Дангаараа эрх барьж ирсэн уламжлал нь сонгууль дамжин тасалдсны учир шалтгааныг олох асуудлыг хэрхэн хэлэлцэх нь олон түмний анхаарлын төвд байсан МАН-ын бага хурал “сүртэй  дүртэй” болоод өнгөрөв. Гэхдээтэд 2000 онд ардчилсан нам ялагдсан шиг засгийн эрхээс бараг үртэсгүй хөөгдөөгүй л дээ. Уул нь “эзний алба ээлжтэй” гэдэг шиг төрийг барихдаа барьж, барилцахдаа барилцаж, сөрөлцөхдөө сөрөлцөх нь орчин үеийн улс төрийн намын оршин тогтнох арга л даа.

Гэвч манай МАН угаасаа дангаараа эрх баригч байдалдаа дасаж, тийм хөтөлбөрөөр программчилагдсан, гишүүдийн үлэмж нь жирийн нэг улс төрийн жирийн намд бус эрх баригч намд элссэн гэдэгтээ итгэсэн иргэн байдаг. Тэгээд дангаараа эрх барихаа болих юм уу, сөрөг хүчний үүрэг гүйцэтгээд ирэхээр “Би хаана элсчихээ вэ” гэх маягийн алмайралд олон гишүүн нь ордог.Элсэлтийн шалгалт өгч байгаа хөвүүн “Дарга болгодог ямар сургууль байна” хэмээн асууж явсан гэдэг шиг  “аль намд орвол дарга болдог юм бэ” гэж сонирхогчдийн армийн олон дайчин ийшээ орсон доо.

Зөвхөн эрх барихад дассан толгой, зөвхөн дарга л болно гэж орсон эгнээнийхэн нийлээд бодит байдалдаа дасаж чадахгүй ихэд цочирдож байх шиг байна. Гэвч ялагдлын учир шалтгааныг бус буруутныг л олж хайх хуучинсаг өнгө нь их цухалзаж харагдлаа. “Бид яагаад ингэв”  гэж эргэцүүлэх бус “Биднийг хэн ингэв”, “Бид хэнээс болоод ийм болов” гэхчлэнгийн асуултын хариуг л эрж байх шиг байна. Нэг хэсэг нь “дарга Энхтүвшин нь дампуурууллаа, өөр сайхан даргатай байсан бол хаанаас ингэж явах билээ” хэмээн халаглаж байгаа бол нөгөө хэсэг нь “нэр дэвшигчдээ л нэрвүүлчихлээ” гэдэгт итгэлтэй ажгуу. Бас “шинэчлэнэ барина гэсэн хэдэн залуус нь л намыг минь ширвэчихлээ”  гэж үздэгээ нуухгүй хэсэг ч байна. Харамсалтай нь “Миний муу дээр, ламын муу” гээч болов уу гэж хэлчих хүн нэг их харагдсангүй.

Асуудлыг ингэж тавьдагт л энэ намын хамаг зовлон байгаа юм. Энэ зовлон их эртээс угшилтай. Хамаг бурууг “алдагдсан эрх мэдлээ санагалзагч феодал анги”, “империализмын тагнуул”, “хятадын гар бологч”  гэхчлэнгийн бэлэн зэхээний, хоосон дайсан руу чихдэг 70 жилийн уламжлалаа гээхгүй байгаа юм. “Нам угаасаа алдах нигуургүй бүтээгдсэн ба намын удирдагч ч мөнхийн зөв үйлдэл хийхээр програмчлагдсан” гэж итгэсээр ирсэн. Харин намд шургалсан баруунтан зүүнтэн нар намыг  нь хорлон алдаад илэрсэн тухай түг түмэн жишээ МАХН-ын түүхнээ буй.

Хамгийн ахмад, шашин шүтлэгтэй хамгийн эвлэршгүй байдлаар тэмцсэн уламжлалтай МАН-ын энэ араншин нүүдэлч үндэстнийхээ анимизм, мухар сүсэгтэй үнэн төстэй. Мориноос унахаас эхлээд, малаа алдсан, хотонд чоно эргэсний учир шалтгааныг  үлий цөмрөх,  малаа хариулгагүй хаясан,  хонио манаагүй зэргээс болоогүй харин лус хилигнэсэн, хар цагаан хэл ам дайрсан, хараал хүрсэн зэргээс шалтгаалсан гэж  үздэг нүүдэлчний сэтгэхүйтэй бүр амь нэгтэй. Тэгээд үлийгүй газраар давхих, малаа сайн хариулах, хотоо манах тал дээр анхаарахын оронд лус аргадаж, цагаан шүхэрт уншуулж, хараалын хариулга хийгээд санаа амардаг уламжлалтай ч агаар нэгтэй. Монголчууд л юм болохоор мянга марксист болоод ч өөрчлөгдөггүй юм болов уу?

Өдгөө намын хурлынх нь уур амьсгалыг ажихад “Манай намд шургалсан ямар этгээд, намын удирдлагад орсон ямар гээч баруунтан, зүүнтэн манай намыг хорлоод байгааг олох” явдлыг л багагүй чухалчилж байх шиг.  Ийм тохиолдолд дайснаар онилогдсон этгээд өөрөөсөө илүү аймшигтай дайсныг зааж чадаж хэмээнэ сая аянгаас зайлдаг. Залуучууд нь Энхтүвшин дарга руугаа дайраад, дарга нь эргэж “Та нар тэгвэл юу хийсэн юм бэ, хэлээдэх гэж” довтлоод байгаа чинь аянгын цахилыг бие биерүүгээ ээлжлэн чиглүүлж байгаа процесс шүү дээ. Хуучин цагт бол дийлэгдсэн нь ардын дайсан болоод ачигддаг байсан, одоо яалаа гэж тэгэв гэж.

Яг нарийндаа манай ууган намын хамаг алдаа, зовлонгийн эх чухам энэ “дайсан” эрдэг уламжлалд л байдаг. Өөрсдийг хэзээ ч алдаа гаргадаггүй, харин үе үе хорлогдож болдог организм мэтээр төсөөлдөгт байгаа. Хальтирч уналаа гэхэд хойшдоо сэрэмжтэй гишгихийн оронд хальтруулсан дайсныг олж тодруулан устгаад байвал ертөнц өөрөө халтиргаагүй болох аятай боддогт л байгаа юм.

Энэ уламжлалдаа итгэлтэй хашрууд ч тодорхой харагдаж байна. Тэд шинэчлэл хүссэн залуусаа дэмжих, боломж олгохын оронд нам дарж “ тануус юу хийсэн юм бэ” хэмээн амыг асуух байдалтай. Дэмжиж байгаа ганц нэг нь “Эднийг чинь аятайхан хөөргөж байгаад улаан гараар нь могой бариулж болох юм биш үү” хэмээсэн  горьдлогоо ч нууж хааж чадахгүй харагдана.

Зарим нь дарга нь энд маргахын оронд  хүчээ нийлүүлээд, эх баригчдаа самраад өгөхийг ч битүү хатуу санал болгож байгаа нь “манайх биш бол дайсан мөн”, “биднийг дэмжээгүй л бол бидний дайсныг дэмжсэн хэрэг” гэдэг марксист ойлголтоосоо салаагүйнх бололтой. Жудо бөхөөр анх хичээллэхээр ирж байгаа хүнд хамгийн түрүүнд унаж сурахыг заадаг юм гэж дуулсан гэсэн. Манай тамирчид  ч зөв замаар нь суралцсан болоод л олимп дэлхийн аварга болдог байх. Их улс төр ч цаашдаа зөв толгойлдог төдийгүй, зөв сөрдөг намыг л тунгааж үлдээх буйзаа.

Манай ууган намын цаашдаа “нам” болох уу, “нам болох”  уу гэдэг нь тулгамдсан асуудлаа зөв тавихаас их хамаарах бололтой. Учир нь, буруу асуултын араас тувт л буруу хариулт хөвөрдөг билээ. Энэ намын шинэчлэл манай улс үндэстний хувь заяанд их нөлөөтэй. Зуун сая жилийн өмнө үхсэн үлэг гүрвэл-Батаар ясаараа бидэнд нөлөөлөөд байхад зуугаадхан жилийн түүхтэй, одоо ч байгаа нам нөлөөлөлгүй ч яах вэ?