Ухамсарын тухай
Өндөр ухамсартай буюу ухаан мэдлэг өндөртэй иргэд, удирдагч нартай улс орон тусгаар тогтнол, хараат бус байдал, аюулгүй байдлаа хамгаалж, нийгэм эдийн засгаа хөгжүүлэх зорилт, арга замаа зөв тодорхойлж амжилттай хэрэгжүүлэх чадвартай байдаг.
Ухамсарын тухай.
Ухамсар гэдгийг орос хэлэнд сознание гэдэг бөгөөд ухаан мэдлэг гэсэн утгатай үг юм. Ухамсартай, ухамсаргүй гэдэг нь ухаан мэдлэгтэй, ухаан мэдлэггүй гэсэн санааг агуулдаг байна. Алив улс орны амьдрал тухайн улсын иргэд, ялангуяа удирдагч нарын нь ухамсар буюу ухаан мэдлэг ямар байхаас хамаарна. Дэлхийн улс орнууд хоорондын харилцаанд ч иргэдийн нь ухамсар анхаарагдаж байдаг. Өндөр ухамсартай буюу ухаан мэдлэг өндөртэй иргэд, удирдагч нартай улс орон тусгаар тогтнол, хараат бус байдал, аюулгүй байдлаа хамгаалж, нийгэм эдийн засгаа хөгжүүлэх зорилт, арга замаа зөв тодорхойлж амжилттай хэрэгжүүлэх чадвартай байдаг.
Хүн бүхэн юу хүссэнээ хийдэг эрхтэй болохыг хүсч байгаа орчин үед Монголчууд бидэнд ухамсарын асуудалд онц анхаарах хэрэгтэй болж байна. Социализмын үед үзэл суртал, хүмүүжлийн ажилд их хүч цаг зарцуулдаг байсан.Иргэдийнхээ ухамсар, ухаан мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохиогдож байсан ажлын тэр үеийн арга хоцрогдсон гэж үздэг.
Орчин үед хэвлэл мэдээлэлийн салбар хөгжиж хүмүүсийн ухамсарт нөлөөлөх хүчтэй хэрэгсэл болсон байна. Айл болгон зурагттай, хүн болгон ухаалаг утастай болж улсынхаа төдийгүй дэлхийн амьдралын тухай мэдээлэлийг цаг тухайд нь авдаг болжээ. Ийм нөхцөлд хэвлэл мэдээлэлийн салбарын ажлаас иргэдийн ухамсарт ямар нөлөө гарч байгааг судалж, иргэдийг ухаан мэдлэг өндөртэй иргэн болгож төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байх шаардлагаар ажиллуулдаг байх, хэвлэлийн эрх чөлөө, хяналтгүй цензургүй байх ёстой гэсэн туйлшралаар иргэдийн ухамсарт муу нөлөөлөх мэдээ мэдээлэл дэлгэрэх гажуудал гаргахаас сэргийлж байх нь чухал юм.
Миний ажиглалтаар манай иргэдийн болон засаг төрийн байгууллагын зарим ажилтны ухамсар дорой, тэр нь ард түмний эрүүл мэнд, улс нийгэмийн хөгжилд сөрөг нөлөөлж байгааг зарим жишээн дээр хэлмээр санагдлаа.
1.Хүн аз жаргалтай байхад бие эрүүл, ухаан саруул, тэгээд өргүй байхаас өөр юуч хэрэггүй гэсэн үг байдаг. Гэтэл:
-Манай улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс бий болсон.Тэмбүү гэх мэт халдварт өвчин тархаж байгаа, Иргэдийн 54 хувь илүүдэл жинтэй, Сая хүн тамхи татдаг, Хүүхэд өсвөр үеийнхний 70 гаруй хувийн шүд цоорхой гэсэн мэдээлэл байна. Ард иргэдийн эрүүл мэндэд хортой эдгээр үзэгдэл иргэдийн ухамсар муу, хэрэгтэй мэдээ мэдээлэл хомс байдагтай шууд холбоотой,
- Хүн бүхэн ном хэвлэл уншиж, ухаарч байх чадвартай байх ёстой. Гэтэл манайд ном хэвлэл уншдаггүй, уншиж сураагүй залхуу хүн олон байгаа ажиглагддаг. Ном уншихдаа утга санааг нь ухаж ойлгодоггүй хүн бол идсэн хоолоо шингээдэггүй болсон хүнтэй адил гэсэн үг байдаг. Ном хэвлэл унших дургүй чаддаггүй хүмүүсийн ухааны ходоодыг ажиллуулахад радио телевиз зэрэг мэдээлэлийн хэрэгсэлийг ашиглах боломж бий. Түүх, археологийн зарим эрдэмтэд санаачилж мэдээлэлийн хэрэгслэлээр хийж байгаа монголчууд, монголын түүхийн тухай сонирхолтой лекц яриа, инженерүүд эмч нарын санаачилж байгаа техник технолог, анагаах ухааны ололтыг сурталчилдаг зурагтын нэвтрүүлэг зэргийг өргөтгөвөл ач тустай.
- Хүн амын их хэсэг өртэй болсон гэдэг. Аривлаж хэмнэж амьдардаг хүмүүжилгүй, заавал аваад байх шаардлагагүй эд бараа цуглуулж хэрэгцээгүй новш болгодог гаж үйлдэлтэй, түүндээ зээл авч өртөж байдаг ухамсар дорой хүмүүс ч байдаг. Улсын маань олон тэмбум долларын гадаад өрийг барагдуулах асуудлыг ухаалаг төр,ухамсартай иргэд байж л шийдэнэ.
Хэрэв Монголын иргэн бүхэн өндөр ухамсартай, биеэ эрүүл, ухаанаа саруул байлгаж, бүтээлч ариун хөдөлмөрөөр өр зээл тавихгүй хангалуун амьдардаг болчихвол улс даяараа аз жаргалтай байх болно.
2. Америк улсаас гаралтай онигоо сонслоо: Нэг сэргэлэн нөхөр Ид шидтэй гэж алдаршсан хүнтэй уулзаад: намайг мөнх настан болгож өг гэжээ. Ид шидтэн: тийм боломж байдаггүй юм гэжээ. Сэргэлэн нөхөр: тэгвэл би Конгрессийн гишүүдийг шударга, эх оронч, ард түмний төлөө ажилладаг болох хүртэл амьдрах болно гэжээ. Хариуд нь Ид шидтэн: зальтай новш байна чи тэгвэл мөнх наслах юм байна гэсэн гэдэг.
Мөнх наслах зальтан гарахгүй. Харин ард түмний ашиг сонирхолын төлөө ажиллаж, тулгамдсан асуудыг зөв шийдвэрлэдэг ухамсар чадвартай байх ёстойг манай төрийн түшээд юуны өмнө анхаарах хэрэгтэй.
Энэ оны хавар Ерөнхий сайд У. Хүрэлсүх Төгрөгийн худалдан авах чадвар муудаж, ард иргэдийн амьдралд сөрөг нөлөөлж байгааг сануулж бараа үйлчилгээний үнэ тариф нэмэгдэж байгааг таслан зогсооход анхаарч ажиллахыг Засгийн газрынхаа гишүүдээс шаардаж байлаа. Сайд Улаанд махны үнэ нэмэгдээд байвал хатуу хариуцлага тооцоно гэдгийг сануулснаар махны үнийн өсөлтийг зогсоож байв. Гэтэл эрчим хүчний сайд нь цахилгаан эрчим хүчний үнийн тарифыг энэ оны турш олон удаа чимээгүйхэн нэмлээ.Иргэдийн хэрэглэсэн цахилгааны КВТ цагийн өдрийн тариф 2019 оны эхэнд 104.30 төгрөг байсныг 116.39 төгрөг, шөнийн тариф 77.10 төгрөг байсныг 89.19 төгрөг хүртэл 11.6 – 11.56 хувиар нэмлээ.
Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэсэн нэртэй шинэ төлбөрийг бий болгож иргэдийн хэрэглэсэн цахилгааны КВТ цагийн төлбөрийг үндсэн тарифын дээр 11.88 төгрөгөөр нэмэж төлүүлж байснаа энэ онд 2 дахин өсгөсөн тариф 23,79 төгрөгөөр төлүүлдэг болголоо. Иргэдтэй зөвшилцөөгүй байж дэмжих тариф гэгчийг бий болгоод цахилгааны төлбөрийг хоёр янзын тарифаар давхар авч байх шийдвэрийг төрийн ямар байгууллага, чухам хэний санаачлага, ямар ашиг сонирхолоор гаргасаныг шалгаж, нэмэлт төлбөр авахыг зогсоохыг иргэд хүсч байна. Энэ тухай сайд Даваасүрэнд би бичиж өгөөд хариу аваагүй, өөртэй нь уулзах цаг олдохгүй байсаар хагас жил өнгөрч байна. Иргэдээс санал аваагүй байж дэмжлэг нэртэй төлбөр авч байх тухай хуулийг УИХ гаргасан, түүний тарифыг тогтоосон нэмэгдүүлсэн тогтоолыг Засгийн газар гаргаж байсан гэдэгт эргэлзэж байна. Төр засгийн шийдвэргүйгээр иргэдээс хэдэн зуун тэрбум төгрөгийн хууль бус төлбөр авч байгаа бол гэмт хэрэг болох биш үү?
Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл түгээлтийн өртөг зардлыг хямдруулж алдалгүй ажиллах бодлого хэрэгжүүлэх ухамсар чадвар дутагдаж байна. Нүүрсний уурхай дээр цахилгаан станц барьж тээврийн зардлыг хэмнэх, Усан цахилгаан станц барьж төвийн дулааны станцуудын тогтвортой ашигт ажиллагааны нөхцөл бүрдүүлэх, Өдөр шөнийн ачаалал багатай цагуудад үйлдвэрлэсэн цахилгаанаа гадагш төлбөргүй урсгаж байдаг гажуудлыг засах ажил зохиогдохгүй удаж байна. Ийм дутагдал тодорхой салбарын ажлыг мэрэгжлийн биш хүнд хариуцуулдаг болсонтой холбоотой байж магад.
3. УИХ-аас Монгол улсын Үндсэн хуульд зөв зүйтэй өөрчлөлтүүдийг орууллаа. Уг өөрчлөлтийг Монгол улсын Ерөнхийлөгч чамлахаар чанга атга гэж хэлж байгаад батламжиллаа. Миний хувьд Монгол улс хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй болох эрхэм асуудал Үндсэн хуулийн өөрчлөлтөд ерөнхий боловч утгаар тусгагдсанд олзуурхаж, чамлахгүй чанга атгая гэж бодож байна.
Гэвч зарим эрх мэдэлтний ухамсар дутах гайгаар Хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй болох ажил саатаж цаг алдагдаж байгаад санаа зовож байна. УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны санаачилгаар саяхан Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030 хэмээх баримт бичиг болон Төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилт гэсэн хоёр асуудлаар эрдэмтэд, мэрэгжилтнүүдийг оролцуулсан хурал хийлээ. Тус хурал дээр эрдэмтэд мэрэгжилтнүүдийн хийж байсан дүгнэлтээс миний ойлгосон зүйл бол:
- Хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан гол болох 2030 онд нэг хүнд оногдох дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 17200 долларт хүргэх, Хүн амын дундаж наслалт 69 жил байгааг 78 жилд хүргэх, Ядуурлыг арилгасан байх зэрэг зорилтууд бодит биш.Гэвч том зорилт байж байвал зарим ахиц гархад тус болж магад учраас санаа зовохгүй байна гэсэн санааг зарим эрх мэдэлтэн хэлж байсан.
- Төлөвлөлтийн тухай хуульд байгаа Улс төрийн намууд УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа Монгол улсын Хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан ямар тодорхой зорилтууд хэрэгжүүлэхийг үндэслэл тооцоотой тусгаад, арбитрын байгууллагаар хянуулж зөв гэж үзсэн тохиолдолд сонгуульд оролцох эрхтэй болж байх тухай заалт 2016 оны сонгуулийн үед хэрэгжээгүйг шүүмжилж байлаа.
Тэгээд Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөө болон төлөвлөлтийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцсон боловч тулгамдсан асуудал, түүнийг шийдэх чиглэлийг тодорхойлсон үр дүнтэй хурал болсонгүй. Хамгийн харамсалтай нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яамыг энэ ондоо багтаан Засгийн газрын бүрэлдэхүүнд бий болгох асуудлыг шийдэх санал анхаарагдсангүй. Ирэх оны сонгуулийн дараа байгуулагдах шинэ Засгийн газар ямар бүтэцтэй байхыгаа шийдэх биз, гэсэн үгээр хурал хаагдсан.
“Хүн бүхэн юу хүссэнээ хийдэг эрхтэй болчихвол тэгш байх асуудал төгсөнө“ гэсэн үг тун үнэн юм. Ухамсартай байх шаардлагыг улам хурцаар тавих хэрэгтэй болжээ гэж бодсоор хурлаас гарлаа.
Д. Содном
2019 – 12 – 05