Америкт байгаа миний аавд
П.Батзориг бол аялагч, бие хамгаалах урлагийн тэргүүлэх зэрэгтэй тамирчин, морин спортын мастер. Тэрээр 1993, 1995 онуудад томоохон явган аялал зохион байгуулж Энэтхэг, Америкт хүрч байв. Түүний аяныхаа урт замд тохиолдсон адал явдал, амь өрссөн цаг мөчүүд, хамт аялсан нөхөд, үнэнч монгол банхарынхаа тухай бичсэн дурсамж тэмдэглэлүүдийг монголчууд амтархан уншдаг юм.
ЗОРИГТ АНЧИН БҮСГҮЙ
Тайгын бороо олон хоног үргэлжлэн орж бид гурвыг ёстой л шалба норгов. Олон хоног хүйтэн бороонд хоол ундгүй явсан тул ядарч туйлдан голдоо ортлоо даарцгаасан байлаа. Тайгын бяцхан зөргөөр чадан ядан хөлөө зөөж, урагш алхана. Удалгүй тайгын түнэр харанхуй орчныг бүчин авлаа. Бид хоноглох нөмөр газар хайн жаал цааш явтал тэртээ тэнд түүдгийн гал үзэгдэв. Түүдгийн зүг яаравчлан алхалсаар дөхөж очиход томоо нэвсгэр хуш модны доор урц байх агаад үүдэнд түүдэг дүрэлзэн асч, дэргэд нь нэгэн өвгөн суух нь харагдав. Бид ойртож өвгөнтэй мэндэлвэл, оросоор муруй хазгай хариу мэндлэв. Хэсэг хугацааны дараа гутал, хувцсаа хатааж, дуу шуу орцгоон дуугарахтайгаа болцгоосон байлаа. Энэ өвгөн бол цаа буга хариулж амьдардаг Кеанги гэдэг эвенк үндэстэн аж. Удалгүй модны гишүү, мөчир тас няс хугарч, түүдгийн гэрэлд олон амьтны нүд гялалзан харагдсан нь өвгөний цаа буганууд бэлчээрээс ирж байгаа бөгөөд урцаа тойрон хэвтэх нь хэвтэж, хотолж эхлэв. Гэтэл түүдгийн гэрэлд цаа буга унасан хүн ойртон, ойртсоор урцанд дөхөж ирлээ. Бид гурвын хэн нь ч нүдэндээ итгэсэнгүй. Энэ бөглүү тайгад байж болшгүй зүйл байлаа. Хэрэмний арьсан малгай, цаа бугын арьсаар хийсэн хүрэм, унти-гутал өмсч, ангийн буу үүрсэн 18 орчим насны үзэсгэлэнт бүсгүй зогсож байв. Түүнд бурхан гоо сайхныг харамгүй өгсөн нь илтээ. Бүсгүй биднийг болгоомжилсон янзаар харахад өвгөн эвенкээрээ хэдэн үг хэлэхэд, түүний болгоомжлол сая арилж буу, хүрэм хоёроо урцанд оруулж тавьчихаад цай чанаж, хоол хийв. Түүдгийн гэрэлд түүний гоолиг биеийн уян хөдөлгөөнүүд бид хэдийг илбэдсэн юм шиг алмайруулан байлаа. Түүний нэрийг Масуни гэнэ. Масуни урцны мухраас ганц шил юм гарган өвгөнд өгөв. Бид лонхны ёроолыг хартал түүдгийн дэргэд хорвоогийн элдэв сонин хачныг хүүрнэлдсээр унтацгаав. Маргааш нь Кеанги өвгөний хэлсэнээр тэндээ үлдэж гурав дөрөв хоног амарч аваад өвгөнөөр Сунтари мөрөн хүртэл газарчлуулахаар тохирцгоов.Эхний өдөр ухаангүй унтацгаав. Дараагийн өдөр ойролцоох эвенк тосгонд “цаа буга тоолох баяр” болж Кеанги өвгөн манай хоёрыг дагуулаад явав. Миний гутал урагдсан тул түүнийгээ оёхоор үлдлээ. Улаанбаатараас гараад 6 сар Сибирийн тайгаар явж байгаа хойно гутал ч урагдах нь аргагүй бизээ.
Масуныг мөн тэр баярт явсан л юм бодов. Гэтэл Масуни хэдэн сав ачсан хоёр цаа буга хөтлөн дэргэд минь ирж “Та усанд хамт явах уу. Замд ан байвал буудна” гээд буугаа заахад нь угийн анд хорхойтойг ч хэлэх үү год үсрэн бослоо. Хөлд хөвд ороолдож, ард цаа буга тургина. Түүний өмссөн цааны годоор хийсэн гутал өөрт зохисон гэдэг нь жигтэйхэн бөгөөд нэг л гоё хээнцэр санагдаж билээ. Гэтэл модон дээр сууж буй хэрмийг зааж буугаа надад өгөв. Би хараалж эхлэв. Гохоо дарлаа. Байдаггүй, алдчихав. Хэрэм хэсэг дэгдсэнээ өөр модон дээр суув. Ахин хараалав. Хажуугаас ийм гоё нүд намайг харж байхад одоо ч яаж алдхав. Хэрэм ч үсрэн унав. Би ч цаашаа их л додигор явлаа. Масуни баярласан ч үгүй, гайхсан ч үгүй. Бид цааш нилээд явтал модноос модонд дамжин харайж яваа хэрмийг хараад, Масуни буугаа мөрнөөсөө авангуут хараалахгүйгээр буудахад хэрэм ч буун дуутай хамт үсрэн унав. Би ч ичих шиг болов. Удалгүй бид булагийн эхэнд очиж, бүх саваа усаар дүүргэн буцлаа. Гэтэл Чукоткийн азарган бороо шаагиж эхлэв. Бид нэвсгэр, том хуш модны доогуур орж борооноос хорогдов. Масунийн тас хар үс нь задран мөрийг нь бүрхэж, нэг л гоё үнэр ханхална. Үнэртэн, танартан хэрэглээгүй нь лав. Гэхдээ “Кристиан Диор”-оос ч дутахгүй юм шиг санагдсан. Бид хоёр юу ч ярьсангүй, дуугүй суусаар л, Бороо шаагин орсоор л... Би түүнээс:
-Чи сургуульд сурсан уу? гэвэл Масуни:
-Би сураагүй, гэхдээ энэ олон цаа буганаас хэд нь төрж, хэд нь үхэж байгааг сайн мэднэ ээ гэв. Тэгснээ түүний нүд нь гялалзаж баяртай нь аргагүй:
-Би түрүү жил Хар хавцалаас нэг том баавгайг хориод алхамаас буудсан гээд инээмсэглэв.
Удалгүй бороо ч намдаж бид отогтоо буцлаа. Хэдэн өдөр амарч, хөгжилтэй өнгөрөв. Масуни надад цаа буга унах болон эвенкээр хэдэн үг заасныг нь би хазгай муруй хэлж бөөн инээдэм болно. Энд хэд хоног амарсны дараа Сунтари мөрнийг хүртэл өвгөн, охин хоёроор газарчлуулахаар хөдөлцгөөв. Хамгийн сүүлийн цаанд үүргэвчээ ачаад Масуни бид хоёр зэрэгцэн алхана. Хүүхэд шиг сонин, сонин юм асууна.
-Хот гэдэг газарт чинь олон цаа буга байдаг уу? Хэдэн тайгын цаана байдаг вэ? гэхчилэн...
Хот орж үзээгүй хүнтэй юу ч ярихав дээ. Аль хэдийнэ газраас хэдэн жимс авч өнөөх хөөрхөн гар дээрээ тавиад надад өгнө. Ийн явсаар Сунтари мөрний эрэг дээр ирэв. Кеанги өвгөн, чукча завчинтай ярьж тохирон биднийг маргааш өглөө мөрний гармаар гаргах болов. Удалгүй орой болж дүнсгэр том саран тайгын дээрээс уйтайхан ёлтойв. Бид түүдэг тойрон хоол ундаа идэцгээн нэлээд шуугилдаж байгаад унтацгаав. Оройноос хойш Масуни бодлогошронгуй, дуу цөөтэй болсныг би анзаарсан юм.
Бүгд майхандаа орж хурхирах нь хурхирч, дуг нойрондоо шумбацгаав. Миний нойр яагаад ч юм хүрэхгүй байлаа. Гэтэл гадаа түүдэгт хэн нэг нь гишүү тас няс хугалж хийх нь сонсогдов. Майхны үүд сөхөн харвал түүдгийн дэргэд Масуни сууж харагдав. Би босож дэргэд нь очиж суув. Түүний нүд их л гунигтай харагдана. Хэсэг дуугүй сууснаа тэр:
-Америк гэдэг газар чинь хэр хол вэ? гэхэд би:
-Их холоо гэвэл Масуни:
-Би та нартай хамт явья. Замдаа ан хийж, та нарт хоол залгуулж чадна шүү гээд надруу харав.
-Болохгүй. Улсын хил давна, чамд паспорт, виз байхгүй шүү дээ гэхэд тэр дуугүй болов.
Үүнээс хойш бид хоёр юм ярьсангүй, түүдгийн галыг ширтэн суусаар л...
Удалгүй үүр цайж, ойн шувууд сэргэн жиргэцгээхэд Кеанги өвгөн бүгшүүлэн ханиасаар босч ирэн галын дэргэд сууж, тамхиа нэрэн чимээгүйхэн суув. Удтал дуугүй суусны эцэст өвгөн:
-Хүү минь манай нутгаар ахиж ирэх үү? гэхэд Масунигийн нүд сортос гээд над руу харлаа. Би “үгүй” гэж үнэндээ хэлж зүрхэлсэнгүй.
-Би ирнэ ээ, ирэх жил яг өдийд ирнэ гэхэд Масунигийн сормуус дээш нисэх мэт дэрвэсхийн:
-Тэгвэл бид хоёр яг энэ тайгадаа цаагаа хариулаад л байж байна гээд инээмсэглэв.
Удалгүй нар мөрний дээгүүр аажуухан мандав. Цай, ундаа ууцгаасны дараа мөрний эрэг дээр ирцгээв. Кеанги өвгөн манай хоёртой салах ёс гүйцэтгэн завины дэргэд харагдана. Масуни бид хоёр эрэг дээр зогсов. Тэр хүзүүндээ зүүсэн баавгайн хумсыг надад зүүж өгөөд “Заавал ирээрэй” гэхэд нүдэнд нь нулимс харагдав. Завь Масунигаас намайг хурдан холдуулах гэсэн шиг мөрний усыг хагалан нөгөө эргийг тэмүүлнэ. Эрэг дээр хоёр дүрс бүрэлзэн, бүдгэрэн харагдахын нэг нь миний сэтгэлд мөнхөд үлдсэн “Зоригт анчин бүсгүй байлаа”. Үүнээс хойш хоёр жилийн дараа Улаанбаатараас онгоцонд сууж дамжсаар Чукоткын Анадырь хотод бууж хөлсний тэргээр 7 хоног тайгын энхэл донхол замаар явсаар Чуранга тосгонд хүрэв. Тэр шөнө, тосгоны холбооны ажилтан орос бүсгүй Олягынд нөхөртэй нь энэ тэрийг ярилцан ганц шил юм хоосолж хоносон юм. Тэдний ярьснаар “Бүтэн жил илүү Масуни тайгаас хөтөлгөө цаа бугатай ирж, хотоос автобус ирдэг өдөрт хэн нэгнийг хүлээж байгаад орой нь цаагаа хөтлөөд буцдаг” байжээ. Тосгоныхон хэнийг ингэж хүлээж буйг зөвхөн таамаглан ярьцгаадаг байв. Энэ хүлээлт бүтэн жил үргэлжилсэн бөгөөд намайг очихоос сарын өмнө Кеанги өвгөн, Масуни хоёр хэдэн цаагаа туугаад Хар тайга руу нүүн оджээ. Энэ нүүдэл хэдэн жилээр ч үргэлжилдэг гэцгээнэ. Би өвгөн, охин хоёрт авчирсан бэлгээ тэдэнд үлдээгээд, маргааш өглөө нь буцлаа. Бороо зүсрэн орж, тэнгэр уйлагнана. Машины цонхоор нүүгэлтсэн их ой үргэлжилнэ. Хязгааргүй хөхрөн харагдах энэ их тайгын хаана нь яваа болдоо Масуни...
Зочин
багы
Зочин
Зочин
batmonh
Зочин
Зочин
hongoroo
naransolongo
BC
зочин
зочин
Otgoo
Зочин
lucas
Зочин
bat
Зочин
Зочин
NB
Зочин
Зочин
уугий
Зочин
MGL
зочин
зочин
eh oronch
Зочин
Guest
Зочин
Зочин
bayaraa
zochin
Зочин
Зочин
Зочин
hahaha
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin