Эдүгээ Солонгосын хойг 1953 оны Солонгосын дайнаас хойш хамгийн хурц үедээ ирээд байна гэж ройтерс агентлаг мэдээлж байна. Умард Солонгос хэд хоногийн өмнө Өмнөд Солонгост байгаа гадаад иргэд даруй гарч явцгаа, мөргөлдөөн болбол аюулд өртөнө шүү гэж сэрэмжлүүлжээ.

Харин Өмнөд Солонгосын Хөх ордны албаны хүн хариуд нь “хэрэвзээ дайн дэгдээвэл Умардын талд хэд дахин илүү хохирол амсуулах болно” гэж сануулав.



АНУ болохоор Өмнөд Солонгос дахь иргэд нь юу юугүй аюулд өртөхгүй гэж үзжээ. Учир нь Хойд Солонгосын сүр сүр мэдэгдлүүд заримдаа гадаад ертөнцөд гэхээсээ илүү дотоод руугаа чиглэж, их удирдагчийнхаа сүр хүчийг ард түмэндээ харуулах гэсэн суртал ухуулгын шинж давхар агуулдаг учир бодит байдлаас жаахан хэтийдэг гэж үздэг юм.

Гэсэн хэдий ч энэ удаагийнх зүгээр нэг сүржигнэл биш, хойгийн байдал үнэхээр эвгүйтсэн гэдгийг болж буй баримтуудаас харж болох юм.

Он гараад 2 сарын 12-нд Хойд Солонгос 3 дахь удаагийн цөмийн туршилтаа хийлээ. Яг сарын дараа 3 сарын 11-нд АНУ, Өмнөд Солонгос хоёр уламжлалт хамтарсан цэргийн сургуулиа хийв. Уг цэргийн сургууль 4 сарыг дуустал үргэлжилнэ.

Үүний хариуд Хойд Солонгос хоёр талын гэрээ хэлэлцээрээс гарч, солонгосын дайны дараа зурсан “Гал зогсоох хэлэлцээр” болон 1992 оны “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хамтарсан тунхаг”-ийг цуцалснаа мэдэгдсэнээр эрх зүйн хувьд дайны байдалд шилжжээ.

Нэгэнт байдал ийм болсон тул АНУ, Өмнөд Солонгос 2 улс Хойд Солонгосыг хэсэгчилсэн “өдөөн хатгалт” хийж болзошгүй гэж үзээд 3 сарын 22-нд “Байлдааны төлөвлөгөө 5027”-г баталсан нь АНУ, Өмнөд Солонгосын хооронд хийсэн ийм төрлийн анхны төлөвлөгөө юм.

Үүний дараа Хойд Солонгосын тал энэ удаагийн дайн халуун цөмийн дайн байх болно гэж мэдэгдээд байна. Одоо Умардын тал ойрмогхон 2 пуужин харваж магадгүй таамаг байгаа. Үнэхээр ч 10-ны өдөр Хойдууд Мусудан гэх пуужинг зүүн эрэг рүү шилжүүлж байрлуулсан гэдгийг АНУ-ын тал нотлов. Мусудан бол 3000-5000 км-ийн дунд тусгалын пуужин тул Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын ази номхон далайн цэргийн бааз байрладаг Гуам арал хүрэх боломжтой агаад өнөө хэр Умардууд ийм төрлийн пуужин туршиж байгаагүй аж.

Үүний эсрэг АНУ, Япон хоёр улс Global Hawk хэмээх нисэгчгүй байлдааны онгоцыг Япон дахь АНУ-ын цэргийн баазад 4 сард авчирахаар төлөвлөжээ.

Ийнхүү нэг талд Умард Солонгос, нөгөө талд Өмнөд Солонгос, АНУ, аль аль нь эсрэг талаа өдөөн хатгасан үйлдэл гаргаж байна гэж буруушааж, өөд өөдөөсөө хариу арга хэмжээ авсаар байтал, нөхцөл байдал улам хурцадсаар байна.

Харин саяхан АНУ-ын талаас жаахан “буулт” хийж Калифорни дахь Ванденбургийн цэргийн бааз дахь тив алгасагч залуурт пуужингаа 4 сарын дундуур турших байсан ч Хойд Солонгосын тал үүнийг нь мөн л өдөөн хатгалга гэж үзэх вий гэсэндээ туршилтаа ямар ч байсан нэг сараар хойшлуулаад байна.
Энэ бүх хурц үйл явдлуудаас үүдээд Солонгосын хойгт дайн гарах уу гэдэг асуулт гарах боллоо.

Аливаа томоохон дайн дэгдэх гол шалтгаан их гүрнүүдийн зөрчилдөөн байдаг. Зүүн хойд ази нь Хятад, АНУ-ын нөлөө давхцсан бүс нутаг учир аль аль нь нөлөөгөө тэлэхийн төлөө өрсөлдөх нь гарцаагүй. Одоогийн дүр зургаар АНУ Өмнөд Солонгос ба Японтой (мөн Тайваньтай) аюулгүй байдлын эрх ашиг давхцдаг тул улс төр, дипломат, батлан хамгаалах салбарт олон жилийн зузаан харилцаагаа хадгалсаар байна. Харин Хятад бол Япон, Өмнөд Солонгостой хөгжлийн ашиг сонирхлоор холбогдоно, тиймээс сүүлийн 20 жилд эдгээр орон эдийн засгийн маш өндөр харилцан хамааралтай болжээ. Хэрвээ хөгжих нь чухал уу аюулгүй байдал чухал уу гэсэн асуулт тавьбал хариулт тодорхой, тэгэхээр АНУ-ыг одоохондоо давуу талтай тоглогч хэвээр гэж үзэж болно.

Харин Хятадын нөлөө үнэмлэхүй байж болох ганц газар бол Хойд Солонгос билээ. Гэтэл Хойд Солонгос Хятадын ч үгийг сонсолгүй цөмийн туршилт хийж, пуужин харваж дураараа загнан бүс нутгийн орнуудыг бужигнуулаад салдаггүй. Умардууд Хятадын үгэнд орохгүй “сахилгагүй хүүхэд” шиг байгаагийн учир нь тэд цөмийн зэвсэг атгаад зогсож буй юм.

Саяхан Бао Аогийн уулзалтанд Си Зиньпин Хойд Солонгосыг шүүмжилж “зөвхөн өөрийнхөө төлөө бүс нутаг, дэлхий дахиныг үймүүлж болохгүй” гэж зэмлэсэн бол Хятадын Гадаад харилцааны сайд Ван И НҮБ-ын даргатай утсаар ярихдаа Хятадын гэрийн үүдэнд асуудал дэгдээхийг зөвшөөрөхгүй гэлээ. Өөрөөр хэлбэл тэртээ Солонгосын дайнд Хятад нэгэн цагт Умардын талд тусалж байлдаж явсан бол энэ удаа Хятад дэмжихгүй гэдгээ Ким Чен Унд хэлсэн хэрэг.

Энэ бүхнээс харахад Хойд Солонгосын асуудал бол Хойд Солонгосын л асуудал, тэрнээс биш ард нь их гүрнүүдийн зөрчил яваад, тэр нь илэрч гараад байгаа хэрэг биш. Нэгэнт бүс нутагт нөлөөлж байгаа том гүрнүүд хоорондоо илэрхий зөрчилдөөгүй байхад том хэмжээний дайн дэгдэхгүй гэж үзэж болох талтай. Өөрөөр хэлбэл эвгүйтлээ гэхэд хэсэгчилсэн мөргөлдөөн гарч болох юм. Гэхдээ хэсэгчилсэн ч бай юу ч бай энэ удаагийн хамгийн санаа зовоож буй зүйл бол цөмийн зэвсэг ашиглаж мэдэх эрсдэл үүсээд байгаад оршино.

Тийм учраас бүс нутгийн орнуудын, тэр дундаа АНУ-ын гол зорилго бол Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй байхыг хориглох, харин Хойд Солонгосын зорилго цөмийн зэвсгээ хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Олон жил сунжирсан 6 талт хэлэлцээ үр дүнд хүрэхгүй байгаа нь энэ эсрэг тэсрэг байр суурьтай шууд холбоотой, цаашид ч талууд байр сууриа өөрчлөөгүй цагт ямар ч сайхан яриа хэлэлцээний механизм ажиллаад амжилт олохгүй нь бололтой. Нэг бол Хойд Солонгос цөмийн зэвсгээ хэрэглэж төгсөх, эсвэл дэглэм нь өөрчлөгдөж ардчилсан улс болох гэсэн хоёр тохиолдлоос бусдаар энэ мэт хурцадмал байдал үе үе ширүүсэж сандардаг бүс нутаг хэвээр байсаар байх биз ээ. Учир нь тэдэнд цөмийн зэвсгийн кноп байна.