Шинэчлэлийн Засгийн газар нэгэн “харлаган” тогтоол гаргачихжээ. Цахим ертөнцийн зуунд ийм “тэнэг” тогтоол гаргана гэж хэн сэтгэх билээ. Нэгэнт л засаг шийдсэн л бол мөрдөхөөс өөр арга байхгүй. Төрийн яам болон, агентлагуудын ажилтнууд компьютерийн сүлжээг ашиглаж болохгүй хэмээн Засгийн газар  хаажээ. Тэгээд бүх яамдын бодлого боловсруулагчид, агентлагуудын судалгаа, тооцоо хийдэг ажилтнууд бүгд дэлхийгээс байтугай дэргэдэх мэдээллээс тасархай “харанхуй” засгийн харалган ажилтнууд болох нь тэр. Яам агентлагт ажилладаг ажилтнууд цагаа бүртгүүлчхээд гар компьютерээ тэврээд гэр рүүгээ гүйлдэнэ. Хэвлэл мэдээллийнхэн төрийн байгууллагаас мэдээлэл авах, өгөх гэж яг хуучин шигээ флаш, дискээ бариад л шогших. Гэтэл энэ чинь хэддүгээр зуун билээ дээ. Сүүлийн үед төрийн яамдад ойрхон  интернет кафе-гаар ороод  төрийн албан хаагч баймаар зангиа зүүсэн эр, эрхэмсэг бүсгүй, арван жилийн дунд сургуулийн хүүхдүүдтэй цуг сууж байхыг харж болно. Тэд бол төрийн түшмэл хүүхэд болчихоод пижигнэтэл буудаад сууж байгаа юм биш ээ.  Албан газар нь  интернэтийн сүлжээг нь хаачмхаар  ажлаа амжуулж яваа  нь энэ юм шүү. Битгий шоолоорой доо. Энэ зууны нэг онцлог бол хоолгүйгээр хэд ч хонож болно. Харин интернэтгүйгээр нэг цаг ч болж чадахгүй. Ийм хүмүүс олон болсон цаг. Ялангуяа төрийн түшмэл  гэдэг чинь мэдээллийг хамгийн түрүүнд олж авч олон хэл дээр харьцуулж суудаг биз дээ. Төрийн албан хаагч нь харанхуй бол тэр засгийг харанхуй засаг гэхээс өөр хэлэх үг алга. Хамгийн наад зах нь төрийн түшмэд тэнд энд очиж туршлага судлана гэж гадаадад явах ямар ч шаардлагагүй болсон. Гадаад хэл гадарладаг бол дэлхийн ардчилсан улс орнуудын төрийн байгууллагуудын туршлагыг сайтуудаар нь ороод авчихна. Интернэтийг нь нээгээд өгчихвөл ямар нэгэн шалтаг гаргаж гадаад явж бидний мөнгийг үрэх нь багасна. Хойд Солнгос иргэд болон төрийн  албан хаагчдынхаа интернэтийг тас дэлхийгээс тасалсан, харин урд хөрш маань ямар сайтын, хэнтэй холбоотойг тоолох тоолуур тавьсан юм билээ. Арван жилийн хүүхэд хүртэл цахим ертөнцтэй холбогдож байхад төрийн түшмэл нь интернэт кафе хэсч явах ч гэж дээ. Ямар яам агентлагуудын интернэт сүлжээг хаагаад ямрыг нь үлдээсэн юм бол бүү мэд. Төр засгийн ордны нэтийн  сүлжээ ажиллаж л байна. Нийслэл, дүүргүүдийн тамгын газарт хаагаагүй юм шиг. Харин цахим сүлжээг хаасан Засгийн газрын  тогтоол биелүүлдэг хэнхэг сайд дарга нартай төрийн байгууллагууд л харанхуйгаараа.

Гэрэлтэй шийдвэр

Засгийн газар цахим ертөнцийг яаж зохицуулах вэ гэж баахан сандарч байх шиг. Аргагүй дээ шинэ юм чинь. Төрийн байгууллагын сүлжээг хааж ийн нэг бүтэлгүйтэв. Бас сайтуудыг мэдээллийн хэрэгсэл гэж том эндүүрч нэг үзэв. Гэтэл иргэд нь аль хэдийнэ интернэтийн сайныг бтигий хэл муу муухайг нь ашиглаад гаршчихсан байдаг. Нэр, хаягаа нууж байгаад хүнийг гүтгэх доромлох, хараах зүхэх нь хэрээс хэтэрсэн. Бүүр Үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл хаанаас ч зориуд тарааж улс орноо баллах нь энүүхэнд боллоо. Хамгийн хүнд цохилт өнөө муусайн сэтгүүлчид дээр ирдэг юм. Сэтгүүлчид даанч нэрээ нуудаггүй. Нэг л юм бичээд тавих дээр зэрэг хараал  зүхэл, ална хядна гэж заналхийлэх нь энүүхэнд. Мань мэт нь бол бүүр дөжирчихөж. Ялангуяа эмэгтэй сэтгүүлчид их эмзэг хүлээж авдаг. Тэднийг үгийн муухайг шилж байгаад доромжилдог. Харин энэ Засгийн газар сэтгэгдэл бичигчдийг хаягжуулах шийдвэр гаргах гэж байна. Энэ үнэхээр дэмжмээр гэрэлтэй шийдвэр. Ухаалаг боловсролтой залуучууд яасан ч олон болсон юм бэ дээ. Цахим ертөнцөд монголчууд цахиур хагалж мэдэх нь байна шүү. Оюутолгой, Таван толгойг ухахаас илүү цахим ертөнцөд тэнцэх,  улс орноо авч явах толгойнууд байнаа байна.