МОНГОЛЧУУД ЯВА АРАЛД ДОВТОЛСОН НЬ
Монгол цэргийн довтолгоог Малаккын хоолойгоор давшина гэж төсөөлсөн Кэртанагара тийш нь их хүч илгээжээ. Гэтэл уйгар үндэстэн Икэмүс-ээр толгойлуулсан Хубилайн флот Ява руу шулуун замаар орж ирэх нь тэр.
МОНГОЛЧУУД ЯВА АРАЛД ДОВТОЛСОН НЬ
1289 онд Хубилайн элч Мэн Ци Ява аралд очжээ. Хинду-Буддист холимог шүтлэгтэй Сингасари (Singhasari) гэх хаант улс тэнд ноёрхож байв. Энэ хаант улсын сүүлчийн хаан Кэртанагара (Kertanagara) элчийн шаардлагыг үл зөвшөөрсөн төдийгүй доромжилжээ. Чухам энэ авир нь Хубилай тийш цэрэг мордуулах шалтгаан болсон байна. Цэргийн ерөнхий жанжин Шиби цэрэг хуралдууллаа.
Монгол цэргийн довтолгоог Малаккын хоолойгоор давшина гэж төсөөлсөн Кэртанагара тийш нь их хүч илгээжээ. Гэтэл уйгар үндэстэн Икэмүс-ээр толгойлуулсан Хубилайн флот Ява руу шулуун замаар орж ирэх нь тэр.
1292 онд 20 мянган хүнтэй арми Цуаньжоу-аас (Quanzhou) гарлаа. Хуурай цэргийг удирдаж байсан Гао Син 1293 оны эхээр Явад газардав. Хамаг цэргээ Ява арлаас хол илгээсэн Кэртанагара гарах газаргүй болжээ. Тэрээр хүчирхэг арми флоттоо тулгуурлан Малайн арал, Бали арал, Суматри арлын хойд хэсгийг буюу Ява-д үл хамаарах олон газрыг түрэмгийлэн эзэлсэн байсан учир орон нутгийн феодолууд түүнийг үздэггүй байв. Тэдний нэг болох Кэдири (Kediri) хаант улсын толгойлогч Жаяакатван (Jayakatwang) монголчуудын довтолгоог далимдуулан Сингасари руу дайран хаан Кэртанагараг алжээ.
Кэртанагара улсын төрийн эрх мэдэл ханхүү Вижая*-д (Wijaya) ирлээ. Тэрээр эцгийг нь алсанд өшөө хорсол зангидан монголчуудын эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, хариуд нь Жаяакатвангийн* эсрэг байлдахад нь туслахыг гуйсан байна. Кэдир улсын боомт болон орон нутгийн газрын зургийг ханхүү монголчуудад гардууллаа. Монголчууд тэдний гуйлтыг зөвшөөрч Кэдир рүү довтлон долоо хоногийн дотор цэргийг нь бут цохижээ.
Мажапахит хот (Majapahit) орон тэнд монголчуудад дагаар орж, их хаан Хубилайг албан ёсоор хүлээн зөвшөөрнө хэмээн Вижая амлаад үүний тулд бие хамгаалалтад зориулан үл зэвсгэлсэн 200 цэргийг өөрт нь гаргаж өгөхийг хүсчээ. Шиби ноён ямар ч харгүйгээр хүсэлтийг зөвшөөрөв. Вижая замдаа хамгаалалтын цэргүүдийг устгаад Монголын гол хүчийг сэмээр бүсэлжээ. Түүний гэнэтийн довтолгоон маш амжилттай болж, Шиби азаар амь мултарсан байна. Монголчууд гурван мянган хүнээ алдлаа. Урт зам явган туулж, эрэгт хүлээж буй усан флоттоо арай гэж хүрэв. Цааш хэрхэх тухай удтал маргалдсан ч нэгэн шийдвэрт хүрч чадсангүй. Эцэст нь усан онгоцондоо сууцгааж ирсэн газар руугаа буцжээ.[i]
Вижая ийнхүү Мажапахитын хаант улсыг Ява арлын зүүн хэсэгт байгуулсан ба зуу гаруй жил оршин тогтнохдоо өнөөгийн Индонезид хамаарах ихэнх газар нутгийг өөртөө нэгтгэжээ. Харин бууран доройтох үедээ далайчин португальчуудад хялбар олз болсон юм.
* Вижая, Радэн – Явагийн хаан (1293–1309). Мажапахит Эзэнт улсыг үүсгэсэн.
* Жаяакатван (? - 1293) Ява арлын Кэдир улсын хаан
[i]История Востока (в 6 т.). Т.II Восток в средние века— («Восточная литература» РАН, Москва, 2002) [History of the East (in 6 volumes). Vol. II East in the Middle Ages - ("Eastern Literature" RAS, Moscow, 2002)]