Тегеранд Элчин сайдын яамаа нээвэл оновчтой мэт?!
Иран нь ойрын ирээдүйд бүс нутгийн их гүрэн болох амбицтай. Ираны өнөөгийн дэглэм нэг өдөр солигдоход л дараа нь бүс нутагтаа цэцэглэн хөгжсөн, харьцангуй европжиж соёлжсон, хэтдээ өрнийнхөнтэй түншилж чадах бэлээхэн хөрстэй, нөлөө бүхий нэгэн гүрэн аажмаар төлөвшиж байна
Иран нь ойрын ирээдүйд бүс нутгийн их гүрэн болох амбицтай. Ираны өнөөгийн дэглэм нэг өдөр солигдоход л дараа нь бүс нутагтаа цэцэглэн хөгжсөн, харьцангуй европжиж соёлжсон, хэтдээ өрнийнхөнтэй түншилж чадах бэлээхэн хөрстэй, нөлөө бүхий нэгэн гүрэн аажмаар төлөвшиж байна гэж үзэх үндэстэй хэмээн би тэнд очсоныхоо дараа бичээд G-20, БРИКС-т хэтдээ нэгдэх бүх нөхцөл нь тэр улсад аажмаар бүрдэж байна гэсэн дүгнэлт хийсэнсэн. (Энэ тухай bayarkhuu.niitlelch.mn дэх архиваас 2010-2011 оныг дамжсан гурван нийтлэлийг нь эргэж үзнэ үү – baabar.mn)
Миний зөгнөсөн яг ёсоороо болжээ. Улс төрийн реформист жигүүрийн төлөөлөгч Хассан Рухани Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. 2009 онд ийм ялалтыг хангуулах гэж ираны олон нийт тэмцэл хийгээд бүтэлгүйтсэн бол энэ удаа шударга сонгуулиар ялалтаа хангажээ.
Лалын ертөнцийг, магадгүй дэлхий дахиныг гайхшруулах их үйл явцын эхэн энэ байж болохыг барууны хэвлэлүүд шүүрэн авч мэдээлж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн хэлж байсан үг: –Ираны сонгууль бол ардчилсан сонгууль биш, иранчуудын жинхэнэ хүсэл тэмүүллийг тусгаж чадахгүй. Ерөөсөө энэ сонгууль Иранд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирч чадахгүй учраас муу сонгууль болно. Хариуд нь Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи юу гэсэн гээч: –Манай сонгуульд чи итгэж чадахгүй байгаа бол чөтгөр рүүгээ тонил!
Үнэндээ ч хүн амын ихэнхи нь мусульман 27.5 сая сонгогчийн 51 гаруй хувийн санал авчихна гэдэгт өрнийнхөн итгэхгүй байсан биз. Тэгээд бүр лалын хуучинсаг хүчнийг ялаад шүү. Ямар ч атугай Хомейнийн дэглэм тогтсоноос хойш явагдсан Ерөнхийлөгчийн 11 удаагийн сонгуулиас хамгийн дэвшилт нь “2013.06.14”-ний оны энэ сонгууль болж түүхэнд тэмдэглэгдэх болоод байна.
Сонгуулийг үймүүлье нураая, талцая гэх хандлага байсныг үгүйсгэхгүй. Өдөөн хатгах террорист, сепаратист бүлгүүд Ираны дотоодод ч, гадаадад ч хангалттай бий. Гэвч тэд амжилт олсонгүй. Экстремизм, сепаратизм хөгжин дэвжих нийгмийн хөрс наад Арабын хавар-ын орнуудыг бодоход тэнд алга байж таарлаа. Нийгмийн аюлгүй байдлыг сахин хамгаалах оновчтой механизм Иранд байна, Мэдээллийн яам үүргээ чанд биелүүллээ, элдэв халдлагыг сэрэмжлэн зайлуулж чадлаа. Радикал хүчнүүд айхтар шооконд орсонгүй. Хэдийгээр Facebook, Twitter-ийг айхтар хязгаарлаж хянаж байсан ч сөрөг хүчнийхэн, ногоон хөдөлгөөний идэвхтнүүд интернэт сүлжээгээр сайн ажиллажээ. Гэхдээ сонгогчид тэдний ухуулгыг хүлээн аваад ялалт хангуулчихсан юм биш. Ерөөсөө сонгуульдаа идэвхтэй оролцохыг төр засгаас уриалан дуудсаны үр дүн нь реформист Руханийн ялалт өөрөө юм. Сөрөг хүчний ятгалгагүйгээр ард түмний олонхи нь шинэчлэлийг хүсч байсанд гол дэвшил оршиж байх шиг.
Жон Керри ч итгэхгүй нь зөв байж, аятолла Али Хаменеи ч зөв хариултыг өгч байж, нэг нь ялна гэсэн итгэлтэй байж, нөгөөх нь тэр ялалт чинь буруу гэж урьдчилан тааж байж. Аль алин нь оносонгүй, тийм учраас би аль алийг нь зөв гэж хэлж байна.
Ард түмний бослого тэмцлийг заавал ардчиллын өнцгөөс харж, ардчилсан хэмээх пайз зүүн өөриймшүүлдэг Америкийн идеализмыг Ираны сонгууль няцаасан байж болно. Хамгийн ихээр ад шоо үзэж, устгах хар жагсаалтад оруулсан тэр орон ардчилсан сонгуулиар өөрчлөгдөж болохыг Иран харуулах юм биш байгаа? Ираны элит хэсгийнхний нийтийн тохиролцоо (консенсус) АНУ-ыг бүр ч гайхшруулж мэдэх юм. Заавал гаднаас интервэнц хийлгэж, эрх баригчдаа дүүжлүүрийн шонд өлгүүлж (Саддам Хусейн, Муаммар Каддафи шиг) байж тэмцлээ дуусгадаг тэр аргыг Иран эвтэйхан тойроод гарчихаж мэднэ. Ард түмэн төр засгаа тойрон нягтарч байгаад сонгуулиар өөрчлөхийг нь нийтийн тохиролцоо (консенсус) хэмээн гадаадын ажиглагчид нэрлэж байна.
Рухани төрийн эрхийг аваад өрнийнхөнтэй харилцаагаа сайжруулахын тулд буулт хийж, тэдэн рүү гэнэт эргэвэл цаадуул нь бэлэн байгаа болов уу? Гадаад бодлогод мэдээж аюулгүй байдал голлоно, гэхдээ эдийн засаг, нийгмийн салбарт гадаад дайсагнал хэрэггүй гэдгийг Рухани ойлгож байгаа.
Гарчигт өгүүлсэнчлэн дэглэм нэг өдөр солигдоход л дараа нь бүс нутагтаа цэцэглэн хөгжсөн Иран гараад ирнэ гэх тэр таамаг нотлогдох үндэстэй гэж би үзэж байна. Наад хөрш лалын мухар сүсэгт тогтворгүй Афганистантай, цаана нь шашнаараа хуваагдан үхэл хагацлын зовлон амсаж буй Ирактай харьцуулаад бүс нутагтаа цэцэглэн хөгжсөн Иран, харьцангуй европжиж соёлжсон хэмээн би үнэлээд байгаа хэрэг шүү дээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2012 оны намар Иранд айлчлуулах талаар би Элчин сайд байхдаа чамгүй чармайлт гаргасан. Америкчуудын анхааруулгыг сөрөн байж манай Төрийн тэргүүн тэр оронд хөл тавьсан. Тэгвэл “2013.06.14”-ний дараахи өнцгөөс эргэж харвал юу нь буруу байсан болж таарах вэ хэмээн америкчуудаас бид асуух ёстой бус уу?
Манай УИХ, Засгийн газраас Кабулд Элчин сайдын яамаа сэргээн нээх шийдвэр гаргалаа. Ихээхэн бодитой хандсан болов уу гэж бодож байна. Монгол гаралтай хазааруудын эрх ашгийг хамгаалахаар тийшээ манай дипломатчид цувах нь хэт оройтсон, хэт гоомой, абсракт үйлдэл болчих вий хэмээн би санаа зовинож сууна. 2014 онд Америк, түүний холбоотнууд цэргээ Афганистанаас гаргасны дараа өмнө нь Нажибуллад тохиосон шиг эмгэнэл Карзайд тохиохгүй байгаа, Кабулд ширүүн байлдааны гал дунд манай Элчин сайдын яам юу ч үгүй болтол тонуулаад санд мэнд дүрвэн амь гарцгаасан түүх давтагдахгүй байгаа хэмээн би санаа зовинож сууна.
Ийм эрсдэлтэй алхам сонгохын оронд бэлээхэн реформист Ерөнхийлөгч ялчихаад цаашаа өрнийнхөн рүү аажмаар эргэж мэдэх, бүс нутагтаа хамгийн тогтвортой, Хөлөг хаанаас түүчээлэн 105 жил Монголын 17 хаан захирч байсан Персийн өнөөгийн нийслэлд Элчин сайдын яамаа нээх нь зөв бус уу? Хэрэв афганы хазааруудад сэтгэл татагдан уярах гээд байгаа бол хэнсэн билээ гэж андуурмаар монголжуу, хөрслөг бор царайтай онигор нүдтэй хүмүүс Тегеранд надтай зөндөө тааралдаж байсан, тэд бол монголын дайнчдын удам хазаaрууд (azōra) хэмээн Иранд үздэг юм билээ шүү, эрчүүд нь толгой дараалан Чингис нэртэй монголжуу тосгон Тегераны ойролцоо бий шүү хэмээн сануулчихъя!