Л.Балдан: Д.Нацагдоржийн амьдрал бүтээлийг бодит эх хэрэглэгдэхүүнээр нотлон судалъя
Өнөөдрөөс 109 жилийн өмнө буюу 1906 оны 11 сарын 17-нд Дашдоржийн Нацагдорж хэмээх нэгэн их хүн мэндэлжээ.
Өнөөдрөөс 109 жилийн өмнө буюу 1906 оны 11 сарын 17-нд Дашдоржийн Нацагдорж хэмээх нэгэн их хүн мэндэлжээ. Академич Б.Ринчений үнэхээр гүн хүндэтгэлтэйгээр тодорхойлсончлон “магталтгүй сайн хүн” Д.Нацагдорж нь нийгэм, улс төрийн салбарт Засгийн газрын нарийн бичгийн дарга, Цэргийн яаманд туслах түшмэл, Намын Төв хорооны орлогч гишүүн, Пионерийн хэргийг эрхлэх товчооны анхны дарга, хэл бичгийн салбарт хэл шинжээч, толь зүйч, орчуулгын салбарт орчуулагч, түүхийн салбарт түүхч, сэтгүүл зүйн салбарт сэтгүүлч, утга зохиолын салбарт уран зохиолч зэрэг маш олон ажлыг ердөө 31 насыг наслахдаа маш өндөр үр бүтээлтэй амжуулсан байдаг. Ёстой л түүний үзэгнийх нь үзүүр хүрсэн болгон эдүгээ алт эрдэнэс болон үлджээ. Түүхэн цаг үе нь ч түүнд энэ их олон үүргийг тохоосон байх, өөрөө ч эзэн нь болж чадсан юм.
Нацагдорж судлал”-аар үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн бол Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, доктор, профессор Лувсангончигийн Балдан юм. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад ажилтан, эрхэм ах Л.Балдан гуайг сэрүүн тунгалаг ахуйд буюу 2014 онд Д.Нацагдоржийн туулсан баялаг, сонирхолтой амьдралынх нь талаар дагнан ярилцсан ийм нэгэн ярилцлага үлджээ. Тэрбээр Д.Нацагдоржийн талаар дандаа архивын баримт, бодит эх хэрэглэгдэхүүн түшин ярьсан нь үнэ цэнтэй юм.
Д.Нацагдоржийн амьдрал бүтээлтэй холбоотой материал хэр их байдаг юм бэ ингэхэд?
Эрдэмтдийн судалгаагаар Түүхийн төв архив, Намын Төв хороо, Эвлэлийн Төв хороо, Дотоод яамны болон бусад газарт 50 гаруй эх хэрэглэгдэхүүн байдаг юм гэнэ билээ.
Та төрсөн газрынх нь талаар тодорхой зүйл өгүүлээч?
Түшээт хан аймгийн Дархан Чинвангийн хошуу (одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сум)-ны Нүүрэнтэйн дэнжийн шувтрах үзүүр, Шилийн худгийн хойт энгэр, баруунаасаа зүүн тийш дугуйран тогтсон уужим тохойн дундах “Аяга” гэдэг дэвцэгт тайж Дашдоржийн гэрт нэгэн хүү мэндэлсэн нь “Боржигон Нацагдорж” ажээ. Тэр намар Дашдоржийнтой айл буусан Төгөлдөр тайжийн хатан Найдан сая төрсөн хүүгийн хүйг боож авчээ. Үүнийг Баяндэлгэр сумын харьяат Онхоодой лам “яг энд төрсөн” гэж, “Чөтгөр” хэмээх Норов гуай “тийм” гэж нотолсон байдаг. Иймээс нутгийн өвгөд хөгшид, судлаачид, зохиолчдын санал нийлж тогтоосон энэ газарт дээш бадран асч байгаа галын дөлийг дүрсэлсэн ган тулгыг байрлуулсан нь монгол уран зохиолын гал голомт бадран хөгжиж байхын бэлгэ тэмдэг болж байна.
Эцэг эхийнх нь талаар тэмдэглэгдсэн юм байна уу?
Өвөг эцэг Цэрэндоржийн тухайд 1885 онд үйлдсэн “Бадруулт төр (1871-1908)-ийн 11 он. Бэйс Пунцагцэрэнгийн хошууны ноёд тайж нарын гэрийн үеийн бичмэлийг үйлдсэн дэвтэр”-ийн эхний хэсэгт “Цэрэндорж 1885 онд хошууны мэйрэн, 1905 онд хошууны захирагч байхдаа хошууны засаг захиргаа, цэрэг, санхүү, тамгын газрын бичиг хэргийг эрхэлдэг байв. Цэрэндорж (дөтгөөр зэрэг тайж) нэг үе хошууны захирагч байгаад 1911 онд нас барсан” гэж бий. Эцэг Дашдоржийн хувьд Түүхийн төв архивт хадгалж байгаа “Чин вангийн хошууны хүн ам, мал хөрөнгийн данс”-анд “Тайж Дашдорж, нас 34, өрх 1, ам 2, адуу тэмээ байхгүй, үхэр 4, хонь 21”-тэй гэж тэмдэглэсэн байдаг. Эх Пагмын тухай “Бэйс Пунцагцэрэнгийн хошууны гэрийн бичмэлийн үйлдсэн дэвтэр”-т бичсэн зүйл тааралдахгүй байна. Харин ахмад хүмүүсийн дурсамжинд “Цоомой хиагийн бага охин Пагма, том эгч Ханджамц, дунд эгч Банзрагч, ойрын садан төрөл Умаадай, Цэвэлмаа нар” гэж дурдагдсан байдаг юм билээ. Ээж Пагма нь хүү Нацагдоржийг 7 настай байхад нь бие барсан байдаг.
Д.Нацагдорж хаана, хэзээ ямар алба хашиж байсан бэ?
“Гадаадад сургуульд явсан ба явахыг хүсэгчдийн анкет, паспорт” гэдэг бүртгэлийн асуултанд Нацагдорж өөрөө хариулахдаа “Бичгийн ажилд 11(1921) оноос 15 (1925) он хүртэл Цэргийн яам, Цэргийн зөвлөл, Намын Төв хорооноо 20 (30) он дуустал Төмрийн завод ба Эвлэлийн хорооноо алба хаасан” гэж бичсэн нь хамгийн үнэн баримт мөн. Үүнийг тодруулбал, Чин вангийн хошууны данс бичигт 1919 оны өвлийн тэргүүн сард Цэргийн яамнаас “Дашдоржийн хөвгүүн Нацагдоржийг харьяат яамны албан хэрэгт сайнаар зүтгэсэн эцгийнх нь гавьяаг шилжүүлэн хөхиүлэхийг эрж тэргүүн зэрэг шагнажээ” гэсэн байдаг.
Мөн Монгол Ардын Намын Төв хорооноос 1922 оны 5 сарын 2-нд Цэргийн яаманд явуулсан 135 тоот бичигт Намын Төв хорооны тэргүүлэгчдийн 13 дугаар хурлаар Нацагдоржийг Намын Төв хороонд ажиллуулах болсныг мэдэгдээд “Төв хорооны эрхлэн явуулах хэрэг явдал, үзэл суртал шинэ тулгар, түшмэл тушаалд нас цөөн (залуу) одоох байдлын нарийн нягтыг олохыг хүсэгчид болбоос ухах мэдэх нь илүү алс одоод тус дөхөм бүхий тулд тэмцэх чадахыг бодоход Цэргийн яамны орлосон түшмэл Нацагдоржийг тавибал тохирох болно гэж Намын Төв хороо үзсэн тул орлосон түшмэл Нацагдоржийг шилжүүлэн ирүүлж ажилд оруулна уу” гэжээ. МАН-ын III Их хурлын 18-р хурлын тогтоолын 8-р зүйлд “Засгийн газрын нарийн бичгийн даргын орны тушаалыг сонгохыг хэлэлцээд нөхөр Нацагдоржоор” гэх буюу тус их хурлаас Ардын Засгийн газар хуудсаар явуулсан бичигтээ “орон гарсан Засгийн газрын нарийн бичгийн даргын тушаалд чадахыг бодож Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Нацагдоржийг хавсарган сонгон баталж Засгийн газраа явуулан гүйцэтгүүлэхээр тогтов” гэж бий.
Нам, төрийн ямар их хурлуудад оролцсон байдаг вэ?
МАН-ын III их хуралд зөвлөх эрхтэй суусан Намын Төв хорооны гишүүд ба удирдах хүмүүсийн бүртгэлд 21 хүн байгаагийн 13-рт Нацагдорж (Намын Төв хорооны гишүүн бөгөөд Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга) гэж байгаа ба мөн хурлын 23-р тогтоолын 14-р зүйлд “Төв хороог сонгох явдлыг хэлэлцээд тэргүүлэгч гишүүн 9, бүгд хурлын гишүүн 21, бас найман орлогч гишүүдэд Нацагдорж нарыг сонгоно хэмээн олон төлөөлөгч нэгэн адилаар зөвшөөрөн тус бүр батлав” гэж бий. Аргын 11 сарын шинийн наймны өдөр өглөөний 11 цагт БНМАУ-ын дээд эрхийг барих Улсын их хурлыг ерөнхий сайд Цэрэндоржоос эхлэн нээж хурлын тэргүүн, дэд, нарийн бичгийн дарга болон хүндэт тэргүүлэгчдийг сонгов. Хувьсгалт залуучуудын өмнөөс Д.Нацагдорж илтгэв. Энэ хуралд Д.Нацагдоржийн хэлсэн үг 1924 оны 11 сарын 18-ны “Улсын их хурлын сонин бичиг”-т бий.
Тэгвэл хэдий үеэс эрдэм шинжилгээний ажил хийж эхэлсэн юм бол?
1931 оны “Шинжлэх ухааны хүрээлэнгийн албан хаагчдын нэрс” гэсэн бүртгэлийн 27-рт “Боржигин Нацагдорж тус газар оюутан 6 сар”, “Түүхийн тасгийн эрхлэгч”, “Дуун ухааны тасгийн эрхлэгч”-ийг хавсран хийж байжээ.
Эрдэм шинжилгээний ямар ямар бүтээл туурвисан юм бэ?
Нацагдорж “1931 оны 1 сарын 15-наас 1932 оны 3 сарын 16-ныг хүртэл хийсэн эрдэм шинжилгээний ажлын тухай” илтгэх хуудсандаа “Таван мянга гаруй жилийн өмнөөс эхлэн эдүгээ хүртэл хэрхэн ямар ямар соёл боловсрол гарсан зэргийн түүхийг зураг болгон зохиож, мөн тэр үед Монголын хэрхэн явсныг хавсруулан үйлдсэн” гэж байдаг. Мөн “Шинэ хуучин үсгийн толь”-ийн эх хэрэглэхүүн болгох зорилгоор 3300 гаруй үг түүвэрлэхийн зэрэгцээ 3 бүлэг, 60 гаруй зүйлтэй “Монгол хэлний ба латинчлалын дүрэм”, “Уран зохиол, хэл бичгийн ухаанд хэрэглэх нэр томьёо 1000 орчмыг олон улсын хэл болсон латин, грек хэлээр дэвсгэр хийж, герман, орос, монголоор хавсран хадаж, нэг дэвтэр болгон бэлтгэсэн” байна.
Улсын ерөнхий сайдаас 1935 оны 1 сарын 11-ний өдөр гаргасан 4-р тушаалаар “Тайлбар толь” зохиох комисст Ринчен, Шагж, Гомбожав, Дорж, Цэвэл, Дамдинсүрэн, Нацагдорж орж, ерөнхийд нь зааварлах товчоонд Дэндэв, Тубянский, Ринчен, Шагж нарыг томилсон байдаг. Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн 1936 оны 4 сарын 9-ний өдрийн 3-р хурлын тогтоолоор Монголын хувьсгалт улс байгуулснаас эхлэн эдүгээ хүртэл хэвлэн гаргасан олон зүйлийн ном бичгүүдийн товч гарчгийн бүртгэл зохиохыг Тубянский, Цэвэл, Нацагдорж нараар эрхлүүлэн гүйцэтгүүлэхээр даалгаснаар Нацагдорж, Цэвэл хоёр “Монгол улсын арван нэгдүгээр оноос эдүгээ хүртэлх хэвлэмэл зүйлүүдийн бүртгэл” хийж 900 гаруй номын нэрийг багтаажээ.
Монгол үсгийн бичгийн машины үсгийн маягийг зохион Дуун ухааны тасгаар хянуулахаар үзүүлэхэд Нацагдорж 1936 оны 8 сарын 29-нд санал гаргаж “Олон хэрэглэх үсгүүдийг чадал илүү долоовор хурууны хавьд онуулж, цөөн хэрэглэхийг бусдад зүй ёсоор онуулсан ба галиг үсэг, гадаад тэмдгүүдийг дэвшүүлэх ангид оруулна” гэж хэлж байсан байна. Эгшиг долоон аялгууны үг, нэр томьёог тус бүрийн тайлбарын хамт дэвтэр болгон дуусгаж, Ардын сайд нарын зөвлөлөөс томилогдсон комисст хянуулахаар шилжүүлсэн гэж бичээстэй байдаг.
Түүхийн дурсгалыг хамгаалах талаар бас ажлууд хийсэн байдаг юм билээ?
Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн 1935 оны 5 сарын 22-ны өдөр хуралдсан 10-р хурлын тогтоолоор соёл боловсрол ба түүхийн судлалын ангид багтаж байсан кабинетийг бие даасан тасаг болгоод эрхлэгчээр нь Нацагдоржийг томилон сар бүр 300 төгрөгийн цалин олгохоор тогтжээ. Энэ үеэс Монголын түүхийн судлалыг хөгжүүлэх “Түүхийн тасгийн үндсэн дор гүйцэтгэх ажил” хэмээх төлөвлөгөө боловсруулан нэгт түүхийн дурсгалыг хамгаалах, хоёрт сурвалж бичгүүдийг орчуулах зорилго тавьж ажиллаад Хөшөө цайдам гэдэг газар бүхий Түрэгийн Күльтегин ханы онц дурсгалт хөшөөнд саравч байгуулах, Налайхад буй Баянцогт хэмээх газрын эхэнд бүхий эртний Түрэгийн Эльтерс хааны мэргэн сайд Тоньюкукын бичигт хөшөөнд барилга бариулах төлөвлөгөө гарган биечлэн хийж гүйцэтгэжээ. Мөн өөрөө бие даан “Түүхийн хүснэгт зураг” хийн “Монголын түүхийн товч” гэдэг томоохон хэмжээний өгүүлэл бичиж “Шинэ толь” сэтгүүлийн 1936 оны 3, 4-рт хэвлүүлж байжээ.
Судар бичгийн хүрээлэнг сэтгүүлтэй болгохыг анх санаачилсан байдаг юм билээ, тэр талаар баримт байна уу?
“Хүрээлэнгийн сэтгүүл гаргахаар Нацагдоржийн боловсруулсан төсөл” архиваас олдсон юм. Тэр төсөлд “Энэ сэтгүүлийн зорилго болбоос тус хүрээлэн ба олон ардын хоорондын харилцааг нэгдүүлж, шинжлэх ухаан хэмээгч юун болох ба хийж бүтээж буй хэргүүд нь ямар ямар зүйл болохыг таниулж, басхүү дээр дурдсан шинжлэх ухаан, уран зохиол, уран бүтээл, эдийн засгийн явдлыг дэлгэрүүлэн хөгжүүлэх, цаашид боловсруулан судлахын тулд болой” гэж бичсэн байдаг. Уг сэтгүүлд бичих зүйлийг 1. Шинжлэх ухааны зүйл, 2. Уран зохиолын зүйл, 3. Уран бүтээлийн зүйл, 4. Эдийн засгийн зүйл гэсэн дөрвөн хэсэгт хуваан нийтэлж байхаар төлөвлөжээ.
Энэ төлөвлөгөөг дахин боловсруулсны үндсэн дээр 1935 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн өргөн (өргөтгөсөн) бүгд хурлаас тусгай сэтгүүл хэвлэн нийтэлбэл зохино гэж даалгасан ёсоор 11, 12 сард “Шинэ толь” гэдэг сэтгүүлийг анх гаргасан байна.
Тэр сэтгүүлдээ өөрөө өгүүлэл бичсэн байдаг юм болов уу?
Нацагдорж сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан таван хүний бүрэлдэхүүнд орж, уг сэтгүүлд хэвлүүлэхээр 2 өгүүлэл бичсэн нь эдүгээ архивт хадгалагдаж байна. Эхний өгүүлэл нь “Бичиг үсэг хэрхэн дэлгэрсний түүх” гэдэг өгүүлэлдээ “Эрт цагт бичиг үсэг зохиох явдал тутам тулгар байсан учир одоо цагт хэрэглэж байгаатай адил боловсон үсгийг хэрхэн зохиож чадах ажээ. Тиймийн тул түүний нөхцөл нь анхан эхлээд алив үзсэн дүрсийг үлгэр авч зурах зэргээр үүссэн бөгөөд басхүү тэр цагт цаас, бэх, үзэг, бийр зэрэг хэрэгсэл ч байсангүй тул мод ба холтсон дээр хутга шөвгөөр сийлэх зэргээр тэмдэглэн байжээ. Амьтан ба ургамал юмсын зэрэг алив нүдээр үзсэн бодис зэргээс үлгэр авч, дуурайлган зурсан элдэв дүрст бичгийг анх зохион хэрэглэсэн буй” гэх зэргээр олон зүйл бичсэнийг товчлон ярихад ийм байна. “Радио” хэмээх дараагийн өгүүлэлдээ “Радио болбоос нэгэн газраас илгээсэн мэдээг бусад олон өртөөнд цөм нэгэн агшин, нэгэн хоромд нэгэн зэргээр авч болно. Радиогоор Америк, Европ тивийн хооронд нэгэн гэрийн дотор суугаа мэт ярилцах ба яригчид цахилгааны туяагаар бие биесийг үзэлцэхийн дээр зургийг авч болно. Эдгээр нь цөм шинжлэх ухааны үүднээс бүтэж буй зүйл болой” гэж бичсэн нь Нацагдорж тухайн үедээ өнөөгийн шинжлэх ухаан, техникийн хөгжлийн зарим зүйлийг төсөөлөн харж байсан нь мэдэгдэж байна.
“Монголын түүх” бичих санаа төрж байсан талаар нь та тодруулж өгөөч?
Нацагдоржийн өөрийнх нь боловсруулсан төлөвлөгөөнд “Монголын бүрэн дэлгэрэнгүй түүх зохиох ба бас ч тусгай онц үеийн түүхийг зохиох хэрэглэхүүн баримтын хувиар боловсруулах” зорилго тавьж байжээ. Ингээд тэр үеийн Ардыг гэгээрүүлэх яамны сайд, тус хүрээлэнгийн гишүүн нөхөр Гонжоонд албан бичиг илгээж “Үүний урьд арван тав, зургадугаар оны орчим танай яам ба манай хүрээлэнгээс хамтран СССР улсын Ленинград хотноо эрдэмтэн Грумм-Гржимайлогоор зохиолгон, орос үсгээр гурван хувь машинаар цохиулж авсны хоёр хувь нь танай яамнаа байх бөгөөд тус хүрээлэнд үлдсэн нэгэн хувьд зарим балархай зүйлийг үзсүгэй хэмээн 23 дугаар оноо манай газар бүхий тэдгээр эхийг үзэхэд тэр хоёр эх хутгалдан самуурч зарим нь үгүй болсон байсан бөлгөө. Түүнийг үүний урьд манай газраас монголчилсон ба эдүгээ аваас тус хүрээлэнд түүхийн тасгийг байгуулж, тус улсын түүхийг судлах явдлыг эрхэлж бүхий үүнд, тэрхүү зохиолын орос эх манайд хэд хэд байваас хэрэгтэй тул тэдгээр зүйлийг манай хүрээлэнд шилжүүлбээс болох болов уу? Ерөнхий тасгийн эрхлэгч Амгалан, Түүхийн тасгийн эрхлэгч Нацагдорж” гэснээр “Монгол Ард Улсын Судар бичгийн хүрээлэнгээс Монголын түүх зохиому хэмээснийг хүлээн авч, уг түүхийг 1928 оны 8 дугаар сард бичиж дуусгаад, Судар бичгийн хүрээлэнд явуулсан” гэж бичсэн байдаг юм. Нацагдорж өөрөө бие дааж Монгол ардын хувьсгалын 15 жилийн ойд зориулан Монголын түүхийн нэн эртний үеэс 1924 он хүртэлх үеийг багтаасан “Монголын түүхийн товч” гэдэг зохиол бичиж “Шинэ толь” сэтгүүлийн 1936 оны 3, 4-рт хэвлүүлж байжээ.
Түүнийг мөн хээрийн судалгаа шинжилгээнд оролцож байсан гэдэг?
Нэгдүгээрт, Шинжлэх ухааны хүрээлэнгээс Нацагдоржийг сул оюутнаар бүртгэн, ажлынх нь зав чөлөөгөөр судалгааны ажилд оролцуулах зорилгоор “Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошууны Бүсийн чулуу хэмээх газраа бүхий “Хэсэг байшин” гэдэг эвдэрхий балгасны бичигт чулуунаас хэв авахуулахаар Төвийн хорооны нарийн бичгийн дарга Нацагдоржийг орос оюутан Казакевичийн хамт 1923 оны арван нэгэн сарын 19-нд” явуулж бичээсний хэв авахуулан судалгааны эх хэрэглэхүүн болгож байсан байна.
Хоёрдугаарт, оюутан Нацагдоржийг эдийн засгийн экспедицээр хөдөө ажиллуулахаар томилон Дорнод аймагт 1 сарын хугацаагаар явуулжээ. Шинжилгээний ангиар явах замдаа Санбэйсийн хүрээн дээр цам майдар болж байхад дайралдаж, цугларсан олны дундаас үзэсгэлэн төгөлдөр гоо бүсгүйг олж харжээ. Тэр бүсгүйн унасан морь, өмссөн хувцас, биеийн галбир төрхийг сайтар ажиглан сэтгэлдээ тогтоогоод, орой нь өдөр үзсэн зүйлээ тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж байжээ. Хотод ирээд хэд хоносны дараа “Хөдөө талын үзэсгэлэн” гэдэг өгүүллэгээ бичсэн юм даа.
Гуравдугаарт, Нацагдорж, Жамсраны Цэвээний “Бичиг хэргийн нарийн бичгийн дарга” эрхэлсэн түшмэл Ядамсүрэнгийн олгосон үнэмлэхээр 1931 оны 2 сарын 12-ноос 5 сарын 22-ныг хүртэл 3 сар 10 хоног Ерөөд тусгай албан томилолтоор Цэвээн Жамсрановтой хамт явж орон нутгийг судлан К.Марксын “Капитал” зохиолоос орчуулах ажилд оролцож байв. Ингэж ажиллаж байхдаа Жамсраны Цэвээн Шинжлэх ухааны хүрээлэнд хугацаа сунгаж өгөхийг хүсч Нацагдоржоор бичиг хүргүүлж байсан баримт бий.
Тэгвэл намын даалгавраар хөдөө орон нутагт ажиллаж байв уу?
Намын Төв хорооны бүгд хурлын гишүүд 1922 оны 10 сарын 23-ны өдөр хуралдаж, 11-р үүрээс ирүүлсэн 4 тоот бичгийг хэлэлцээд Нацагдоржийг намын орлогч гишүүнээр батлан 71 тоот бат илэрхийлэх олгож байсан байна. Нацагдорж Намын Төв хорооны тэргүүн дарга Дамбадоржийн хамт Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу (Архангай аймгийн Хашаат) мөн аймгийн Далай гүний хошуу (Өвөрхангай аймгийн Баян-Өндөр)-нд намын нэг хоёр үүрийн будлиантай зүйлийг 1922 оны 7-р сард залруулан зөвлөлгөө өгсөн байдаг. Хуучнаар Сайн ноён ханы Цэцэрлэг мандал уулын аймгийн Сэцэн чин ван Наянтайн хошуу (одоогийн Архангай аймгийн Ихтамир сум), мөн аймгийн Шивээ ширээт хутагтын шавьд шинэ засаг захиргаа байгуулах Засгийн газрын төлөөлөгчөөр Чойжилсүрэнтэй хамт 1923 оны намар очиж, ажлыг зохион байгуулж байв. Түүнчлэн Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу (Булган аймгийн Хутагт сум)-нд ардчилсан засаг захиргаа байгуулах Засгийн газрын төлөөлөгчөөр 1924 оны 7-р сард ажилласан байдаг.
Д.Нацагдоржийн гадаадад сургуульд суралцах нөхцөл нь хэрхэн бүрэлдсэн байдаг юм бол?
1923 оны 8 сарын 17-нд Төв хорооноос Бүх цэргийн зөвлөлд явуулсан 302 тоот бичигт “Төв Хорооны нарийн бичгийн дарга Нацагдоржоос Оросын Петроград хотноо удаан хугацаагаар одон аливаа эрдэмд боловсрохыг хүсч, оноосон албанаас чөлөө олгохыг хүссэнийг хэлэлцээд энэ мэтээр эрдмийг сайжруулах нь үнэхээр сайшаалтай хэрэг тул чөлөө олгож, сургуульд сайтар боловсортугай хэмээн тогтов” гэсэн нь Намын Төв архивт байдаг. Нацагдоржийн хүсэлтийг удирдах байгууллага нь хурлаараа хэлэлцээд 181 тоот дагалдах бичгийн 14-рт “Гишүүн Нацагдоржоос Ленинград хотноо сургуульд одох учраас харьяат Төв Хорооны орлогч гишүүн ба шалган цэвэрлэх комисс, Үйлдвэрчний эвлэлийн бага комиссоос тус тус чөлөө олгомуу хэмээн өргөсөн учир энэхүү Нацагдоржийн бие нэгэнт сургуульд одох болсон тул уг гуйсан ёсоор чөлөө олгож явуулахаар тогтов. Хуралд суусан гишүүд: Дамбадорж, Хаянхярваа, Занабазар, Хаснавч, Цэрэндорж” гэснээр гадаадад сургуульд суралцах нөхцөл нь бүрэлдсэн байдаг.
Монгол Улсын Гадаад явдлын яамнаас “Эдүгээ Цэргийн яамнаас томилогдож, Ленинград хотноо Цэргийн дээд сургуульд одуулах Нацагдоржийн гэргий Пагмадулам, Баатарын гэргий Янжмаад бие хамгаалах бичиг нэгэн хувийг шийтгэн олгосон тул аливаа замд тохиолдох зах хязгаарын эрх баригчид ба түшмэд, цэрэг, цагдаа нар учрыг мэдэж, саатуулан боогдуулалгүй туслан хамгаалж өнгөрүүлнэ үү” гэсэн бичиг олгосон байдаг. Ингэж Цэргийн яамнаас Цэргийн сургуульд 8 хүн илгээхэд тэдний дотор Нацагдорж багтаж Орос улсад Н.Г.Толмачевын нэрэмжит Улс төрийн академид суралцаж байжээ.
Нацагдорж Орос улсад сургуульд сурч байхдаа зуны амралтаар нутагтаа ирэхэд нь Бүх цэргийн зөвлөлөөс 16-р оны (1926) 8 сарын 18-ны өдөр гаргасан 24-р тушаалаар тус зөвлөлийн туслах түшмэлийн оронд нөхөр Нацагдоржийг түр томилон алба хаалгажээ. Энэ үед Ардыг гэгээрүүлэх яаманд хандаж “Сонсвоос харьяат яамнаас Жибин (Япон) улсын Токио хотноо сургуульд хүмүүсийг явуулах хэмээх үүнд өчүүхэн хүн 21 настай бөгөөд мөнхүү сургуульд явж, боловсон улсын эрдмээс сурахыг хүсэх тул байцаан томилж ёсоор болгон явуулахыг гуйсугай” гэсэн өргөдөл өгчээ. Энэ үеэр Намын Төв хорооны зохион байгуулах зөвлөлийн 24-р хурал 1926 оны 9 сарын 11-ний өдөр болж Японд суралцахыг зөвшөөрөөгүй байна. Японд суралцахыг зөвшөөрөөгүй учир тэдгээр хүмүүсийг Герман улсын сургуульд нэмэн одуулахуйд “Нацагдорж, Пагмадулам нарыг томилохоор тогтов” гэснээр баруун зүгийг зорьсон ажээ.
“Сурагчийн сэтгүүл” гаргахыг санаачилсан тухайд нь ямар баримт байна?
“Сурагчийн сэтгүүл” гаргах саналыг Нацагдорж анх боловсруулж түүнийг багш Ишдорж сийрүүлэн Гэгээрлийн яамнаа илгээсэн юм. “Сурагчийн сэтгүүл”-ийн анхдугаар нь 14х23 см-ийн хэмжээ бүхий 8 зүйлээс бүтсэн бичмэлийг 1928 оны 9 сард Берлин хотноо гаргажээ. Сэтгүүлийн зорилго нь “Залуус эрдэм боловсрол хэр хэмжээгээр эзэмшсэнээр эх орноо хөгжүүлнэ. Эрдэм боловсрол эзэмшиж буй нь чухамдаа үүний урьд тохиолдоогүй ба дахин тохиолдошгүй хөгжлийн түүхэн шинэ үе” гэсэн санааг гаргаснаараа онцлог билээ. Нацагдорж уг сэтгүүлд “Манай үе ба манай үүрэг”, “Цаг цаг” гэдэг хоёр өгүүллийг Элдэв-Очир (Нацагдорж) гэдэг нэрээр бичсэн байдаг.
Нацагдоржийн гаргасан саналыг сийрүүлэн Ардыг гэгээрүүлэх яамнаа ирүүлсэн бичигт “тус сэтгүүлийн зорилго нь эн тэргүүнд дээр дурдсан ёсоор тус сурагчдын оролдлогыг хөгжүүлж, хоорондын харилцаа холбоог өрнүүлэн элдэв урагш дэвших зүйлд нөхөр болох ба тухайлан сурагчдад монгол газар тийшээ харилцах холбоо болгож, тэндэх элдэв байдал ба үзэж мэдэж бүхий зүйлүүд буюу элдэв тустай боловсролын зүйлүүдийг бичиж илгээх, тэндэх байдлыг мөн авах зэргээр нэвтрэлцэх зүйлд зам болгох амуй. Эдүгээ манай Монгол улс аваас ард түмний эрх чөлөө ба эрдэм боловсролыг илэрхийлэн шинэ байдалд хөгжиж бүхий энэ үед багачууд залуучуудыг боловсруулахыг нэн чухал болгожээ” гэжээ.
Герман улсад суралцаж байхдаа хаана амьдарч байсан юм бэ?
Нацагдорж хэсэг зуур Берлинд байгаад 1927 оны 6 сарын эхээр Лейпцигт шилжиж хотоос зайдуухан Конвенц дүүрэгт Нацаг, Пагмадулам хоёулаа хоёр жижигхэн өрөөнд Бозенштрассе гудамжны 4 тоот хаалганд Бек гэдэг айлд сууж байжээ. Архивт хадгалж байгаа Нацагдоржийн биеийн байцаалтанд (1934) өөрөө бичихдээ “Германы их сургуулийн дорно дахиныг судлах ба сонин сэтгүүлийн ангид гурван жил” гэж байдаг юм.
Д.Нацагдорж эх орондоо буцаж ирээд юу хийж байсан бэ?
Нацагдорж Герман улсаас буцаж ирсний дараа Төмрийн завод ба Эвлэлийн Төв хорооноо алба хааж байгаад Шинжлэх ухааны хүрээлэнд оржээ. Нацагдоржийг ирэх үеэр 1930 онд Монголын Хувьсгалт Зохиолчдын Холбоо буюу Монгольская Ассоциация Революционных Писателей (МАРП)-ыг байгуулж 8 сарын 8-ны өдөр хуралдсан анхдугаар хурлын тогтоолд “Тус уран зохиолчид нэгдсэн хүчээ нэгтгэн, уран зохиолын явдлыг хөгжүүлэхийг зорьсны тул тусгай байгууллагатай байваас зохих. Үүнд: Юуны урьд уран зохиолчдын төв товчоог сонгон байгуулах тухай хэлэлцээд, бүгдээр зүйтэй хэмээн зөвшөөрөлцөж, мөнхүү товчооны гишүүн гуравт нөхөр Ядамсүрэн, Булышев, Дүгэржав, орлогч хоёрт Гонгор, Нацагдорж нарыг тус тус сонгов” гэжээ. МАРЗ (Монголын Ассоциацын Революционы зохиолчид)-ын нарийн бичгийн дарга байхдаа зохиолчдын “Эрх хэмжээний дүрэм”-ийг боловсруулж МАРЛ (Монгольская Ассоциация Революционных Литературов) гэж нэрлэх үед “Уран үгсийн чуулган” цоморлогийг анх гарган хөрш орны зохиолчдын байгууллага ялангуяа ВСАПП (Все Союзная Ассоциация Пролетарских Писателей)-тай холбоо тогтооход их хүчин зүтгэж байжээ.
Мөн Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байхдаа Италийн жуулчин Марко Пологийн зохиолыг Германы эрдэмтэн Альберт Герман, франц эхээс нь товчлон “Их хааны ордонд” нэрээр герман хэлнээ буулгасныг монголчилсон бөгөөд Эдгар Аллан Погийн “Алтан цох”, Ш.Нацагдоржтой хамтран “Гилбэрийн хатан”, А.С.Пушкин Болдин эдлэнд байхдаа бичсэн “Талийгаач Иван Петрович Белкины туужис” гэдэг номын эхний хэсэг, “Буудалцсан нь” зэргийг орчуулсан байдаг. Бас “Монгол хэлээр орчуулсан номын бүртгэл”-ийн 25-рт А.С.Пушкины “Анчаар” хэмээх шүлгийг 1937 онд Дашдоржийн Нацагдорж орчуулжээ. “Хоригдол” хэмээх шүлгийг мөн 1937 онд орчуулсан. Орчуулгын чанар сайн гэж “Наука” сэтгүүлийн 1941 оны №2-ын 69-70-р талд байдаг.
Түүнийг амьд сэрүүн байхад нь эх оронд нь хэр үнэлж байсан байдаг юм бол?
1919 оны өвлийн тэргүүн сард Цэргийн яамнаас Нацагдоржийг харьяат яамны албан хэрэгт сайнаар зүтгэсэн (эцгийн) гавьяаг шилжүүлэн хөхиүлэхийг эрж 14 настай байхад нь тэргүүн зэрэг шагнасан байдаг. Монголын эхлэн бичигч залуу зохиолчдыг урамшуулах зорилгоор Нацагдорж, Гомбожав нарт мөн тийм гавьяаны учир 50 лан шагнажээ. Улс төрийн уран сайхны зөвлөлөөс тус хотын дотор анхдугаар удаа туршлага болгож явуулсан “Дөрвөн цагийн эргэлт ба хүний аж төрөл хийгээд хөгшин залуугийн хувирал” хэмээх шүлгийн уралдаанд “Уран сайхан ба утга чанар хийгээд үг найруулгын талаар манай хуучин алдартай уран зохиолч нөхөр Буяннэмэх, Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан их Нацагдорж, мөн шинэ уран зохиолч Багшийн сургуулийн багш бага Нацагдорж нарт тус тус 200 төгрөгийн шагнал олгох явдлыг Улс төрийн уран сайхны зөвлөлд гуйсугай. Энэхүү тогтоолыг Улс төрийн уран сайхны зөвлөл хэвээр батлан гүйцэтгэв” гэж байдаг. Ардын үндэсний хувьсгал ба ардын хувьсгалт засаг хийгээд цэргийг байгуулсны 15 жилийн баяраар Шинжлэх ухааны хүрээлэнгийн албан хаагчдыг шагнахад Түүхийн ба Дуун ухааны тасгийн эрхлэгч Боржигон Нацагдоржийг зургийн аппарат, үнэмлэхээр шагнажээ. Мөн түүнийг “Ажлын идэвх сайн, ажилдаа мэргэжилтэй” гэж 1936 оны 10 сарын 5-нд хар саарал бэхээр бичиж Шинжлэх ухааны хүрээлэнгийн удирдлага үнэлж байжээ.
Тэгвэл дараа нь хэрхэн үнэлэгдэж байсан бэ?
МХЗЭ-ийн Төв Хорооны товчооны гишүүдийн 1968 оны 8 сарын 29-ний өдрийн 11-р тогтоолоор Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн “Монголын пионерийн дуу”, “Од” шүлэгт МХЗЭ-ийн нэрэмжит шагнал нэхэн олгосон байдаг. Мөн “Миний нутаг” шүлгийг нь 1999 оны 5 сарын 4-ний өдрийн “Зууны мэдээ” сонины 84-рт “Хорьдугаар зууны шилдэг яруу найраг” гэж өргөмжлөн алдаршуулсан юм. Ерөнхийдөө их зохиолчийг маань “Шинээр эхэлж байгаа шүлэгч бөгөөд уран зохиолч” (1934), “Шинэ уран зохиолчдын анхны алхмыг хийсэн уран зохиолч” (1945), “Нийгмийн зүтгэлтэн, түүхч, сэтгүүлч” (1966), “Дэлхийн уран сайхны соёлд томоохон хувь нэмэр оруулсан сод уран бүтээлч” (1986) гэж тус тус үнэлсэн баримтууд байдаг юм.
үргэлжлэл бий...
Зүүн гар талаас Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, доктор, профессор Лувсангончигийн Балдан, нэрт төвөд судлаач, доктор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар нар
Зочин
Нинжин
Charlescef
Зочин
монгол
Зочин
халуухан охин
Tod Otgonbayar, zuraach
Зочин
Зочин
Зочин
Huugees ni
Reader
unshigch