Хуулиар хамгаалагдсан алив асуудал руу халдахын тулд эхлээд хуулийн хамгаалалтыг нь эвдэх ёстой гэсэн “зөн совин” нийгэмд бүрдэж эхлэв.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөндөхийн тулд тэрхүү эрхийг нь бататгаж буй хуулийн хаалтыг нь эвдэх, мөн өөрт нь ял тулгаж буй хуулийн заалтыг хүчингүй болгуулах, цаашлаад долдугаар сарын 1-нийхэнд зориулсан Өршөөлийн хуулийг ч үүний илрэлд тооцож болох байх.

Өнөөдрийн иргэншсэн, ардчилсан дэлхий ертөнцөд алив асуудлыг “Шударга, шударга бус” гэдэг ойлголтоор биш “хуулийн дагуу эс бөгөөс хууль бус” гэсэн ойлголтоор л шүүдэг. Харин манайхан үүнийг эсрэгээр нь эргүүлэх, хуулийг эрх ашигтаа тохируулах, үл тоох, хууль сахиулагчдыг буруутгах жишиг рүү хальтирч байх шиг. 

Хуульд юу гэж зааснаар биш хэн юуг шударга гэж бодсоноороо, тэр тусмаа шүүх ийм зарчмаар хэргийг шийддэг байвал юу болохыг төсөөлөхөд бэрх.

Нэгэн хүн ламтнаас “Бурханд залбирч байхдаа тамхи татаж болох уу” гэж асуухад “Болохгүй” гэсэн хариу сонсчээ. Харин “тамхи татаж байхдаа бурханд залбирч болох уу” гэсэн асуултдаа “Болно” гэдэг хариу сонссон байдаг. Хэн юуг зөв гэж үзэх нь үүн лүгээ ярвигтай байдаг учраас бүгдийг хуульчилдаг. Тийм ч учраас хууль тогтоох байгууллагаа төрийн эрх барих дээд байгууллага гэж тунхагладаг. Хууль, хууль бус гэсэн шүүлтүүрээр л нийгмийн харилцааг зохицуулдаг. Цаашлаад ямар хууль байна яг тийм хэрэгтнүүд төрдөг гэсэн үг.

 

“Улс  төрийн хоригдол байхгүй”

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хэн нэгнийг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан буруутгах тухай хуулийн нэг ч заалт байхгүй учраас ийм хоригдол төрөхгүй. Тэгвэл долдугаар сарын нэгний үйл явдалд оролцсон иргэдийг яагаад шүүн тасалж, хоригдол болгосон юм бэ? Тэд яагаад улс төрийн хоригдол биш гэж гэсэн асуулт гарч ирнэ. Уг нь тэд тэр өдөр улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх сэдлээр эхэлсэн жагсаал цуглаанд оролцсон. Хэн ч дээрэм тонуул хийх зорилгоор тэнд цуглаагүй. Гэвч энэ нь тэднийг гэм буруугаас аврах хууль зүйн үндэслэл болж чадахгүй нь нэг талаар харамсалтай юм. Хуульд юу гэж заасан бэ түүгээр л хэргийг шийднэ.

Долдугаар сарын 1-нийхний хэргийг шүүх хэлэлцэхдээ яагаад нөхцөл байдал, учир шалтгааны уялдаа холбоон дунд нь авч үзэхгүй байгааг гайхсан, үүний нь төлөө буруутгасан өнгө аяс Холливудын “Чикаго” хэмээх алдарт мюзикл киноны нэртэй хамт сонсогддог. Уг кино нь шүүх хэргийг хэрхэн авч үзэж, нөхрөө алсан эмэгтэйг юунд зөвтгөж байгаагаар үйл явдлыг өрнүүлдэг. Гэвч тэндхийн хууль энд хамаагүй... Монгол Улс ямар хуультай вэ, түүгээр л гэм буруутныг шүүж яллах, тийм хоригдлуудыг төрүүлэх нь маргаангүй юм. Хэрэв хуульд “улс төрийн зорилготой жагсаал цуглааны үеэр бусдын эрх чөлөөнд халдах, эд хөрөнгийг эвдэн сүйтгэх, галдан шатаах, тонон дээрэмдэх хэрэг гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хэрэгт тооцохгүй” гэсэн заалт байсан бол асуудал огт өөрөөр эргэх байв. Нэгэнт ийм хууль байхгүй учраас тэдний хэргийг бусдын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан, эд хөрөнгийг эвдэлсэн, галдан шатаасан, тонон дээрэмдсэн үйлдлүүдээр нь Эрүүгийн хуульд заасан тэр зүйл ангиар нь, ийм хэрэг урьд өмнө үйлдэж байсан хүмүүсийн адилаар” л шалгаж шийдвэрлэсэн.

Төрийн өндөр албыг хашиж, олонд танигдсан эрхмүүд түрүүчээсээ шүүн таслагдаад байгаа нь олны анхаарлыг татах хэрээр “Тэднийг улс төрийн захиалгаар ялласан. Яагаад гэвэл тэднээс дутуугүй хэрэг үйлдсэн олон хүн эрх чөлөөтэй явж байна” гэсэн хардлага улам биежсэн. Энэ нь ч оргүй хардлага биш. Гэхдээ асуудлын хамгийн гол нь мөнөөх хуульдаа л буй юм. Үнэхээр “баригдсан нь л хулгайч” болохоос биш хардсан, сэжиглэсэн болгоноо хулгайд буруутгаад барьж хориод байх эрх үгүй. Цаашлаад хулгай хийсэн нь логикоор илэрхий ойлгомжтой байлаа л нотолгоогүйгээр хэнийг ч яллах арга үгүй. Бүх зүйлийн хуулийн хүрээнд хуулийн дагуу болж байх ёстой.

Харин хууль хэн нэгэнд таалагдахгүй байж болно. Ийнхүү хуулийг “үл таалах” мэдрэмж хэнд ч, тэр тусмаа хэрэг хийсэн хүнд илүүтэй төрдөг  бий. Гагцхүү хууль таалагдсангүй гээд хуулийн хүрээнд ажилласан хууль, цагдаа шүүхийнхнийг буруутгаад өсөрхөөд байж  болохгүй байх. Мөн хууль таалагдсангүй гээд эрх ашигтаа нийцүүлэн өөрчлөөд, өшиглөөд байж бүр ч болохгүй л байх. Тэгвэл хэн ардчиллыг, хүний ариун ёсыг, нийгмийн шударга байдлыг сахиулах юм бэ?

Харин ч өнөөдөр хуулийг, хууль сахиулагчдыг хамгаалах хууль хэрэгтэй байгаа юм биш үү?  Уг нь хуулийг УИХ л баталдаг, үүнийг нь шүүх засаглал баримталдаг. Тэгэхээр хуулийг ч, баталж буй хуулиараа дамжуулан шүүхийн үйл ажиллагааг ч УИХ зохицуулж, хянаж байдаг. Ямар хууль байна, яг тийм...