, тэргэнцэрийн зам хаа сайгүй хийгээд өгвөл л болоо доо” хэмээн бичжээ.
   
    Биднээс юу хүсдэг вэ

Б.Мишээл, Ч.Энхсайхан хоёр ээж нартайгаа гадуур хооллох дуртай. Тэдний байнга ордог зоогийн газрынхан эхэндээ хоёр охинд хоолны цэс өгдөггүй байжээ. Харин удалгүй охид өөрсдөө хоолоо сонгох хүсэлтэй төдийгүй уншиж бичиж чаддгийг нь мэдээд тусад нь цэс өгөх болсон аж. Тархины саатай хүүхдээ эрүүл саруул сэтгэхүйтэй гэдгийг тоолгүй гэрийн мухарт хаячихсан эцэг, эх бий. Тийм хүмүүст зориулж Ц.Мөнхтулга “Тийм атал асран халамжлагч эцэг эхчүүд маань 18 настай том хархүүтэйгээ гурван настантай харьцах мэт харилцаж байгаа нь үнэхээрийн гашуун. Тэд зөвхөн биеийн өвчнийг нь анхаарч үзээд төлөвшил хүмүүжил, зан суртахуун, хүмүүний гол шинжийг нь гээж өсгөсөн юм шиг ээ. Муухай гэдэг нь...  Угаас дэлхий ертөнцөөрөө эмчилж чадаагүй тархины саажилт өвчинтэй хүнийг сайжирч засал авах насанд нь өөд татна. Энэ нь илүү үр дүнтэй. Төгс эрүүлжихгүй. Харин тэр хүн хүссэн хүсээгүй нийгмийн гишүүн болно. Иймд бие төдийхнийг нь элбэж асрах биш, төлөвшил хүмүүжилд нь анхаарна уу. Тэд одоо л босох, нийгэмд дуугаа өргөх цаг, гэтэл тэргэнцэрт нь гишгүүртэй шатнаас ч илүү тээг торчихсон байна” гэжээ.

Б.Гүнчинхорол хувь хүнээ хөгжүүлээгүй нийгэм хэзээ ч хөгжихгүй гэдэг хатуу үзэл бодолтой. Тэрбээр нэг хэсэг Японд амьдрахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэйгээ бусдын жишгээр харьцаж байгааг олж үзээд бяцхан атаархах сэтгэл төрснөө нуусангүй. Харин Б.Мишээлийг нэг удаа тэргэнцэртэйгээ дэлгүүрийн гадаа сууж байтал хүн өвөр дээр нь мөнгө тавьсан гэнэ. Ер нь хүмүүс тэдэнд туслах гэхээрээ хуучин хувцас хунар, хоол хош өгөх гээд байдаг аж. Гэтэл энэ залуус биднээс өөрсөдтэй нь хүн шиг харьцахыг л хүсэх юм. Бие дааж боловсрол олоод зогсохгүй хүсэл мөрөөдлөө биелүүлнэ гэдэгтээ огтхон ч эргэлэхгүй байгаа Б.Гүнчинхорол хувь хүн өөрийгөө дайчлан хөгжиж, өрөөлөөс дутахгүй гэдгээ батлаж гэмээн сая нийгэмд хүлээн зөвшөөрөгдөнө гэж ярьсан юм. Ганц Б.Гүнчинхорол ч биш “Эрчис” клубын залуус бүгдээрээ хүний гар харахгүй мэдлэг боловсролоо дээшлүүлж өөрсдийгөө тунхаглан зарлана гэдэг нугаршгүй санаагаар нэгджээ.

Б.Гантүвшин УИХ-ын гишүүн болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ихийг хийх хүсэлтэй. Тэр цагт тархины саатай залуус нийгэмд адлуулахдаа сэтгэлээр унан амиа хорлоё гэж бодохоо болих биз. Жил бүрийн есдүгээр сарын дөрөвний өдрийг дэлхий дахин Тархины хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг, бид ядаж ийм нэг өдөр байдгийг мэдээд авбал тэдний тухай арай өөрөөр бодож эхлэх нь дамжиггүй юм.

           Үндэстний ТОЙМ сэтгүүл №186