Монголчууд бид ирээдүйн хөгжлийн төлөвөө тодорхой харах тусмаа хурдан, зардал багатай хэрэгжүүлэх болно. Угаасаа бүх ажлыг тэгж төлөвлөх нь өгөөжтэй. Бид эдийн засгийн хөгжлөө хэрхэн төсөөлж байна вэ?

Сайхан, амар тайван, ногоон, дэлхийн гоё хотууд шиг амьдралын өдөр тутмын шаардлагатай хүнс, бараа, үйчилгээгээ цагт нь шинээр нь авч, нийтийн унаа, зоог зэрэг бүх үйлчилгээ нь сэтгэлд хүрсэн, хөдөөгийн амьдрал нь байгаль, хүний хэрэгцээтэй нь Швейцарь шиг зохилдсон улс оронтой болохыг бид мөрөөддөг. Өөрөөр төсөөлж буй хүн бүр үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг үл ойшоож буй хэрэг.

Мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд бидний мэдлэг боловсрол, хөдөлмөрийн бүтээмж тийм гоё хотынхонтой ойролцоо, эсвэл өндөр байх шаардлагатай. Мэдээж боловсролын болон хатуу дэд бүтцийг барьж байгуулахад ихээхэн хөрөнгө, түүнийг бүтээх, удирдан авч явах ур чадвар шаардлагатай.

Энэ хөрөнгийг л босгохын тулд бид байгаа ганц эх үүсвэр болох газрын баялгаа өөрсдөө, эсвэл гадаадынхантай хамтран олборлож, нэг хэсгийг нь хагас боловсруулаад гадаадын зах зээлд борлуулж байна. Газрын баялгаа мэдлэгийн баялагт хөрвүүлэх ёстой түүхэн цаг үед амьдарч буй та бидэнд улам бүр даяаршиж байгаа дэлхийн зарим улс орны амжилтад хүргэсэн арга барилаас шуурхайлан суралцаж, үйл ажиллагаандаа шингээх сайхан боломж тохиож байна.

Хонконг

Тэдгээр орны нэг нь эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө дэлхийг тэргүүлж, эрч хүчээ улам авч буй Хонконг яах аргагүй мөн. Дундад улсын тусгай захиргааны бүс Өмнөд Хятадын тэнгис руу хошууран орсон Хонконг нь Хятадад 1997 онд шилжих хүртэл Нэгдсэн Вант улсын засаг захиргаанд байсан юм. Энэ орон 2047 он хүртэл Хятадаас ихээхэн хэмжээний автономит эрхтэй байх "нэг улс, хоёр систем"-ийн хэсэг юм.

Хятадын Засгийн газар нь Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцах бол хуулийн систем, цагдаагийн хүчин, мөнгөн тэмдэгт, гаалийн болон цагаачлалын бодлого, олон улсын байгууллага, үйл явдалд илгээх төлөөлөгчдөө өөрөө зохицуулна.

1840-өөд онд 7500 гаруйхан загасчдын сууринд европчууд ирж суурьшиж эхэлснээр худалдааны боомт болсон Хонконг нь ХХ зууны сүүлчээр дэлхийн томоохон санхүүгийн төв болжээ. Үйлчилгээний салбар голлосон энэ нутгийн эдийн засагт Засгийн газар нь хамгийн бага оролцох, зөвхөн хувийн хэвшил хийх боломжгүй дэд бүтцийг байгуулах, бизнесийн үйл ажиллагааг аюулгүй, өгөөжтэй болгох төрийн бодлого барьдаг.

Хонконгод өнөөдөр гадаадын 7250 компани бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа нь 2001 онтой харьцуулахад 62.5 хувиар өссөн тоо аж. Тэдний 4.3 хувь зөвхөн 2011 онд бүртгүүлсэн байна. Энэ компаниуд экспорт, импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, бизнесийн болон боловсролын үйлчилгээ, банк, санхүүгийн болон тээвэр, зуучлал, агуулах болон түгээх үйлчилгээг эрхэлж, нийт 388,000 хүнийг ажиллуулж байна.

Яахаараа орон бүрээс олон компани ийшээ хошуурч контор, бүс нутгийн бизнесийн төвөө байгуулаад буйн нууцыг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал Саймон Галпин (англи үндэстэн) маш тодорхой таван шалтгаанаар тайлбарлажээ.

Үүнд (1) татвар маш энгийн, тодорхой, ойлгомжтой, бас бага түвшинд, (2) мэдээллийн чөлөөт урсгал, (3) газар зүйн байршил, (4) чөлөөт боомтын эрх зүйн дэглэм, (5) хууль журмын засаглал болон хараат бус шүүхийн тогтолцоо гэсэн таван хүчин зүйлийг багтаасан аж.

Энд ашгийн татвар 16.5 хувь, бүх татвар, суутгал нийлээд цалингийн 15 хувиас хэтрэх ёсгүй. Нэмүү өртгийн (уг нь нэмүү үнэ цэнийн), худалдааны, үл хөдлөх хөрөнгийн, хүүгийн болон ногдол ашгийн, бас дарсны импортын татвар авдаггүй учир компаниуд ялангуяа толгой компаниуд энд үйл ажиллагаагаа зангидан төвлөрүүлэх нь ашигтай аж.

Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 2011, 2012 онд дэлхийд нэгдүгээр байр, эдийн засгийн хамгийн эрх чөлөөтай (он тус бүрээр мөн нэгдүгээр байр), бизнес эрхлэх нөхцөлөөр Сингапурын аман хүзүүнд (он тус бүрээр), 2011 онд гадаадын мэргэжилтэн амьдрахад хамгийн тухлаг Азийн хотоор Сингапур, Кобегийн ард оржээ.

Долоон сая хүн тус бүрт ногдох ДНБ нь 37.000 ам.доллар болж дэлхийд 25 дугаар байрыг эзэлсэн байна. Төсвийхөө 21 хувийг боловсрол, 16 хувийг эрүүл мэнд, 15 хувийг нийгмийн халамж, 13 хувийг бизнесийг дэмжихэд зарцуулдаг Хонконгийн гадаад валютын нөөц нь энэ оны гуравдугаар улиралд 301 тэрбум ам.доллар болжээ.

Хонконгод 2011 онд 41 сая хүн гадаадаас айлчилж (28 сая нь Хятадын эх газраас) хүн бүр хоногт дунджаар 1000 ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авч байна. Жилд 84 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө орж ирээд 82 нь Азийн бусад орон руу таран гарч байдаг энэ орны үсрэнгүй хөгжлийн дээрх хүчин зүйлийг монголчууд бид онцгойлон судлах, үйл ажиллагаандаа ухаалаг тусгах учиртай.

Яаралтай алхам

Эн тэргүүнд тусгаж авахыг цаг үе шаардаж буй ажил нь хууль журмын засаглал ба хараат бус шүүхийн тогтолцоо буюу Монголын хөгжлийн хамгийн эмзэг хоёр цэг юм. Монголын Хууль зүйн яамны шинэ сайд Х.Тэмүүжин саяхан Хонконгод айлчилсан нь урд өмнөх айлчлалуудаас ялгаатай, бодит үр дагавартай болно гэж найдаж байна.

Хуулийн систем нь Английнхтай адилхан, Дээд шүүхийн таван шүүгчийн нэг нь Австралийн иргэн. Шүүх нь хоёр хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 1-10 (хамгийн сайныг 1, хамгийн мууг 10 гэвэл) оноогоор бүх үйл ажиллагааг нь үнэлэхэд Хонконг 1.42, Сингапур 1.92, Япон 3.5-аар Азидаа тэргүүлдэг аж. Сингапур улс өөрийнх нь захиргааны хуулийн заалт асуудлыг шийдэхгүй байвал Английн хуулийг хэрэглэдэг гэнэ.

Хууль эрх зүйн орчин нь тодорхой, хуулиа сахиулж чаддаг, хараат бус хэвлэл мэдээллийн бүтэцтэй учир Хонконгод ардчиллын систем өгөөжтэй ажиллаж байна.

Жишээ нь, Хонконгийн захирагч Люнг Чунен хувийн байшингийнхаа ханыг зөвшөөрөлгүй эвдэж өргөтгөл хийсэн нь барилгын хуулийг илт зөрчсөн гэж ээлжит шалгалтаар илэрсэн, гурав дахин захиа явуулсан ч зөрчлөө засаагүй, хууль иргэн бүрт адилхан үйлчлэх зарчмыг эвдсэн тул дахин сонгогдоход хэцүү болсныг хэвлэл мэдээллээр онцлон ярьж байна. Тэр хэдийгээр өргөтгөлөө нурааж, хуучин хэвэнд нь оруулсан боловч ажил, ам хоёр нь зөрж цул хүн биш болохоо харууллаа, ийм хүн нийтийн засаглалыг тэргүүлэх ёсгүй гэж сөрөг намын өрсөлдөгч нь мэдэгдэж байна.

Монгол Улсад эдүгээ өөрийн байшингаа яаж өөрчлөх нь хувь хүний хэрэг гэж үздэг. Нийтийн хөрөнгөөс завшиж, “төрөөс нь тэрбумтан төрөх” нь хэвийн үзэгдэл болчихоод байгаа Монголын төрийн ам, ажил хоёрыг нэг болгох (бүхэл, цул болгох) талаар ямар их ажил хийх ёстойг Хонконгийн засаглалын дээрх жишээ өөрийн эрхгүй бодогдуулж билээ. Хонконгоос сурах, авах зүйл их юм даа.

Хонгконг–Улаанбаатар. 2012-11-29