“Ярилцъя” өнөөдөр та бүхэнтэй цэл залуу, шив шинэхэн нэгэн залуу бүсгүйг уулзуулахаар урилаа. Түүний нэрийг Дэлгэрмөрөн гэдэг. Дэлгэрмө­рөн та бүхний интернэт дэх сайн анд “Zaluu.com” сайтын захирал юм. Одоогоос 20-иод хоногийн өмнө тус сайтыг хаасан гэх мэдээ түгж, кибер ер­төнцийн хил хязгааргүй даяарчлагд­сан мэдээллийн орон зай дахь тэдний уншигчдын бухимдлыг төрүүлсэн. Гэвч манай салбарынхан буюу өө­рийн­хөн маань эл явдалд гайхаш төр­мөөр хөндий хандсан нь миний ан­хаарлыг татаж, улмаар түүнийг олж уулзах сонирхол төрсөн юм. Сэтгүүл­зүйн салбар хэнийг ч өхөөрддөггүй хийгээд “Чи залуу юм даа” гэсэн ня­луун хайраар энхрийлдэггүй. Тэрийг нь мэддэг учраас тал талаасаа хав­чиж шахуулан, унаж босч, өргөстэй бутан дундуур туулай шиг дэгдэж яваа түүнийг “Зочин”-оор сонгохоор шийд­сэн. Танилц, миний шинэ зочин, бяцхан хатагтай Дэлгэрмөрөн.

-Яагаад танай сайтыг хаасан нь надад ойлгомжгүй байна. Хэв­лэл мэдээллийн эрх чөлөөгөө­рөө дээгүүр давхидаг, ардчил­лын орон гэх имижээрээ Ази­даа гайхуулдаг манайх шиг оронд хэвлэл мэдээллийн бай­гууллагыг хааж хавчиж эхэлнэ гэдэг өөрөө тун хачирхалтай асуудал юм. Тийм болохоор яриагаа энэхүү гол “асуудал”-аас эхэлье. Залуу.com манай интернэт хэрэглэгчдийн сайн найз гэдгийг мэднэ. Яагаад хаагдахад хүрэв ээ?
-Шударга өрсөлдөөн, хэрэглэг­чийн төлөө газар, Оюуны өмчийн газраас манайд тодорхой шаардлага тавьсан юм. Тухайн шаардлагыг бид биелүүлсэн. Энэ тухайгаа албан бичгээр мэдэгдсэн, бас сайтаараа дамжуулан мэдээлсэн. Цаг хугацаа нарийн учир байдлыг бүрэн дүгнэхүйц хүрэлцээтэй биш байсан юм болов уу гэж бид ойлгосон. Маш богино хуга­цаанд үйл явдал өрнөөд манайх хаагдсан. Хаагдаад 20 орчим хоног өнгөрч байна.    

-Тийм их удчихсан юм уу?

-20 хоног чинь харин их удаан юм байна шүү дээ. Энэ хугацаанд үнэ­хээр хүнд байлаа. Мэдээллүүдээ бэлт­гэе, сурвалжлагуудаа оруулъя гэхээр хаанаа тавих билээ. Энэ 20 хоног миний хувьд маш чухал үеүд болж өнгөрлөө. Ер нь би ирэх 10 жилд юу хийх вэ. Юу хийвэл зүгээр вэ гэдгээ нухацтай төлөвлөж бодлоо. Ирээдүйн­хээ 10 жилийг төлөвлөж, чиг шугамаа зурж авна гэдэг өөрөө залуу хүний хувьд маш чухал юм гэдгийг би ойл­голоо. Энэ удаагийн үйл явдал надад алдааг минь хэлээд өглөө. Алдааг минь хэлж өгнө гэдэг ухаантай яв гэж сургамжилж байгаа нэг хэлбэр байх. Үүн дээрээ дөрөөлөөд би өөрийн ирээдүйн амьдралын 10 жилийн төлөвлөгөөг гаргасан. Цаашдаа бид сэтгүүлчдийнхээ хөдөлмөрийг зүй ёсны дагуу үнэлж хүндэтгэж, оюуны өмчийн болоод бусад хууль журмыг дээдлэн ажиллах болно.

-Хаана гэдэг өөрөө маш том акц. Ийм том баримтын нөгөө талд хохирогч, гомдогч гэж байх ёстой. Тэр нь хэн юм бэ. Манай хэвлэл мэдээллийнхэн буюу нэг тогооныхон маань юм уу. Эсвэл улс төрийн ямар нэгэн гар ажиллав уу?
-Төрийн байгууллагад гомдол ирсэн учраас шалгасан, шаардлага ирүүлсэн байна гэдгийг би албан бичиг хүлээж аваад мэдсэн. Гомдлыг бидэн­тэй адилхан сайтын үйл ажиллагаа эрхэлдэг ах, эгч нар, бас найз нөхөд маань өгсөн байсан. Ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа байгаагүй гэж бодож байна. Сайт хаасантай холбоо­тойгоор ямар нэгэн төрийн байгуул­лага, албан хаагчид гомдох, хар санах зүйл бидэнд байхгүй. Хэрвээ хэн нэгний гомдлоор өөр зарим сайтын талаар гомдол гарсан бол манайх шиг л зүйлтэй учрах байжээ гэдгийг би одоо харж байна. Тиймээс энэ асууд­лыг ямар нэгэн байдлаар улстөр­жүүлж харахгүй байгаа.

-Танайх байгуулагдаад хэр удаж байгаа вэ?
-Тав дахь жилтэйгээ золгох гэж байна. Манай сайт бол интернэтийн орчинд хөтчийн үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ мэдээлэл тал руугаа илүү анхаарч ажилладаг. Энэ утгаараа Sоcial news сайт гэж тодорхойлж болно. Энэ бол хамгийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологи, интернэт үйлчилгээний хэлбэр. Ер нь манай хамт олон анх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд программ хангамж, техник технологийн чиглэлээр үргэлж шинийг нэвтрүүлэх гэж хичээж ирлээ. Тэрний маань нэг нь Sоcial news сайт маань юм. Үүнийг дагаад манай сайтад мэдээ, мэдээлэл тавих эрэлт асар ихэссэн. Өдөр болгон над руу сайтуудаас ярьж линкээ тавиулъя, мэдээгээ линклүүлье гэдэг болсон. Энэ бүх хүсэлтийг бүгдийг нь хүлээж авахад мэдээж төвөгтэй. Үүнээс үүдээд зарим нөхдөд маань, сайтын эздэд ялгавартай хандаж байгаа юм шиг, саналыг нь хүлээж аваагүй юм шиг хандлага ажиглагдсан байх. Үүнээс болж дургүйцсэн, гомдсон, бүр зэвүүцсэн хүн гарч ирсэн юм болов уу даа гэж бодож сууна.

-Бидний ажиллаж буй энэ сал­бар бол өрсөлдөөн, хурд, мэр­гэж­лийн чадавхи гэх мэт тодор­хой хүчин зүйлүүдээр амжилт нь тодорхойлогддог.  Тодор­хой­гүй юм бараг байхгүй. Ийм тодорхой салбарт амжилтад зэвүүцнэ, хорсоно, улмаар хорон явуулга хийж бусдыгаа дэгээдэж унагана гэдэг хэтэр­хий явцгүй ажиллагаа шүү дээ?  
-Ямартай ч залуу хүний хувьд энэ үйл явдал надад асар их зүйлийг ойлгуулж, таниулж өглөө. Би алдсан байна аа. Бүгд миний зөв байгаагүй гэдгийг, би алдаа гаргаж байсан гэдгээ ойлгосоон. Энэ алдаа маань намайг ухаарах, энэ ажиллаж буй салбараа илүү томоор, илүү няхуур харах боломжийг олголоо. Би алдаан дээрээ сөхөрч унахгүй ээ. Харин ч улам эрч хүчтэй, улам шаргуу ажиллах болно. Гэхдээ хууль ёсыг дээдэлж ажиллах болно оо.

-Жишээ нь, чамгүй олон жил мэргэжлийн сонины гал то­гоонд ажиллаж яваа би мэт нь бол хүссэн ч, эс хүссэн ч үй тү­мэн дайснуудтай болж амжсан байна л даа. Харин та бол дэн­дүү залуухан, гэрэл гэгээ­тэй, хэдийдээ ийм аюултай занал­хий­лэгчдийн хараанд өртөж амждаг байна вэ гэмээр жаахан охин харагдаж байна. Далав­чийг тань хяргах гэсэн дайралт явагдаж байна. Мэдээж залуу хүний хувьд гомдол байгаа байх?
-Хүн алдаж, алдсанаа ойлгож, алдаагаа засах зам мөрөө харж байж л юу хийж яваагаа, хаана хүрээд байж байгаагаа мэддэг юм байна аа. Юу хийгээд байсан юм, юунд хүрчихсэн юм гэдгээ би бас хараахан ойлгоогүй явжээ. Манай сайтын нэг өдрийн хан­далт давтагдаагүй тоогоор 250 мянгад хүрсэн. Би сайтуудын хандал­тыг ер нь бол мэднэ. Бидний хүрсэн энэ амжилт бусад сайтаас 5-1000 дахин их хандалт байхгүй юу. Би онгирч байгаа юм биш шүү. Үнэхээр доод тал нь тав дахин, дээд тал нь 1.000 дахин илүү гэсэн үг. Монголын сайтууд дун­даа ямар ч өрсөлдөгчгүй номер нэг гэж хэлж болохоор. Гэхдээ би zaluu.com сайтыг номер нэг сайт, өөрийгөө номер нэг сайтын эзэн энэ тэр гэж ярьж байгаагүй. Одоо ч ярих­гүй. Харин цаашдаа манай сайт бол хан­далтын тоогоороо Монголдоо үнэ­хээр тэргүүлж байгаа гэдгээ ярьж, мэ­дэрч явах ёстой юм байна гэж дүгнэ­сэн. Илүү их хариуцлагатай, илүү дай­чин, илүү мэдрэмжтэй байх ёстой юм байна гэж бодсон. Би энэ том амжил­тыг гаргачихсан юм байна шүү дээ гэд­гээ сая л ойлголоо. Мэдээж бу­сад сай­тын ах эгч нар манай сайтыг, на­майг унаад өгөөсэй, дээрээс нь дэв­сээд хаячихъя гэж бодоогүй байл­гүй дээ. Алдаа оноогоо засаасай, бо­лох­гүй зүйлүүд байна шүү, илүү сайн ажил­лаарай гэж хэлж өгч байгаа явдал юм байна гэж би ойлгож хүлээж авч байна. Тийм болохоор би хэн нэгэнд гомдох­гүй байна. Харин ч би баяртай байгаа.

-Тийм үү?
-Тийм.

-Таван жил үйл ажиллагаа явуулж байгаа редакц боло­хоор нэлээн гайгүй хөлөө ол­сон байгууллага байгаа болов уу. Гэтэл миний хүлээж авсан мэдээллээр бол танайхыг нэг ч сэтгүүлчгүй, бусдын бүтээг­дэхүүнийг л “хулгайлж” амь­дар­даг гэсэн зүйл яригдсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Энэ асуултад тань хоёр талаас нь хариулъя. Нэг талаас манай сайт бол 13 хүний бүрэлдэхүүнтэй цомхон редакцтай айл. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг шиг би ганцаархнаа зүтгээд юу ч хийж чадах­гүй шүү дээ. Манай залуучууд бол сэт­гүүлзүй, программ хангамж, сошл мар­кетинг чиглэлээр мэргэшсэн чад­вар­лаг хамт олон. Сэтгүүлчийн хувьд зургаан хүн ажиллаж байна. Сайт өөрөө текст, видео, дуу хөгжим гээд бүх төрлийн форматтай мэдээллийг өөртөө агуулж хэрэглэгчдэд хүргэдэг мэдээллийн онцгой хэрэгсэл. Тиймээс тэр бүгдийг бид олж, бас өөрсдийн хэмжээнд боловсруулж хэрэглэгчдэд хүргэхийг зорьж ажилладаг. Тиймээс сайтын редакц гэдгийг бид зөвхөн сэтгүүлчдийн баг гэж ойлгож ирсэнгүй. Гэхдээ манай редакц сэтгүүлзүйн хувьд мундаг том кадруудыг нэгтгэ­сэн том агентлагийн хэмжээнд очоо­гүй нь үнэн. Тиймээс бусад сайт, сонинууд, мэргэжлийн сэтгүүлчдийн мэдээ, мэдээллийг өөрийн сайтад линклэх хэлбэрээр тавьдаг байсан. Би түрүүнд хэлээд өнгөрсөн. Манай сайт бол интернэтийн орчинд хөтчийн үүргийг гүйцэтгэдэг гэж. Бид бусад мэдээллийн сайтуудын линкийг өө­рийн сайт дээр байршуулдаг. Мэдээл­лийг нь линкэлснээр тухайн сайтад хэрэглэгч хандах хөтчийн үүргийг гүйцэтгэдэг. Урьд нь энэ харилцаагаа гэрээгүй явуулж ирсэн нь алдаа байсан. Одоо сайтуудтай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж, сай­туу­дын линкийг өөр дээрээ байр­шуулж байна. Үүнийг маань зарим хүн буруу ойлгодог шиг байгаа юм. Бус­дын мэдээг хулгайлаад тавьчихсан байна гэж. Энэ бол хулгай дээрэм биш шүү дээ, бусад сайтын мэдээг илүү их уншигдах, илүү олон хэрэглэгч тухайн сайтад хандах боломжийг манай сайт бүрдүүлж байна. Жишээл­бэл, google-ийн хайлтын системтэй манай сайт төстэй ажилладаг. Ялгаа нь яг өнөөдөр болж байгаа үйл явдлын мэдээний линкийг нэгдсэн байдлаар нэг доор харуулдаг. Интернэтийн хамгийн том хайлтын систем болсон google ч мөн адил сайтын мэдээ мэдээллийн линкийг л байршуулж байгаа шүү дээ. Бид ийм л зарчмаар ажилладаг. Арай өөр байдлаар тайл­бар­лах юм бол C1 телевизийн “Focus” гээд нэвтрүүлэг байна. Телевизүү­дийн мэдээнүүдийг тоймлодог. Мөн сонинуудын тойм нэвтрүүлэг байна. Бас л манай нэг хэлбэр. Хамгийн сүүлд эрч хүчээ аваад байгаа “Монгол ком­ментс” гэдэг TV9 телевизийн нэвт­рүүлэг байна. Тэр нэвтрүүлгээр бүх сайтын тоймыг уншдаг. Энэ тоймыг хараад хүн үндсэн мэдээг нь олж ун­шихыг хүсдэг. Манай онцлог бол хүс­сэн даруйд нь тэр мэдээг нь нээгээд өгдөгт байгаа юм. Иймэрхүү жишгүүд Монголд болон дэлхий дахинд олон байгаа. Мэдээж энэ шалгалтаас хойш манай сайттай хамтарч ажиллахгүй гэвэл бид тухайн сайтын мэдээ мэдээллийг сайт дээрээ линклэхгүй. Энэ харилцаа бол зөвхөн сайн дурын үндсэн дээр явагдах асуудал.

-Сонины сайтуудыг бусад бие даасан үйл ажиллагаа явуулж байгаа дан сайтуудтай одоо­гоор нэг их өрсөлдөж чаддаггүй юм уу даа гэж хардаг юм. Со­нинуудын сайт тэгтэл сүртэй томорсон жишээ байна уу?

-News.mn байна.

-Би нийтлэлүүдээ хулгайд их алддаг байсан л даа. Одоо “Baabar.mn” миний оюуны өм­чийг хамгаалж байгаа. Зарим нь үнэхээр дэнддэг. Хүний ажлыг шууд хулгайлж тавиад, бөөн бөөн comment-ын дайн дэгдээ­гээд, сэтгэл өвтгөмөөр юм их хийдэг. Харин яг танай асуудал дээр арай өөр юм явчихсан юм шиг. Улс төрийн шинжтэй нийт­лэлүүд танайх хэр тавьдаг вэ, ер нь тийм үйл ажиллагаанд хэр оролцдог вэ?
-Би сэтгүүлч биш, эдийн засагч мэргэжилтэй хүн. Одоо бол сэтгүүл зүйд суралцаж, ид гал тогоонд нь жигнэгдээд  явж байна. Эндээс миний ганц ойлгосон зүйл бол сэтгүүлзүй, энэ хэвлэл мэдээллийн салбар өөрөө иргэдийн өмнө асар их хариуцлага хүлээдэг юм байна. Жишээ нь, манайх өнөөдөр нэг мэдээлэл тавилаа гэхэд тэр мэдээлэлд маш олон хүн итгэдэг, нэг нь үгүйсгэж байхад нөгөө нь тийм байж ч магадгүй юм гэж бодон хүлээж авдаг. Мэдээлэл бол бидний амьдарч буй энэ цаг үеийг тодорхойлж буй үнэ цэнтэй зүйлийн нэг юм байна. Энэ утгаараа хүний оюу­ныг хооллодог талх болохоор энэхүү хэвлэл мэдээллийн салбар маань хараат бус байх ёстой гэж би ойлгож явдаг. Ма­найх улс төрийн нийтлэл, мэ­дээнүүдийг тогтмол тавь­даг. Гэхдээ миний хувьд аль ч намын гишүүн биш боло­хоор аль нэгэн намд илүү үйл­чил­нэ гэж байхгүй. Нийгэмд юу болохгүй байна, юу бүтэх­гүй байна, энд хүмүүс яг юуг сонирхож байна гэдэг үүднээс л бид түлхүү анхаарч  ажилла­даг. АН, МАН, МАХН, ИЗНН гээд алинд нь ч бид 50+1=51 хувь ч юм уу тиймэрхүү илүү хувиар үйлчилдэггүй. Хүн бол­гон надаас асуудаг юм. Та­най сайтын ард ямар эзэн байдаг юм бэ. Яг хэн байдаг юм бэ, зүгээр нуулгүй хэлчих гэж. Хэрвээ үнэхээр тийм эзэн байсан бол өнөөдөр ингээд үүд хаалгаа хаалгуулчихаад сууж байхгүй шүү дээ. Миний ард ямар нэгэн босс байсан бол асуудал арай өөр байх байсан болов уу.

-Би ч бас танд эзэн, нө­мөр нөөлгийн тухай асуулт тавих гэж бай­лаа. Ер нь бол сайт бай­гуулахад хэр их мөнгө зарцуулагддаг юм бэ. Хам­гийн анхны эдийн засгийн дэмжлэг тань хаа­наас эх үүсвэртэй вэ. Нэгэнт асуудал үүссэн бо­лохоор асууж байгаа юм шүү. Хэтэвчийг тань өнгийж байна гэж бит­гий хүлээж аваасай гэж бодож байна?
-2008 онд би МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг сан­хүүгийн менежер мэргэж­лээр төгссөн. Төгсөх жилээ би сай­таа гаргасан. Энэ үед ма­найд Olloo.mn гэдэг л сайт бай­сан, бүгдээрээ мэдэх байх. Ер нь бол бид энэ сай­таар л мэдээллээ уншиж, дэл­хий нийттэй харьцдаг байсан. Тэр үед Olloo.mn сайт бүх со­ни­ны мэдээ мэдээллийг шууд өөр дээрээ төвлөрүүлж тавь­даг байсан. Тэгээд сонинуу­дын мэдээ нэг сайт дээр төв­лө­рөөд байхад сайтууд яагаад нэг сайт дээр төвлөрч болдоггүй юм бэ гэж бодсон. Сайтууд төвлөрчих юм бол хэ­рэглэгчид нэг доороос бүх сай­тын мэдээг шүүж унших бо­ломж бүрдэх юм байна гэ­дэг санаа төрсөн. Тэгээд гад­нын сайтуудын хэлбэрийг су­далж байгаад оюутан байхдаа анх программаа өөрсдөө би­чээд гаднын нэг хостинг, сер­вер түрээсэлж аваад үйл ажил­лагаа эхлүүлсэн дээ. Тэр үеэс би өөрөө форексийн сур­галт зохион байгуулж, арил­жаанд оролцдог байсан. Ми­ний хувьд хангалттай орлого­той ажилладаг байсан. Би ол­сон бүх мөнгөө сайтаа босго­ход л зарцуулсан даа. Тэр үед эхлүүлж байсан манай Форекс центр клуб маань гишүүнчлэ­лийн­хээ хувьд Монголдоо хам­гийн томд тооцогдож бай­гаа. Бид үүгээрээ бас их ба­хархаж явдаг.

-Танд ямар нэг дарамт байна уу. Мэдээж энэ үйл явдал зүрх сэтгэ­лийг тань өвтгөж байгаа байх. Тийм бол бид хамт­раад тэмцэх хэ­рэгтэй?
-Дарамт гэхэд хаашаа юм. Шахалт гэмээр зүйлүүд ирж байна. Чи наад сайтаа одоо зарчих гэж шууд санал тавьж байгаа хүмүүс гараад ирлээ. Урьд нь надаас хувьцаагаа зар­чих гэсэн санал зөндөө ирж байсан. Би хүлээж аваа­гүй. Одоо бол бүр шууд “Чи сай­таа зараад сайхан амьдар аа. Одоо чи байнга л буланд ша­хагдаж амьдарна. Юм нэ­гээр дуусахгүй шүү” гэж улаан цайм ярьж байна. Би тэр хү­мүүст үгүй гэсэн хариултаа эелд­гээр өгсөөр байгаа. Би энэ сайтдаа, энэ ажилдаа үнэ­хээр их хайртай. Цаашид би энэ чиглэлээр илүү их зүйл мэ­дэж, илүү их ажил хиймээр байна. Би сэтгүүлзүйн чиглэ­лээр суралцаж, мэргэжлийн түвшинд ажилламаар байна. Надад энэ хаагдсан явдал их эрч хүч өглөө гэж би танд тү­рүүнд ярьсан даа. Үнэхээр би энэ сайтаа хуулийн дагуу, ёс зүйтэй ажиллуулж илүү өндөр түвшинд гаргамаар байна. 

-Манай сэтгүүлчийн эрх аш­гийг хамгаалдаг бай­гуул­лагууд зарим үед бөөн бөө­нөөрөө л га­раад ирдэг. За­рим нь хү­нийг байж болш­гүй айм­шигтайгаар гүтгэсэн сэт­гүүлчийг ч нүүрээ шир­лүү­лээд хамгаалж бай­гаа ха­рагддаг. Танайхыг хаагдсантай холбоотой­гоор тэд ер нь хандав уу?
-Би Монголын сайтуудын холбоог нөхдийнхөө хамт бай­гуулж, одоо тэргүүнээр нь ажил­лаж байна. Сайтын хол­боо­ны чиглэлээр цахим сэт­гүүл­зүй, сайтуудын ажиллах хууль эрх зүйн орчинг сайж­руу­лах чиглэлд олон ажил хийх ёстой юм байна гэж энэ хугацаанд бодлоо. Урьд нь бид яриад л явдаг байсан. Одоо бол хойшлуулшгүй гол ажлын нэг бол энэ юм байна гэж харлаа. Бид цаашид сэт­гүүлчдийн байгууллага, олон нийтийн байгууллагуудтай улам нягт хамтарч ажиллахыг хичээх болно. Олон сайхан сэтгүүлчид, олон сайхан хү­мүүс zaluu.com-ын хамт олонд чин сэтгэлээсээ тусалж байна. Олон хүн дэмжиж байна. Найз нөхдийнхөө хэн нь хэн байсан бэ гэдгийг харж байна. Би тэ­дэндээ маш их баярлаж бай­гаа. Тэд маань сэтгэлээр бит­гий уна, чи чадна аа гэж на­майг улам хурцалж байна. Бид хичээх болно.

-”Zaluu.com” гэдэг нэ­рийг яагаад өгсөн юм бэ?

-Энэ түүх их инээдтэй. Анх домэйн нэрээ авах хэрэг гар­лаа. Оюутан болохоор ядуу, ядуу болохоор мэдээж гачиг­дал­тай. Өдөртөө эцэг эхийн­хээ өгдөг мөнгийг цуглуулж байгаад Zaluu.mn гэж нэрийг анх авах гэтэл тэр үедээ мөн­гө хүрээгүй юм. MN-тэй хаяг бол 58-59 мянган төгрөг бай­даг байсан. Тэгээд com-той домэйн авах гэтэл бидэнд бас олон улсын карт олддоггүй. Тэ­гээд найз нөхдөөсөө гуй­гаад, багш нарынхаа картыг гуйж байгаад авч байсан. Энэ нэрийг өгье гэж өгөөгүй, авъя гэж аваагүй. Хамгийн гол нь сонс­голонтой, эрч хүчтэй, гэ­рэл гэгээтэй, тэгээд бид өөрс­дөө дандаа залуучууд байдаг болохоор олон залуучуудыг нэгдээсэй гэсэн үүднээс авч байсан.

-Би нэг зүйлд их баяртай байна. Чи хэн рүү ч тэр шүү гэж чичлэхгүй, на­майг та нар ингэлээ шүү гэж гонги­нохгүй байгаа нь надад таа­лагдаж бай­на. Гэхдээ чи­мээ­гүй ган­цаараа энэ бүх­ний ард яаж гарах гэж байна даа?

-Баярлалаа танд. Ер нь дүү­гийнх нь ойлгосон зүйл бол алдааг өөрөөсөө хай гэдэг үгийг л санаж явах ёстой юм бай­на. Үнэхээр надад хэн нэ­гэнд гомдох, хэн нэгэнд муу са­нах зүйл ерөөсөө алга. Би алдаатай байсан учраас ийм зүйл болжээ гэж дүгнэж бай­на. Шуудхан хэлэхэд энэ нь ч надад амар байна. Хүнд гом­дож, муу санахаас илүүтэй өөрийнхөө болон  сайтынхаа ирээдүйг төлөвлөх нь надад эрч хүч өгч байна. Бас най­зууд маань, нөхөд маань ми­ний дэргэд байгаа. Би ганцаа­раа биш ээ. Харин ч бүр олуу­лаа боллоо. Энэ үг чинь их моо­донд ороод байгаа биз дээ. Надад бол яг зохиж бай­гаа. /инээвхийлэв/

-Гаднын том том супер оддын тухай мэдээл­лүүд, кино ертөнцөд нээл­тээ хийж байгаа ки­нонууд гээд бид бүгдээс нь л хоцор­мооргүй бай­даг. Тэдний мэдээ мэ­дээллийг тавилаа, дуу хөгжмийг ашиглалаа гэ­дэг тал дээр гаднынх­наас ирсэн яг бодитой гомдол ер нь бий юу. Ма­найх дотроо л хөн­дөж эхэлж байна уу?

-Гаднынхан гомдол гарга­вал манай улсын бүх сонин, телевиз, сайт бүгд унах байх гэж би боддог. Энэхүү оюуны өмчийн асуудал одоо дэлхий дахинд ид сөхөгдөж байгаа гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Яагаад гэвэл “Youtube” дээр дөн­гөж гаргасан клип нь та­вигд­чихсан л байдаг. Магад­гүй би клипний эзэн байсан бол эмзэглэнэ. Нэг талаараа ийм боловч нөгөө талаараа “Youtube” тэр клипийг дэлхий дахинд түгээж өгч байна шүү дээ. Одоо хамгийн сүүлийн үед мода болж байгаа “Ganhnam style” дуу байна. Ба­раг найман настай балч­раас наян настай буурлууд хүртэл бүх хүн үзэж байна гэ­хэд хилсдэхгүй. Манай зарим улс төрийн намын сурталчил­гаа хүртэл ашиглаж байна. Хэр­вээ “Youtube” байгаагүй бол үүнийг дэлхий даяараа үзэ­хэд маш хэцүү шүү дээ. 700 сая хүн тэрийг үзэж чадах­гүй. Тэр зөвхөн Солонгостоо цацагдана. “Youtube” хэдий  оюуны өмчид халддаг ч гэсэн 700 сая хүнд хүргэж өгснөөр Гиннесийн номд хүртэл бичиг­дэж эхэлж байна шүү дээ. Энэ бол дан ганц Монголд тулгарч байгаа асуудал биш байх. Сая­хан энэ хавар “Google”-ийг шүүхэд өгсөн. Тэгэхэд дэл­хийн бүх том сайт нэг өдөр бүх нүүр хуудсаа харлуулж тавь­сан. Энэ үед маш олон хэ­рэглэгч мэдээлэлгүй үлд­сэн. Зарим нэг нь ажил төрөл­дөө ашиглана, зарим нь хи­чээл номондоо ашиглана. Бүх эрх нь хязгаарлагдсан. Тэгэ­хээр үүнийг дэлхий дахинд яг ингэж шийднэ гээд зохицуул­сан жишиг одоогоор байхгүй байна. Тэр дундаа манайх шиг хөгжиж байгаа орон оюу­ны өмчийг 100 хувь худалдаж авна гэдэг нь эдийн засгийн асар том дарамт болох юм гэж олон хүн ярьдаг шүү дээ. Би энэ хүмүүсийн л нэгэн адил мэдээлэлтэй байдаг. Хэрвээ тэр киног чинь ашиглалаа, энэ клипийг чинь хулгайллаа гээд гаднынханд бид өөрсдөө мэдээлэл өгвөл бид бүгдээрээ балрах юм шиг ээ.

-Сайтууд яаж санхүү­жил­­тээ олдог юм бэ?
-Манай сайтын хувьд ихэвч­лэн зар сурталчилгаа­гаар санхүүждэг.

-Үнэхээр хамгийн олон хандалттай сайт танайх юм уу?
-Хамгийн сүүлийн google.com сайтын аналитик статистикаар манай хандалт 250 мянга хүрсэн. Бид танд хааг­дахынхаа өмнөх өдрийн /2012.10.22/ статистикийг үзүүлье л дээ. Энд 256.376 гэ­сэн тоо байна. Энэ бол дав­таг­даагүй хэрэглэгчийн тоо. Давтагдсан тоогоор 568.450 болж байна.



-Хэрэглэгчид нь залуу­чууд учраас интертай­мент чиглэлийн, шоу бизнесийн ертөнцийнх­ний тухай мэ­дээллүүд хандалт ихтэй байх уу?
-Бүх сайт нэг доор байгаа учраас бүх насны хэрэглэгч, тэр дундаа интернэтээс мэдээ уншиж байгаа хэрэглэгчид манай сайтад ханддаг. Сайт маань өөрөө бас мэдлэг, тө­сөл, шоу интертайнмент гэсэн чиглэлээр дэд сайтууд нээж ажиллуулж байгаа. Тиймээс бүх л насныхан ханддаг.

-Манай сайтууд автор­гүй мэдээ материал нэ­лэнхүйдээ тавьчихсан харагддаг. Хэний бичсэн нийтлэл гэдгийг нь мэ­дэх­гүйгээр хүмүүс унш­даг гэхэд би хувьдаа ит­гэхгүй. Нөгөө талаар бү­тээгдэхүүн тань үйлдвэ­рийн­хээ шошгыг ил тод наасан байх нь өөрөө соёл шүү дээ?
-Би тантай санал нэг бай­на. Ялангуяа сэтгүүлчдийн бичсэн нийтлэл, мэдээ мэ­дээл­лийг хэрвээ тухайн эзэд нь зөвшөөрсөн бол автортай нь нийтлэх ёстой. Бид бие биесийнхээ ажлыг хүндэтгэж, хуулийн дагуу ажиллах ёстой. Zaluu.com сайт энэ тал дээр үлгэр жишээ байх болно.

-Бас эрс өнгө төрхөөрөө ялгардаг сайт нэг хоёр л байдаг. Бусад нь бүгд ижил төвшний бараатай байхаас гадна, үг үсэг­гүй адилхан байдаг. Үүнээс болж л өрсөл­дөөн гэж жинхэнэ утгаа­раа байхгүй шахам бай­даг юм биш үү?
-Ер нь цаашид манай сай­тууд өөр өөрийн гэсэн өнгө төр­хөөр хөгжинө гэдэгт би итгэдэг.

-Эцэст нь танд амжилт хүсч, илүү шинэ өнгө төрх­­тэй, илүү хүчирхэг үйл ажиллагаатайгаар үүд хаалгаа нээхийг ерөөе?
-Баярлалаа танд. Бид хи­чээ­нэ ээ. Олон зүйлийг ойл­гож, мэдэрлээ. Олон зүйлд су­ралцлаа. Удахгүй манай сай­тын шинэ загвар нээлтээ хий­нэ. Цаашид zaluu.com илүү их эрч хүчтэй, илүү их хурдтай ажил­лах болно. Найз нөх­дөдөө, бидэнтэй хамтран ажилладаг сайтуудын хамт олонд, бизнесийн байгуулла­гын хамт олонд zaluu.com-ын хамт олны зүгээс талархал дэвшүүлье.