Монголын жаргалан нь хурим наадам бөлгөө. Зуны цаг богиныг хэлэх үү, монголчууд энэ л цагтаа амрах нь амарч, найрлаж наадамлах нэг нь наадаж авдаг билээ. Зун эхлэнгүүт л  голдуу манай улс төрчдийн зүгээс найр наадам бага хийнэ, наадмын дараа намар тул бараг л амрахгүй ажиллацгаах тухай уриалах нь бий. Гэвч энэ зуны олон найр наадмын тэргүүн эгнээнд өөрсдөө л цохиж яваа харагддаг. Угаасаа монгол хүн наадамдахгүй байж чаддаггүй л байхгүй юу даа.

Өнгөрсөн цагаан сараар манай эмэгтэй гишүүд нэгэн уриалга гаргаж билээ. Эдийн засгийн хувьд хүндрэлтэй тул үнэтэй бэлэг бэлэглэхгүй, идээ будаандаа хэмнэлттэй, зардал чирэгдэл багатай орчин үеийн маягаар тэмдэглэе гэж. Гэвч энэ уриалгад талархагсдаасаа илүү дургүйцэгсэд нь олон байсан даа. Уриалж байсан гишүүд маань ч өөрсдөө хэмнэлттэй, хөнгөн авсаархан цагаан сардсан нь юу л бол. Хэдэн улс төрчдийн уриалгад байтугай коммунизмын дарамтанд дарагдаагүй л ирсэн баяр байхгүй юу даа. Хэвшин дадсан зүйл, уламжлан ирсэн ёс заншил гэдэг ямар хүчтэйн жишээ энэ.

Сайтуудын сэтгэгдэл хорих гээд нэг хэсэг бөөн юм болов доо. Зарим нэг энгийн үгийг хүртэл цахим орчинд бичихийг хуулиар хориглох шахуу юм болов. Зүв зүгээр болоод ирсэн юмыг өөрчлөх гэсэн нь хий дэмий баахан хүмүүсийн уур унтууг нь хөдөлгөсөн юм болсон. Хэл ам дагуулсан ажлынх нь үр дүн даанч гараагүй. Ер нь зарим нэг зүйлд хүнийг байтугай өөрийгөө ч хорьж болдоггүй юм байдаг шүү дээ. Уриа лоозон, тогтоол шийдвэр, хууль дүрмээс илүүтэй бидний амьдралыг, нийгмийн харилцааг зохицуулчихдаг зүйл байдаг аж.

Нийслэл хот маань энэ зун мэдрэгдэхүйц цэвэрхэн сайхан болжээ. Хог хаяхгүй байх тухайд ямар нэгэн уриалга, торгууль шийтгэл, хууль дүрэм гараагүй санагдана. Зүгээр л хүмүүс ухамсраараа хог хаях нь бага болчихжээ. Мэдээж хогийн сав элбэг болсон байхыг үгүйсгэхгүй, гэхдээ л гудамж талбайгаа өдөр шөнөгүй цэвэрлээд, цэцэг навч зүлэг ногоо дэлгэрээд байгааг харсан иргэд маань хандлагаа л өөрчлөөд эхэлсэн байна. Хүмүүсийн шүүмжлээд байгаа шиг богино зунтай Монголд цэцэг тариад хэрэггүй биш харин ч Монгол шиг богино зунтай газарт чухам цэцэг л зуны сарыг зургаа мэт санагдуулахад хэрэгтэй бус уу.



 Сүүлийн үед нэгэн хууль харьцангуй гайгүй хэрэгжээд байгаа харагдана. Тамхины хууль. Миний бодлоор зүгээр хааж боогоод эхэлсэндээ ч биш угаасаа л Бираагийн Чимид агсны нөгөө хэлдэгээр “Амьдралаас урган гарсан бол сайн хууль” болсон юм болов уу. Худлаа ч гэсэн архаг тамхичид нь ажлын өрөөндөө ядаж нууж татдаг болжээ. Уг нь бол торгох хүн ойр тойронд нь байхгүй л дээ. Тамхинаас гарчих юмсан, болж өгвөл бага татах юмсан, за бүүр яагаад ч тамхийг хаяж чадахгүй байгаа нь ядаж хор багатайг нь татах юмсан гэсэн хүсэл тамхичин хүн бүрт байдаг. Миний бодлоор хуулиас илүүтэй ухамсарт нь хүрчээ. Харин тамхины хуулийн амжилтдаа “эрдээд” архины хууль гээчийг гаргах сураг дуулдана. Ёстой архины хэрэглээ бол тамхинаас их өөр зүйл байх. Олон жил нийгмээрээ архидаад одоо л нэг юм архинаас бага багаар гарч байгаа ард түмнээ хорьж цагдаад буцаад архинд оруулчих вий дээ.

Хараал хэлэх муухай, гэвч хүмүүс хэлдэг, яагаад ч юм хараал хэлэх хэрэгцээ хүнд байдаг.Тамхи татах их муухай зүйл, бүгдээрээ л жигшдэг, гэхдээ л хүн тамхи татдаг. Архи уух үүнээс ч илүү жигшмээр, гэвч хүмүүс уусаар л байдаг. Тэгэхээр архитай биш уух шалтгаантай нь, тамхитай биш цаад бухимдалтай нь, цаад ухамсар ёс зүйд нь илүү хүрч нөлөөлмөөр юм шиг. Амьгүй зүйлтэй ноцолдоод ямар ч үр дүнгүй билээ.

Хүний нийгмийн харилцааг зан заншлын, шашны, гоо зүйн, улс төрийн, за тэгээд хуулийн гээд л олон төрлийн хэм хэмжээ зохицуулдаг. Хуульгүй улс энэ хорвоо дээр нэг ч байхгүй. Амьдралаас урган гарсан асуудлуудад тулгуурладаг ч хууль бол харьцангуй зохиомол зүйл. Зохиомол учраас ч хүний ухамсарт ёс суртахуун шиг тэгтлээ хүчтэй нөлөөлдөггүй. Этик буюу ёс зүй хэмээн та бидний сайн мэддэг энэхүү ойлголт нь эртний Грекийн “Этос” буюу “хамтран амьдрах, оршин амьдрах газар” гэсэн үгнээс гаралтай бөгөөд хожим “ёс заншил, зан төлөв, зан араншин” гэсэн агуулгатай болжээ. Магадгүй хууль бий болохоос өмнө нийгмийн харилцааг зохицуулж байсан энэ хэм хэмжээ эрх зүйт өнөөгийн нийгмийн үед ч хуулиас дутахгүй, зарим зүйл дээр бүүр илүүтэй бидэнд нөлөөлсөөр, бидний харилцааг зохицуулсаар байна. Энгийнээр хэлбэл “бичигдээгүй дүрэм”, “хуульчлаагүй хууль” бол ёс зүй билээ.

Гэтэл бид одоо хүртэл бүх зүйлийг тушаал шийдвэрээр, хууль тогтоомжоор, уриа лоозонгоор шийдэх гэсэн хэвээр л байна. Ямар ч хатуу хууль гаргаад хүмүүс нэгнийгээ хөнөөсөөр л байдаг, төрийн мөнгөнөөс хумсалсаар л байдаг, хорих тусам илүү их архидацгаасаар байдаг. Тэгэхээр зарим нэг хуулиар зохицуулж чадахгүй байгаа харилцаануудыг ухамсарт нь буюу толгойд нь, хамгийн ихээр айдаг тэр шашинд нь, хамгийн ихээр даган мөрддөг зан заншилд нь, ёс уламжлалд нь, сургалтанд нь, товчоор ерөөсөө л ёс зүйд нь суулгаж өгвөл хамгийн найдвартай бөгөөд үр дүнтэй арга юм. Мэдээж хуулийг үгүйсгээгүй, харин бүх асуудлыг дан ганц хуулиар зохицуулах боломжгүй, ер тэгээд ч бас яах билээ.