Одоогоос жил хагасын өмнө Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Шүүх эрх мэдлийн шинэтгэл ба шударга ёс” үндэсний чуулганыг хууль, шүүхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, энэ салбарт тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн билээ. Тэр үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хууль зүйн яам шударга ёсны яам байх ёстой, Хууль зүйн сайд нь шударга ёсны сайд байх ёстой юм байна” хэмээж байв. Одоо харахад тэр үг санаандгүй унасангүй.

Учир нь шударга ёс хүчгүй байх, хүч чадал шударга бус байх нь хоёулаа хөнөөлтэй. Шударга ёс гэдэг хувь хүний зөв буруугийн тухай ойлголт биш, юу шударга, юу шударга бус байх тухай нийгмийн ойлголцол, хамтаараа шийдсэн шийдэл юм. Шударга ёсны тухай энэ ойлголт эцсийн цэгтээ хууль хэрэгжих эсэхээр л хэмжигддэг. “Шүүх бол ярьдаг хууль, харин хууль бол ярьдаггүй шүүх” ч гэж үг бий. Тиймээс нийгэмд шударга ёс бодитой оршиж, ухаалаг амьдралын хэв маяг цогцлох ёстой бол Хууль зүйн яам, хууль шүүхийн байгууллагууд үүнд манлайлагч нь байх ёстой гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин түүнээс хойш жил хагасын дараа хэлэв.

Өмнөх УИХ-ын үед шинэтгэлийн энэ бодлогын хүрээнд Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн тухай багц хуулиудыг УИХ баталсан нь шүүхийн шинэтгэл хэрэгжих эрх зүйн суурь орчинг бүрдүүлсэн гэж үздэг. Энэ чиглэлээр нийтдээ зургаан хууль батлагдсаны нэг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль. Уг хууль нь мэргэшсэн байгууллагын эрхийг мэргэжлийн холбоодод нь өгсөн, төр өөрийн эрх мэдлийг иргэний байгууллагад шилжүүлсэн анхны тохиолдол болсон билээ. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар хэнийг хуульч гэж нэрлэх вэ, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд ямар шаардлага стандарт  тавих вэ гэдгээ Хуульчдын холбоо өөрөө шийддэг болж, хуульчийн лицензийг хэнд олгох, хэнийхийг цуцлахаа шийддэг болсон. Энэ ч хэрээр хариуцлага нь өндөрсөж, мэргэжлийн нэр хүндээ хамгаалах ёстой болж байгаа. Хариуцлагаа хүлээж ажиллаж чадахгүй бол яах вэ гэдэг хуулийн зохицуулалт ч бас ард нь бий. Хэрвээ энэ шинэчлэл амжилттай явбал араас  нь багш нар, эмч нар, сэтгүүлчид гээд бусад салбарынхан ч өөрөө өөрсдийнхөө үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлагаа хэрэгжүүлдэг болох юм.

Харин өнгөрөгч мягмар гаригт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачлан чирч явсан шинэтгэлийн энэ бодлогыг үргэлжлүүлэхээр Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогыг танилцуулав. Өмнө нь сайдын толгойд эргэлдэж, хуульчдын баг, ажлын хэсгийн хүрээнд яригдаж, яам, агентлагийн дарга нар, Засгийн газрын түвшинд танилцуулагдсан шинэтгэлийн бодлогоо салбарынхандаа танилцууллаа. Ингэснээр Төрийн ордны их танхимд шүүх, прокурор, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, гадаадын иргэн харьяатын алба, иргэний бүртгэлийнхнийг төлөөлж ирсэн 800 гаруй хүний өмнө задалсан шинэчлэлийн энэ бодлогыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх, ажил амьдрал дээр буулгах үүрэг нь Хууль зүйн шинэ сайд, салбарынхан болоод Шинэчлэлийн Засгийн газрын нуруун дээр ирж байна. Өөрөө унасан хүүхэд юу гэдэг билээ...

Хуулийг хүн бүрт тэгш хэрэглэнэ

Салбарыхаа бодлогыг дөрөв, найм, 12 жилээр харж төлөвлөсөн Хууль зүйн сайд ердөө ирэх 2013-2014 онд хийгдэх ажлуудаа энэ өдөр танилцуулсан. Үр дүнг харахад тун ахархан хугацаа.

Ингэхдээ,

-Одоо манайд үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин шударга ёсыг бэхжүүлэх, нийгмийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх эрх чөлөөг хамгаалахад хүрэлцэж чадаж байна уу?

-Боловсон хүчний бодлого, мэдлэг туршлага үнэхээр энэ зүг руу тууштай явах боломжийг бидэнд олгож байна уу?

-Бидний ажиллаж буй орчин, дэд бүтэц, ажлын талбар маань шударга ёсыг бэхжүүлэхэд тус дэм болж чадаж байна уу? гэдэг ердөө гурван асуултыг тавиад энэ чиглэлээр шинэчлэлийн бодлогоо төлөвлөснөө Хууль зүйн сайд мэдээллээ. Нэгдүгээрт хууль тогтоомжоо шинэчлэх, хоёрдугаарт дэд бүтцээ сайжруулах, гурав дахь нь боловсон хүчнээ шинээр, дахин бэлтгэх явдал. Энэ хүрээнд тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Одоо Монгол Улс 7000 гаруй хоригдолтой. Хүн амд ногдох хоригдлынхоо тоогоор Азид хоёрдугаарт ордог. Гэсэн хэдий ч гэмт хэргийн тоо буурдаггүй, улам өсөх хандлагатай, шоронд ял эдлээд гарсан нийт хүмүүжигчдийн 70 хувь нь эргээд гэмт хэрэгт холбогдддог, ял эдэлж байгаа хүмүүсийн 50-иас илүү хувь нь хоёроос дээш буюу гурав, түүнээс олон удаа гэмт хэрэг үйлдсэн байдаг. Тиймээс нэгдүгээрт гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлого буруу байна гэдэг дүгнэлтэд мэргэжлийнхэн хүрсэн байна. Учир нь энэ 7000 мянган хоригдлын 1200 орчим нь 5 хүртэлх жилийн хорих ялтай, хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүс.

Манайд эрүүгийн хэргийг хоёр төрлийн хуулиар шийдвэрлэдэг нь Захиргааны хариуцлагын тухай болон Эрүүгийн хууль. Энэ хоёр хуульд яг адилхан хоёр хэргийг өөр өөрөөр шийдвэрлэхээр заасан байдаг. Эрүүгийн хуулиар таван жил хүртэл хорих ял өгч байгаа хөнгөн болон хүндэвтэр хэргүүдийг Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгууль оногдуулаад явуулж болдог. Тиймээс мөнгөгүй, ядарсан айлын хүүхэд танхай, жижиг хулгайн хэргээр таван жилийн хорих ял аваад шоронд орж байхад улсын өмч хөрөнгөнөөс өч төчнөөн тэрбумаар нь хумсалчихсан нөхдүүд захиргааны хариуцлагын хуулиар торгууль төлөөд өнгөрч болдог. Үүнээс болж хуулийг ялгавартай хэрэглэх сэтгэлгээ хуулийнханд өөрсдөд нь бий болж, мөнгөтэй нэгнийг нь Эрүүгийн хуулиар сүрдүүлж байгаад хахууль аваад, захиргааны хариуцлага хүлээлгэсэн болоод өнгөрдөг бол нөгөө талд нь “Хууль нь байгаа юм чинь ядахдаа нэгэнд нь ял өгнө өө” гээд ядарсан айлын хүүхдийг шоронд илгээдэг тогтолцоо бий болсон байна.
Үүнээс болж хөрөнгөжсөн хурандаа нар, авлигач шүүгчдийн тухай яриа тасардаггүй. Тиймээс танхайн болон жижиг гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулиас авч хаях, Эрүүгийн зөрчлийн тухай хуулийг шинээр гаргаж, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болон санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хорихоос бусад хөнгөн ял шийтгэлийг ногдуулах, засарч хүмүүжих, нийгэмшихэд нь тус болохуйц ялын олон хэлбэрийг бий болгох гэнэ. Электрон гав буюу гэрийн хорио, нийгэмд тусдаа ажил хөдөлмөр хийлгэх гэх мэтчилэн. Харин нөгөө талд санаатай хүн алах, хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, мөнгө угаах, экологийн гэмт хэргүүд, албан тушаалын болон зохион байгуулалттай том хэргүүдтэй тэмцэх ялын бодлогыг хатууруулж, нийгэмд болон хувь хүнд учруулсан гэм хор, хохирлыг нь арилгах чиглэл рүү хуулийн өөрчлөлт явна гэдгийг сайд хэлж байна. Өнгөрсөн хугацаанд манай хуулийн бодлого зөвхөн яллахад чиглэснээс хохирогчийн эрх ашгийг бүрэн орхигдуулж ирсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Аливаа хэрэгт оноож буй ял нь түүний гэм буруу болоод учирсан хохиролд тохирсон байх ёстой гэдэг хуулийн үзэл санаа нь хуулийн зүйл заалт болж амьдрал дээр хэрэгждэггүй гэсэн үг.

Ирэх арванхоёрдугаар сард багтаан Засгийн газар, Хууль зүйн яамнаас ирэх арванхоёрдугаар сард багтаан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай,  Мөрдөх албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэх мэтчилэн нийт найман хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа. Энэ нь шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах тал дээр хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн цоо шинэ орчинг бий болгоно гэсэн үг. Ингэснээр Монгол Улсад хууль аль нэг байгууллагын эрх ашгийн төлөө бус, хүний төлөө үйлчилдэг болж, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ч гэсэн тодорхой хэмжээний стандарт тавигддаг болох нь байна.

Шүүхийн дэд бүтэц

Нийслэлийн хэмжээнд зургаан дүүргийн шүүхэд 16 шүүх хуралдааны танхим бий. Харин нийслэлийн хэмжээнд жилдээ 40 гаруй мянган хүн иргэний маргаанаар шүүхэд гомдол гаргадаг бол жилдээ 13 мянга орчим эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэдэг. Зөвхөн иргэний хэргээр шүүхэд хандсан 40 мянган хүний цаана 40 мянган хариуцагч, 40 мянган гэрч, тэр тооны холбогдогч байна гээд хөөгөөд үзвэл нэг хэргийн ард арван хүн, нийтдээ 400 мянга орчим хүн иргэний шүүхээр үйлчлүүлдэг гэсэн тооцоог Хууль зүйн сайд танилцуулав. Энэ хүмүүс бүгд нөгөө эрүүгийн хэргээр ял шийтгэл авч байгаа хэрэгтэн, сэжигтэнтэй нэг шүүх дээр уулздаг.

Гэтэл бусад орны хувьд Эрүүгийн шүүхийн байр, Иргэний шүүхийн байр хоёр хэзээ ч нэг дор байдаггүй. Яагаад гэвэл шүүхээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид нь өөр, өөр учраас шүүхийн байшингийн барилга архитектур ч өөр байдаг аж. Иргэний шүүхийн барилга зочид буудал шиг байх ёстой гэж үздэг бол Эрүүгийн шүүхийн байшин илүү хүндэтгэл төрүүлэхүйц байх ёстой гэсэн бичигдээгүй хууль ч байдаг юм байна.

Харин манай шүүхүүд хаягдсан банкны барилга, сургууль, цэцэрлэгийн байшинд ихэвчлэн төвхнөсөн учраас гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч бүгд нэг хаалгаар орж гардаг. Үүнээс болоод долдугаар сарын 1-ний хэргээр яллагдсан цагдаагийн дарга нарын шүүх хурал дээр нэг ч гэрч орж чадаагүй. Яагаад гэвэл цагдаагийнхан үүдэнд нь дарга нараа хамгаалаад жагсч байсан шүү дээ. Тэр битгий хэл шүүх танхим нь хүрэлцэхгүйгээс шүүгч нь шүүгдэгчтэйгээ тохой нийлүүлж суугаад ялын тогтоол уншиж байсан тохиолдол ч бий.

Гэтэл бусад орны хувьд шүүх танхимд ордог таван хаалга байдаг. Нэг хаалгаар шүүгч, нөгөөгөөр гэрч, гурав дахиар нь хохирогч, дөрөв дэх хаалгаар хэрэгтэн, тав дахь хаалгаар иргэдийн төлөөлөл орох ёстой гэдэг шаардлага аюулгүй байдлын бас нэг стандарт болдог байна. Энэ мэтээс шалтгаалан нийслэлийн зургаан дүүрэгт тарж байрласан дүүргийн шүүхүүдийг нэгтгэж, Сонгинорхайрхан, Баянзүрх дүүрэгт тойргийн хэмжээний нэг нэг Эрүүгийн болон Иргэний шүүхийг байгуулах шийдвэрт хүрээд байгаа юм байна. Эдгээр шүүхүүдийн барилгыг ажлыг санхүүжүүлэхийн тулд салбарын сайд нь дүүрэг бүрт тараасан урсгал зардал ихтэй, үрэлгэн бүтэцтэй шүүхийн барилгуудыг худалдаалах, шинээр барихаар төлөвлөөд байсан шүүхийн барилгуудын төсвийг буцааж татах замаар хөрөнгөө төвлөрүүлснээ сайд хэлж байна. Эрүүгийн шүүхийн дэргэд прокурор заавал байх ёстой гэдэг стандартын дагуу прокурорын байгууллагууд ч энэ жишгээр тойргийн системд шилжих гэнэ.

Цагдаагийн үйлчилгээг иргэдэд ойртуулна

Нийслэлд жилд дунджаар 400 мянга орчим иргэн шүүхээр үйлчлүүлдэг бол харин нийслэлийн сая 500 мянган иргэн бүгдээрээ цагдаагаас аюулгүй байдлын үйлчилгээ авдаг. Хичээлдээ явахаар гудамжинд гарсан сургуулийн хүүхэд ч, гэртээ байгаа өндөр настан ч ялгаагүй аюулгүй байдлаа хангуулах ёстой. Тиймээс цагдаагийн үйлчилгээ шүүхийн дэд бүтцээс эсрэгээр, хүн амынхаа нягтшилыг дагаж илүү жижгэрсэн бүтэц рүү орох нь байна.

Ерөнхийдөө олон улсын стандартад 100 мянган хүн тутамд нэг цагдаагийн хэлтэс байх ёстой гэсэн жишгээр зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 15 цагдаагийн хэлтэс шаардлагатай гэсэн үг. Шинээр байгуулагдах есөн хэлтсийн ядаж зургааг нь ирэх онд багтаан байгуулна гэсэн тооцоог Хууль зүйн сайд хийгээд эхнээсээ газар олголт болоод байршлын асуудлыг хөөцөлдөөд эхэлсэн байна. Одоо дүүргүүдэд байгаа прокурор, шүүхийн байшингуудыг энэ чиглэлээр ашиглаж болохгүй байгаа шалтгаан нь тэдгээр нь хүн амынхаа нягтралыг дагаж байршаагүй явдал. Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шинээр байгуулах цагдаагийн хэлтсүүдийг гэр хорооллынх нь дунд нь байгуулах ёстой болж байна. Одоогийн манай цагдаагийн хэлтсүүд болон шүүх прокурорын барилгууд ерөнхийдөө хотынхоо төвийг тойрсон л байрлалтай байгаа шүү дээ. Тиймээс цагдаагийн хэлтсүүдийг хүн амынх нь нягтаршлыг дагуулан тараах, дүүргийн цагдаагийн дарга гэдэг албан тушаалыг халж, иргэддээ үйлчилгээ үзүүлдэг цагдаагийн хэлтсүүд рүү шилжүүлэх бодлогоо Хууль зүйн сайд тайлбарлаа. Ингэхдээ хэлтсүүд дээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн ажилтнуудын бэлтгэл хийх заал, эргүүлээс бууж ирээд хувцсаа солиод гарах өрөө тасалгаа, хувийн орон зайг нь бий болгож өгөх хэрэгтэй гэдгийг ч хэлж байна. 

Хорих ангиудыг нэгтгэнэ

Монгол Улсын хэмжээнд 23 нэгдсэн хорих ангитай. Эдгээр хорихуудыг ажиллуулахад жилдээ 24 тэрбум орчим төгрөг зарцуулдаг. Харин нэг хориход ял эдэлж байгаа хоригдлын тоо 50-100, хамгийн ихдээ 500 хүрдэг. Үүнээс болоод нэг хоригдолд зарцуулдаг зардал жилдээ 3.5 сая төгрөгт хүрч байгаа. Ихэнх зардал хорих ангиуд руу хоригдлуудын хоолс хүнс, хувцас тээвэрлэх болон хорих ангийн халаалт дулаан гэх мэт урсгал зардал болон захиргааны зардалд зарцуулагддаг. Нэг хянагчид ноогдох хоригдлын тоо 20-иос хэтрэхгүй байх стандарттай ч одоогоор энэ тоо 80 хүрээд байгаа. Хянагчдын тоо хүрэлцэхгүй байгаа нь нөгөөх үр ашиггүй, үрэлгэн бүтэцтэй холбоотой. Тиймээс энэ зардлыг хэмнэхийн тулд хорих ангиудыг нэгтгэх замаар хорихын үйл ажиллагааг чанаржуулах, үйлчилгээг сайжруулах ёстой гэдгийг Хууль зүйн сайд хэлж байна. Дэлхийн жишгээр бол нэг хорих ангид оногдох хоригдлын тоо 2000-аас багагүй байж үр ашигтай бүтэц бий болдог аж. Харин манайд энэ тоог ядахдаа 1500-д хүргэж, хүн ам олонтой томоохон хот суурин газруудыг дагуулан төвлөрсөн 5-6 хорих ангийг бий болгохоор төлөвлөжээ. Энэ тухай сайд “Хориход ажиллаж байгаа ажилтнуудаа хоригдлуудтайгаа хамт хориод байж болохгүй шүү дээ. Тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд ч энэ нь илүү үр ашигтай бүтэц” хэмээв. Хорихуудыг төвлөрүүлснээр тэнд үйлдвэрлэл явуулах, бүтээгдэхүүнээ зах зээл рүү нийлүүлэх боломжтой болж, хоригдол ч өөрөө ялаа эдлээд гарахдаа тодорхой хэмжээний мэргэжлийн чиг баримжаатай, санхүүгийн хуримтлалтай, эргээд нийгмийнхээ харьцаанд орох сэтгэлзүйн бэлтгэлтэй болно болно гэсэн үг. Хорихын үйлчилгээ гэж үүнийг хэлдэг гэдгийг Хууль зүйн сайд санууллаа.

Шинэчлэлийн бодлогод хэлсэн гурван “За”

“Хууль зүйн салбарын шинэчлэл” сэдэвт чуулга уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон. Учир нь түүний Засгийн газар байгуулагдсанаас хойших хоёр сар гаруйн хугацаанд салбарынхаа шинэ бүтэц, бодлогыг гаргаад нийт бие бүрэлдэхүүндээ зарлаж, ирэх дөрвөн жилд хийх ажлынхаа анхны шанг татсан хүн бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин. Ингэснээрээ ирэх дөрвөн жилд Шинэчлэлийн Засгийн газрын ажил ямар явах, олон нийтийн дунд рейтинг нь хаахна байх вэ гэдэг жинлүүрийн нэлээдгүй хэсэг дээр Хууль зүйн сайдын салбартаа эхлүүлсэн шинэчлэлийн ажил жин дарахаар болж байна. Хууль зүйн сайдын шинэчлэлийн бодлогоо танилцуулахдаа хэлсэн үгний багагүй хувийг “Төсөвт мөнгө байхгүй учраас бид дотоод нөөц бололцоогоо шавхана” гэх үг эзэлж байсан. Харин Ерөнхий сайд энэ үгнийх нь хариуд “Төсвийг ард түмэн, татвар төлөгчид бүрдүүлж, хуваарилалтыг нь УИХ, Засгийн газар хийдэг. Хэдийгээр төсөв хөрөнгө үрэгдээд, газар нь зарагдаад дууссан байлаа ч бид хууль зүйн салбарыг шинэчлэхэд хөрөнгө гаргана аа. Өмнө нь бид 20 тэрбум төгрөгөөр утаагүй түлшний үйлдвэр байгуулна гэж хоёр жил яваад үр дүн гараагүй. 300 эх амаржих ортой төрөх эмнэлэг бариулах гэж өгөөд чадаагүй. Харин одоо бид иргэд рүүгээ, нийгмээ эрүүлжүүлэхэд чиглэсэн ийм бодлогын төлөө мөнгө зарцуулна. Санаа зоволтгүй” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгч энэ тухайд “Төр нь, хууль нь хүндээ үйлчилдэг болж, ийм хүмүүсийг дэмждэг Ерөнхий сайд ажиллаж байгаад би баярлаж байна. Ард түмний төлөө, хүний төлөө ажлаа төлөвлөөд ирэхэд түүнийг нь дэмжээд шийдвэр болгоод өгч байгаад нь баяртай байна. Энэ УИХ ч гэсэн тийм байгаасай гэж хүсч байна” гэсэн юм. Хорин жил хүлээгдсэн хууль, шүүхийн үйл ажиллагааны шинэтгэлд салбарынхан бэлэн боллоо. Засгийн газар, Ерөнхий сайдын төвшинд дэмжих ажиллахаа илэрхийллээ. Ерөнхийлөгч өнгөрсөн дөрвөн жилд өөрийнх нь санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого амьдрал, хөрсөн дээрээ бууж байгаад талархаж байна. Хууль, шүүхийн байгууллагын шинэтгэл зайлшгүй, цаг нь болсон, хийж хэрэгжүүлье гэдэг дээр гурван зэрэг “За” гэж хэллээ. Тэгэхээр амжилт хүсье, алхаад марш.