Цалинг цаас болгогч далд хуруу
 

Халаасчин нөхөр тавагны чихэр авахдаа хүртэл дунд, долоовор хуруугаараа хавчиж хүртсэн удаатай гэж байгаа юм. Ийм хуруу цүнхэнд шургавал нэгмөсөн хуу хамдаг ч хохирогч нь цөөн. Барьж авч, хугалж мушгиж болно.

Нүдэнд эс харагдаж, гарт огтхон ч үл баригдах биет бус хуруу илүү их аюултай. Сая сая хүний халаас, түрийвч, хормой хот, гудас дэвсгэр, дээлийн энгэр дэх баадан, авдран доторх хайрцаг, банкны дансанд нэгэн зэрэг шурган хумсална. Дотоожиндоо нуусан ч, шулуун гэдсэндээ чихсэн ч шургаж орно. Албан ёсны нэр нь инфляц. Монголоор бол үнийн өсөлт гэж ярьж бичиж байна. Үнэндээ бол төгрөгийн үнэгүйдэл юм гэж үздэг эдийн засагчид бий. Мөнгөний үнэ цэнийг бууруулж, цалин орлогыг үнэгүйдүүлж, ядуурлыг хөөрөгдөг нь инфляц  цалинг цаас болгох учир ядмагт нь эр бар, чадмагт нь илүү зөөлөн. Сарын цалингийнхаа 80 хувийг хүнс, хоолондоо зориулдаг айлыг үнэ нь  нэмэгдсэн гурил, махны үнэ цохиод унагаж байгаатай адил. Орлогынхоо нэг, бүр 0,1 хувийг хоол хүнсэнд зарцуулдаг хүнд үл мэдрэгдэнэ. Ашиг орлого асар ялгаатай ч ам ходоод нь адилхан учраас тэр.

Инфляц гэдэг зүйл урт хугацааны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн салбарт огт ашиггүй эд. Арав, хорин жилийн дараах инфляцийг тооцон хөрөнгө оруулахад эрсдэлтэй. Өнөөдрийн оруулсан мянган төгрөгийнх нь үнэ цэнэ хожим хэрхэхийг тооцож, цаас болохыг харах гэж хөрөнгө оруулдаг ч үгүй юм байна. Эх орондоо үйлдвэрлэхгүй бол аяга хоол идсэн ч харь холд мөнгө төлнө, хахь ондоо хүнээс ходоод гэдэс шууд хамааралтай хэвээр үлдэнэ.
 
Хурууны эзэн хэн бэ?  
 
Монгол улс он болгонд инфляцийг онилохгүй биш онилон онилж, онилмогцоо онилсоор л тун онилонгуй, ихээхэн онийсон онигор байдалтай явж ирсэн. Онилоогүй жил бол үгүй, оносон удаа бас үгүй.

-Эмээ: Юун их буу пүн пүн хийгээд байна аа, хүүхээ?
-Брежнев даргыг угтаж байна аа
Долоо хоногийн дараа дахиад их буу нүргэлэв.
Эмээ: Энэ чинь дахиад пижигнүүлдэг нь юу вэ, хөөе
-Зөвлөлтийн дарга буцаж байна аа, эмээ минь
-Эмээ: Ирэхэд нь оноогүй юм уу, хөөш
гэж андуурсан нэхэл хатуутай хөгшнөөс ч дор, онохгүй гэдэгтээ буугаад өгчих явдал бий. Анд явлаа, амьтан онохгүй л дээ гээд гэрээсээ гардаг гөрөөчин байдаг юм уу? Төгрөг үнэгүйднэ, гол нэрийн бараа бүтээгдэхүүний ханш өснө гэдэг хүлээлт үргэлж их байж иржээ. Түрүүлээд тархи толгойд суулгачихдаг чийп.  “Үнэ бол зөвхөн өсдөг, бүр хоёр оронтой тоогоор нэмэгддэг” гэдэг нь бичигдсэн хууль, баталсан төлөвлөгөө, зорилтот программ мэт тархинд сууна. Цагаан сар, наадмаар юмны үнэ өсөх гээд байна, өснөө өснө гэж халагласаар байтал огцом нэмэгдэнэ, олуулаа нэрвэгдэнэ. Төгрөгийн үнэгүйдлийг онилох, оношлох, зохистой хэмжээнд барих үндсэн хоёр бодлого бий. Нэг нь мөнгөний бодлого. Мөнгө хэвлэх, нийлүүлэх, татах эрхтэй Монголбанк хариуцна. Нөгөө нь сангийн буюу төсвийн бодлого, мэдээж Засгийн газрын ажил. Нэг оронтой тоонд хазаарлаж зогсоосон удаа үгүй. 2010 онд 13 хувь, 2011 онд 10,2 хувь, 2012 онд бүр 14 хувьд хүрсэн. Нэг бол мөнгөгүй бодлого, нөгөө бол бодлогогүй мөнгө болчихно. Хонх нь байхаар дамар нь  үгүй л гэсэн үг. Халамж тараасаар байгаад төгрөг үнэгүйднэ. Сонгуулийн жилд Чингис хааны хөрөгтэй монгол төгрөг ингэхэд мөнгө үү, улс төрийн намын ухуулгын хуудас уу гэдэг нь ялгагдахаа болино. Мөнхийн рейтинг өндөртэй эцэг дээдсийн алдарт дулдуйдан, манай нэр дэвшигч Е.Чингис гэх нь холгүй юм болно. Мөнгө үнэгүйдэх нь засгийн газарт зарим талаар ашигтай. Мянгын талхнаас биш  1500-гаас татвар тооцвол төсөвт цуглах нь нь илүү. Төгрөгөө цаас болгож аваад түүгээрээ цалин нэмсэнд тооцно. Олон засгийн газар халамж тарааж, үнэгүйдлийг хөөрөгдчихөөд, цалин биш цаас нэмж байсан билээ. Эх орны, эрдэнийн хишиг, хувь, шинээр төрсөний \хуучнаар төрсөнд нь хамаарахгүй\ шинээр гэрлэсний үнэ гэх мэт хайр халамжийн олон төрөл жанр байв. Гурван зуун мянгаар авдаг байсан мах, гурил, талх, будаагаа яг тэр хэмжээ дамжаагаар нь 400 мянгаар хэрэглэнэ. Цалин, халамж нэмэгдэхийн хэрээр иддэг хоол нь хэвээрээ, бүр дундраад байдаг үйл явцаас ганцхан л омогшил, таашаал үлдэнэ. Тэр нь арай их мөнгө тоолох үндэсний омогшил. Чанар нь буурч, тоо нь л нэмэгддэг үйл явц. Засгийн газар нь халамж нэрээр мөнгө тарааж, түүнийг нь Монголбанк нь татах гэж зовох үндэсний цүү хаях тоглоомон дунд инфляц нь  эдийн засагтай цуг өслөө.

Монополь буюу онц давуу эрхтэй, байнгын ерөндөгтэй цөөн хүнд инфляц ашигтай. Жишээ нь, томхон гурилын үйлдвэрийн эзэн. Тариачнаас будааг нь авч агуулахдаа хураана. Нэг бол буцаагаад ачаад яв, эсвэл үнээ навс буулгаад өг гэж тулгана. Гурил, талхны үнэ өсөхөөс үргэлж айдаг Засгийн газрын Буудайн сангаас хөнгөлөлтэй үнээр түүхий эдээ авна. Инфляцийг онилсон гэх бодлогын үр шим, өгөөж буяныг эзэн хамгийн ихээр хүртэнэ. Буудайгаа 20 хувь хямдруулж авсан мөртлөө гурилынхаа үнийг нэмчихнэ. Хоёр талын ашигтай, үнэ өснө гэсэн олон нийтийн айдас түүний зэвсэг. Түлш шатахууныхан бас л ерөндөгтэй байсан хүмүүс. Нефтийн үнэ өсч буурч байдаг ч зөвхөн нэмэгдсэнийг нь тэр дор нь мэдэрнэ. Шатахуунаа бөөний хямд үнээр нь уул уурхайнханд, жижиглэнгийн илүү үнээр ард түмэнд зарна. Оюутолгойн шатахуун авдаг үнэ жирийн монгол толгойн хэрэглэдгээс 20 хувь хямдхан байсан юм. Гурил, шатахууны үнэ өсөх нь,  өсчихсөн байна гэсэн мэдээ нийгэмд дорхноо хүчтэй дохио тарааж, сэтгэл зүйд нь нөлөөлнө. Бензиний үнэ нэмэгдсэний маргааш нь нийтийн бие засах газар хураамжаа өсгөх жишээтэй. Түлшээр ажилладаг жорлон байхгүй боловч сэтгэл зүйн хүчин зүйлс ийм нөлөө, сөрөг хүлээлтийн хүч.
 
Үр дагавраасаа уг шалтгаан нь
 
Өнгөрсөн 2 дугаар сард төгрөгийн үнэгүйдэл 13 хувиас 11,3 хувь болж буурчээ. Ноднингийн 2 дугаар сард 5,3 хувиар өсч байсан сөрөг үзүүлэлтэнд эргэлт гарав. Унгасан хойно нь чүдэнз зурах биш өмхий самхай, утаа пингүү гаргадаг уг шалтгааныг нь онилж аваад ажилласны явцын үр дүн гарч эхэлж байна. Уг сурвалж нь гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг нэмдэг шат дамжлага, шалтаг далим. Халааснаасаа хэдэн төгрөгөө унагачихаад заримыг нь олж бөөн баяр бололгүй, засгийн газар нь халамж нэрээр мөнгө тарааж, Монголбанк нь түүнийг нь татах гэж хөглөдөг явдал зогссон нь сайны эхлэл. Зөвхөн бодлогын хүүгээ өсгөдөг ганц нэг зам биш олон янзын хэрэгслийг ашиглахыг зорих болов. Хоёр тийш харж онилдог байхад овоо хараанд буруу юм үзэгддэг байснаа больж байна гэсэн үг. Засгийн газар нь төгрөгөө үнэгүйдүүлчихээр Монголбанк нь хатуу бодлого барьж, бодлогын хүүгээ өсгөх мэтээр өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөөр ирсэн билээ. Харин одоо нэг зүгт харж, хамтарч ажиллах хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Бороо орохыг мэдээд гарахаасаа өмнө цув нөмрөх, бодлогын дэмжлэгийг гурилын шуудайны ам, шатахууны крантны эзэн цөөн хүн биш илүү олноороо оролцож хүртэх болж байна. Гол нэрийн барааны үнэ тогтворжуулах гурван жилийн таван хөтөлбөр хэрэгжиж, шалтгааныг нь шалтагтай нь хамт арилгаж байна. Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүжилт буюу зээлийн шугамын хэмжээ 720 тэрбум төгрөг. Үүний 47 хувь нь хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдагч дэлхийд багад тооцогдох жилийн 3,8 хувийн хүүтэй зээл олгоход зориулагдсан. Хүү багатай, хямд мөнгөөр “цус сэлбэсэн” нийлүүлэгчид үнэ тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлэн оролцож байна. Арилжааны банкны зээлийн дундаж хүү одоогоор 19,1 хувь. Тав дахин их хүүтэй зээлийн мөнгөөр бараагаа худалдвал ашгаа олохын тулд үнээ өсгөнө. Үнээ нэмбэл цалингаас цалингийн хооронд залгадаг эгэл олонхи илүү  “торгууль” төлнө. Замын-Үүд ердийн үед ч, цагаан сар, наадам зэрэг оргил ачааллын хугацаанд бүр их түгжрээтэй. Бидний иддэг будаа, элсэн чихэр, өдөр тутмын хэрэгтэй бүхэн ирэх гэж баахан гацаж тагларан, үнэр орохоос илүү үнэ нэмдэг үүсмэл шалтгаан арилж байна. Замын-Үүдээс өдөрт галт тэрэгний хоёр цуваа ирж, 24 цагийн дотор 9000 тонн ачаа хотод хүрдэг болсоноор “цусны эргэлт” түргэсэн, үнэ нэмэх нэг том шалтгаан багасч байна гэсэн үг. Зохиомол үүсмэл саад, цаг хугацаа, шат дамжлага бага байвал нийлүүлэлт жигд байна. Нийлүүлэлт сайн байвал үнэ тогтвортой байна гэсэн эргэх холбоо, хоорондоо бодит уялдаатай эд. Ачаа тээвэр, түлш шатахуун, бараа бүтээгдэхүүний өртгийг багасгахад хөтөлбөрийн санхүүжилтийн мөнгийг зориулж байна. Улаанбаатар төмөр зам, түлш шатахуун импортлогчид, бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгчдэд хямд мөнгө бол эрүүл цусны үүрэгтэй. Хямд орон сууц барих нэг гол хүчин зүйл нь хямд мөнгө.

 Хөтөлбөрийн санхүүгийн 53 хувийг нь хөрөнгө оруулалтанд зарцуулах болсон. Тухайлбал, мах, гурил, ногоо хадгалах агуулах, зоорь, хот суурингийн ойролцоо дөрвөн улирлын туршид хомсдол үл үүсгэх эрчимжсэн аж ахуй байгуулахаар төлөвлөжээ. Нөөц бэлтгэснээр махны үнэ тогтворждоггүйг олон жилийн туршлаг харууллаа. Малчны хотноос гарсанаасаа хойш хоёр дахин өсчихөж байгаа үнэ бол олон шат дамжлага, цөөн ченжүүдийн давуу эрх, хангалт нийлүүлэлт нь тогтворгүй буруу бүтцийн өртөг. Түлш, шатахууны бөөний болон жижиглэнгийн үнийг салгажээ. Оросууд тоннын үнээ 200 доллараар нэмлээ гэхэд 50-ийг нь иргэн, 150-ийг нь уул уурхайн том хэрэглэгчид хариуцдаг болсон. Мөнгөний болон төсвийн бодлогыг хооронд нь уяад, халамж тарааж төгрөгөө үнэгүйдүүлэхгүй, Монголбанк, Засгийн газарт хамтарч ажиллаад ирэхээр нийтийн бие засах газрын хураамжийг нэмэх далим олдохгүй болж, тэр нь нийгмийн хүлээлт, сэтгэл зүйд эерэг өөрчлөлт авчирч нөлөөлнө. Хамгийн чухал нь иргэдийн хүлээлт. Инфляцийг нэг оронтой тоонд барина гээд бүтэж байгаагүй зорилтоос 8 хувьд хазаарлах нь илүү тодорхой гэрийн даалгавар “Үнэ өснө өө, өсч л таарна” гэсэн урьдчилан программчлагдсан сэтгэл зүй, хүлээлтийг багасгаж байна. МУИС-ийн судалгаагаар иргэдийн инфляцийн хүлээлт 9,3 хувь болсон нь Монголбанкны 8 хувь гэсэн гэрийн даалгавартай ойролцоо гарчээ. Өснө гэж илүү олуулаа хүлээгээд байвал өсдөг, буурна хэмээн бодоцгоох түгээмэл байвал тогтворждог нь зүй тогтол. Компаниуд бага хүүтэй зээл авсан учраас үнээ нэмэхгүй гэж дийлэнх иргэд үзэж, бас итгэж байгаа дүн гарчээ. Мөнгө үнэгүйдээд ирэхээр нь захаас татаж, мөнгөний хатуу бодлого барьдаг олон жилийн зуршил өөрчлөгдөж байна. Ихэнх иргэд чухам учрыг нь тэр бүр тунгаадаггүй нэг чухал хүчин зүйл бол бодлогын хүү. Арван гурван хувиар тогтоолоо гэхэд банк хоорондын зээл 16 орчимд, эцсийн зээлдэгчдэд 19 болж очдог юм байна. Засгийн газар нь мөнгөө энд тэнд сул хаяад, онгоцноос ухуулга болгож тараагаад байхаар Монголбанк нь инфляцаа барихын тулд бодлогын хүүгээ өсгөдөг, тэгээд мөнгө хомсддог, зээл багасдаг үзэгдлээс үзэгдлийн хооронд өрнөдөг үйл явц өнгөрсөн он жилүүдэд үргэлжилж байсан юм. Харин одоо бодлогын хүүгээ аажмаар буулгаж, уян хатан, зөөлөн болж эхэллээ. Бондын мөнгөнөөс жижиг, дундад зориулахаар болсон нь үйлдвэрлэл дэмжихэд мөн л эрүүл цус, цэвэр агаар болно. Инфляцийг энэ онд 8, ирэх онд 5-7 хувьд хүргэж буулгах боломж бодитой байна.

Даалгавар биелэх болоогүй, асуудал бэрхшээл их хэвээр байна. Гадаадын хөрөнгө оруулалт, экспорт 40 орчим хувиар багассан нь сэтгэл түгшээх мэдээ боллоо. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь ажлын байр, татвар, тоног төхөөрөмж, шинэ технологи, доллар, валют гэдэг нь мэдээжийн зүйл боловч шовинизмд өртсөөр байгаа. Орж ирж буй мөнгөний дийлэнх нь Монголд үлдэх, шингэх салбар, төслийг дэмжих нь онилсон бодлого. Уул уурхайд хайгуулын зориулалттай хөрөнгө оруулалт тэгийг зааж байна. Стратегийн орд газруудад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг харзнасан хүлээлт их байгаа юм. Манай улс ерөнхий үнийн түвшинг тодорхойлдог 289  барааныхаа 70 хувийг импортолдог. Валютын ханшаа зохицуулахад хийх ажил, бас хүлээлт их байна гэж эдийн засагчид мэдэгдсээр байгаа юм. Бондын доллар төгрөгт хөрвөж, бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд нь хэрэгжих, угаасаа 4 дүгээр сард Монголын бизнес,  аж ахуйн ажил сэргэдэг улирал гэх зэрэг сайн зүйлс өмнө байна. Аливаа муу ерөнхийдөө сайн гэсэн алдарт үг бий. Хэний засгийн газар, хэн гэдэг тэргүүнтэй Монголбанк байх нь огт хамаагүй. Монголын засгийн газар, Монголбанк, монгол төгрөг, монголчуудын амин зуулга, ашиг орлого, амьдралын чанар ямар байх вэ гэдэг нь л онц чухал. Монголд зөв онилоод, хамтарч чадвал, өсөлтийг биш бууралтыг хүлээж, үр дагавартай зууралдах биш үндэс шалтгааныг нь барьж авбал инфляцийн хэмжээ буюу төгрөгийн үнэгүйдэл өсдөг биш буурдаг юм байна, буурах юм байна.