Жанжин Сүхбаатар баривчлагдав
Улаан хувьсгалд хяргуулсан бүхэн ардчилалын урин сэрхрээнд хаврын цэцэг лугаа сэргэлээ. Тэр ч бүү хэл жанжин Сүх минь хүртэл амилан боссон гээд бодчих!Их жанжин маань эхлээд Сүх-Эрдэнийд хэдэн өдөр телевиз үзэж, шар сонин баахан уншжээ. Дараа нь ”Ардын хувьсгалын түүх”-тэй товч танилцаад тэр бээр бүр мангуурч орхилоо.
Улаан хувьсгалд хяргуулсан бүхэн ардчилалын урин сэрхрээнд хаврын цэцэг лугаа сэргэлээ. Тэр ч бүү хэл жанжин Сүх минь хүртэл амилан боссон гээд бодчих!
Их жанжин маань эхлээд Сүх-Эрдэнийд хэдэн өдөр телевиз үзэж, шар сонин баахан уншжээ. Дараа нь "Ардын хувьсгалын түүх"-тэй товч танилцаад тэр бээр бүр мангуурч орхилоо.
Хүндлэн дээдэлж явсан Данзангий нь эссер буриад Элбэгдорж буудаж алаад "Ардын нам"-ыг нь "Хувьсгалт" нам болгосон байх юм гэнэ. Бодоо Данзан нарт хөшөө босгоогүй атлаа өөрийнх нь хөшөөг хүрээний өндөр хог байсан газарт сүндэрлүүлжээ. Ясны эгэл даруухан Сүх, сүржин хөшөөнөөсөө эртний монгол хүлцэнгүй залуусын зангаар жигтэйхэн их ичив. Тэр бээр 1923 онд Цэргийн яамны сайд-жанжнаасаа орон тооны цомтголоор албан газрын манаач шиг хусуулсан биш билүү? Гэтэл яагаад ганцхан түүний хөшөөг босгов оо? Хамгийн ноцтой нь бүх журмын нөхөд нь "ардын дайсан" гэж цаазлуулсан атал яагаад Сүх үхсэн хойноо зөвхөн ганцаараа хувьсгалын суут жолоодогч болж тодров оо? Энэ асуулт түүнийг ихээр шаналгав.
1990-ээд оноос социалист лагерь газар хөдлөх мэт нурж, энэ нуралтыг харж сэхээрсэн хэсэг залуус МАХН-ын нэрнээс большевик "Х" үсгийг авч, Бодоо Данзан нарын журмын нөхөд анх үүсгэсэн "Монгол ардын нам" болгож, дэлхийн соц интерэнд элсүүлэх гэж оролдоод бараагүйг Жанжин мэдлээ. Эцэст нь хувьсгалт намын доторх хумсаа нуусан коммунист реваншист архгууд эрх ямбаа алдсандаа хорсоод "Х" үсгийн дайнд ялжээ гэж Сүхбаатар таамаглав. Түүнийг таалал төгссөнөөс хойш түм буман гэмгүй хүнийг "Ардын дайсан, хувьсгалын эсэргүүн, Японы тагнуул" гэж яргалсныг Жанжин сонсоод ухаан алджээ. Сүхжаргалмаа Америкаас авч ирсэн эмээ үнэртүүлээд өндөр өвөөгөө сэхээв.
Бас болоогүй энэ хоморголсон хядлагын онолыг Сүхбаатар зохиосон гэж гүтгэжээ. Жанжин маань үүнд маш их хорсов. “Хэн тэгж, үхсэн хүнийг гүтгэн доромжилов оо?” гэвэл оросын коммунистууд зааварласан нь илэрлээ. "Тийм ээ, үхсэн хүнийг гүтгэх нь монгол заншилд нүглийн цаадахь нүгэл тул монгол хүн ингээгүй нь лав" гэж тэр бээр халаглав. Мөн өөрийг нь феодлын Монголд социализмыг байгуулах онолын үндсийг тавигч суут коммунист гэж оросуудын заавраар түүхэнд албан ёсоор бичжээ. Үүнд омголон Сүх сүрхий бухимдаж, Ленинтэй уулзсан гэж гөрдсөнийг ч тоосонгүй.
Хамгийн гол нь ХХ зуунд “коммунист жолоодогч” гэж мандсан Сүхбаатар ХХI зуунд “хэн” болж хоцров оо? Тэр бээр баахан гэмгүй ахан дүүсээ харгис хэрцгийгээр хядсан, нуран унах тавилантай социализмын загалмайлсан эцэг, коммунист алуурчин болж үлджээ. Буурай Монголыг буруу онолоор хөтлөж, хүн зоны жам ёсны хөгжлийн голдригоос гаргаж, замын хажуугийн ангал руу онхолдуулсан нүгэлтэн гэж зарлаагүй ч тэгсэн хүн болж таарлаа гэж Жанжин дүгнэв. Ямар шившигтэйв? гээд Сүх толгойгоо шааж уйлав. Түүний зохиосон онол гэгчээр социалист хувьсгалыг гүнзгийрүүлэх дайчилгааны явцад хар шар феодлуудыг аймаглан устгаж, махан овоо цусан далай хийжээ. "Хэн ингэж яргал" гэсэн вэ гэвэл "Жанжин Сүхбаатарын онол тэгж яргал гэж заасан" гэж Монголын 8 настай хүүхэд бүр нэгэн зэрэг нирхийтэл хариулж ёслох гэнэ. Сүх жанжин үүнийг сонсоод ямар байдалд орсон нь уншигч авгай нарт тодхон дүрслэгдэж буй биз ээ.
Жанжинг улаан туган дээр мандуулж асан дээрх хувьсгалт онол эдүгээ Их хэлмэгдүүлэлт гэгдэж, бүхэнд жигшигдэх аюул тулгарав. Энэ сургаар МАХН сандарч барьц алдлаа. Их хэлмэгдүүлэлтийн мөрийн хөтөлбөр "хувьсгалт" онолоосоо яаж бултахаа мэдэхгүй нүхээ алдсан оготно шиг бужигнав. Ингэж тэвдсэн Намд Орост хорлогдсон хөөрхий балчир хүү Сүхийгээ коммунист болъщевик онолоос хэрхэн авч гарах ухаан яахан төрөхөв. Хоолойд хутаг хошногт жад болсон МАХН-д Сүхбаатар хэн ч биш болсныг угийн сэргэлэн Сүх дорхноо гадарлав. Хувьсгалт намын энэ жудаггүй араншин түүний голыг горойлгож зүрхийг базав. МАХН-ын лидерүүд өөрсдийн хар толгойг ялнаас мултлахын тулд хувьсгалт намаа буруугүй хэмээн цэвэрлээд харин үхсэн хүнээр даапаа хийдэг орос зангаар Сүхийг нүглийн балчигт хараал зүхлийн бай болгон орхисонд тэр бээр нэн ихээр гомдлоо. Сүм хийд бурхан тахилыг галдан шатаасан нь мөн л Сүхбаатарын заасан замаар өрнөсөн хувьсгалын үргэлжлэл болж таарав. Монгол Ардын Намын нэрэнд нэмсэн "хувьсгалт" гэсэн үг ийм яргалал хийх зорилготой шургалсныг Жанжин түвэггүй тайллаа. Балран унасан нэгдэлжих хөдөлгөөн хүртэл аугаа их удирдагч Сүхбаатартай холбоогүй гэхийн аргагүй.
МАХН өөрийнхөө улаан гараар үйлдсэн бүх аллага, нугалаагаа, хувьсгалт намд хамаагүй, хувьсгалт нам өөрөө хэлмэгдэж явсан гэж бухсан авч цаашаа яах учраа мэдэхгүй хар тамхи хэмээн устгасан шашныхаа нэг тэргүүн Нагаржунайн дүрд жүжиглэхээр шийдэж, хамаг нүглээ наминчлан сан тавьтал сангаас нь арц хүж бус цус ханхлаад холиох шахав. Тэгэхээр нь Нагаржунайн хойд дүрийг коммунист сунтаг шүүлтээр Даш-Ёндонг тодруултал Даш-Ёндонгийн архинд хордсон түлэнхий хамар Нагаржунайг гутаагаад зохьсонгүй.
Түүхийн харанхуйн мухраас цаазлуулсан түм буман хуварга сэхээтнүүд болон энгийн номхон ардуудын орилоон чарлааныг Жанжин зөн совингоороо тантав. Ардчилсан залуус МАХН-ыг устгаж, хөрөнгий нь хураана гэж уухайлах нь Сүх-Эрдэний салхивчаар Жанжинд сонсогдлоо. Ингэж будилж олны тохуу болохын оронд "Хувьсгалт" гэсэн ганцхан үгийг хасаад социал демократ болчихгүй яасан юм бол? гэж Жанжин гайхжээ.
Гэвч "Хувьсгалт" гэсэн энэ ганц үг намын нэрэнд үлдсэн нь ардын толгой дээр олон арван жил сандайлж насыг барсан тойрон хүрээлэгчид болон тэдний салбар салбархайд нөмөрч ирсэн ардчилалд бууж өгөөгүйн билэг тэмдэг болж үлдсэн юмсанж. Эцэст нь хувьсгалт намынхан арга мухардаад "Бид угаас коммунис биш байсан" гэж гүрийгээд соц интерний үүдийг тогшиж гарчээ. Коммунист биш явсан хүн гэвэл хаа очиж Жанжин өөрөө байсан сан. Жанжны үзэл ба Лениний онолын хоорондын өдөр шөнө шиг ялгааны тухай хувьсгалт нам хар цагаан нэг ч үг унагасангүй нь Жанжинд даанч харамсалтай. Жанжин өөрийн үл мэдэх “Хувьсгалт нам” гэгчид ингэж чадуулжээ.
Өмөртлөө гомдсон Жанжин эцэст нь ингэж шийдлээ: Өөрийн намын нэрнээс хэлмэгдүүлэлтийн их гамшиг чирч ирсэн "Х" үсгийг авч хаяя. Зэвсэгт хувьсгалаар Засгийн эрхийг булаах далд санаархалгүй аваас нам нь "хувьсгалт" гэсэн нэрээр юу хийнэ. Намын нэр намын зорилгыг тодорхойлдог. Одоо хувьсгал хэрэггүй. Хувьсгал, Ленин багшийн борц болсон шарилтай адил хүүршиж, дэлхийн жуулчдын доог болон бунханлагдсан. Эдүгээ Засгийн эрхийг парламентын шударга сонгуулиар авах ёстой. Жанжин маань түм буман гэмгүй хүнийг яргалсан нүглээ наминчилж, олон түмнээсээ уучлалт гуйя гэж шийдээд өөрийнхөө талбайд цуглаан зохиож, оросууд болон хувьсгалт намд мэхлэгдсэн хөөрхий ард түмэндээ зүрхнийхээ үгийг дэлгэнэ гэж очоод цагдаад баривчлагджээ. Яагаад гэвэл Сүхбаатарын талбайд зүрхнийхээ үгийг дэлгэхийг хуулиар хатуу хориглосон цаг хугацаа таарсан юмсанж.
Тэр бээр "Энэ талбайг хүрээний өндөр хог байхад намайг та нар цуглаан хийж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласан баатар гэж түүхэндээ бичсэн биз дээ. Тэгвэл одоо та нарын ардчиллын үед үг хэлж яагаад болдоггүй гай хөөтэй газар болчихов?" гэж хичнээн төчнөөн учирлаад амжилт олсонгүй. Дам сонсвол Жанжин гомдож бухимдсандаа гаминд гар хүрсэн шигээ хэд хэдэн цагдааг газар гуядсан болтой.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн аквариумд жанжин малгайтай өндөр гуалиг залуу хүлээстэй зодуулж байна гэсэн сурагтай. Сайн зодвол ахиухан мөнгө өгнө гэхээр нь цагдаа нар хүлээстэй жанжингаа шуналаа дартал нүдсэн нь хэтрүүлж орхижээ.
Сүх жанжин муухан ухаан ороод,
-Би хаана байна аа? Авсан дотроо байна уу, аль эсвэл улаан Оросын шоронд цаазлуулахаар хэвтэж байна уу? гэхэд нь цагдаагийн дарга,
-Та "Сүхбаатар" дүүрэгт байна гэжээ.
Жанжин учиргүй хилэгнэж,
-Хүн зоддог газар нь хүртэл арай "Сүхбаатар" нэртэй юм биш биз? Та нарт "Сүхбаатар"-гүй юм ер байна уу? Тэгсэн мөртлөө урьд ард олондоо үг хэлж байсан өндөр хог дээрээ чин сэтгэлээ олон түмэндээ нээж, бузарлагдсан нэрээ цайруулах гэхэд баривчлана гэнэ ээ? Феодлын засгийн газар ч ингэж зүрхлээгүй юм шүү. Та нарын нөгөө иргэний, ардчилсан, хүмүүнлэг нийгэм чинь энэ үү? гээд тийчилж байна гэнэ.
Цагдаа нар түүнд галзууруулдаг тариа хийгээд,
-Монголд цуглаан хийх хууль журам бий. Та тэр хуулийг бүдүүлгээр зөрчсөн. Ихээхэн маяглаад байвал таныг буудчих гэж ХЗДХ-ийн сайд Нямдорж тушаал буулгасан. Таныг буудахад хуульгүй гэж сайд хэлсэн. Яагаад гэвэл та аль эрт 1923 онд богдын эмчийн өгсөн хорыг уугаад үхсэн хүн. Үхсэн хүний шарилыг буудахад хэрхэх тухай хууль Монголд одоогоор байхгүй. Тийм учраас энэ талаар шинэ хууль гарахаас өрсөөд таны бодийг хөтөлчих гэсэн! гэжээ.
Хүлээстэй Жанжин тэлчлэнгээ,
-Энхбаяр минь биднийг устгасан коммунистуудаа намаасаа зайлуулж, МАН-ыг минь сэргээж хөгжүүл! Танд хэцүү байгааг би ойлголоо. Гэхдээ би Танд итгэнэм. Та чадна! гэж үглэсээр хортой тарианы үйлчилгээнд дахин амьсгал хураажээ, Жанжин минь!
Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди Танаа!
Таныг хүндэтгэн ёсолсон
зохиолч Цэндийн Доржготов.
ХУВЬСГАЛ БА МАНИУС
(Нөгөө ертөнцөөс маниусын МАХН-д илгээсэн зурвас)
Дарангуйллын аюумшигт гамшиг хориод оноос тодорхой хэдэн гадаад үг монголчлохоос эхэлсэн түүхтэй. Орос сургагч маниусыг “нэг юм хий!” гэж тулгав. Бүр бултах гарцгүй шахав. Уурлаад бухимдаад буй цэнхэр нүдийг нь харахад тэр юмыг нь дав даруй хийж, санаагий нь амраахгүй аваас яаж ч мэдэхээр шийдчихсэн толгой болох нь танигдлаа. Гэхдээ чухам юу хийлгэх гээд буйг өнгөрсөн зууны хориод оны дүнхүү маниус таадаггүй. Эцэстээ сургагч маань бачимдаад бүр галзуурах нь! Сургагчийн амнаас байнга хадах коммунизм социализм гэдэг үгс маниусын чихэнд хоногшив. Гэвч ямар утгатай үг болохыг орчуулах гээд чаддаггүй. Чадаагүй нь маний буруу ч бас биш юм аа. Учир нь коммунизм социализм гэгч ухагдахуун монгол тархинд угаас заяасангүй. Тийм ухагдахуунгүй болохоор байхгүй ухагдахууныг илэрхийлсэн “үг” монгол хэлэнд зохиогдсонгүй. Тийм ухагдахуун, тийм үг ерөөс үгүй болохоор коммунизм социализм гэдгийг мань ойлгоогүй нь хэр. Энэ үүднээс маниус буруугүй байлтай. Гэвч сургагч маниусыг “тэнэг малууд” гээд алах шахав. Ашгүй лам ноёд язгууртан хэдэн бичгийн мэргэд коммунизм гэсний нь “эв хамт ёс” социализм гэсний нь “нийгэм журам” гэсэн нэр оноож, маниусыг аварлаа.
Эв хамт ёс тогтоож, нийгэм журам байгуулах юм болоод явчихав. Маниус сургагчийнхаа дотор санааг арай гэж нэг юм гадарлахчаа аядав уу гэтэл бас болоогүй гэнэ. Эв хамт ёс тогтоож, нийгэм журам байгуулахын наана “революция” гэдэг довтолгоог бурхны шашинт оронд шууруулж дуусгах ёстой юм байжээ. Революция гэдэг үг нь юу гэсэн үг юм бүү мэд. Нөгөө хэдэн номтой ноёд хуваргууд “революция” гэдэг үгийг судалж судалж, тийм ойлголт Монголд ор тас үгүйг тогтоосон авч утга дөхүү “хувьсгал” гэсэн үг шинээр зохиож, хүчээр тааруулав.
Тэгтэл бөөн гай ч нөмөрлөө дөө. Сургагчийн нүд баяртайгаар ногоорч “Да здравствуйте, Великая Октябрьская Социалистическая Революция” гэж лоозогнов. Маниус сургагчийг дагаж, энэ хэдэн хэлэхэд хэцүү орос үгийг муруй хазгай түрж орилдог хачин жигтэй хувьсгалч араншин сурлаа. Ямагт малын бэлчээрт ганцаар голдуу уйтгарлаж явсан маниус ингэж дуу нийлүүлэн оросоор нэгэн зэрэг нирхийтэл хашгирч чадсандаа жигтэйхэн хөөрсний гадна хүүхнүүд хүртэл орос хэлтэй маниуст сээтэгнэв. Маниусыг жагсаагаад сургагч “Та нар бол яруу алдарт хувьсгалчид” гэж магтахад ямар гавъяа мандуулснаа мэдэхгүй ч маниус “Бид бол яруу алдарт хувьсгалчид” гэж дуу авалцан сагсуурдаг хувьсгалч сүржин ёс эзэмшив. Сургагчийн алхаа гишгээ ялангуяа ёсолгоо нь маниусын шохоорхлыг ёстой ноцоолоо. Ташаанд нь зүүлттэй нагааныг маниус шөнө болгон зүүдлэнэ. Тэгтэл яасан гээч? Маниуст нагаан буу тарааж өгөв. Үгүй ер ийм юм гэж ертөнцөд байх уу? Буу зүүснийхээ дараа сургагч шиг илтгэж сурахсан гэсэн мөрөөдөлд маниус автав. Гачлантай нь илтгэх үг маниусаас урсахгүй. Урсах үг байтугай хэлэх ганц үг маниусын цээжинд байхгүй юм чинь сургагч шиг яаж илтгэхэв. Гэвч торохгүй илтгэхийг хүсэж, нууцаар хөдөө хээр дасгал хийнэ. Сургагч илтгэхдээ империализм болон ангийн дайсныг занаж хилэгнэхээрээ ташаан дахь буугаа байн байн суга татан буудах нь уу гэмээр гозолзуулснаа бууныхаа ам руу үлээгээд малгайнхаа саравч өөд олино. Маниус энэ урлагийг дуурайж, нагаанаа үе үе тэмтрэх ба нагаанаа суга татах агшин ирээсэй! гэж тэсэж ядан хүлээнэ. Дайснаа буудаж үзэхсэн гэсэн хорхой гозгонож байсныг нуугаад яахав.
Хувьсгал гэдэг нь улаан галзуу дайралт байжээ. Монголын уламжлалт нандин өв соёл, зан заншил, шашин шүтлэг, сүм хийд, мал сүрэг, газар шороо, ахуйг орвонгоор нь хувьсган өөрчлөх түймэр аслаа. Хувьсгалт хэнээ туссан маниус ч бас хоцорсонгүй. Толгойдоо халимаг сэгсчүүлж, ташаандаа буу савчуулж, хаашаагаа довтлохоо мэдэхгүй ч гүйлдэж бужигнав. Бас хар аяндаа хэн нэгнийг ихээр үзэн ядах өвчинд автлаа. Командаар бүхнийг чичрүүлэн айлгах сургагчийн омог бардам түрэмгийллийг эзэмших сэн! За тэгээд цэрэг хувцас ногоон малгай маниусын зүрх сэтгэлийг ховстлоо. Ирээдүйд чухам юу болохыг төсөөлөөгүй хэрнээ маниус хар аяндаа хий л ингэж их онгирцгоов.
Харамсалтай нь маниус удаан онгирсонгүй. Сургагч нэг өдөр гар буугаа дээр өргөөд маниусыг “Хувьсгал хийгээд марш!” гэж командлав. Чухам юу хийхээ мэдэхгүй тэнэгтэн, ийш тийш мэегэнэвэл, маниусын тэнэгт уур нь бадарсан сургагч ташаандаа зүүсэн буугаар зүв зүгээр онгирч, “Ура” чангаар хашгирч явсан маниусын толгой, гоц онгироог “ардын дайсан, эсэргүүн” хэмээн гавлыг нь зад буудаж, үзүүлэх сургууль үйлдэж, маниусыг чичрүүллээ. Тэгсний дараа айж үхэхээ шахсан маниусыг “Бүгдийг хувьсга!” гэж заналхийв.
Эхлээд юуны өмнө бичгийн мэргэд болох нөгөө язгууртан ноёд лам хуваргаа толгой дараалан хувьсга! гэж тулгалаа. Тэднийг яаж хувьсгах билээ гэвэл бурхан минь бүгдийг буудаж хувьсгах юм гэнэ. Буудахгүй гэж гүрийвэл маниусыг хувьсгах номтой нь тодров.
Хувьсгалаа! Бас хувьсгууллаа! Мөн бие биеэ хувьсгахаа маниус өөрсдөө дөнгөв. Хувьсгана гэдэг хар дарсан зүүд, бие болоод сэтгэлийн дайрлага байв. Цусаар шуурсан улаан хувьсгалын хуй салхинд маниус алтан амь, эхнэр хүүхэд, орон гэр, мал сүргээ хийсгэв. Мэхлэгдсэндээ маш их гутарлаа. Гэвч хожимджээ. Ингэж чадуулснаа эдүгээ ардчиллыг далимдуулан хойч үеийн Төр, Засагт сонордуулбал бурууддаг болов уу, яадаг бол?
Маниус гэдэг чинь уг нь орчин үеийн улс төрийн лидерүүдийн өвөө эмээ нар нь шүү дээ. Та нарын шүтээн болгон залсан “хувьсгал” хэмээх энэ шинэ үгний бөгсөн дор маниусын цогцос, хувь заяа булаастай хэвтээг бүү мартаарай! Оршдоггүй бурхан шүтэж, хууртахад, юу ч алдахгүй. Хууртлаа гээд нигүүлсэнгүйн хоосон чанарт залбираа л биз. Хоосон чанарт мөргөсний гай гэж юу байхав. Харин өвөө эмээгээ алсан хувьсгал хэмээх оршдог бурханд сохроор биширч хэдэн үеэрээ мэхлэгдсэн үр удам та нар минь даанч харамсалтай. Алуурчнаа танихгүй тэргүүн дээрээ залсаар насыг барахаас илүү гутамшиг хорвоод үгүй. Шүтэж буй “хувьсгал” гэгч “бурхан” чинь өвөө эмээ нарын чинь яргалагч байсан юм шүү. Улс төрийн энэ бодлогыг задлахад хялбар. Эхлээд монголчуудыг бурхангүйчүүд болгох. Дараа нь бурхангүй ард түмнийг хувьсгал гэсэн шашингүй үзлээр мунхрууж боолоо болгох. Ердөө л энэ!
Хувьсгал ингэж эхэлсэн бөгөөд маниус дух руугаа буудуулсан тул хувьсгал цааш яаж өрнөснийг үзээгүй. Харин маниусын амьдад Монгол Ардын Намыг, Монгол Ардын Хувьсгалт Нам болгосноор хувьсгалын галзуу улаан тийрэнд өртөөгүй хоточ банхар ч Монголд үлдээгүйг маниус нүдээр үзэж, биеэр амссанаа Монголын ирээдүйн үе үеийн жолоодогч нарт буухиалан уламжлая гэсэн бөлгөө.
₮₮₮
Улаан оросыг өмөөрөгчид тэндээ очиж амьдраач
uur hvrchihlee
архивч
Зочин
zochin
Зочин
yostoi goe bichjee
bolor geech d
bolor
Д.Ламжав
ЭХ ОРОНЧ
Зочин
unshigch
Зочин
Зочин
unshigch
Зочин
Зочин
би до
би до
Зочин
Зочин
МОНГОЛ
Зочин
Зочин
jamka
МНГ
ТҮҮХЧ
Mgl
reacher
tuuhee sudlaach
Ard
Ard
ИХ МОНГОЛ
Goyo yostoi Goyo
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
уншигч
шаз
шаз
Дэндэв
хан уул
таны улаан фэн
n
М
Батнэрэн