Монголчуудын ганц мэддэг, чаддаг зүйл бол наадам. Сүүлийн үед морио уралдуулж бөхөө барилдуулж  чадахаа больжээ гэж олон түмэн шуугих. Хэдэн морь давхиад ирсэн чинь эрлийз, эрлийз биш гээд хэл ам, хэрүүл тэмцээн болоод явчих юм. Ингээд морь гэдэг адгуус үндэс угсаагаараа ялгаварлан гадуурхагдаж уралдалтгүй боллоо. Эрлийз морь, монгол морь хоёрыг өдийг хүртэл  хольж уралдуулж ирсэн юм. 1950 оны Жаргалантын морин заводын “тоомсог” морь, 1960- 1970-аад оны Морин тойруулгын “эрлийз” адуунуудыг монгол морьдтойгоо холиод уралдуулдаг байв. 1990 оноос эхлээд Монгол Улс адуугаа жилд 60-70 мянгаар нь Орост  хиам болгохоор амьдаар нь ачуулдаг  байснаа больсон. Нэгдлийг  тарааж адуугаа хувьчилсан. Энэ үеэс хурдны чиглэлийн цэвэр цусны адууг үндэсний баячууд гадаадаас зөөж эхэлсэн. Өнөөдөр Монголын  хаана ч гэсэн өндөр цэвэрхэн сайхан адуунуудыг харж болно. Монгол адуу эрлийзжиж  улам гоё болсон. Тува, Өвөрмонгол адуунаас ялгаагүй шинэ монгол адуу ингэж үүсэв. Гэтэл уралдаан болохоор зэрэг л өнөө адуунуудыг нь эрлийз, хурлийз гээд уралдуулдаггүй, уралдуулсан ч түрүүлэхээр нь хасчихаад байх болжээ. Эрлийз морьдыг дангаар нь уралдуулж нэг үзэв. Хэл ам татарсангүй. Сүүлдээ адууны эрлийз, эрлийз бишийг тогтоох улс, аймаг, сумын комисс байгуулагдах шахаж байна.  Монгол наадам үүн дотроос морин уралдаан эртний түүхтэй гэдэг. Түрүүнд давхиад ирж байгаа амьтныг чи эрлийз, бие томтой, хөл хурдтай байна гээд хасаад байдаг нь инээдтэй юм. Адуу л бол адуу. Дэлхийд  адууг хурдны чиглэлээр үржүүлээд олон жил болсон. Олон улсын стандарттай тойруулгын уралдаан их хөгжсөн. Алдарт уяач Д.Онон ингэж хэлсэн байдаг. Социализм, нэгдэл хоёр Монголын адууг нь жижиг болгоод хүнийг нь тэнэг болгосон юм. Энэ үг үнэн  байж магадгүй. Жижиг болгосон адуугаа сайжруулж уралдааны чиглэлээр үржүүлэх үү, эсвэл эрлийз адууг хасч, халж, хөөж тууж бүгдийг монгол адуу шиг давжаа болгох уу гэдэг нь өнөөдөр асуудал болоод байна. Адгуусыг хүртэл эрлийз, монголоор нь ялгамааргүй л юм даа.

Саяхан ”Цонжин болдог”-т тэмээний уралдаан үзлээ. Өвөл хавар цагийн тэмээ гэдэг чинь ямар сайхан сүрлэг юм бэ. Хоёр бөхтэй тэмээ Азид голдуу байдаг. Хамгийн олон нь манай улсад байдаг юм. Тэмээ таван хошуу малын минь нэг, Тэмээ таван тивийн улс орноос ганцхан манай улсад олон бий гэж П. Бадарч гуайн “Тэмээ” шүлгэнд бичсэн байгаа. Зуугаад тэмээ уралдлаа. Тэгсэн чинь бас л эрлийз тэмээ уралдуулна, уралдуулахгүй гээд бөөн хэрүүл болов. Тэмээний тухай мэдлэг нимгэн би гайхав. Тэр говьд байгаа тэмээ юутайгаа эрлийз болдог байна гээд мэддэг хүнээс асууж сураглав. Тэгсэн чинь өнөө гэрийн тэжээмэл тэмээ чинь, говийн зэрлэг тэмээ хавтгайтай  юу яагаад эрлийз тэмээ гардаг гэнэ. Хавтгайн эрлийз гэсэн тодотголтой хоёр гурван тэмээг уралдаанаас хасах юм болов.  Эрлийз тэмээг ад үзсэн монгол тэмээтнүүд тэднийг уралдуулахгүй хасах гэж улайрч байнаа. Шал угаадаг мод шиг полоны цохиураар өнөө муу эрлийз тэмээгий чинь цохиод авч байх юм. Энэ эрлийз байна уралдаанаас хас. Бариад үлд гээд л орилж байна. Зайлуул өнөө муу тэмээ нь  эрлийз болж төрсөндөө буруутай юм шиг бүлтгэнээд зогсох юм. Арай хийж уралдаан эхэллээ. Найман км-т болсон энэ уралдаанд өнөө эрлийзээрээ дуудуулсан гурван тэмээ шуухайгаад орж ирээд түрүүлсэн гэнэ.  Энэ гурван тэмээг та нар юугаар нь ялгаад эрлийз гэдгийг нь батлаад байгаа юм бэ гэж асуув.  Тэгсэн чинь тэмээний эрлийзийг судлагч бололтой  торгон дээлтэй нэгэн эр андашгүй шүү дээ. Хөл, гуя , хас нь урт гоёмсог мисс охидууд шиг байгаа биз дээ гэж мэдмэртэв. Бас үс ноос,  зогдор  багатай гэнэ. Үнэндээ би эрлийз, монгол хоёр тэмээг  ялгахгүй л юм билээ. Хэрвээ тэмээ уралдуулж заншвал хавтгайн эрлийз тэмээнүүдийг хэзээ ч гүйцэхгүй гэнэ шүү. Бас нэг тэмээ судлаач ингэж хэллээ. Хавтгай гэдэг чинь монгол тэмээний өвөг учраас эрлийз биш гэж тайлбарлаж байна. Гэхдээ л түрүүлсэн өнөө гурван тэмээ эрлийзийн зовлонг эдэлж хасагдах бололтой.

Адуу, тэмээ уралдуулахад эрлийз, эрлийз бишээр нь ялган гадуурхаж тоглодог ч бүүр дүүрчээ. Хүн уралдуулахад өнөө эрлийз, эрлийз биш гэж хараал зүхэл хийдэг моод Монголд бий. Хүн уралдуулахад гэдгийг хүн сонгох, сонгогдох эрхээ эдэлж сонгуульд нэр дэвшихийг хэлж байгаа юм. Малын байтугай хүний цус шинжлэгч нэг хэсэг хүн бий болсон. Бүх шатны сонгуульд нэр дэвшихэд л телевиз, сонин хэвлэл, сайтуутаар тэр муу эрлийз, тэр муу хурлийз гээд л харааж зүхэж доромжилж эхэлнэ. Монголд нэр дэвшигчдийг хоёрхон хувааж болмоор. Эрлийз ба эрлийз биш гэж. Нэр дэвшигчид эрлийз биш болох гэж ядахдаа Чингисийн 20-30 дугаар үеийн хунтайж болохыг оролдож түүнийгээ батална. Үгүй бол ядаж Чингисийн хүргэн, хүргэний дүү нь  гээд өөрийгөө зарлаад яваа улстөрчтэй тааралдаж явлаа. Тэд ингэж л хэлэхгүй бол эрлийз, хужаагийн эрлийз гэсэн пайз зүүнэ. Эрлийзүүд дотроо ялгаатай Оросын эрлийз бол сайн эрлийз, хужаагийн эрлийз бол муу эрлийз хэмээн ад үзэн морь, тэмээний уралдаан шиг сонгуульд түрүүлээд ирвэл бараг л хасна гэж айлгана шүү дээ. Эрлийзүүдийн зовлон гэж амьтан дээр ч, хүн дээр ч адилхан л юм даа.