Аймгийн төвөөсөө 180 км орчимд орших Тэрхийн цагаан нуурын ай савд оршдог Хоргын чулуу хэмээх галт уул тэр цаана хөхөрч ногоороод харагдаж байна.  Холын холд алдар нь дуурссан үзэсгэлэнт Хорго хэмээх энэ уул бидний аяллын оргил нь байлаа. Энэ нутаг бол миний өвөг дээдсийн нутаг. Миний өвөг эцэг Гомбын Барбаатар, эмэг эх Гүржавын  Дуламжав (миний ээжийн эцэг эх хоёр) нар чухам энэ түүхт уулын бэлд өрх гэрээ босгож үр хүүхдээ төрүүлж өсгөсөн учраас миний хувьд яалт ч үгүй онгон дагшин газар минь билээ.


Газар зүйн ном зохиолд бичсэнээр бол Хорго нь Хангайн уулархаг нутгийн төвд умард өргөрөгийн 48°-10°, дорнод уртрагийн 99°-21° градусын солбилцолд баруун зүүн тийшээ 8-9 км орчим, урагшаа хойшоо 7-8 км орчим, барагцаалбал 56-60 ам дөрвөлжин км талбай эзлэн тогтсон ажээ. Хоргын тогооны өрхөн дотор хоорондоо 10-30 метр зайтай хүрээлэн тогтсон 2-3 давхар ирмэг, хөмсөг байхыг ажихад хожуу  хэд  дахин  дэлбэрснийх болов уу.
 


Хүрмэн хадан хонгил агуй, нүх, хонхор гүдгэр энхэл, тэнхэл зэрэг хоргодох далдлах газар тэнд үлэмжхэн    учраас   “Хорго” хэмээн алдаршжээ. Энд Хоргын тогоо, Их-Анга,   Бага-Анга  зэрэг  хожуу унтарсан залуу галт уулсын орой, нүх, ангал хонгилоор оргилон цацарч урсаад царцсан хүрмэн хад чулуу, зарим газраа бүр ширээ шиг тэгшхэн, зарим хэсэгтээ өм цөм хагаран тарж ундуй, сундуй овооролдсон байх ажгуу. Хоргын Тогоо уулын хайлмаг хүрмэн чулуу урсаж байхдаа зуурсан мэт мушгиралдан атирсан, уурандаа үлээгдэн овойж  гэр мэт хэлбэр дүрсийг  бий болгосон байх нь ажиглагддаг.


Хорго уулын хойд бэлээр тойроход ингэж харагдана. Овон, товон газраа битүү ой, мод бут сөөг, элдэв жимсгэнэ, нарийн өвс, төрөл бүрийн цэцэгс алаглан ургажээ. Гуравдагч, дөрөвдөгч галавын үед оргилж  байгаад  хожуу  унтарсан шинэхэн галт уулс энд олон байх аж. Хоргын тогооны хүрмэн хад болон нүх сүвээр гарч буй бүлээн уур хийн илчэнд өвөл нь цас огт тогтдоггүй, өрхөн дотроо нуургүй  хуурай, түүгээр нь бүлээн уур савсаж ид өвлийн хүйтэнд бөөн бөөн цагаан цан хүүрэг тогтдог тул эргэн тойрондоо дун цагаан цасан хүрмээ нөмрөөд байхад энэ уул л ганцаараа харлан  харагдах нь нэн сонин.


Хоргын тогоо хэмээх унтарсан эл галт уулын үнэмлэхүй өндер нь 2300 метр, харьцах өндөр нь 110 метр орчим бөгөөд өрхийн голч нь 200 метр, гүн нь 70-80 метр, тогооны гадна талын хажуу 25°-35°, дотор талын хажуу 45°-50° градус уруу тогтоцтой. Оройгоороо цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй гэр мэт сонин агуйг нутгийнхан чулуун гэр гэлцэх нь буй. Хөндий тааз туурганаас шингэн хүрэм дуслаж гоожихдоо унжиж царцсан шовх шовх тогтоцтой сумны гилбэр, жадны үзүүр мэт   дүрсийг  үүсгэжээ. Тэр чулуун гэрүүдийн хамгийн томыг хэмжиж үзэхэд эргэн тойрондоо 11 метр, өндөр нь 1.7 метр, тооно нь хөндлөнгөөрөө 1 метр гэрийн доторхи зай 2.2 ам дөрвөлжин метр, өргөн хананы зузаан нь 20 см орчим аж.


Хоргын эргэн тойрны хагарсан гүн ангалуудад битүү мөс бүрхээд халуун зун ч хайлахгүй байх явдал нь байгалиас заяасан мөсөн зоорь гэлтэй. Мөн Шар Нохойн там, Чонын үүр мэт сонин тогтоцтой газар ч цөөнгүй. Өмийн тогоо, Гичгэний тогоо гэх мэт галт уулсын өрхөнд нуур тогтжээ. Тэнд Хоргын тогооноос гадна Гичгэний Баруун, Зүүн Тогоо, Залаа толгой, Цагаан-Уул, Босго, Суга, Мандалын Тогоо, Шаврын Царам зэрэг арваад галт уулс бий. Тэрхийн цагаан нуурын хөндийг дүүргэн 40-50 метр зузаан хүрэм хийгээд тэр их зузаан хүрмэн хадыг зусэж 20-30 метр гүн хавцал дундуур Суман, Гичгэнэ, Чулуут голын хөөсрөн шуугих ус, Тэрхийн цагаан нуурын дундахи Нуурын Толгой, Хөдөө нуур, Уран Мандал зэрэг гоо сайхан уул ус, ургамал, амьтан бүхий үзэсгэлэнт газар олон бий.


Галт уул дэлбэрэхдээ Тэрхийн голыг боосон учраас Тэрхийн цагаан нуур тогтсон гэж үздэг. Далайн түвшнээс 2060 метрийн өндөрт өргөгдсөн тэр сайхан нуур руу явдаг зам үүгээр дайрдаг. Тэр нуурт аялсан талаархи миний өмнөх нийтлэлийг үзсэн бол нуурын талаар ойлголттой болсон байх. Хэрэв тодруулмаар бол  эргээд нэг сонирхчихоорой.


Хорго орох замд, Тариат сум руу явдаг төв замын дагуу ийм нэгэн жалга, хадан хясаа бий. Энэ хар цагаан зураг бол түүхэн зураг. Тухайн үеийн Архангай аймгийн дарга нар хясаа хавцлын эрэг дээр зогсож байна. Зүүнээсээ эхнийх нь бол миний хадам эцэг. Шүрхүү овогт Цэрэвсамба гэж Архангай аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн дарга 1967-1971 онд байсныг нутгийн хөгшчүүл андахгүй. 


Ш.Цэрэвсамба аавынхаа, өвөөгийнхөө зогсож байсан яг тэр газарт хүргэн, зээ нь ирэв ээ. Бэлгэ дэмбэрэлтэй хэрэг биз дээ? Архангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийн голын хойд хөндийд хадан хясаагаар эмжсэн нэгэн том уул бий. Түүнийг Дархан уул хэмээнэ. Энэ уул оройгоо эмжсэн сэрвэн хадан хясаатай. Хясааны нэг хэсэг цөмөрсөн юм шиг ар хойшоогоо унаж буй мэт тогтоцтой. Голын хөндийгөөс бол шүд нь унасан арслан шиг харагдана.


Өвөөгийнхөө ажиллаж, амьдарч, аялаж явсан тэр түүхт нутгаар хоёр зээ хүү нь явж байна. Домгоос үзвэл, эрт дээр цагт хүч чадал нь багтаж ядсан баатар эр Тэрхийн голын баруунд дүнхийх Баясгалан уулан дээр зогсон, нум сум агсаж, Дархан уулын сэрвэн хясааг харваж, сэт цохин унагажээ. Ийнхүү тэнд байсан асар том биетэй, хорт амьтныг дарсан хэмээн ярилцдаг. Хожим нь тэр ууланд дайн тулаан хийж, ирт мэс хүргэхгүй хэмээн дархалж эл  “Дархан уул” нэрийг хайрласан гэдэг.


Дархан уулаас эх авсан Суман гол энэ хавцал дундуур урсаж байна. Өвлийн цагт 2 км хэртэй газар огт хөлдөлгүй харзлан байдаг нь 20 метр өндөр энэ хүрмэн чулуун хавцал нь дулааныг хадгалдагийнх. Суман голын харз уснаа хэдэн зуун нугас, ангир, галуу, цөөвтөр хун өвөлждөг нь нэн сонин.



Газар мэдэхгүй, анх удаа очиж буй, ялангуяа харуй бүрий орсон үед тэр хавиар төөрч будилан явах аваас тун аюултай болов уу. Тэр эгц хясаа хавцалын эргээр таних тэмдэг, анхааруулга, хашлага, хашаа байхгүй тул цаашаа нисчихэд тун хялбар. Шуурганд туугдсан морь мал тийшээ нисч үхсэн явдал тохиосон гэх.



Энэ бол санаандгүй учралыг илтгэх зураг. Хоёр хүү, бэр, ачтайгаа тавуулаа тэр хавцлын эрэгт хүрээд очтол аянчид бололтой 5 машин уван цуван ирлээ. Гэтэл тэр 5 машинаас Сэлэнгэ аймгийн Мандал сумаас яваа миний төрөл ахан дүүс буугаад ирдэг юм байна. Миний эцгийн хоёр дүүгийн хүүхдүүд ач нар 25-уулаа тэнд иржээ. Ийм сонин учралыг, тэгээд бүр байгалийн тийм хосгүй газар гэнэт уулзсанаа бид тэмдэглэв ээ.


Миний ээжийн нутаг сарлагаараа алдартай. “Тэрхийн Бор сарлаг” буюу Тэрхийн гэж алдаршсан "Бор сарлаг" нь сүү махны гарц, тослогоороо алдартай бөгөөд туүний бор зүс нь нарны илч, хурын шимийг шингээх онцлог шинжтэй учраас мах сүү сайтай гэж үздэг. Тариатын бор сарлагийн үржлийн ферм 1970-аад онд байгуулагдсан, Их Тамир суманд байрлах Өндөр уулын бүсийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн үржлийн энэ ажлыг хариуцаж буй.







Миний ээж бол тэртээ 1931 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт хохь тайж Г.Барбаатарын гэрт төрсөн, баян сурвалжит гаралтай нэгэн билээ. Тэднийх олон хамжлага  зарцтай явсаар хувьсгалтай золгож бүр 1932 оны бослого үймээн хүргэсэн байдаг юм. Барагцаагаар XIX зууны сүүлч, ХХ зууны эхээр юмуу даа, Тариатын хүрээ, Хорго, Тамирын голын сав газар, бэлчир нутагт ах дүү 50 тайж байсан гэлцдэгийн нэг нь миний өвөө Барбаатар юм. Энэ тухай Архангайн ахмад хүмүүсийн ярьдаг үлгэр домог шахуу зүйлийг би нэг бус удаа олж сонсож байсан. Ах дүү 50 тайжийн нэг нь мөн миний элэнц өвөө Гомбо гэгч болно. Түүхт өвөг дээдсийнхээ нутгаар, элэнц хуланц өвөө эмээгийнх нь төрсөн нутгаар хоёр хүүгээ аялууллаа. Ийм л үзэсгэлэнт нутагт тэд минь аж төрж байж дээ. Тариатын байгалийн сайхныг бахдаж баршгүй.



Тэр цаана харагдаж буй нь Цэцэрлэг хот. Бид Тариатаасаа буцаад аймгийн төвд орж ирлээ. Миний ээжийн төрлийн С.Сандагдорж ах маань энэ блогийг үзэж байгаасай. Архангай аймгийн төвд даан ч удаан байсангүй, байсансан бол очиж уулзахаар байлаа. Сураг гаргаад эрвэл эрэх байсан л даа. Мөн надтай хамт МУИС-д суралцаж төгссөн Цэдэнпилмаа, Оюунчимэг гэж хоёр багш байх ёстой. Уулзаж амжсангүй.





Миний эхнэр бол Архангай аймгийн төвийн туршилт бага сургуульд 1968-1971- онд суралцсан, тэртээх жилүүдийн ангийнх нь хүүхдүүдээс хэрэв энэ мэдээллийг үзэж байгаа бол тэдэнд гэр бүлийнхээ халуун мэндчилгээг уламжилж байна. УИХ-ын гишүүн “Фортуна” хэмээх Н.Батбаяр мөн тэдний ангийнх юм билээ. Түүний халуун мэндийг ч уламжлая. Булган уулынхаа энгэрт тоглож наадаж явснаа миний гэргий байнга ярьдаг юм. Тэр ууланд нь бид ийнхүү зочиллоо.




Архангай аймаг бол манай улсын аймгууд дотроо томхонд ордог. Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвийг миний хадам эцгийн үед 1960 оны дунд үеэс эхлэн цэцэрлэгжүүлж чухам л “Цэцэрлэг” нэрэнд нь тохируулсан гэдэг. 1970 оны эхэн үеэс ногооруулах ажил эрчимжжээ. Зураг дээр Булган уулын энгэрт нэгэн толгой дээр барьж босгосон Бурхан Буддагийн хөшөө харагдаж байна. Хэн хэн гэгч санаачлан босгосныг энэ хүрэн хавтан дээр сийлж мөнхөлжээ.







“Цэцэрлэг” нэртэй хотын төв хэсэг, захиргааны ордны өмнөх төв талбай, Өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөө энд харагдаж байна. Аймгийн захиргааны гадна талын талбай, гудамжинд шархуайс гэх мод аль 1970-аад онд тарьж ургуулсан нь хэвээрээ байна. Аймгийн төвийн 1-р дунд сургуулийн өмнөх талбайд “Бөх Билэгтийн цэцэрлэгт хүрээлэн” гэдгийг байгуулж сибирийн шинэс модыг эгнүүлэн суулгаж нутагшуулан ургуулсан нь ч хэвээрээ байна.






Нөгөө Булган уулын зүүн суганд нэгэн жуулчны баазад бид хоноглолоо. Тэнд XIII Далай ламын нээсэн гэх энэ рашаан ус оргилон ундарч, тэндээс нь хүн мал умдаалж байх аж. Ер нь Цэцэрлэг хотын эргэн тойронд амралт зугаалгын бүс хэд хэд байх аж. Булган уулын баруун бэл дор нэгэн гайхамшигт рашаан оргилж байсан. Баруун зүүн суганаасаа рашаан ундруулсан Булган ууланд архангайчууд мөргөх авай. 








Онгон байгаль, цэцэрлэгжилт, ногоон байгууламжаараа алдартай Арын сайхан Хангай нутагт хийсэн аяллаа бид өндөрлөлөө. Манай хадмынх Цэцэрлэг хотын төвд Булган зочид буудлын арын айлын сууцанд сууж байсан, очвол нэг эргээд үзчихээрэй гэснийг бид биелүүлсэнгүй. 1960-аад онд аймгийн төвд ганц тэр орон сууц л байсан бол одоо хот тэлж томорч, шинэчлэгдэж барилгажиж, шал өмнөө болжээ гэх тайлбартай л бид буцлаа даа.