Урам хугарах муухай ч нүд нээгдэх сайн

Сүүлийн гурван жил нийгмийн амьдрал кино мэт өнгөрөв. Бид зарим нь өөрсдөө ч анзаарахгүй ямар нэг хувьсгалын, реформын шинжтэй өөрчлөлтийг туулж байна. Өнгөц харахад гутармаар, бид ер нь луйварчин авлигачдад яаж дарлуулж байсан юм бэ гэж ухаарч уур хүрсэн гурван жил. Энэ гурван жил бол сүүлийн 30 жилийн хамаг алдаа ил гарч, нурж унасан хугацаа. Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, банк санхүү за даа ер нь “заваараагүй” салбар үлдсэнгүй. Өдөртөө л нэг авлигын кэйс, өдөртөө л нэг дуулиан. Ковидын үеэр бүр ч илүү мэдрэгдсэн дээ, бүх зүйл тасрав. Хөгжлийн банк, Нүүрсний сонсголыг хараад бид үнэндээ хов жив, шар мэдээнээс өөр юу ч мэддэггүй бөгөөд ихэнхийн маань эрхэлж буй бизнес тоглоом төдийг ойлгож, Монголд “жинхэнэ мөнгө”-ийг яаж хийдэг талаар “боловсролтой” болцгоов. Хотын газар олголт, элдэв тусгай зөвшөөрлүүд, түшмэдийн амьдрах ухаан бүгд урвуугаа харчихсан, урвуугаа явж байв. Сүүлийн гурван жил товчхондоо бүхэл системийн уналт, уналтын инерцийн трендийг зогсоох гэж, трендийг өөрчлөх гэж үзсэн гурван жил байлаа. Үл ялиг өөрчлөгдөж эхэлсэн л дээ. Урам хугарсан нь муухай ч нүд нээгдсэн нь сайн. Ямартай ч олон нийтийн ойлголт, мэдээлэл, төрийн тогтолцоо, улс төрчдийн ерөнхий чиг тренд өөрчлөгдөж эхэлсэн. Одоо арай ядан тогтож буй энэ тренд, чиг хандлагыг хуучин уруу нь буцаачихгүй байх нь л чухал. Буцчихвал тэгээд дахиад л 20-30 жил өмнөх чөтгөрийн тойрогтоо эргэлдэнэ, эргэлдүүлэх сонирхолтой нь ч зөндөө.

Шинэ ардчилсан хувьсгал

Дэлхийг хамарсан ардчиллын хувьсгал 1990 онд манайд ч нөлөөлж, бид шинэ нийгэмд шилжсэн. Харин дэлхийг хамарсан цар тахал 2021 онд манайд дараагийн хувьсгалын гэмээр өөрчлөлтийг авчрах жамтай байж. Ковид байгаагүй бол Л.Оюун-эрдэнэ ерөнхий сайд болоо ч уу үгүй ч үү. Магадгүй түүний алдаа нь нийгмийн жамын өөрчлөлтийг 10-12 жилээр нааш татчихсаных байх. 50+ настай байсан бол ийм зориг, романтизм гараа ч уу үгүй ч үү. Ойлголт, үнэт зүйл, хурд, зорилго нэгтэй хүмүүс арай олуулаа байсан бол шилжилт арай илүү хурдан явагдах байсан санагддаг юм. Цөөхүүлээ учраас л юм бүхэн дээр Нямбаатар очиж аргалдаг биз. Мэдээж шинэ замаар явж, жамын урсгалд нэгдэхийг бүгд л хүснэ. Мэдээж заримынх нь хувьд хуучин аргаар явсан стоорий нь шинэ байхад нь жаахан садаа болоод байх шиг анзаарагддаг юм. Нэг л өдөр “өмнө нь болоод л байсан” зүйл болохгүй болчихдог цаг үе. Заавал залуу үе гээд нас заагаад байх юмгүй л дээ уг нь. Тус тусдаа салбар салбараа өөрчилж чадвал тэр сайн хүн, чадахгүй бол үеийнхэн, найз нөхөд байсан ч муу хүн. Сайн ажиллаж буй хуучны кадрууд ч байна, муу ажиллаж буй шинэ үеийнхэн ч байна. Давуу тал бүхнийг угсарч, муу тал бүхнийг орхих нь л Ерөнхий сайдын үндсэн ажил юм. Оюутолгой дээр жишээ нь Даваасүрэн, Болорчулуун, Бат-эрдэнэ аварга нарын нөхдүүд ажлын хэсэгт ороход их л “гаж сонин” харагдаж байлаа. Давхар дээлийг зөвшөөрч, тохироонд нь парламентийн суудлыг 126 болгож, пропорциональ элемент оруулж, үнэндээ сөрөг хүчин АН-г амь тавихаас аврав. Гадаад ертөнц сэнс шиг эргэж байхад дотроо ч эрх баригч, сөрөг хүчин гэсэн бүрэн бүтэн эрүүл улс төртэй байх нь их чухал юм шү.

Эдийн засгийн өсөлт айлын хаалгаар орох нь

1990 оны ардчилсан хувьсгал, 2008 оны 7 сарын 1-ээс хойш тохиолдсон хамгийн том хоёр жагсаал энэ Засгийн үед тохиолдов. Монголын түүхэнд анх удаа жагсагчид Төрийн ордон уруугаа дайрч орцгоов. Ковидын хямрал, хөл хорио, эдийн засгийн уналтууд дуусаж арай ядан өнгийж байтал хойд хөршийн дайн байлдаан, элдэв нээнтэг тээгүүд. Цахим орчин дахь будилаан шуугиан, хар шар мэдээллийн давалгаанууд. “Засаг удахгүй унах гэж байгаа” гэдэг хов яриа сар бүрийн давтамжтай улс төрийнхөн, тэдний ойрын хүрээллийнхэн, сэтгүүлч, хэвлэлийнхний дунд явсаар бүр дасаж дээ, ингэсээр нэг мэдэхэд гурван жил өнгөрч. Үнэхээр ч “удахгүй унагаах” сонирхол, дайралтууд байсан болоод л тэр биз. Засгийн кабинетийн 2/3 нь солигдсон, УИХ гишүүд, сайд, төрийн томоохон албан тушаалтнуудаас шалгагдаж хоригдсон нь тоогоо алдав. Ядуурал, эдийн засгийн уналтын гол шалтгаан нь үндсэндээ “авлига”, “хулгай” гэдэг ганц оноштой ажээ. Өнгөц харахад бүх юм болж бүтэхгүй, нуран унаж буй мэт ч яг цаасан дээрхи суурь тоонууд харин гайхалтай сайн гарсан нь авлигатай тэмцсэний л үр дүн. Экспорт 15 тэрбум доллар анх удаа хүрэв, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5220 долларт хүрэв, төлбөрийн тэнцэл анх удаа 900 сая долларын ашигтай, төсвийн тэнцэл анх удаа 1 их наядын ашигтай, анх удаа 650 мянган жуулчин хүлээж авав, анх удаа улсаас бэлэн кээш төлж бондын өрүүд дарагдаж эхлэв, төмөр замууд баригдаж, боомтууд сэргэв. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирсан үед цалин тэтгэвэр нэмэхэд асуудалгүй. Мэдээж эдийн засгийн өсөлт айлын хаалгаар ороход хугацаа хэрэгтэй. Хагалгаанд орсон хүн аажмаар тэнхэрч, эргээд хурдан гүйж хүндийг өргөх хугацаа шиг л. Өмнө нь суурь үзүүлэлтүүдээ засаагүй, нуль өртэй байж л цалин нэмж, халамж тарааж, мөнгө хэвлэдэг, тэр нь 4-5 сардаа бол гоё. Тэгсэнээ улам хүндэрдэг. Хүндрэлээ давах гэж дахиад өр тавина, улам хүндэрнэ.. Шараа тайлж аятайхан болсоноо дахиад улам шартаад буй архичин шиг л. Магадгүй АН-ын хамгийн түгээмэл алдаа, 2016 онд навс ялагдсан шалтгаан нь энэ байх.

Романтизм ба прагматизм

Улс төр бол олон нийт ба төрийн ордон, романтизм ба прагматизм, хуучин үе ба шинэ үеийн тэнцвэрийн цэг дээр тогтдог. Саяхан л “Засгийн 100 хоног” гэж эв хавгүйхэн мэдээлэл хийж байсан Ерөнхий сайд нэг мэдэхэд гурван жилийг давжээ. 2021 оны 1-р сараас 2024 оны 1-р сар хүртэлх энэ гурван жилийг та хувь хүнийхээ амьдрал дээр нэг эргээд харахад ч кино шиг л гурван жил өнгөрсөн байх вий. Гадаад ертөнц ч кино шиг. Учир нь манай нийгэмд хувьсгал явагдаж байна. Энэ цаг үеийн кэйсүүд одоо л сүр сархийгээд, энгийн мэт өнгөрч буйгаас биш хожим дурсахад Монгол улсын хувьд гутарч боломгүй гурван жил өнгөрсөн байх вий. Товчхондоо энэ Засгийн гурван жил бүх бузар булай ил гарсан, урам хугарсан ч нүд нээгдсэн, шударга сайн зүйл үнэндээ үлдээгүй нь ойлгогдсон, буруу тийшээ явж буйгаа мэдсэн, 30 жилийн буруу трендийг зогсоож, хазаарлаж, трендийг өөрчлөхийг хүссэн, өөрчлөх гэсэн романтизм, улс төржилтийн прагматизмын баланс барьсан 3 жил байв.