Ухаажсан уншигчийн сэтгэлийг уярааж, ходоодыг гижигдэж, инээд нулимс хоёрыг холих дуртай. “Өрөвдөх сэтгэлээ хошин аясаар өнгөцхөөн хучаад үзгээ барь” гэж өөртөө захидаг. Инээхгүй юманд инээх дургүй учраас ухаарч инээцгээе гэдэг уриатай. Авьяастай байх томоотой байхаас хэцүү гэж бичсэн удаа бий. Амьдрал явж явж нулимс. Амьдрал дан инээд биш. НЭПКО хэвлэлийн газраас Соёлын гавъяат зүтгэлтэн Ц. Доржготовын Энгүй тэнгэр газран далайн орон  номыг уншигч таньд өргөн барьж байна.

ҮДШИЙН ҮЛГЭР

Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Цэндийн Доржготов

Уулын мухрын гүнзгий хунхуйн ёроолд өтөг хөглөрсөн хар өвөлжөө саргүй шөнө тас харанхуй. Том дүгрэг хөрзөн хороонд хотолсон хонин сүрэг харанхуй жалгын ёроолд бяцхан цагаан тойром адил цайрна. Хотны баруун зүүн талд өтөг шороонд халтартсан хоёр цагаан даавуу гэр байх агаад тооноор нь гэрэл улалзана.

Жижигхэн мулзан толгойтой хүдэр залуу Идэрбаатар тарган мах том томоор огтлон амандаа чихэж, түүшингийнхээ булчинг гүрэлзүүлэн хурц шүд хур хур дуугарган хэд зажилснаа их алаг нүд эргэлдүүлэн байж, аман дахиа арай чүү залгин гүлдэгнэнэ. Том цагаан хурган нударга эргүүлсэн бяцхан хүү өдрийн ажил тоглоом хоёрт ядраад бурхны урдуур бүх л хувцастайгаа нойрсчээ.

Өдмаа зуухны амаар дүрэлзэх галын гэгээнд арьс нухлана. Өдөржин хонь хариулж, өлссөн хоосон ходоодоо хагартал цадсан Идэрбаатар төмпөнтэй махаа ад үзсэн мэт огцом түлхэж зайлуулаад,

-За даа, больдог ч юм уу даа! гэж эргэлзэнгүй өгүүлснээ гарынхаа тосыг арчих зуур,
-Нөгөө хоёр чинь орж ирж жаахан хуучлахгүй нь ээ? Шөнийн уртад нойр ханачихаад хэцүү юм гээд гаанс тамхиа барьж авлаа. Уртгаансны том төмөр толгойд нойтон бохь шоржигнон буцлах агаад басхүү Идэрбаатарын мэнгэртсэн уушиг хяхтнан шуугина.

Тэгтэл нөгөө гэрийн хос залуус орж ирлээ. Тэд өнгөрч буй өдрийн ажил явдлаа хэдхэн үгээр солилцоод таг чиг болов. Дөрвүүл чимээгүй нэлээд суулаа. Хар хялгасан ногттой мэт хууз Сүмбээ тэнэг дүйнгэ царайлан дуугарахгүй суух нь уйтгарыг улам өгдөөнө.

 Чингэтэл Идэрбаатар тэссэнгүй,
-Алив, та нар сонин юм яриач! гэж шаардав.
Нөгөөдүүл нь “Бид сонин юм юугаа ярих вэ? Ярьсаар, дахин давтан ярьсаар байгаад ярих юмаа барчихсан хүмүүс” гэж учирлалаа.

Идэрбаатар байж ядсанаа,
-Зугаатай сонин юм жаахан хөөрөлдөж суугаад унтахгүй бол өвлийн урт шөнө барагдахгүй юм. Та нарт ярьчихмаар юм бүр алга уу?.. Эсвэл цугаараа худлаа ярьцгаах уу? Уг нь сайхан худлаа ярих ч бас зүгээр шүү. Алив Сүмбээ чи нэг сайхан худлаа галлаад, уйдаа гаргаад өгөөч! гэхэд нөгөө гэрийн эзэгтэй нөхрөө өмөөрч,
-Заавал манай Сүмбээгээр худал яриулаад чи сонсож суухдаа яадаг юм бэ? Анх сэдсэн хүн чи өөрөө худлаа ярь. Миний хувьд юу ч хамаагүй сонсмоор байна гэв.
Нөгөө гурав ам амандаа Идэрбаатарыг худлаа ярихыг шаардлаа. Хууз Сүмбээ “аймаар юм ярь” гэж шалахад Урантогос “элэг хөштөл хөхөрмөөр юм зохио” гэнэ. Харин Өдмаа “өрөвдөж уйлмаар юм л гоё” гэсэн санал гаргаад арьсаа нухлав.
Идэрбаатар,
-Би ч уг нь худал залмаар л байна. Тэнэг новш чинь даанч зохиож чадахгүй юм. Өнөөдөр би хонь хариулж явахдаа та нарт зориулж худал яриа зохиох гэж өдөржин оролдоод бүр цөхөрлөө гэснээ Урантогост хандаж,
-Чи биднийг бодвол гуравдугаар анги төгссөн, сонин монин гарчигладаг хүн байна, нэг хөөрхөн юм зохиогоод ярьчих байх аа гэж горьдонгүй өгүүлэхэд,
-Тэр сонин хэвлэл чинь хаана байна? гээд Урантогос том алтан ээмгээрээ зүгээр суухаар зүлгэж сууя гэхчээр оролдов.

Тэгтэл Өдмаа,
-Балайрсан биш худлаа ярьж яах юм бэ? Бүгдээрээ сайхан үлгэр ярьцгаая! гэсэн санал гаргахад бүгд «тэгье тэгье» гэж дэмжив. Тэгээд «хэн үлгэр ярих вэ?» гэтэл үлгэр мэддэг хүн байсангүй. Тэд бас л Идэрбаатараас шаардлаа. Тэр гэдрэг авдар налж хэвтэнгээ,
-Би үлгэр мэддэггүй өлийсөн сохор, оньсого мэддэггүй олийсон сохор гэж зарлав.
Дараа нь Сүмбээд тулгалаа. Сүмбээ ширүүн сахлаа тэмтрэнгээ,
-За байз би бодъё. Багадаа нэг үлгэр мэддэг байсан санагдана. Харин юу гэж эхэлдэгсэн билээ? гээд нүдээ аниснаа, -“Таван хар ямаатай юмсанж, тангад шар нохойтой юмсанж” гэсэн үгнээс өөр толгойд юу ч үлдсэнгүй гэхэд Идэрбаатар ухасхийн өндийж,

-Уухай, тэгээд цааш нь. Наанаас чинь нэг юм цухуйх гээд байна. Сүмбээ минь сайн бод! гэж олзуурхан хэлээд арьс нухалж суусан эхнэртээ,
-Чи наадах арьсаа боль гэм. Хүний бодол битгий сарниулаад бай! гэж зандрав.
Өдмаа арьсаа хойш тавиад банхар эсгий гутлынхаа цоорхой хоншоороор бултайсан ороолтоо цааш нь хуруугаараа чихээд гэмшингүй сууна. Идэрбаатар хоёр алгаа хооронд нь үрэнгээ,

-Сүмбээгээс минь ч нэг үлгэр гарах нь дээ янз нь гэвэл Өдмаа,
-Хүүгээ сэрээх үү? Хөөрхий минь үлгэр сонсог гэлээ.
Урантогос,
-Хүүхэд одоохондоо сэрээгээд хэрэггүй, жаахан байзна! гэж тэднийг хориглоод нөхрийнхөө хууз нүүрийг горьдонгүй ажив. Гүн бодлоосоо болоод Сүмбээгийн царай сахлаасаа ялгарамгүй болтлоо тас харлаж эхэлмэгц түүний гэргий нөхөртөө дэм өгөхөөр,

-Ээж минь уг нь надад зөндөөн үлгэр ярьж өгдөг байж билээ. Би даанч бүгдийг мартчихаж. «Дэрсэн тэрэг дэн дэн, бөөр алаг бяруу бөн бөн, шар нохой туу туу» гээд л ээжийн минь ярьж байсан нүдэнд харагдах шиг боллоо гэхэд Өдмаа,
-Урантогос минь сайн бод. Наадах чинь лав сэтгэл сэргээх үлгэр шиг байна гээд бодолд дарагдсан эхнэр нөхөр хоёрт тэнхээ нэмэхээр сүүтэй цай аягалж өгөв.
-Ядаж ганц сайхан үлгэр сонсох аз байх байлгүй гээд Идэрбаатар чихээ хумсаараа ухлаа.

Эхнэр нөхөр хоёрын толгойд юу ч орсонгүй. Шөнө яагаа ч үгүй эрт. Найдвар тасарсан Идэрбаатар гаанс тамхиа шүүрч авах зуур,

-Сайн эрийн тухай сайхан үлгэр байдагсан гэхэд Сүмбээ,
-Сайн эр гэснээс золбин Гүдээ гэгч нөгөө хулгайч чинь үхсэн гэнэ гэж уулга алдах шахам мэдэгдэв. Идэрбаатар,
-Юу гэнэ ээ?.. Арай үгүй байлгүй дээ! гэж дуу алдсанаа царайгаа үрчигнүүлэн хуйсагнаж,
-Сүмбээ чи ийм сонин юм дуулсан мөртлөө түрүүнээс хойш ярихгүй биднийгээ зовоогоод л,.. чи бас тэгж байгаад янзын золиг байна шүү гэв.
Сүмбээ,
-Золбин баруун аймгийн тууварчин өвгөний хайртай морийг хулгайлчихсан юм гэнэ гэлээ.
-Уухай, тэгээд! гээд Идэрбаатар дөхөж суув.
Сүмбээ,
-Тэр тууварчин янзтай хараалч хүн байж. Золбингийн гэдсийг дүүргэж ална! гэж олонд зарлаад, хэлсэндээ хүрдэг хүн гэнэ. Золбингийн гэдэс дүүрээд сүүлдээ бүр тэнгэр шиг цэндийгээд өвчүүнийх нь бүдэрхийнүүд пүд пүдхийн мултраад мажийсан гэнэ. Хавирганы нь бураа мултарч байгаа чимээ айлынх нь айлд сонсогдож байсан гэж ярьцгааж байна гэж хуучлахад Өдмаа,

-Пээ бүү үзэгд! Тэр муухай амьтан нутаг руугаа тонилоо болов уу? гэж дуу алдаад итгэмтгий гэнэн нүдээр бусдыгаа ажиглаж, -Арай худлаа болов уу? гэж эргэлзэв.

Урантогос,
-Юу гэж худлаа байдгийм бэ? гэж нөхрийнхөө ярьсныг хамгаалаад,
- Жинхэнэ хараалч хүн чадаж л таарна гэж мэдэмхийрэв. Тэгснээ,
-Идэрбаатар минь чи л хараал жадгаас болгоомжтой явж үзээрэй дээ! гэж сануулаад доогтой хөхрөв.

Идэрбаатар хэлэх үг олоогүйдээ худал хөхрөөд,
-Танай Сүмбээ бид хоёрын хэнийнх нь гэдэс эхэлж дүүрдэг бол? гээд гэнэт таг дуугүй бодлогошронгүй царайлснаа, -Хараал аа гэж? Нөгөө гэдсийг нь дүүргэж ална гэдэг чинь тэр дээ. Хараал ч тэгж алдаг, хавирга ч тэгж мултардаг гэж байгаа юм гэлээ.
Яриа цааш өрнөсөнгүй. Бүгд унтахаар шийдэж гадаа гарлаа. Хонь хороондоо налайж, үхэр зэлэндээ тухтайяа хивнэ. Тас харанхуйд нүүр нүүрээс үзэх тэдний дундаас Идэрбаатарын дуугарч,
-Мичид марал тонгойчихож! Ашгүй шөнө овоо орой болсон байх аа! гэж чимээ өгснөө,
-Хүмүүн төрөлхтөөн гэж?! Элдвийн сонин хачин юм сонсох донтой янзын амьтан юм даа. Тэгэхэд та нар энэ малыг хар! Гэдэс цатгалан хэвтэр дулаан бол сонсох мэдэх гэсэн хүслэн байхгүй, нэг бодлын амар, сайхан ч юм уу даа! гэж дулаан хэвтэрт хивэх хонь үхэртээ атаархсан янзтай өгүүлээд, бөглүү уулсын гүнзгий жалгын балар түнэр ёроолд их л гунигтай барайлаа.

Хичнээн барайгаад барайгаад түүний гунигтай царайг тас харанхуйд хэн ч олж анзаарах билээ дээ.

Хашаат. Архудагийн өвөлжөө. 1995