Коммунист хүн, коммунист үзэл суртал, коммунист нам л гэж байхаас сүүдэр ший гэгдэх кино очиж очиж коммунист байх даа юув, урлагийн бүтээл юм чинь гэх хүн олон бий. Энэ талаар бодож сэтгэж, эргэцүүлж байгаа хүн байдаг ч цөөн биз. Гэтэл “коммунист сүүдэр ший” байдаг гэнээ. Байх байхдаа дэлхийн коммунист эвслийн цэцэглэлийн үед коммунист сурталтай бүх улсад байсан ба одоо Монголоос бусдад нь хориглогдсон гэнэ. Монголд л хаалтгүй үзүүлээд байгаа юм байна. Харин Хойд Солонгост тийм коммунист киног тасралтгүй үйлдвэрлэж, тархи угаалтыг тасралтгүй хийсээр буй аж.  
        
Мань мэтийнхний хүүхэд ахуй цагт, 1960-1970-аад онд монголчуудад европын соёлыг анхлан түгээсэн “Аминаас чухал үйлс” (Ханс Клосс хэмээх Абверын лут тагнуулч), “Нохойтой дөрвөн танкчин” (бидний дотно танил Янек, Шарик овчарк нохой) кино манайдаа л буянтай үйлс хийсэн гэж би бодож явлаа. Европын соёлыг түгээсэн, талын монголчуудад Польш хэмээх тэр орныг таниулсан гэдгээр би хэлж байна.

Гэтэл энэ хоёр киног эх оронд нь хэдэн жилийн өмнө тас хориглоод, одоо нийтэд үзүүлэх аваас эрүүгийн ялд унах шүүхийн тогтоолтой болжээ. Дэлхийн II дайны үед Германы булаан эзлэгчдийн эсрэг, дараа нь чөлөөлөгч Улаан армийн эсрэг зэрэг тулалдаж асан Крайовын босогчдын арми гэгчийн ахмад дайчдын ширүүн эсэргүүцлээр эдгээр кино тэр жил хориглогдож байжээ.

Бидний хүүхэд ахуй цагтаа шүтэн бишэрч, дунд, идэр, залуу үеийнхнийг цэрэг–эх оронч үзлээр хүмүүжүүлсэн энэ хоёр кино маань дэлхийн II дайны түүхийг тэр чигт нь мушгин гуйвуулсан гэж польшууд өөрсдөө үздэг аж.  Ялангуяа немцүүдийг тэнэг дээрэмчид маягаар, хүүхэд ч ялчихмаар амьтдаар дүрсэлсэн нь бодит байдлын гуйвуулга аж. Дайны эмгэнэлийн тухай биш, адал явдал маягаар гаргасан, хүүхдүүдийг зугаацуулах хэрэгсэл болж ирсэн нь маш хортой хэмээн  Крайовын армийн нэгтгэлийн дэд захирагч Тадеуш Филипковский анхааруулсан байх юм. Польшийн үндэсний түүхийг завхруулснаараа ахмад дайчдын дургүйг олон жил хүргэж явлаа хэмээн Краковын ахмад дайчин, партизаны байгууллагын хэвлэлийн төлөөлөгч гэх  Ежи Буковский мэдэгджээ.
 


“Нохойтой дөрвөн танкчин” кинонд ойлгомжгүй, хүлээн авшгүй үзэгдэл зөндөөн гэнэ. Гол баатар нь очиж очиж Сибирийн цөллөгөөс гавьяатай нэг нөхөр ирж, нэг гүрж нөхөр польшийн танкийн экипажийн гишүүн болж, польш–оросын армийн ах дүүгийн нөхөрлөлийг илтгэсэн гэрлэлт болж, ямагт мөр зэрэгцэн тулалдсан гэхчлэн бүгд шал худлаа гэнэ. Буковскийн хэлснээр, 30, 40 жилийн өмнө энэ үлгэрт итгэж болдог байж, харин өнөө цагт хэн ч үнэмшихгүй гэнэ.

Уг нь шууд ч хориглочоогүй юм байна. Гэтэл хэдэн жилийн тэртээ “Нохойтой дөрвөн танкчин”-г зуны амралтаар польш хүүхдүүдэд үзүүлтэл нөгөөдүүл нь хэл ам татлажээ. “Энэ чинь юу үзүүлчих вэ?”, “Ямар марзан үзэгдэл вэ?”, “Ямар тэнэг нь хийсэн юм бэ?” гэсэн захидал занаа, утсан мессеж ТВ рүү очсон аж. Ингэж байтал ахмад дайчид эсэргүүцлээ илэрхийлж, дайран дээр давс нэмжээ. Иймд хэрэв Монголын аль нэгэн ТВ-ээр “Аминаас чухал үйлс”, “Нохойтой дөрвөн танкчин”-г гаргаж эхэлбэл Польшийн албан ёсны эрх баригчдаас эсэргүүцэл ирж магадгүй байгааг манай ТВ-үүд анхааралдаа авах нь илүүдэхгүй.   

Эдүгээ польшийн киноныхон эх орныхоо түүхийг зөвөөр дүрсэлсэн кино хийх цаг нь болсон гэж үзээд Катыний ойд Сталин–Бериягийн чекист  алуурчид 1940 онд польшийн олон мянган офицеруудыг тархинд нь сум зоож, газар булж буй кино, сериал хийж эхэлсэн, түрүүчээсээ гарч эхэлсэн аж. Зарим нэг нь ч монголын кабелийн зурагтаар гарсан байх.   

Ерөөсөө польшийн жишээгээр  1950-1980-аад онд үйлдвэрлэсэн цэрэг–оронч монгол кинонуудыг архивлаад үзүүлэхгүй болбол ямар бол гэсэн саналаа дэвшүүлж байна. Социализмаа дурсан санагалзсан, зөвтгөсөн, өнгөрсөн түүх рүүгээ ухарсан, түүхээ нулимсан коммунист киног манай “Монголкино” үйлдвэр хангалттай олныг хийсэн дээ. Одоо ч монголын кабелийн зурагтуудаар хаалтгүйгээр үзүүлсээр байна. Шарын  шашныг чөлөөтэй тавьж, лам нар үнэд орсон энэ цаг үед “Сэрэлт” киног үзүүлж буй нь нэн авцалдаагүй. Оточ маарамбын  хамгийн муухай  дүрийг  ардын жүжигчин  Цэндээхүү гуай гаргуун бүтээсэн гэлээ ч одоо цагт ардын эмнэлэг, түвд эмнэлэгийг зурагтаар тэгж гутаан доромжлох хэрэг байхгүй мэт. “Нүгэл буян” гэж шар дээлтэй ороолонгуудын тухай киног саяхан үзүүлж байх юм. Гандан хийдийг гутаан доромжиллоо хэмээн манай бурханы шашныхан өнөөдөр эсэргүүцэл илэрхийлэхгүй байгаад гайхаж л байна.    



Дээрхийн гэгээн, амьд бурхан Далай багшаа хөгшин хөвөөгүй хүндэтгэн  дээдэлж, хүсэн мөрөөдөж буй энэ цаг үед Далай ламыг Монголын тусгаар тогтнолын гол дайснаар дүрсэлсэн “Цогт тайж” киног баяр болгоноор  үзүүлэх нь түүхээ үгүйсгэсэн нэн зөрчилтэй хэрэг бус уу. Логикийн үүднээс авч үзвэл  “Цогт тайж”,  “Сэрэлт”,  “Нүгэл буян” бол шууд л “тархи угаалт” гэж хориглогдох ёстойсон.

Бүтэн 23 жил санхүүгээр тэтгүүлж, хандивлуулж, одоо тосоо гартал тэврэлдэн яваа, монгол хөвгүүд нь сумогийн ертөнцөд гялалзан яваа Япон орныг, ерөөсөө япончуудыг тэртээ 1939, 1945 онд бид тэднийг ялан дийлж номхруулж байлаа гэсэн утгатай “Дайсны цэргүүдээ сонсцгоо!”, “Говь Хянганыг туулсан нь” гэхчлэн цэрэг–эх оронч мөн ч олон кино бий дээ. Тэдгээрийг цөмийг нь хоригломоор санагдах юм.

МАН, МАХН-ын аль алин нь хэл ам хийхгүй, эсэргүүцэл илэрхийлэхгүй байгаад би тун их гайхаж байна, бүр эгдүүцэж байна. Та нарын намыг үндэслэгч, Монголын ардын төрийг үндэслэгч, Ардын төрийн чинь анхны Ерөнхий сайд цэл залуухан Д.Бодоог алуурчин, дээрэмчин, гэмтнээр дүрсэлсэн (мөн л ардын жүжигчин  Цэндээхүү гуай дүрсэлсэн, гэм нь яхир янхигар өвгөн болж харагддаг), МАН-ын анхны домогт дарга, анхны онолч С.Данзанг эх орноосоо урвагч, гадаадынхны гар хөл болгож харуулсан “Өглөө”, “Тэмцэл” киног ТВ-үүд яагаад үзүүлээд байна вэ? МАН, МАХН хоёр эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол сонгууль бүрийн ялагдал чинь энэ мэт киногоор тархи угаалт хийсний уршиг шүү, ний нуугүй хэлэхэд.

Нэгэнтээ хөдөө аж ахуйн нэгдлүүд бүгд татан буугдаж, нэгдэлжих хөдөлгөөн гэгч нь улс орны хөдөө аж ахуйг сөхрүүлсэн нийгмийн харгис туршилт  байсан, нэгдлийн үед мал огт өсөөгүй байж байгаад эрх чөлөөт зах зээлийн өнөөгийн нийгэмд 50 саяд хүрсэн л юм бол “Морьтой ч болоосой”, “Хүргэн хүү”, ”Баянбулгийнхан”… гээд жагсаавал бүгд хориглогдох кинонууд бус уу.
 
Өнгөрсөн нийгмийг санагалзуулах аливаа үзэгдлээс зоригтой татгалзаж чаддаг гэдгээ монголчууд бид сүүдэр шийнээс бусад жишээн дээр харуулсаар байгаа нь үндэсний бахдал гэлтэй. 1990 онд Сталины хөшөөг төв номын өмнөх талбайгаас зайлуулахад мөн ч олон хүн Сталины хэвтээ баримлын толгой руу очиж өшгөчиж байсан даа.



Саяхан Лениний хөшөөг авч хаялаа гэхэд нулимс унагасан ганц ч хүн гараагүй, араас нь нэхэл дагал хийгээд гонгиноод яваа ядаж нэг ч хүн алга. Сүхбаатар, Чойбалсангийн бунхан гэх үхмэл чулуун барилгыг 2006 онд буулгаад хотоос гаргаад байршуулчихсан, одоо ард түмний тархинаас арчигдсан, санаж дурсаж яваа хүн лав ил алга.

Иймд польш хүүхдүүдийн адилаар монголын томчуул яг одоо сэтгээд тархи угаагч сүүдэр шийнүүдээ оройтоогүй дээр нь тас хориглох цаг болоогүй гэж үү?