Хэрэв Та энэ зарыг (урилгыг гэвэл бүр илүү ойлгомжтой) Монголд хаа нэгтэй олж үзсэнсэн бол гарчигт өгүүлсэн наадмыг би хэлж буй, гэхдээ өнгөрсөн хойно нь зарыг уламжилж буй хэрэг биш, нийтлэлийнхээ оршлыг тэгж нэрлэж байна. “Монгол бөх” гэдгээр монгол бөхчүүдээ шууд нэрлэсэн хэрэг бус, спортын төрөл гэдгээр хэллээ. Монгол бөхөөр герман хүн хичээллэдэг, өрсөлддөг гэсэн санаа. Төлөвлөсөн арга хэмжээгээ (ажлаа гэе) аль жилийн өмнөөс өдөр судар, цаг минуттай нь яг таг яс товлочихдог герман араншингаар бичигдсан зар энд харагдаж байна. 2012.07.21-ний Бямба гаригт Берлин хотын захын нэгэн дүүргийн – Вассманнсдорф тосгонд энэ арга хэмжээг (“Герман-Монголын ардын наадам”) төлөвлөөд аль ноднингийн өвөл л миний найз доктор Удо Хаазе урилгыг бидэнд гардуулж байсансан. 


Найзынхаа урилгыг аваад эхнэр хүү бид гурав дэлгэр зуны энэ цагт Германы нийслэлийг зорив оо. Ойрын хэдэн жилд зуны улиралд Герман руу зориогүй юмсан, тиймдээ ч энэ баяр наадамд оролцох чин хүслээр бид гурав жигүүрлээд байсан даа. 


Берлин хотын нэрийн хуудас болдог түүхт газруудаар аялсан зурагнуудаа толилуулах ялдамд наадмын талаархи тайлбараа үргэлжлүүлье. Доктор Удо Хаазе гэдэг эрхмийн талаар 60 насны ойд нь уригдсан тухай миний зурагт нийтлэл 2 дугаар сард baabar.mn-д тавигдаж байсан, түүнээс эргээд сэргээгээд сонирхчихож болно. Тэр бол энэхүү наадмыг зохион байгуулсан Берлиний захын нэгэн томхон дүүргийн засаг дарга болой.








Бид гурав хэдэн өдрийн нөөцтэй очсон тул Берлиний түүхт газруудаар дахинтаа аялав. Наадмын тухайд бол, би тэр найз Удогийнхоо засаг дарга хэмээх улс төрийн албан тушаалыг нь бус, тэрээр Монгол-Германы найрамдлын элч, ардын дипломатч, монгол судлаач, монголч эрдэмтэн гэдгээр хүндэлж, нөхөрлөж явдаг юм. Эл  буянт үйлс – Герман-Монголын ардын наадмыг анхлан санаачлагчийн нэг, түүнийг 2 жил тутамд дүүрэгтээ тогтмол зохион байгуулж ирсэн, тэр утгаараа эх орондоо Монголын минь нэр хүндийг өргөж, Монгол орныг маань сурталчлан таниулдаг гэдгээр би бахархдаг юм.




Энэ их учиртай зураг тул зориуд тайлбар (түүх) хэлье. Миний хүүгийн цаана харагдаж буй цагаан өнгөтэй, дээрээ хүний нэр, он сар бичээстэй  хэрээс пайзнууд. Энэ бол Берлин хотын төдийгүй Герман орны, улмаар “Хүйтэн дай”-ы түүхийг өгүүлсэн түүхэн дагшин газар, түүхэн дурсгал. Хуучны коммунист Германы (БНАГУ) үед Берлиний ханыг даван эрх чөлөөт Баруун Берлин рүү зугтагсдыг араас нь яг энэ талбайд буудаж алдаг байжээ. Үхэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж Рейхстагийн яг дэргэд эдгээр хөшөөг босгожээ.



Баруун Берлиний нэрийн хуудас болдог хугархай оройт христосын сүм буюу Кайзер Вильгельмийн дурсгалын сүм. Германы анхдугаар их хаан Вильгельмд зориулж түүний ач хүү II Вильгельмийн зарлигаар 1891-1895 онд баригдсан, тухайн цагийн Берлиний хамгийн өндөр сүм, 113 метр өндөртэй. Хоёрдугаар дайны үед (1943 он) энэ сүмийн орой бөмбөгдөлтөд өртөж ийм болжээ. Түүнийг сэргээн засварласан боловч оройг нь түүхэн гэрч болгож үлдээжээ. Түүх хуучирдаггүй, үеийн үедээ санаж яваг гэсэн утгаар.  Энэ хугархай оройт сүм дотор эргэн дурсах бяцхан музей бий, харин цаадхи дөрвөлжин оройт сүм нь хожуу баригдсан, мөргөлийн газар аж.



Нөгөө сүмээсээ цаашаа Берлиний төвийг чиглэн энэ өргөн чөлөөгөөр алхлаа. Энэ хавийн газрыг Курфюрстендамм буюу товчлоод Кудамм (Ku’damm) гэдэг, Берлиний хамгийн их хөл хөдөлгөөнтэй өргөн чөлөөгөөр бид зугаалж байна.  Энд маш сонин зохиомж бүхий хөшөө байна. Бас л Баруун Берлиний нэрийн хуудас болдог хөшөө. Юуг илтгэнэ вэ? Дайны дараахи эдийн засгийн гаргуун өсөлтийг үүгээр  илэрхийлжээ.




Бид гурав хэдэн өдрийн нөөцтэй очсон тул наадмын өмнөх нэг өдөр найз Удо, түүний нагац эгчтэй хамт тэдний төрсөн нутаг Пренслау хот, түүний ойр орчмын түүхт газраар аяллаа. Багцаагаар бол Зүүн хойд Германы хөдөө нутгаар гэсэн үг. Энэ сайхан цайз XV зуунд баригдсан, эртний их хаадын хөдөө зуслан байсан, одоо бол зочид буудал, хоолны газар, музей, бэлэг дурсгалын мухлаг байрлажээ. Уран барилгын ур хийц, хосгүй өнгө үзэмжийг нь энд буулгахыг зорилоо.




Дорфштрассе дэх Удо найзынхаа гэрт зочиллоо. Түүний гэргий Ева маань бидэндээ германы амтат зайдас, шинэхэн шар айргаар оройн тансаг зоог бэлтгэжээ.  Энэ гэр бүлийн талаар Удо Хаазейн 60 насны ойн баярыг өгүүлсэн миний зурагт нийтлэл 2 дугаар сард baabar.mn-д тавигдсан, түүнээс эргээд нэг сонирхчихоорой.



Нөгөө хүсэн хүлээсэн Монгол-Германы ардын наадам маань 2012.07.21-ний Бямба гаригт Берлин хотын захын нэгэн дүүргийн – Вассманнсдорф тосгонд болж байна.  Ардын дуу бүжгийн хамтлагийн тоглолт, монгол бөхийн тэмцээн, шар айрагны баяр тэнд хосоллоо.


Наадмыг санаачлагч, зохион байгуулагч, уригч, зочлогч, монголчуудын дотно нөхөр тэр голд наашаа хараад зогсож байна.




Монгол бөхөөр герман хүн хичээллэдэг, өрсөлддөг гээд би дээр нэг  санаа цухуйлгасан даа. Тэр маань энд харагдаж байна. Гэхдээ дан германчууд барилдаагүй л дээ. Монгол, герман бөхчүүд насанд хүрэгчдийн, хүүхдийн гэж хоёр тусдаа барилдлаа. Гэм нь монгол гутал, хөвгүүдэд шуудаг илт үгүйлэгдлээ. Хожим анхаарууштай юм. Эндээс монгол гутал баахныг авч очих ёстой юм билээ шүү.


Эндээс урилгаар очсон шефийн харилцаат Баянгол дүүргийн төлөөлөгчид наадмын хүндэт зочид боллоо.



Бид гурав Берлин дэх Элчин сайдын яамандаа зочиллоо. Миний хүүгийн цаадхи тэр шаргал өнгөт байшин бол Элчин сайдын яамны контор, цаана нь айлын хоёр ч орон сууц бий. Дажгүй том талбай, ногоон байгууламж бүхий энэ газар Берлиний Панков гэх дүүрэгт бий.  “Botschaft der Mongolei, Dietzgen-Str.31, 13156  Berlin, BR Deutschland” гэсэн хаягтай.


Берлиний нэрийн хуудас болдог  “Дэлхийн цаг”. Хуучин БНАГУ-ын нийслэлийн яг төвд Александрплац талбайд бий.


Энэ супер зургаар (үнсэлтээр)  нийтлэлээ төгсгөе. Түүхэн үйл явдлыг 1989 онд Берлиний хана нурдагийн даваан дээр тэр их ханын нэгээхэн хэсэгт ингэж зурж урлаж үлдээжээ. Тухайн цагийн СССР–Ардчилсан Германы хоёр удирдагч тас тэврэлдэн үнсэлцэж байна. Түүх хуучрахгүй. Та энэ зураг ба ханын үлдэгдлийг Баруун – Зүүн Берлиний зааг байсан тэр газар Шпрээ голын эрэг дээр үзэж болно.