Хятадын дотоодын төмөр замын сүлжээ

2012 оны сүүлийн байдлаар өмнөд хөршийн төмөр замын нийт урт 98 мянган км болж, АНУ-ын дараа, Оросын урд, дэлхийд 2-т орох урт болжээ. Энэ онд 5200 км төмөр зам шинээр тавихаар зэхэж байна. 2004 оны 1 сард Төрийн зөвлөлийн баталсан Төмөр замыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөгөөр 4 хөндлөн, 4 босоо гол шугам бүхий төмөр замын сүлжээ байгуулах ба нийт 120 мянган км урт болгоно гэж тооцоолжээ. Сүүлийн үед бараг жил бүр 10 мянган км төмөр зам барьсан улс чинь 120 мянгад дор нь хүргэх биз дээ.


 
Хятадын төмөр замын сүлжээ далайн эргийн дагуух зүүн бүсдээ нягтшил ихтэй, эх газрын гүн рүү баруун талдаа сийрэг. 2000 онд баруун бүсийнхээ байгалийн баялгийг зүүн тийш зөөх төлөвлөгөө гаргасантай холбоотой Шинжаан, Өвөр Монгол, Төвөдийн төмөр замд ихээхэн хөрөнгө хаяснаар арав гаруй жилийн хугацаанд баруун бүсийн төмөр зам 50%-аар нэмэгдэж, Өвөр Монгол гэхэд л хятаддаа хамгийн урт төмөр замтай нутаг болжээ.

Төмөр замын төлөвлөгөөтэй холбоотойгоор манай өмнөд хилийн дагуу Шинжаанаас Өвөр Монголын нутгаар дамжин далайн эрэг хүрэх төмөр зам тавигдаж байгаа билээ. Манай Монголын говьд баригдах төмөр зам хятадын эдгээр төмөр замын сүлжээнд холбогдох юм.

Хятадын төмөр замын сүлжээ бүхэлдээ төрийн мэдлийнх. Төмөр замын яам нь доороо 18 Төмөр замын газартай. 2005 онд Төмөр замын яам зөвшөөрснөөр хамтарсан хөрөнгө оруулалттай 48 төмөр замын компани байгуулсан ба дийлэнх хөрөнгийг Төмөр замын яам, орон нутгийн засаг захиргаа санхүүжүүлэх ба багахан хувийг хувийн хэвшлээс хөрөнгө оруулахыг зөвшөөрчээ.

Хятад улсын төмөр зам барих хөрөнгийг төмөр замын сангаас гаргадаг, уг сангийн санхүүжилтийг тээврийн орлого, дотоодын зээл, бондын мөнгөөр босгодог. Харин сүүлийн үед хувийн хэвшлийг дэмжих болж, Өвөр Монголоос урагшаа Зянси муж хүртэл нүүрс тээврийн 1860 км урт төмөр замыг нүүрсний компаниудын оролцоотой барьж эхэлжээ. Үүнд Шэньхуа, China coal зэрэг 11 компани оролцож буй агаад хөрөнгийн 80%-ийг төр, 11%-ийг хувийнхан гаргаж 2015 он гэхэд ашиглалтад өгөх аж. Мөн анхны хувийн хэвшлийн төмөр зам хятадын өмнөд нутагт бас тавигдаад байгаа юм.

Дашрамд сонирхуулахад Хятадад бидний нэрлэдэг нарийн цариг буюу 1435 мм-ийн стандартыг мөрддөгөөс гадна 1000 мм-ийн илүү нарийн царигтай төмөр зам бас байдаг нь анхны төмөр замуудын нэг бөгөөд Куньмин хавьд хэрэглэгддэг, ердөө 750 км урт ажээ.

Монголтой хил залгаа хятадын төмөр замын сүлжээг харвал Өвөр Монголын, Ланьжоугийн, Шинжааны гэсэн 3 төмөр замын газар хариуцдаг ч монголын гол ордуудын байршлыг дагаад Өвөр Монголын төмөр замын газрын хариуцдаг сүлжээ голчилдог.

Эдүгээ хятадын хамгийн урт төмөр замтай нутаг нь Өвөр Монгол бөгөөд нийт 10285 км, 7 гол зам, 9 салаа замын маршруттай, 2013 онд 5500 км төмөр замыг засварлах болон шинээр тавих гэж байна. XII таван жилийн (2011-2015 он) төлөвлөгөөнд Өвөр Монголын ачаа тээврийн сүлжээг түлхүү хөгжүүлэхээр заасан нь дээр хэлсэнчлэн хятадын байгалийн баялгийн дийлэнх нь баруун хойд хэсэгт байрладагтай холбоотой. 2020 он гэхэд Өвөр Монголын ачаа тээврийн шугам 14300 км-ээс урт байх дунд болон урт хугацааны төлөвлөгөөтэй байна. 2015 он хүртэл тавих төмөр замыг харвал дараах байдлаар төлөвлөжээ.

Нүүрс тээврийн маршрут:
  • Ордосоос – Хөбэй мужийн Таншань хотын Цаофэйдень район буюу далайн эрэг хүртэл
  • Ордосоос – Хубэй муж буюу төв хэсэг рүү хүртэл
  • Шилийн голоос – Ляонин мужийн Суйжун боомт хүртэл

Хилийн боомтын хувьд:
  • Ганцмод хүртэл (Монгол талаас Гашуун сухайтын боомт залгана)
  • Мандал хүртэл (Монгол талаас Ханги боомт залгана)
  • Зүүн Хатавч хүртэл (Монгол талаас Бичигт боомт залгана)
  • Аршаант хүртэл (Монгол талаас Нөмрөг боомт залгана)
  • Ар хашаат хүртэл (Монгол талаас Хавирга боомт залгана) тус тус хилийн боомт хүрсэн төмөр зам байгуулна. 

Хятад улсын дотоодын төмөр замын сүлжээнээс харахад Монгол Улстай хиллэдэг бүх боомт руу 2015 он дэд бүтцийг байгуулахаар төлөвлөсөн байдаг (хар сум одоо байгаа төмөр зам, улаан нь тавьж буй төмөр зам). Өвөр Монголын нутгаар дамжин цааш нэвтрэх Монгол Улсын хувьд энэ дэд бүтэц ашигтай тусах нь дамжиггүй. Тухайлбал хятад улс баруун хэсгээс төвийн бүсээ хүртэл нүүрс тээвэрлэх маршрут байгуулж, улмаар хойд хэсгийнхээ нүүрсийг усаар тээвэрлэх боомт байгуулах, 10000 тн-оос дээш тээвэрлэх боломжтой гүнзгий боомтын зогсоол 440-ийг шинээр байгуулна зэргээр төлөвлөсөн нь Монгол улс нүүрс, байгалийн баялгаа тээвэрлэх, цаашлаад гуравдагч улс руу гаргахад дөхөм ба замын ачааллаас болж хоног саатах зэргээр алдагдал хүлээхгүй болоход тустай юм.

Хятадын “төмөр замын гадаад харилцаа”

Хятад улс хилээр хэд хэдэн улстай төмөр замаар холбогддог. Тодруулбал, ОХУ (3 шугам), Монгол (1), Казахстан (2), Хойд Солонгос (3), Вьетнам (2) гэсэн 5 хөрш улстайгаа төмөр замын 11 шугамаар холбогддог. Мөн ШХАБ-ын хүрээнд Хятад-Киргизстан-Узбекстаны төмөр зам тавих асуудал ч яригдаж байна. Монголынх шиг өргөн царигтай нь мэдээж Орос, Касахстан хоёр бөгөөд бүгд Хятадтай хилийн уулзвар дээр цариг шилжүүлдэг.

Сүүлийн жилүүдэд Хятадын хурдны галт тэрэг их алдаршиж байна. Дэлхийд хамгийн хурдан, цагт 400 км хурдтай галт тэрэг Үхань-Гуанжоугийн чиглэлд явж эхэлжээ. Цагт 320-400 км хурдалдаг энэ төрлийн галт тэргийг улс орнууд сонирхож, Хятад ч технологио хилийн чанадад гаргах талаар идэвхтэй ажиллах болов. Эдүгээ 17 улстай хурдны төмөр зам тавих хэлэлцээ ямар нэгэн хэмжээгээр хийгээд буй. Пакистан, Афганистанаар дамжин Иран хүрэх төмөр зам ч байгуулж магадгүй бөгөөд энэ нь Ойрхи Дорнодын газрын тосыг авах зорилготой тухай хэвлэлээр дурдагдаад авчээ.

Хятадуудын хурдан галт тэрэгний амбиц гарааны шатандаа яваа ч цар хүрээ нь асар том. Хаа байсан Ангилаас Бээжин хүртэл 2-хон хоног яваад хүрэх хурдны галт тэрэгний маршрутыг “мөрөөдөж” байгаа тухай Хятадын Инженерийн академийн академич Ван Мөншүгийн хэлж байна. Мөн Энэтхэг рүү, Пакистан руу ч хүргэх бодолтой ба ОХУ-аар дамжаад Герман руу ч холбох боломжтой гэх зэргээр хятадын хурдны галт тэрэг ЕвроАзийг хэрж өгөх юм байх. Энэ утгаар нь хятадыг “хурдны төмөр замын гадаад харилцаа” явуулж байна гэх үг хэл хүртэл үе үе хэвлэл мэдээллээр үзэгдэх болсон хэрэг.

Хятадын энэ амбицыг гадаад ертөнц, ялангуяа барууны орнууд геополитикийн өнцгөөс тайлбарлаж байгаа бол хятадууд өөрсдөө шинэ үеийн “торгоны зам” гэж хэлж байна. Ер нь хятадын өсөлтийг аль өнцгөөс харахаас шалтгаалаад боломж эсвэл аюул гэж хүлээж авдаг.

Вьетнамд саяхан хятадаар хурдны галт тэрэг тавиулах асуудал яригдаад бөөн маргаан дагуулжээ. Хятадаар тавиулах тал дээр геополитикийн асуудал хөндөгдөж Вьетнамын парламент Японоор галт тэрэг тавиулахаар маргаж үзсэн ч эцэстээ улсын төсвөөс нь давсан өртөгтэй тул асуудлыг түр орхисон аж.

ОХУ одоогоор Хятадтай хурдны галт тэрэг барих талаар ямар нэг тохироо хийгээгүй байгаа ч төмөр замын салбарт хамтарч ажиллах сонирхол бол бий. Алдарт В.Якунин нь хятад руу хэд хэдэн удаа айлчлаад авлаа. Эдүгээ Хятад улс ялангуяа алс дорнодын бүсэд ОХУ-ын нүүрсний ордыг хамтран ашиглах, төмөр зам тавих зэрэг зорилгоор 6 тэрбум ам.долларын зээл олгоод байна.

ОХУ нэгэнт өөрсдийн төмөр замын технологитой учир Хятад улс төмөр замаа тэлэх орон зай нь Орос биш харин өргөн уудам Төв Азийн нутаг болоод байна. Тиймээс Хятад улс тусламжаар Казахстаны дотоодод 350 км\цагийн хурдтай Астанагаас Алма-Ата хүртэл 1050 км урт хурдны галт тэрэг тавьж 2015 онд хүлээлгэж өгөхөөр хоёр жилийн өмнө гарын үсэг зурсан. Казахстан төмөр замын өргөн царигтай улс, харин хятадууд нарийн цариг бүхий өөрсдийн технологиор хурдны галт тэрэг тавьж өгөх нь ойлгомжтой. Алма-Ата хятадын хилээс 300 км зайд оршдог ба цаашид эндээс хятадын нарийн төмөр замтай холбогдох үед Казахстаны экспортын өртөг буурч Хятадтай худалдааны эргэлт нэмэгдсэнээр хятадууд Оросыг давж Казахын худалдааны номер нэг түнш нь болох бололцоо гарна. Хятадууд уг төмөр замаар дамжиж цаашид ЕвроАзи руу гарах зорилготой гээд бодвол том амбицаа хэрэгжүүлээд нэгэнт эхэлчихжээ. Тиймдээ ч эхний ээлжинд тусламжаар барьж өгч байгаа бололтой.

Монголын дилемма

Казахстаны хувьд өргөн нарийн царигийн асуудал үнэхээр Орос Хятадын хэн нь илүү нөлөөгөө тэлэх вэ гэдэг өрсөлдөөнийг шийдвэрлэхэд нөлөө үзүүлж мэдэх юм. Гэтэл Монголын хувьд нарийн өргөн төмөр замтай замгүй хятадын эдийн засгаас хэт хамааралтай болчихсон улс. Хамаарлыг болиулна гээд замуудаа хаах ямарч боломжгүй. Монголын дилемма л юм даа.

Эдүгээ Монголын экспортын бараг 50 хувийг нүүрс эзэлж байгаа бол түүний 80 хувийг Винсвэй, Шэньхуа зэрэг дөрвөн компани л худалдаж авдаг, гээд харвал Монголын эдийн засаг тогтвортой байх нь Хятад улсаас ч биш, цөөн хэдхэн компаниас нь л хамаарч байна гэхэд хилсдэхгүй.

Монголын экспортын нүүрсний хамгийн том худалдан авагч Винсвэй компани, Шэньхуа групп хоёр монголын хил рүү залгаж байгаа төмөр замд хувь эзэмшдэг. Хятадад байгалийн баялаг тээвэрлэдэг төмөр замыг тухайлбал, нүүрс тээвэрлэдэг төмөр зам барихад нүүрсний компаниудыг ашигладаг болоод байгаа ба энэ нь аль аль талдаа ашигтай ажээ. Гашуунсухайттай холбогддог Хятадын Ганцмодын боомт хүртэлх төмөр замд Винсвэй, Шэньхуа хоёр 9%-ийг эзэмшиж байна. Сонирхуулахад Винсвэй компани нүүрс боловсруулах 5 үйлдвэртэй, тэрний 2 нь Монголтой хиллэдэг Ганцмод болон Цэхэ боомтууд дээр байрлаж, Монголоос түүхий эдээ авч байна.


 
Тэгэхээр Монголын говиос хил хүртэл барих төмөр замын асуудал ойрын хугацаанд мөнгө босгоход нэн тэргүүний чухал зүйл мөн үү мөн авчиг... дотоодын төмөр замын сүлжээгээ үтэр түргэн ядаж Сайншанд хүртэл байгуулж, аж үйлдвэрийн парк босгон боловсруулсан бүтээгдэхүүн гаргаж өрсөлдөхгүй л юм бол ... Одоо байгаа нөхцөлд монголын нүүрс түүхийгээрээ хэзээ ч дэлхийн зах зээлийн үнэд хүрэх боломжгүй, энэ чигээрээ байвал цаашид ч найдваргүй. Бодит байдал ийм л байна, далайд гарцгүй, өрсөлдөөнд оролцож чаддаггүй байдал маань ийм гачланд хүргэж байгаа юм.

Биднийг төмөр замын дотоодын сүлжээгээ ч байгуулж амжаагүй хэрэлдэж байх хойгуур хятадын төмөр зам “үүнээс цааш газар үгүй” гэх нь байна.

Жич: Төмөр замын талаар бусад дэлгэрэнгүй материалыг “МОНЦАМЭ ТОЙМ” сэтгүүлийн 2013 оны хоёрдугаар сарын дугаараас авч уншина уу.