100 жилийн дараах энэ өдөр
Өнөөдөр 7-р сарын 23. Энэ өдөр дэлхийд юу болсон гэж тэмдэглэдгийг бүү мэд, лав Монголд хэн нэгэн суутан мэндлээгүй, элдэв хувьсгал гараагүй. Түүхэнд бичигдсэнээр 1905 оны энэ өдөр монгол газрын нэг сайныг зөрчин Булнайн нуруунд 8 баллын хүчтэй газар хөдөлж хэдэн хүний амь сүйдсэнээс гадна олон зуун км үргэлжилсэн хагарал үүссэн нь хамгийн том үйл явдал байх.
Гэхдээ яг 100 жилийн өмнө Улаанбаатар хотын түүхэнд маш чухал явдал болсон нь анх удаа зургаа томоор татуулсан байна. Тэр жил, түүнээс өмнөхөн нийслэл Хүрээний сүм, хийд, модон гудамж, хүн амьтны зургийг зөндөө авсан нь бий ч өндөр газраас овоохон багтаасан хамгийн анхны дэлгэмэл шахам зургийг энэ өдөр авчээ. Арай баруун урд чигт Гандан, хойшоогоо Мэгзэд Жанрайсигийг оруулсан өөр нэг зурагтай залгаж сунгавал янзтай панорам болохсон. Энэ бүх зургийг францын банкны эзэн Альбер Каны зохион байгуулсан аялалаар Стефан Пассе хэмээх эрхэм Оросоор дамжин Хүрээнд ирээд буцах зуураа авсан гэрэл зургаар ноднин Улаанбаатарт үзэсгэлэн гаргахад бид олж үзсэн билээ. Цаад архив нь хэдэн мянган зурагтай гэсэн. Зүүн тийш харж авсан зураг хэзээ нэгэн цагт гараад ирвэл ч гайхалтай юм болно доо.
Нийслэл хүрээ. Чингэлтэй уулын хамгийн урд үзүүр Тасганы овоо. Сүүдрийг ажихад нар жаргахын өмнөхөн. Хоёр лам цааш харж суусны нэг нь хальт эргэжээ. Дөрвөлжин хайрцаг шиг юмыг модон хөл дээр зоож сүүтэгнэх харь хүмүүсийг гайхан харна. Зүүхэн бяцхан овоо гэмээр хэдэн чулуу, хэдэн алхмын цаана бараан дээлтэй эмэгтэй бололтой нэгэн цааш харан суужээ. Баруун урагшаа бас нэгэн хүн цааш уруудсаар далд орох гэж байна. Овоо шувтрахад Туулын уужим хөндий залгаж тэнийн Богдхан уулаар үргэлжилсээр тэнгэрт хүрчээ. Доохнуур хашаа гэрүүд, тэртээ цаана Богдын ордон (золтой л музей гэчихсэнгүй) мөн байна. Дээр үеийн хүмүүс зургаа авахуулах гэж сүйд болдог байсан бол нийслэл Хүрээний энэ хэсэг налайсан чигээрээ татуулжээ. Удалгүй нар жаргаж энд амьдарч байсан 60 мянган хүн хорвоогийн нэг өдрийг үднэ.
Өглөө нар эргэхээс өмнө Тасганы овоон дээр гарч зуун жилийн өмнөх яг тэр цэгийг олж зогсоод чухал зураг дарахаар гарлаа. Даанч арсайж сарсайсан барилга байшин пиг дүүрч хамаг юм халхлагдаад олдсонгүйээ. Тасганы овооны орой зуун жилийн дотор салхи усанд элэгдэж хэлбэр дүрсээ өөрчлөв үү? Юутай ч нэг цэгийг товлосон ч тэр олон барилгад Богд уул таглагдсан тул (Зайсан толгой аль эрт сураггүй) арайхийн дөхүүлж авсан зураг энэ байна. Харин цагийг нь яг тааруулна (сүүдрийн уртыг хэмжиж байгаад) гэхлээр үдэш очиж зургаа дарна, хүмүүст үзүүлэх гэсээр байтал дараачийн зуун жил эхэлчих тул дэмий санагдав.
Энэ удаад зүгээр л тэмдэглэв. Олон юмыг дараа нь ярихаас.
Saruul Xan
Нэг монгол
Зочин
GGG
zochin
Saruul
saruul
зочин
saihan bolj
zochin
сн
Зочин
zochin
дүү хүү
МИНЖ
МИНЖ
P
tomjaal
NB
Зочин
erdenebat
анд
анд
Зочин
Зочин
17цаг40минут
17tsag40minut
17tsag40minut
Зочин
ууги
Батнэрэн
Зочин
Зочин
Зочин
уншигч
зочин
зочин
Гоё