“Малаа яаж маллахаа Марксиз­маар заалгахгүй...” гэсэн яруу найргийн мөр Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд айхтар нөлөөл­сөн гэлцдэг. Гэхдээ энэ нь мал аж ахуйн чиглэлийн  бизнест сайн юм болоогүй. Оронд нь  аж ахуйн нөгөө салбар болох газар тариа­лан дээр эрх мэдэлтнүүд  хэлэхгүй заахгүй юм алга. Ялангуяа улаан­буудайн тариалантай хамаатай ямар л ажил байна тэнд төр засгийн чухал “гарын үсэг” хэрэг болдог болжээ. Шулуухан хэлэхэд тариач­дыг харж үзэн хөгжүүлэх явдал хэтэрхий өндөр өртгөөр бүтдэг юм.

Өмчлөлийн байдлыг нь хара­хаар улсын сангаас бүрдсэн, төрд данстай  мал, газар тариалангийн аж ахуй нэг ч байхгүй юм шиг. Сур­валжлаад, сураглаад байхаар Хө­дөө аж ахуйн яамны хэлтсийн дар­га мэргэжилтнүүд, түүний аймаг орон нутаг дахь салбарын хурган дар­га нар хүртэл цөмөөрөө ардаа хувийн  аж ахуйнуудтай. Мэдээж аж ахуйн нэр өөр дээр нь биш авгай хүүхэд, найз нөхөд дээр бичээтэй боло­хоор энэ тухай “хэн ч мэдэх­гүй”. Газар тариалангийн салбар сүүлдээ бүр улсын сангийн аж ахуйн тогтолцооноос ч дор менеж­мэнт удаа дараа хийгээд байгаа нь зах зээ­лийн өнөө үед гайхаш барж байна.

Тариан талбай түүний аж ахуйн нэгжүүд увуу цувуугаар хувьд очоод их олон жил өнгөрлөө. Хөл гар дээрээ тогтдог бол тогтохоор хуга­цаа өнгөрсөн. Одоо болтол төрөөс, бусдаас дэмжүүлж тэтгүүлсээр, бид ч гэсэн тэгэх л ёстой юм байх гэсэн ойлголттой болчихсон. Хүнс­ний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдал шүү, стратегийн чухал салбар... гэж шүүмжлэлийн амыг тагладаг ч ачир дээрээ тэр зорилгод хүрсэн юм байхгүй.

Цагаан сараар бууз банш хийх  хэрэг гараад үндэсний буудайн гурилаа автал  идэхийн аргагүй гологдол шахчихсан байсныг бид хэзээ хойно мэдсэн. Тэгээд арга буюу орос, казах гурил авцгаасан. Бусад хүнсний ногоо гэхээр төмс­нөөс бусад нь гаднаас орж ирсэн хэвээрээ л байна. Хаана байна тэр аюулгүй, цэвэр, чанартай үндэсний бүтээгдэхүүнүүд.

Газар тариалан гэх энэ чухал салбарыг онцгой анхааралдаа авч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь төр өөрийнхөө мөнгөөр худалдан авч байна. Хувийн хэвшлийнхний ганц чаддаг ажил болох импортын арилжаа наймааг яагаад төр засгийн төлөөлөл хийлцэж өгөөд байна. Гадагшаа гараад ганц трактор олоод ирж чадахгүй хэн байхав дээ. Төр бас бензин шата­хуун, тариалалтад зориулсан хөнгөлөлттэй зээл харамгүй олгодог. Ер нь төр хэнд юу өгөөд байна вэ? Хувийн хэвшлийнхэнд биш төсвийн байгууллагад ажил­ладаг хэдийгээ харж үзээд байгаа бусуу? Өнөөдөр газар тариалан­гийн бүс нутаг дахь сум аймгийн төв дэх төсвийн байгууллагын ажил­т­н­ууд дор бүрнээ тариалан­гийн, ядахнаа төмс хүнсний ногооны талбайтай. Амьжиргаан­даа нэмэр болгож туслах аж ахуйтай байлгүй яахав. Гол буруутгаад байгаа нь эд нар хувийн аж ахуйнхаа гол зардлыг төрөөс буюу бусад татвар төлөгчдийн хөрөнгөнөөс дайчлан гаргаад байгаа нь шударга бус юм.

Жишээлбэл, чанар үл хамаар­сан тариа тарьж байгаа юм. Тусламж, зээлийн нэртэй комбайн, техник яамнаас авчихаж байна. Тэрнийг нь сүүлд будаагаар төлнө гэдэг ч ихэнхдээ лөөлөө. Ургуул­сан будаагаа намар тариалан эрхлэх сан билүү “ТЭДИ сан” гээд байдаг улсын байгууллага руугаа  цөмөөрөө шахчихна. Гутал оёод зарах гэвэл яаж үйлээ үздэг билээ. Тэгвэл төрөөс төрдөг тэрбумтан­гуудад  тариагаа мянга мянган тонноор нь арилжих бол асуудал биш.  Тэр бүү хэл огт ургуулаагүй мөртлөө тариа хураалаа гээд цалин авцгаадаг салбар шүү дээ.  Оёдол­чин гутал хийгээгүй ч хийсэн гэж бичиг бүрдүүлээд мөнгөө төрөөс авчихдаг байвал яахав. Иймэрхүү хэрэг зөндөө гарсан ч ихэнх нь баригдаагүй зүгээр өнгөрсөн.

Газар тариалангийн зүтгэлт­нүүд салбартаа машид санаа зов­нин яамны сайдаараа дамжуулан төр засагт үгээ хэлцгээдэг. Нам төрийн удирдагчид  салхинд гарахдаа дандаа ан гөрөө, найр наадам хэсэлтэй биш эрхбиш тариа ногоогоор нь дайраад гардаг. Байсгээд өөрсдөө хүрээд ирдэг томчуулд санал гомдлоо хээрийн нөхцөлд сайхан зантай байгаа дээр нь  шийдүүлээд авдаг бололтой юм билээ. Харамсалтай нь, төрийн их хайр хишиг  жирийн тариачинд бол хүртээлгүй.

Гадаадаас өндөр үнэтэй хөдөө аж ахуйн техникийг төрийн оролцоотой оруулаад ирж байна. Үнэ хамаагүй. Их үнэтэй тусмаа сайн. Дээр нь нэмж үнэлнэ. Тэгээд дараа нь янз бүрийн татвараас чөлөөлж тодорхой хувийг нь улсаар даалгахаар дундаас нь бөөн сул мөнгө гараад ирж байгаа юм.  Тариалан эрхлэгч нарт нөгөө техникээ хөнгөлөлттэй үнээр зарахдаа зээлээр, зээл дотроо бэлэн мөнгөөр биш будаагаар солино, будааг чинь хувь биш улсын сан авч буй болохоор сайн муу хамаагүй гэхээр бөөн баяр болно биз дээ. Өгөөмөр буянтай яамны алдар суу бадартугай. Арыг нь төрийн албан хаагч даасан техник импортлогч бүлэглэлийнхэн хоёр талаас иймэрхүү хожоотой наймаа хийцгээдэг юм. Зөвхөн  техник ч биш цаана нь гадаадаас оруулж ирдэг төрөл бүрийн бордоо гриптицид, үр, эм хангамж, сэлбэг юу л байна тэр бүхэнд чиглэл чиглэлийн ашиг сорогчидтой. Энийг зоригтой задлаад хэлчихье гэхээр өөрсдөө их бага хэмжээгээр хувь хүртэгсэд учир яаж ч чаддаг­гүй. Адаглаад л хөнгөлөлттэй зээл аваад намар нь тариагаа хяруунд цохиулж шатаад дараа нь аргалуулчихсан тариачныг  олон юм яривал “нээв шаг” гэхэд л гүйцээ. Жил жилийн хаврын өдийд том жижиг бүх л аж ахуйн нэгжүүд түлш сэлбэгийн зээл хөөцөлдөөд эхэлдэг. Уг нь арилжааны банк ийм эрсдлээр дүүрэн салбарт хэзээ ч зээл хялаалгамааргүй атал хүссэнээрээ л авцгаадаг нь хачин шүү. Дэлхий сөнөсөн ч бүх л ха­риуцлагыг төр буюу татвар төлөг­чид хохирлыг нь даагаад байгаад  хамаг учир байгаа юм.

Өнөөдөр улсын хэмжээнд чанаргүй баахан буудай, илүүдсэн төмс, үгүйлэгдсэн байцаа лууван сонгино, хортой жимс жимсгэнэ бүхий хөдөө аж ахуй л байна. Энэ мэтийг шийдэж амжаагүй байтал дараагийн түгшүүр болох генийн өөрчлөлттэй хүнсний асуудал шинээр босч ирээд байгаа.

Монголд хүнсний бүтээгдэхүүн илүүдэх дутах аль алинд нь яамны зүгээс ямар бодлого барьсан нь тодорхойгүй. Хэрэв бодлого барь­сан бол тэр нь л лав буруудсан байж таарна. Эд нар өөр юм, өөрс­дийнхөө бизнесийг хөөцөлдөөд үүнийг зохицуулах завтай хүн байхгүй.

Байцаа, лууван хүний биед будаа, төмснөөс илүү хэрэгцээтэй хүнс. Одоогийн хэт таргалалтын эсрэг, хүүхдийн ой санамж өсөлт гээд эдгээр ногооны эрэлт хэрэгцээ улам өссөөр байна. Зах дээр зарагдаж байгаа байцаа бол манай ногоо биш. Урдаас ирсэн хортой ч байж магадгүй, эрүүл мэндэд тусгүй бүтээгдэхүүн лангуу дүүргээд байна. Төмснөөс бусад хүнсний ногоо гар ажиллагаатай, их хөдөлмөр зарцуулж бага орлого олдог манафактур аж ахуй. Тийм болохоор дарга нар голоод ногоо тарьдаггүй. Иргэдэд хамгийн чухал хүнсний ногоонууд ийнхүү сөнөөский. Оронд нь амархан мөнгө олж өгдөг төмс, гурилын аж ахуйг үндэсний стратеги болтол нь өөд татсан. Үнэндээ төмс гурил хоёрыг иргэд улам л бага хэрэглэ­дэг болчихоод байгаа ш дээ.

Ямартай ч  улаанбуудай, төм­сөнд хангалттай хөрөнгө оруулалт хийгдэж үүний үр дүнд овоо боловс­ронгуй хөгжилд хүрээд байна. Тэнд цөөн ажиллах хүч бүхий бүрэн  механикжсан үйлд­вэр­лэл явагддаг болсон. Одоо бусад хүнсний ногоо жимсэнд анхаарлаа хандуулмаар байгаа юм. Гар ажиллагаа, биеийн хөдөл­мөр их шаардсан хүнсний ногооны салбарууд гадаадад одоо бүрэн механикжсан байна. Хятадаас орж ирээд байгаа  нэгэн жигдийн жижиг цэнхэр байцаануудыг хэдхээн ногоочин техникээр тарьж ургуулж хураадаг болсноор өртөг нь хамаагүй хямдарч орж ирээд байх боллоо. Нэг ээлжиндээ 20000 үрсэлгээ хийгээд түүний 98 хувь нь ургадаг автомат  чингэлэг (ногоо­чид парнийк гэж ярьдаг даа)  гараад ирчихсэн. Мөн лууван манжинг улаанбуудайн адил  техникээр тарьж ургуулж, хураадаг, бас хадгалдаг техник тоног төхөө­рөмжтэй болжээ. Манай хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд энэ салбарыг ашиггүй гэж айх явдалгүй болсон байна. Гагцхүү сэтгэл л дутаад байдаг юм болов уу. Эсвэл ихээхэн хоцрогдсон нөхдүүд байна уу. Ихэнх техник орчин үеийнхээр парк нь шинэчлэгдээд дуусч байхад мэргэжлийн сургуулиуд хуучин ЗХУ-ын трактор комбайн дээр дадлага хийсэн хэвээрээ байх юм. Мөн техникээ засч мэдэхгүй, ойр зуурын сэлбэг үйлдвэрлэж чадах­гүй учраас дахиад техник худалдан авч хооронд нь сэлбэдэг тохиол­дол одоо Монголд л үлджээ. Газар тариаланд төр тийм их оролцох гээд дурлаад байгаа юм бол ядаж энэнд анхаарлаа хандуулаач.

Эцэст нь хэлэхэд “Тариа яаж тарихаа төрөөр заалгах дээрээ тулаагүй” гэчих хоншоортой тариачин байдаггүйд бас их учир байна. Ёстой л нөгөө ямар ард түмэн байна тийм төр оршмой гэдэг л үнэн байх.